Дуучин Б.Амархүү: Европын шоу урлагт хүч сорих хэтийн төлөвлөгөө бий

2008/10/28
Share |
Хүмүүс: Борхүү Амархүү | 
Дуучин Б.Амархүү: Европын шоу урлагт хүч сорих хэтийн төлөвлөгөө бий

Дуучин Б.Амархүү: Монголын одуудтай нийлж Орос, Европын шоу урлагт хүч сорих хэтийн төлөвлөгөө бий
 “UBS” телевизийн захирал Балхжавын “Миний дуунууд” тоглолтонд оролцохоор ирсэн дуучин Б.Амархүүг уншигчидтайгаа уулзуулахаар түр саатуулсан нь энэ. Хариулт болгоныхоо эхэнд “За” хэмээн эхэлж, хаяа хаяахан “Үүнийг монголоор юу гэж тайлбарлах вэ” хэмээн аав ээжээсээ асуух тэрбэaэр төрөлх хэлэндээ жаахан тааруухан орос школьтой нэгэн бололтой юм. Гэсэн ч яриад сууж байхад түүний хариулснаар “Монгол хүн юм чинь монголоороо үлдэнэ шүү дээ” гэсэнчилэн үнэхээр Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй залуу юм байна гэдэг сэтгэгдэл эрхгүй төрж байлаа. Монголын рок поп урлагт шинэ өөрчлөлт хийж Орос Европын орнуудад Монголынхоо нэрийг цууруйтуулах хүсэл өвөрлөн яваа дуучин Б.Амархүүгийн сэтгэлийн орон зайд уншигч таныг түр саатуулъя.
-Чамайг ая зохиогч Балхаа ахын уран бүтээлийн тайлан тоглолтонд өөрийнхөө хүсэлтээр ирж оролцсон гэж сонссон юм байна. Гэхдээ тэр хол газраас ганцхан ийм ажлаар ирээгүй байх гэж бодож байна?
-Яг үнэнийг хэлэхэд Балхаа ахынхаа концертонд орох гэж л ирсэн дээ. Миний хувьд Аист телевизийнхэнтэй их ойр хамтарч ажилладаг. Тэд нар маань UBS телевизийнхэнтэй хамтын ажиллагаатай бие биенээ дэмжиж явдаг болохоор найзууд найзуудаараа яриад Балхаа ахын тоглолтонд ая дуугаараа бэлэг барья гээд ирсэн. Түүнээс өөр ямар нэг зорилго байхгүй. Тэгэхээр хувийн ажлаар ирсэн гэж ойлгож болно.
-Нэгэнтээ Монголд ирж байгаа юм чинь өөрийнхөө уран бүтээлийн тоглолтыг фенүүддээ өргөн барих болов уу гэж бодож байсан. Гэтэл өөрөө хоёр өдрийн тоглолтонд оролцчихоод буцаж байна?
-Боломж байсан бол Монголдоо хоёр гурав хононо, хоёр гурван сар ч болоход татгалзах зүйлгүй. Ажил ихтэй болохоор үнэхээр яаралтай буцахаас өөр аргагүй байна. Москвад миний альбомны ажил эхэлчихсэн байгаа. Миний хөгжимчид болон аранжировшик бүгдээрээ хүлээгээд сууж байна. Тиймээс удаж болохгүй байгаа.
-Чиний хувьд одоо гаргах гэж байгаа альбом чинь яг ямар байдлаар гарах гэж байна. Түүнээс гадна ойрын үеийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө задлахгүй юу?
-2009 оны зургаан сар юмуу таван сарын сүүлээр монголчууддаа зориулсан монгол хэл дээр дуулагдсан миний шинэ дуунуудын  альбом гарна. Энэ альбомныхоо ажилд орчихоод явж байна. Нэгэнт гаргаж байгаагынх нэгмөсөн чанартай сайн юм хийе гэж бодоод ажиллаж байна.
-Амархүү анх Монголд ирж байсныгаа бодвол ойр ойрхон ирдэг, монголчуудтай холбоотой байх болж. Эндээс харахад чиний сэтгэл нь наашаа татагдаад байгаа болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна л даа?
-Мэдээж Монгол хүн юм чинь нутагтаа ирэлгүй яахав. Тэр тусмаа өөрийн зүгээс тоглолтоо өргөн барилгүй яахав. Мэдээж Монголтойгоо харьцаатай байна. Өнөөдөр Балхаа ахынхаа тоглолтоор Монголынхоо олон том том одуудтай танилцлаа.Тийм учраас Монголтойгоо байнгын холбоотой байж өшөө шинэ шинэ уран бүтээлийг хийх байх гэж бодож байна.
