Зууны манлай дуучин Б.Сарантуяа: Бурхан хүнд өгөхийгөө өгч, авахыгаа авдаг юм

2008/10/28
Share |
Зууны манлай дуучин Б.Сарантуяа: Бурхан хүнд өгөхийгөө өгч, авахыгаа авдаг юм

Саяхан АНУ-ын Чикаго хотноо аялан тоглоод ирсэн поп хатагтай Б.Сарантуяатай уулзаж аяллын сонин сайхан болон амьдрал уран бүтээлийн талаар ярилцлаа. Тэр удахгүй Европын орнуудаар явах гэж байгаа гэнэ. -Америкт хийсэн тоглолтынхоо талаар эхлээд сонирхуулах уу. Хэр олон хотоор хэд хоног тоглов?
-Чикагод төвтэй Америкт байгаа холбооны урилгаар яваад ирлээ. Есдүгээр сарын сүүлээр яваад энэ сарын эхээр ирсэн. Гурав, дөрөв дэх удаагаа явж байгаа байх. Индиано мужид Төвдийн шашны төв бий. Энэ жил Далай лам айлчилж, ганц төвд биш, Төвд-Монголын шашны соёлын төв болгоод, Аржа Рембүүчи гэж монгол гаралтай гэгээнтэнг хамбаар нь томилсон байна. Үүнийгээ тохиолдуулж монголчуудын дунд бэсрэг наадам зохион байгуулахаар биднийг урьсан юм. Харамсалтай нь яг наадам болох үеэр Аржа Рембүүчийн ах, энэ сүм хийдийг анх үүсгэн байгуулсан хүн нас барсан уй гашуу болсон. Гэхдээ бид төлөвлөсөн ёсоороо очиж, Чикагод хандивын тоглолт зохион байгуулсан.
-Та ганцаараа явсан юм уу?
-Залуу дуучин, СТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар энэ тоглолтод оролцсон. Мэдээж нэгэнт Америкт очсон юм чинь Монголчуудын холбоо урьж залаад, дуулаад л явлаа. Вашингтон, Сан-Франциско, Лос-Анжелост тоглосон. Гэхдээ тоглолт гэдэг маань том танхим хөлслөөд албан ёсоор зохион байгуулсан тоглолт биш. Зүгээр нэг хөөрхөн pub ч юм уу, эсвэл зочид буудлын банкед жижиг клубт үсрээд 200 хүнд тоглодог юм шүү дээ. Үүнийг том тоглолт гэж эндүүрвэл элчин сайдын яамныхан маань ташаа ойлгож магадгүй. Нөхдүүд АНУ-д ороод таксаа төлөхгүй тоглолт хийгээд байна гэж. Тийм биш ээ. Гэхдээ ямар ч байсан урьсан газрынхаа зардлыг нөхсөн. Гол иь америк орныг үзэх, амрах, найз нөхөдтэйгөө уулзах, уран бүтээлээ үзэгчиддээ хүргэх байлаа. “Өнөөдөр ирсэн дурлал” цомгоо Чикаго дахь монголчууддаа хүргэчихсэн байсан учраас Сан Франциско, Лос-Анжелосийн үзэгчиддээ сонирхууллаа. Сан Франциско, Лос-Анжелост би дөрвөн жилийн өмнө тоглосон л доо. Чикаго дахь Монголчуудын холбооны тэргүүн Гэрэлмаа гэж эмэгтэй бүх тоглолтыг зохион байгуулсан.
-Монголчууд маань юу ярьж, сонирхож байх юм?
-Ихэнх монголчууд маань Монгол руугаа буцах сонирхолтой байна. Намайг Вашингтонд тоглож байх үед бас Ерөнхий сайд С.Баяр Америкт амьдарч байгаа монголчуудтайгаа уулзсан, НҮБ-ын хуралд оролцохоор очсон байсан.
-Намайг анх тантай уулзах үед та ардчиллынхыг дэмждэг байсан. Одоо яагаад МАХН талдаа болчихов оо?
