Хүмүүс: Х Тэмүүжин | С Эрдэнэ | Дангаасүрэн Энхбат | |
Нийслэлийн Баянгол дүүргийн буюу УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн сонгуулийн дүн өнөөдрийг хүртэл албан ёсны дүн нь маргаантай хэвээр байсан билээ. Долдугаар сарын 3-нд тус тойргийн хорооноос тогтоол гарган хүргүүлсэн ч тус тогтоолыг хүчингүй болгосноо Сонгуулийн ерөнхий хороо нэлээд хэд хоногийн өмнө хуралдан шийдсэн талаар мэдэгдэж байсан билээ. Гэвч албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороо тогтоолоо өнгөрсөн пүрэв гаригт хүргүүлжээ. 25 дугаар тойргийн хорооны тогтоолоор нэр бүхий дөрвөн гишүүнийг сонгуульд ялснаар тооцож УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь олгоод байсан. Гэвч тойргийн хорооны тогтоол дээр дарга нь гарын үсэг зураагүй байсан учир хүчин төгөлдөр бус гэж өнөөдрийг хүргэсэн юм.
Сонгуулийн ерөнхий хороо ийнхүү тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болгосноор байдал улам ээдрээтэй болж байна. Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил, Д.Энхбат, С.Эрдэнэ нарын түр үнэмлэх ч энэхүү тогтоолоор хүчин төгөлдөр бус болж байгаа юм байна.
Ямар ч байсан өчигдрийн байдлаар дээрх нэр дэвшигчид энэ талаар тодорхой мэдээлэлгүй сууж байсан юм. Харин энэ байдал ийнхүү удааширч даамжирвал тус тойрогт дахин сонгууль болох магадлал өндөр болж байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр тойргийн хороо өнөөдөр хуралдахаар төлөвлөжээ.
Эх сурвалж:Өдрийн сонин