-Урлагийн ододтой хамтран уран бүтээл хийх төлөвлөгөө бий юу. Өмнө нь чамайг дуучин Ариунаатай ч юм уу, аль эсвэл хамтлаг дуучидтай хамтарсан уран бүтээл хийх гэж байгаа тухай шум их гардаг байсан л даа. Магадгүй саяын тоглолтоос шинэ төлөвлөгөө гарсан болов уу?
 -Яг одоохондоо тийм төлөвлөгөө байна гэж зуун хувь хэлж чадахгүй байна. Яагаад гэвэл Монголынхоо том том дуучидтай дөнгөж өнөөдөр танилцаж уулзсан. Ер нь яваандаа ажиллах хүнтэйгээ ажиллана. Мэдээж монголын одууд нийлж уран бүтээлээ хийе гэвэл би дургүйцэхгүй хийнэ. Хоёр талаасаа бие биенээ дэмжье гэвэл мэдээж хамтраад уран бүтээл хийнэ.
-Чиний хувьд цаашдаа Москвад амьдарч уран бүтээлээ хийгээд явах уу, аль эсвэл Монголдоо ирж уран бүтээлээ хийх үү. Ер нь залуу хүний хувьд энд уран бүтээлийн орон зай хэр байна гэж боддог вэ?
-Ер нь тэгээд уран бүтээлчдийн гол орон зай бол хүмүүсийн хүсэл сонирхолд нийцсэн уран бүтээл хийх явдал. Тэгээд уран бүтээлээ өндөр өшөө өндөр болгож байтал болох байлгүй дээ. Нэг мэдэхэд л гоё болно. Мэдээж европын улсуудтай харьцуулах юм алга. Яагаад гэвэл Орос хаана байна, европ хаана байна тэнд шоу ертөнц явж байдаг. Тиймээс түүнийг өөрчлөх хүсэл байгаа. Монголынхоо одуудтай нийлж шинэ уран бүтээл хийгээд Оросын  FM  болон европын орнууд руу гаргах бодолтой байгаа. Гэхдээ тэр саналаа яриад ийм ийм ажил хийе гэж зуун хувь ярьсан юм алга. Ер нь яваандаа жаахан жаахнаар болох байх гэж бодож байна.
-Уран бүтээлээ цаашдаа хаана хийх вэ. Ер нь Монголдоо ирж амьдрах бодол бий юу?
-Үнэнийг хэлэхэд би Монголдоо ирээд амьдарч болж байна. Гэхдээ Монголын нэрийг гадаадад гаргаж байгаа хүмүүс нь Монголд ирээд амьдарчихвал жаахан онцгүй биз дээ. Тэгэхээр Оросдоо  байж байгаад Монголынхоо нэр хүндийг дээш нь гаргаж яваандаа цааш нь Европын орнууд руу Монголынхоо нэрийг гаргавал илүү гоё биз дээ.
-Тэгэхээр чиний хувьд уран бүтээлийн төлөвлөгөө Орос гэлтгүйгээр Европруу хөл тавих, тэсрэлт хийх бодолтой байна гэж ойлгож болох нээ?
-Мэдээж мэдээж. Хэтийн зорилго.
-Яг одоо бид хоёр Мedu za-д уулзаж байгаа энэ мөчид аав ээж гэрийнхэн болон ойр дотныхонтойгоо нэлээн өргөн хүрээнд уулзалт зохион байгуулж байх шиг?
-Яг гэр бүлийн бүлийн цугларалт биш л дээ. Meduza гэдэг клубт би өөрийн жижигхэн хоббигоо хүмүүст үзүүлж харуулах гэж ирсэн. Би dj хийх дуртай. Түүнийгээ үзүүлэх гэж сонсуулах гэж ирээд Meduza клубын захирал болон ахмад хүмүүстэй, ээж аав эгч ах нартайгаа оройн хоол идээд сууж байна.
-Заавал яагаад Medu zaг сонгох болсон юм бэ. Өнөөдөр энд бас хүн цөөхөн байх шиг байна. Чамайг энд бяцхан хэмжээний тоглолт хийнэ гэдгийг хүмүүс мэдээгүй бололтой?
-Яагаад заавал гэсэн юм байхгүй  л дээ. Зүгээр л ийм юм хийе гэдэг санал гаргасан болохоор зөвшөөрөөд хоёр талаасаа хамтраад хийхээр болсон. Харин хүмүүс сайн мэдээгүй бололтой юм.