-МАХН-аас хэн нэг хүн гүйж ирээд “намайг дэмжээч” гэж гуйгаагүй. Бүхэл бүтэн нам хүсэлт тавиад “Манай энэ энэ хүнийг дэмжээч, намын рейтингийг өсгөөд өгөөч” гэсэн. Аль ч нам уран бүтээлчдэд тэгж хандах эрхтэй. Татгалзах шалтгаан байхгүй байсан учраас дэмждэг байхгүй юу. Хувь хүнийг нь таньдаг байж болно, нийгэмд эзэлж байгаа байр суурйар нб дэмжДэг байж болно. Тийм учраас үүнд нэг их акцент өгөөд байх шаардлагагүй. Би МАХН-ын сонгуулийн сурталчилгаанд оролцож байсан мөртлөө Солонгост очоод Ардчилсан намын шоунд дуулсан шүү дээ.
-Ардчиллынхан хүнийг үнэлж чаддаггүй, тийм болохоор ихэнх уран бүтээлчид МАХН-д үйлчилдэг байх. МАХН мөнгөтэй учраас…
-Үнэлж чаддаггүйдээ юм уу мөнгөгүйдээ биш л дээ. “Мораль”-гүй л байхгүй юу.
-Аяллынхаа дундуур амарч чадав уу?
-Амралт уу. Америкт очоод цагийн зөрүү гаргахын тулд наад зах нь гурав хоног хэрэгтэй. Манайхаас 15-16 цагийн зөрүүтэй, нэг өдрөөр хоцорч явдаг газар шүү дээ. Америкт байгаа монголчуудын маань ихэнх нь сурдаг, ажил хийдэг учраас тоглолтоо хагас, бүтэн сайнд нь тааруулна. Тэгэхээр яах ч аргагүй хоёр долоо хоногийг Америкт өнгөрөөх болж байгаа юм. Гэхдээ амраагүй биш бас амарсаан. National Harbor гэж шинэ район Америкт нээгдсэн байна, бүр Вашингтон хотын газрын зурагт нь ч ороогүй цоо шинэ район. Тэнд Residence in Mariott зочид буудалд бууж сайхан амарсан. Монголчууд маань тэнд сайхан япон ресторан нээсэн байна, хувиараа янз бүрийн бизнес эрхэлж байна. Тэр хүмүүстэй хоёр гурван өдрийг сайхан өнгөрөөсөн. Манай Өөжгий бас тэнд очсон байсан. Бид нар бас нэг үл мартагдах сайхан үдшийг тэнд зохион байгуулсан.
-Хөгжимлөг үдэш үү? Фэнүүдийн тань зүгээс танд ямар сюрприз бэлдсэн байна?
-Тийм. Өөжгий гитар тоглоод, би Өөжгийтэй хоршиж дуулаад. Манай хийлч Дээгий бас хүүхдээ гаргачихаад тэнд амарч байна лээ. Дээгийгээ салхинд гаргангаа бид гурав тэгж хөгжилдлөө. Дээгий маань хийлтэйгээ очсон бол бүр гоё байх байлаа. Миний үнэнч фэнүүд надад зүрх бэлэглэсэн. Шилэн болроор хийсэн үнэнч фэнүүдийн зүрх, энэ бол гайхалтай. Монголчууд маань эх орноо их санасан байна, “Очоод амьдрахад бололцоотой байна уу” гэж их асууж байна. Би “Болно оо, бүтнэ ээ” л гэж хариулсан. Болох байлгүй дээ, бүтэх байлгүй. Монгол хүн чинь ер нь болохгүй бүтэхгүй гэж ярьдаггүй шүү дээ. Тэд бас Монголын тухай мэдээллээр маш их цангасан байна. Харамсалтай нь би ч өөрөө тийм сайн мэдээлэлтэй явсангүй. Энд байхдаа ч гэсэн телевиз, сонин харж амждаггүй хүн чинь. Гэхдээ аль болохоор улс орноо сурталчилж, бидний ирээдүй Монголдоо л байгаа шүү гэдгийг хэлж явсан. Олон монголчууд тэнд мэргэжлээрээ ажиллаж байна. Балетийн бүжигчид, багш нар, хувийн үйлдвэр, pub, ресторантай хүмүүс ч олон байна. Гурав дөрвөн жилийн өмнөхөө бодоход амьдрал нь улам л сайжирсан байна. Мэдээж хэрэг, Америк шиг агуу оронд оршин тогтноход хэцүү. Ямар ч гадаад оронд хэцүү. Гэхдээ монгол хүн угаасаа сэргэлэн цовоо, зовхи нь өөдөө учраас зохицоод л амьдардаг.
