Д.Чойжамц: Үйлийн үр гэж гарцаагүй юм

2008/10/31
Share |
Хүмүүс:
Д.Чойжамц: Үйлийн үр гэж гарцаагүй юм

Монголын бурхан ша­шинт­ны төв Гандан­тэг­чинлэн хийдийн их тэр­гүүн хамба, гавж Д.Чой­жамц­тай уулзаж ярилц­са­наа толи­луулж байна.

Үнэний хэмжүүрийг Буддын шашинд юу гэж үздэг тухайгаас ярилцлагаа эхэлье. Өнөө үед үнэн гэ­сэн ойлголт харьцангуй болчихож. Аль нь үнэн, аль нь худал болох нь ялгаг­дахгүй байгаагаас төөрөл­дөх нь их болж дээ?
-Үнэн гэдэг бол гарцаагүй бодох ёстой юмны нэг л дээ. Энэ бол нийгэмд ч, хүний орчлонд ч чухал зүйл шүү. Олон ургальч үзэл гэдгийн цаад талд ганц нэг алдаатай зүйл бас байна аа. Хүн юу л бодож сэтгэнэ түүнийг нь хүлээн зөвшөөрдөг оюун ухаан Монголд бас бий болж байна. Гэтэл хүн төрөлхтөн олон зууны турш бодит зүй тогтлыг олох гэж эрж хайсаар шинжлэх ухаан гээчийг олж түүгээрээ дамжуулж хөгжил дэвшлийг авчирч чаджээ. Шинжлэх ухаан гэдэг нүдээ­рээ үзэж, гараараа барьж, амьдрал дээр туршиж, хэрэг­жүүлж баталсан онолыг хэл­дэг шүү дээ. Тэгэхээр шинж­лэх ухаан талаа баримталж явбал онох юм. Тэгэхээр ард түмний дунд шинжлэх ухаа­ны мэдлэгийг нэмэг­дүү­лэ­хийн тулд байнга сурталчилж байвал зохилтой.

Дэлхий ертөнцийнхөө үнэн оршин тогтнолынхоо тухай, нийг­мийн зүй ёсны тухай шинжлэх ухааны үүднээс таниулж оюун ухаанд нь мэдлэгийн үрийг тарих хэрэгтэй. Тэгэх­гүй зүгээр зөнд нь орхичих юм бол хүн бүхэн өөр өөрс­дийн­хөө ойлголтоор яваад байвал сүрхийгүй болчихдог юм. Гэхдээ яахав хөгжил дэвшил гэдэг чинь хичнээн өндөр хөгжлөө ч хүмүүний орчлон юм болохоор бас ээдрээтэй л юм биз дээ. Хүн бүхэн өөр өөрийнхөөрөө орчлон хорвоог дүгнэж өөр өөртөө дүрэм буй болгож үнэний тухай ярихаа­саа, үнэний тухай өгүүлэ­хээсээ, түүнийг мэдрэхээ­сээ илүү өөрийнхөө итгэл үнэмшлийг тэргүүнд тавьдаг болчихсон юм даа. Тийм болохоор үнэн худлын хэм­жүүрийг тогтооход тийм хэ­цүү. Шашин ч гэлээ гэсэн их бодит суурьтай, ертөнцийг үзэх зөв үзэлтэй шашныг нь сонгож олж шүтэх хэрэгтэй шүү дээ. Тухайлбал, нэг ша­шин нь аав ээжийгээ хайрлан дээдэлж энэ биеийг маань бүтээсэн гэж номлодог бай­хад нөгөө шашин нь ертөн­цийн эзэн намайг бүтээсэн гэх мэтчилэн өөр өөр сур­гаалтай байна л даа. Энэ мэтчилэн шашин бүр өөр өөрийн номлолтой. Тийм болохоор орчин үеийн ний­гэмд шинжлэх ухаанаараа тулгуур хийж үзэл бодол ша­шин шүтлэгээ зөв сонгох ёстой юм л даа.

-Шинжлэх ухаан манайд бол харин ч бахархмаар хөгжиж байх шиг санагдах юм. Тухайлбал, эрхтэн шил­жүүлэн суулгах үндэс­ний багийнхан саяхан цог­цос­ноос бөөр шилжүүлэн суулгасныг та сонссон уу?

-Сонсолгүй яахав. Бас л нэг дээдийн буян юм даа.

-Дотны хүнээ энэ ер­төн­цөөс хальсны дараа эрхтэнг нь донор болгон өгч хүнд амьдрал хайрлана гэдэг мэдээж буян байх. Гэхдээ манайхан их шүт­лэгтэй учраас нас барсан хүний эрхтнийг нь авчих­вал сүнс нь төөрнө гэж эмээдэг бололтой юм. Энэ үнэхээр тийм юм уу?
-Ер нь монголчуудын бүр­лээчээ ил нутаглуулдаг уламж­лалтай байсан юм. Тэр нь буян хийх гэж л тэр шүү дээ. Одоо үед бол яаж ч сайхан гоё хайрцагт хийж нутаглууллаа ч өт хорхойны хоол болоод л дуусдаг жам­тай. Нас бараад биенээс нь сүнс нь гараад явчих учраас хуучны хүмүүс төрсөн биеэ­рээ амьтан хооллож буян үйлдэхийг зорьж "Намайг нас барахаар ил тавиарай. Амь­танд буян болог" гэж гэ­рээ­сэлдэг байсан байна л даа. Энэ бол оюун ухаан нь их өндөр хөгжсөн бодьсадва нар биеэ бусдын сайн сайхны төлөө зориулж байсан үлгэр жишээ юм.