-Уучлаарай энэ дашрамд нэг зүйлийг асууя. Өөрийн чинь талаар янз бүрийн яриа гарч байгаа талаар сонссон л байх. Тэр тусмаа найз охины чинь талаар Оросын томоохон бизнесмений охин гэхчилэн. Тэгэхээр найз охиныгоо манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Муу юу тэр нь.
-Үгүй дээ. Өөрийн чинь фенүүд Амархүү ямар уран бүтээл хийх бол, хэзээ яаж Монголд ирэх бол гэдэгтэй адилхан чиний хувийн амьдралыг ч бас мэдээж сонирхож байгаа байх. Тэр тусмаа залуу хүн найз охиноо хаанаас яаж сонгож байгаа бол гэхчилэн олон сонихолтой асуултуудыг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна?
-Безкоментал гээд хэлчихэж болох уу?
-Яагаад?
-Өнөөдөр би залуу байна. Дөнгөж 21 настай. Орос найз охинтой болж байна…Авгай хүүхэдтэй болох гэж байна. Амархүүгийн найз охин нь нефтийн магнатын охин юу юу ч гэсэн байлаа даа. Үгүй яахав дээ. Баяртай байна. Сонин уншихаар инээд хүрдэг, сонирхолтой санагддаг. Би яг л бусадтай л адилхан амьдардаг. Өглөө босоод усанд ороод хоол иднэ. Найз охинтойгоо гадуур явна. Хүмүүстэй л адилхан шүү дээ. Москвад амьдраад телевизээр гардаг, уран бүтээлч гээд өөр болчихгүй шүү дээ.
Би найз охиноо нууцлаад байсан юм байхгүй. Хэрвээ нууц байсан бол Монголруу авчираад танилцуулахгүй л байсан шүү дээ. Сая би найз охинтойгоо ирээд бүгдээрэнтэй нь танилцуулсан. Та нар тэр үед байгаагүй юм уу.
-Чиний хувьд Монголд хамгийн удаандаа хэр хугацаагаар амьдарч байсан бэ?
-За байз 1987 оны зургаан сарын 20-нд би Булган аймгийн эмнэлэгт төрсөн. Тэрнээс авахуулаад 1996 оны хоёр сар хавьцаа Монголоос явах хүртэл энд амьдарч байсан. Тэгээд Улаан-Үдэд 2006 он хүртэл амьдарч байгаад  Москва явсан. Яг хэд хоног амьдарсан бэ гэдгээ тоолж үзээгүй юм байна.
-Монгол ахуйгаас чамд хамгийн ойр, сэтгэлд чинь байдаг зүйл юу вэ. Одоо чамайг хараад байхад ярьж хэлж байгаа болон сэтгэж бодож байгаа чинь яг л орос школьтой юм шиг санагдлаа. Яриан дунд энэ утгыг юу гэдэг юм бэ гэхчилэн ээж ааваасаа асууж байгаа зэргээс чинь харахад нэлээд оросжсон юм уу даа гэж харагдаж байна?
-Хазайчихсан байна уу./инээв/ За. Оросжсон байна гэж хэлж болохгүй байхаа. Яагаад гэвэл мэдээж Орос бол миний хар багаасаа өссөн, сургууль номонд сурахдаа ч гэсэн энэ л хэлээр сурсан амьдарч ирсэн газар. Хүн гадаад яваад янз бүрийн хэл сурч, амьдарч дасан зохицдог ч гэсэн Монгол хүн бол монголоороо л байдаг учраас хариулт нь энэ л байна.
-Монголын тухай мэдээллийг яаж авдаг вэ?
-За. Айст телевизийнхэн бол миний Монголтой холбоотой байх гол ажлыг зохион байгуулж дэмждэг. Эд нараас Монголд ийм юм болж байна гэдэг гол мэдээллийг авдаг. Түүнээс Монголд агаар нь ямар байна ус нь ямар байна гэдэг юм уу тиймэрхүү мэдээллийг авдаггүй.
-Сүүлийн асуулт. Чиний ойрын үеийн төлөвлөгөө юу байна. Дараачийн удаа хэдийд Монголдоо ирэх вэ?
-Шинэ жилээс өмнө ирэхийг бодно. Энэ үеэр гэхдээ ямар нэгэн уран бүтээлийн төлөвлөгөө байхгүй.
-Томоохон тоглолт хийх төлөвлөгөө бий биз дээ
-Байгаа хийлгүй яахав. Много раз. Өөрийнхөө төрсөн өдрөөр зургаан сард ирж тоглолт хийх талаар ярьж байгаа. Гэхдээ одоо яг төлөвлөгдөөгүй байна.   


www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.