-Европ руу хэзээ явах вэ?
-Арваннэгдүгээр сарын 13-нд явах төлөвлөгөөтэй. 15-нд Цюрихт тоглолттой. Манай элчин сайд Болдбаатарын урилгаар тоглох юм. Парист 21-нд, Белгид 22-нд тоглох санаатай байгаа. Өмнө нь Парист Ангираа бид хоёр нэг удаа тоглолт хийсэн, 2001 онд. Германд бол хэд хэдэн удаа тоглолт хийчихсэн. Ер нь бол “Хайрламаар” тоглолт л тэр чигээрээ явж байгаа шүү дээ. Дээр нь ирэх сард шинээр гарах хоёр цомогт маань орсон шинэ дуунууд бас байгаа. “Төрсөн өдрийн аялгуу”, “Хэдэн цагаар ч хамаагүй”, “Цаасан шувуу” гээд сонин сонин дуунууд байгаа. “MCS” групп ивээн тэтгэж хоёр ч дуунд маань клип хийлгэсэн. Гадаадад хийж байгаа тоглолтууд яг нэг тоглолтоо давтана гэж байхгүй л дээ. Хуучин дуунууд, дунд үеийн дуунууд, шинэ дуунуудаа аль алийг нь оруулахгүй бол миний тоглолтыг огт үзээгүй хүн ч үзэгчид дотор байгаа шүү дээ. Тийм болохоор “Би жаргалтай” ч юм уу, “Хайрын бурхан”-ыг дуулахгүй байж болдоггүй байхгүй юу.
-Явахынхаа өмнө Эрхэмээгийн төрсөн өдрийг “Баянгол”-д нижгэр хийсэн гэсэн?
-”М” клубт хийсэн. 2006 онд “Баянгол”-д хийсэн байх. Би тэр болгон хүүхдийнхээ төрсөн өдрийг ресторанд тэмдэглээд байдаггүй. Сая бол хүүхдүүдээ хорь хоногоор орхиж явах гэж байна гэдэг утгаараа үдэлтийн party маягаар хийсэн л дээ. Миний найз нөхөд, ажил хэргийн холбоотой хүмүүс, рок попын одууд ирсэн, “Флаш” хамтлаг ирж дуулсан.
-Сонгуулиас болж хүн болгон л нервтэж байх шиг байна, та ер нь улс төрийг сонирхдог уу?
-Үгүй ээ, би улс төрийг сайн мэддэггүй. Сайн мэдэж байж, улс төрийн боловсролтой байж тэр тухай ярих ёстой байх.
-Харин би таныг улс төрч байсан бол их тохирохоор араншинтай хүн гэж боддог?
-Та ийм сайхан комплимент үзүүлж байгаад баярлалаа. Гэхдээ хүн нийгэмд өөрт нь зориулагдсан тэр байр сууриндаа л байх ёстой гэж би боддог. Манайхан ямарваа нэг амжилт гаргахаараа заавал ч үгүй өөрийн гэсэн жижигхэн вант улсыг байгуулах гэж зүтгэдэг. Багаар ажиллах, хамтарч амь зуух гэдгийг одоо болтол сураагүй л яваад байх шиг. Улс төрийн хор найруулахдаа ч гэсэн түрхэн зуурын эрх ашгийг хардаг.
-Сонгуулиас хойш рекламанд орсон уу? Энэ олон тоглолтын зардлыг өөрөө дангаараа гаргана гэдэг бэрх биз дээ?