Тэгэхээр нас барсан хой­ноо өөрийн эд эрхтнээр бус­дад амь амьдрал хайрлах гэж зориулна гэдэг бол буянтай сайхан үйлс юм даа. Харин тэр эрхтэнг яаж шилжүүлэн суулгаж байгаа мэс ажилба­рын нарийн нандинг би бол мэдэхгүй юм даа. Ямар ч байсан буянтай сайхан л ажил даа.

-Үнэний тухай асуусан нь дараахь учиртай юм. Саяхан хоёр шүүх хурал болж өнгөр­лөө. Нэг нь хүний амь бүрэл­гэ­чихээд таван жилийнэ ял авч бай­хад долдугаар сарын 1-нд байшин руу чулуу шид­сэн хүүхэд найман жилийн ял авч байх жишээтэй. Иймэр­хүү шударга бус юм л хүмүү­сийг бухимдуулж нийгмийг талцуулаад байх юм.
-Хууль ёсоо л сайн ба­римт­лах ёстой. Бас хуулиа батлахдаа үнэний хэм­жүү­рийг тусгаж өгөх хэрэгтэй. Одоо бол манай хууль тогтоох байгууллагаас учир дутаг­дал­тай хууль гарч байгаа болохоор ийм үр дагавар дагуулж байгаа юм. Тийм хуулийг баталсан хүмүүстэй нь л ярих хэрэгтэй. Ер нь тэгээд бухимдах шалтгаан олон буй. Ажил хийж байгаа хүнтэй ярих биш тэр ажлыг хийлгэж байгаа хүнтэй нь ярих нь зөв. Байшин савтай биш эзэнтэй нь ярих учиртай байсан болов уу даа. Тийм учраас мэдлэг боловсролыг шүтэж сурах хэрэгтэй. Мөн уламжлал, ёс заншил, эх оронч сэтгэлгээнээсээ нэ­лээд холдчихсон байгаа нь ажиглагдсан. Долдугаар са­рын 1-нд их л хэцүү муухай үйл явдал бол олон хүүхэд тэр хэрэгт орсон бололтой юм билээ, хөөрхий.

-Үйлийн үр гэж байдаг эсэх тухай та манай уншигч­дад ярьж өгөөч. Сүүлийн үеийн хүмүүс үйлийн үрээс эмээдэггүй үйлийн үр гэж байдаггүй гэж бодох болсон учир муу зүйл ихийг хийдэг болжээ.
-Үйлийн үр бол гарцаагүй юм. Энэ олон зууны зан заншил соёлоор дамжигдаад монголчуудад үйлийн үр гэдэг юм нөлөөлж байдаг учраас зөв сайхан амьдарч чадсан юм шүү. Тийм ч болоод монгол­чууд үүд хаалгаа ч цоожилж яваагүй юм. Тухайлбал дээх­нэ үед эзэд нь хөдөө малдаа явахдаа гэрээ орхиод л яв­чихна. Хэрвээ бороо орвол айлынх нь хүн хүрч ирээд өрхийг нь тэгшилчихнэ. Бо­роо арилсны дараа өрхийг нь хошуулдчихаад яваад өгнө. Түүнээс дотроос нь юм авч байсангүй. Хулгай хийдэг гар урттай хүмүүс байх нь байсан. Гэхдээ доншуур хул­гай­чид байсангүй. Хажуу хавирганыхаа айлын юмыг цөлмөдөг, зөвхөн өөрийнхөө биед наах гэж хулгай хийдэг хүн байсангүй бололтой юм шүү. Баян айлаас авч ядууст тарааж өгч амин зуулгыг нь залгуулдаг байсан гэдэг. Энэ бол үйлийн үрийн ач гавьяа гэж би боддог юм. Манай өвөг дээдэс чинь үзэл бодлын хувьд машид төгөлдөршсөн хүмүүс байсан даа. Энэ тухай олон юм ярьж болно. Одоо гэвч өвөг дээдсийнхээ сур­гаалаас холдож шашин шүт­лэгээсээ хазайсан тул үйлийн үрийг тоож үзэхээ больж дээ. Нийгмийн амьд­ралыг сайн ажиглах юм бол үйлийн үр гээч юм байгаа гэдэг нь харагдах болно. Хулгай хийдэг, худлаа ярьдаг, хүнд муу санаж явдаг хүмүү­сийн амьдрал ахуй нь огт бүтэхгүй байгаа. Үр хүүхэд нь өвдөж хавдаад, тэр айл хоос­роод өр ширэнд баригдаад ядуураад л явчихдаг. Үүнийг хөдөөнийхөн сайн мэднэ. Учир нь тэнд бүгд бие биенээ мэддэг учраас андахгүй. Одоо энэ уулын модыг та­шаад л байна. Лусын хорлол болохгүй байна гэж байхгүй. Бодит амьдрал нь үйлийн үрээс холдчихсон учраас хүмүүс үүнийг мэдэхгүй бай­гаа юм.

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.