-Зургаан сараас хойш уу. “Megawood”-ийн хаалганы рекламанд орсон байх аа. Манай “On and off’”-ийнхон урихаар нь дуртайяа зөвшөөрсөн. Орон нутагт хийсэн “Хайрламаар” тоглолтыг манай “АПУ” компани, “Алтан түрүү” брэнд, ХААН банк, “Нью тел” компани, “Очир ундраа групп” гээд олон байгууллага ивээн тэтгэсэн. Төрсөн өдрийн тоглолтын маань ерөнхий ивээн тэтгэгчээр ХААН банк, “Хүч” бөөний төв, “Очир ундраа” групп ажилласан. Энэ мэт олон хүний зүтгэлээр том уран бүтээл босдог юм, Сараа ганцаараа биш. Хүнд хичнээн авьяас, ур чадвар байгаад ганцаардах үе байдаг юм. Сүүлийн үеийн том том уран бүтээлүүд маань бүгд л “New star”-aac гарч байна. Ер нь уран бүтээл ивээн тэтгэгчгүйгээр явна гэж байхгүй. Гэхдээ хөдөлмөрч хүн бол “самар цөмөөд” гэдэг шиг амьдраад л байна. Ашигтай учраас л бид явж байгаа. Хэн ч зүгээр суухад чинь “Май” гээд мөнгө өгөхгүй. Ажил хийвэл ам тосдоно гэгчээр томыг нь том гэхгүй, багыг нь бага гэхгүй тоглолтонд ордог. Бас ч нэг үеэ бодоход тоглолтын ханш өсч байна. Хорин жил дуулсны эцэст энэ ханшийг бий болгож байна. Хорин жил яаж дуулах вэ гэдэг бас асуудал шүү.
-Жилийн дотор хоёр ч цомог шинээр гаргачихлаа, он гараад тоглолтоо хийнэ гэсэн үг үү?
-Мэдэхгүй ээ, би тэгж амлалт өгөхгүй. Намайг тэгж битгий өрөнд оруул, бурхан минь. Харин ч тоглолт маань дэндүү олон байна. Долоо хоногт гурван удаа тоглож байна. Тоглолтгүй үедээ студид бичлэг хоолой бичүүлэх, клипээ хийлгэх, сонинд ярилцлага өгөх, телевизийн нэвтрүүлэгт оролцох гээд ажил их байна.
-Чөлөөтэй цаг гарах юм уу, юу хийж амарч байна?
-”Сарнайх” салонд суудаг. Сараа утсаа салгаад алга болчихсон байвал “Сарнайх” салонд л байж магадгүй. Арай илүү зав гарвал хаа явсан газартаа “G-Mobile”-ын модемоор интернэт орж мэдээ үзээд, mail-д хариу бичээд суучихна. Лагерийнхаа байшинг эргэнэ, иогооны талбайгаа янзална, ажил их шүү.
-Найз залуутай болсон уу?
-Одоо ийм зүйл ярихгүй. “Танайд хоноё” нэвтрүүлгээр Монголын ард түмэн миний амьдралыг нэг бүрчлэн харсан. Тэгээд гүйцээ.
-Амьдралдаа ямар нэг шинэчлэлт хийх бодол байна уу?
-Ямар сонин юм асууж байна аа, дөнгөж оршин тогтнож эхэлж байхад. Амьдрал сайхан байна, болж байна. Нэг хэсэг хайртай хүмүүсээ алдаад зовлонд унасан Сараа байсан бол бас овоо сэргэчихлээ. Найз нөхөд, ар гэрийнхэн, уран бүтээлчдийнхээ буянаар сэргэж байна. Энэ амьдрал маань надад болж л байна. Яагаад гэвэл энэ чинь амьдрал учраас бас тэмцэл шүү. Диваажин шиг амьдрал хаана байсан юм бэ ер нь, хаана та нар үзсэн бэ. Хойд насанд л байдаг байх.
-Тийм учраас та сүүлийн хоёр жил ийм шургуу ажилласан уу?
-Тоглолт хийх шаардлагатай байдаг байхгүй юу. Хүмүүс урьж, залдаг юм. Заримдаа “Ямар сонин юм бэ, нөгөө олон дуучид нь хаачсан юм” гэж гайхдаг л юм. Нэг хэсэг Ариунаа бид хоёрыг чинь “Зайгаа тавьж өг” гэж сониноор загнаад л байсан. Тэгсэн мөртлөө дуулж хуурдах болохоороо л “За та хоёр л одоо гарна шүү” гэдэг. Заримдаа муу Ариунаагаа өрөвддөг юм. Хааяа нэг хүмүүс Ариунааг маань муулахаар нь би “Гэхдээ л манай Ариунаа мундаг шүү” гэдэг. Тэгэхээр нам болдог. Өөрт чинь хэн нэгнийг муулсан хүн өөрийг чинь ч гэсэн хэн нэгэнд муулдаг байх гэж би боддог. Тийм үг байдаг байх аа.
-НҮБ-ын Хүн амын сангийн элч дуучин. Юу хийдэг юм бол?
-Би тэр ажлыг нь бараг хийгээгүй дээ. Аягүй хэцүү байгууллага юм билээ. Эрэгтэй эмэгтэй бэлгэвч сурталчил, гэр бүл төлөвлөлт сурталчил гээд л. Худлаа үнэн хэвлэлийн бага хуралд нь хэдэн удаа суусан байх. Яг нэг бариад хийчих ажил байдаггүй л юм билээ.
-Хандивын тоглолтод оролцооч гэх үү?
-Нэр хүнд олох гэсэн хүмүүс хандивын тоглолт хийдэг юм даа. Бид 7 сарын 1-нд амь үрэгдсэн залууст зориулж сайн санааны тоглолт хийсэн. Тэгээд тэр мөнгө нь яаж хуваарилагдсан, ямар орлого орсныг ч мэдээгүй. Уг нь бид тэр бүгдийг мэдэх эрхтэй. Сүүлдээ уран бүтээлийн хоёрдугаар нэгдэл гэсэн хэсэг хүмүүс л өөрсдийнхөө хийсэн юм шиг яриад явсан байна лээ, бидний нэр бол тэнд байхгүй шүү дээ Тийм учраас би хандивын тоглолт энэ тэрд дургүй. Байгаа үедээ өөрөө өгөх хүнд нь өгчихөөд явж байсан нь дээр.
-Таны амьдралдаа хийсэн хамгийн том алдаа?
-Тэрийг хүн үхэхээсээ өмнө л ойлгодог байх. Миний мэдэх хамгийн том алдаа гэвэл нөгөө 1996 оны “Линкольн” машины маргаан, шүүхээр орж барьж лай болсон шүү дээ. Авч дийлэхгүй юмаа авах гэх, хэрээсээ хэтэрсэн санхүүгийн алхам хийх л хамгийн том алдаа байх гэж бодож байна. 1996-1997 оны Сараа, өнөөдрийн Сараа хоёр бол шал өөр болсон. Хүн алдаан дээрээсээ үргэлж суралцах ёстой. Гэхдээ алдаа хийхээс айгаад ямар ч эрсдэл хийдэггүй хүн бас байдаг. Тэр ч гэсэн тийм муу чанар биш байх. Ер нь бол бурхан хүнд өгөх юмаа өгдөг, авах юмаа ч авдаг.
-Танд бурхан сайхан дуу хоолойг харамгүй өгсөн. Харин танаас юу авсан бэ?
-Өгсөн юмыг нь бол мэдэж байна, авсан юмыг нь харин мэдэхгүй юм. Хүмүүс бол яах вэ, хань ижлийг нь авчихлаа гэж боддог байх. Сараа минь нөхөрт л гарчихвал жаргачих байх гэж боддог ч байх. Гэтэл бас үгүй ч байж магадгүй шүү дээ. Хэрвээ хань ижилтэй байсан бол Сараа одоогийнх шигээ жаргалтай байх уу, үгүй юу гэдэг асуулт гарч ирнэ. Эрх чөлөөтэй шувуухай шиг тааваараа дуулаад, хааяа гуниглаад явдаг энэ хэмнэл алдагдчихвал Сараа огт өөр хүн болчихно. Амьдралын гармони, хэмнэл гэж байдаг даа. Түүнийгээ бараг олчихсон юм болов уу гэж би боддог шүү. Энэ чинь харин ч жаргал юм биш үү, ард түмэндээ хайрлагдаж амьдарна гэдэг. Ер нь хүн шунал гэдэг юмыг жаахан татаж явмаар юм шиг. Шунал янз бүр. Амьдын жаргал эдлэх шунал байж болно, хайр дурлалдаа мансуурах ч шунал байна. Эсвэл эд хогшил, алдар нэр, нэр хүндэд улайрах шунал байна. Энэ шуналуудаас хүн өөрийгөө хамгаалж явах ёстой. Хоолны дэглэм сахиж байгаа хүмүүс “арай жаахан цадаагүй байна, гэхдээ одоо боллоо” гээд босдог шиг л.
-Тэгвэл хүүхдүүддээ юу үлдээхийг хүсдэг вэ?
-Амьдрах арга барилыг нь л үлдээнэ дээ. Хамгийн гол нь амьдрах чадварыг нь олгох хэрэгтэй. Янз бүрийн арга байна шүү дээ, өөрөө үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй. Яаж амьдарч, ажил, найз нөхөддөө яаж хандаж, нийгэмдээ яаж оршин тогтнож байна гээд. Би чинь амьд жишээ шүү дээ. Хүүхдүүдээ жаахан ажилд сургах хэрэгтэй. Зусланд амрахаар очиход манайд хүн болгон ажилтай байдаг. Монгол гэрээ, хашаан доторхоо яаж цэвэрлэх, гэр орондоо яаж өөриймсөг байх гээд бүгдийг заадаг. Суут хүн болгох нь юув, ажил сайтай, эцэг эхдээ халамжтай, ахмад настанг хүндэлдэг тийм л хүн болж өсөх ёстой. Хувиа хичээсэн, бэртэгчин хэлбэртэй хүн хэнд ч хэрэггүй шүү дээ.
-Эрхэмээгээ гадагш нь сургая гэж боддоггүй юу, нас нь болчихлоо шүү дээ?
-Явуулмааргүй байна аа. Бөөрнөөсөө салгамааргүй байна. Миний хүү чинь надад хань болдог юм. Энэ сайхан түшиг тулгуураа өөрөөсөө холдуулмааргүй байна. Миний хажууд байвал илүү их юм сурна, амьдрал, ажил сурна. Эцэг эхчүүд нь хүүхдүүддээ юу ч сургалгүй том болгочихоод яах вэ гээд толгойгоо бариад сууж байгаа нь надад үнэн хайран байдаг. Тийм болохоор би хүмүүжилгүй хүүхдүүдтэй болчих вий л гэж айдаг юм шүү дээ. Манай ээж, аав биднийг зодох үедээ зодож, хайрлах үедээ хайрлаж, үнсэх үедээ үнсээд өсгөсөн. Би яг л тийм ээж. Зодуулалгүй өсдөг хүүхэд гэж байхгүй. Таван салааны амт үзээгүй хүүхэд хэцүү шүү. Цэргийн алба хаадаг систем маань хүртэл жаахан сайжраасай гэж хүсэх юм байна шүү дээ.
-Тэгвэл та Эрхэмээг цэрэгт явуулах нь уу?
-Явуулна шүү дээ. Одоо байгаа байдлаар нь ч гэсэн явуулна. Долоон жилийн дараа.
-Хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ?
-Нулимс, уйтгар хоёрыг би хүнд нэг их үзүүлэх дургүй шүү. Уйлсныг бүү асуу гэдэг. Гэхдээ сайхан харагдах гээд гүрийгээд ч байдаггүй. Яг л байгаагаараа байдаг. Хайртай хүмүүсээ санаад гунигладаг л юм. Тэднийгээ алдчихсан, хамт байж чадахгүй гэж бодохоор, тэднийхээ араас л их гунигладаг даа. Аав, дүү хоёроо их санадаг. Тэдэнтэйгээ хамт байсан мөч болгон үнэтэй. Би одоо гэр бүлдээ их анхаарал тавьдаг болсон, түүнээс хойш.
-Та өмнө нь тоглолтгүй өдөр огт буддаггүй явдаг байсан. Өнөөдөр харин хөнгөн будалттай харагдаж байна?
-Нас явж байна. Алийн болгон сэмбийж бэлцийгээд яваад байх вэ. Өнөөдөр телевизийн нэвтрүүлэгт орсон юм. Ерөнхийдөө өдөр тутмын будалт иймэрхүү болоод байгаа. Гэхдээ би нүүрний гоо сайханд бараг ордоггүй юм аа, хааяа л. Бүтэн биеийн массаж, маникюр энэ тэрд бол байнга орж, ядаргаагаа тайлах дуртай. Хумс хүртэл их чухал болоод байгаа. Маргааш өглөө бас л 10 цагаас маникюрт цаг авсан.

Эх сурвалж:Сэрүүлэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.