Хүмүүс: Г Өсөхбаяр | |
Өнгөрсөн амралтын өдөр буюу бямбаас нямд шилжих шөнийн үүрээр согтуу жолооч Ланд крузер УБЗ 99-96 дугаартай машинтайгаа Сэлбийн гүүрэн дээрээс “нисч” замын нөгөө талын гудамжны үзүүрийн хашааны айлын /Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Ойн-3-199 тоотод оршин суух иргэн Г.Баяраагийн хувийн эзэмшлийн байшингийн/ ханыг цөмлөжээ. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй ч өвлийн хүйтэн эхэлж байгаа энэ өдрүүдэд нэгэн залуу гэр бүл орох орон, оочих аягагүй болоод байна. Уг хэргийг Д.Очирбат гэгч согтуугаар хүний машин унаж яваад үйлдсэн гэнэ. Дашрамд дурдахад, Сэлбийн гүүр одоогоор ашиглалтад ороогүй байгаа бөгөөд түүгээр машин явах ямар ч боломжгүй байгаа аж. Сэлбэ гол айл хоёрын хооронд 27 метр зайтай агаад энэ хооронд машин нисэв үү гэлтэй ямар ч машины мөр байсангүй.
Энэхүү машин нь Далай аварга Г.Өсөхбаяр аваргын эгч Г.Наранчимэгийн машин бөгөөд осол болох үед өөр хүн барьж явсан гэнэ.
Ослын газар дээр манай сурвалжлах хэсэг өглөөний 09.30 цагт очиход гэрийн эзэд хариугүй нурах гэж буй байшингийнхаа ханыг мод түшүүлэн тогтоочихсон, гэрийнхээ тавилгын арай бүтэн гэснийг нь зөөж байсан юм. Гэрийн эзэн Г.Баяраа, гэргий М.Янжиндулам нартай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
-Осол яг хэдийд болсон бэ. Машины дугүй унтлагын орон дээр чинь гараад ирчихсэн байна шүү дээ. Орон дээр хүн унтаагүй байсан юм уу?
-Эхнэр бид хоёр шөнө дунд өнгөртөл зурагт үзэж байгаад унтсан. Дөнгөж унтаад удаагүй шахам байтал байшингийн гадна нэг хүнд юм пир пар дуугарч юу болов гээд өндийхийн завгүй манай байшингийн хана цөмөрч машины урд хамар ороод ирсэн. Би түрүүлж сэрсэн байсан тулдаа эхнэр хүүхэд хоёроо орноос нь татаж чадсан. Тэгээгүй бол эхнэр, охин хоёр минь машинд дарагдаж сүйд болохгүй юу. Аз болж тэр хоёр маань унтахынхаа өмнө зурагт үзэх гээд орныхоо хөл рүү харж унтсан тулдаа л амьд гарцгаалаа. Та бүхэн сая харлаа шүү дээ, машины хоёр дугуй унтлагын өргөн орны тал дээр гарчихсан байгаа биз. Манай хоёр жижигхэн биетэй, дээр нь эхнэр цочихдоо хөлөө атийсан юм шиг байгаа юм. Би нөгөө орон дээр хүүтэйгээ унтаж байсан. Бид дөрөв голдуу энэ өргөн орон дээрээ унтацгаадаг. Осол болсон ч хамгийн гол нь эсэн мэнд гарцгаалаа. Манай энэ хашаа өлзийгөө өгсөн газар. Бидний эцэг эхийн амьдарч байсан хашаа, лав гуч гарин жил болж байгаа байх. Би аавынхаа голомтыг авч яваагийн хувьд аавынхаа байшинтай залгуулаад байшин барьж амьдраад долоон жил болж байна. Тэгтэл согтуу жолоочийн хар гайгаар орох оронгүй болчихлоо.
-Эхнэр охин хоёрын чинь бие гайгүй юу. Эмнэлэгт үзүүлэв үү?
-Өглөө шоконд орсон байсан болоод тэр үү, эхнэр маань юм хэлэхгүй байсан. Саянаас толгой нь өвдөөд, дотор муухайраад гээд байна. Унтлагын ор ханан пийшин дагуу байсан учраас хана цөмрөх үед пийшин нурж, унтаж байсан охин маань тоосгонд дарагдсан. Халуун үнс хөө, пургиад юу ч харагдахгүй, охиныхоо уйлах дуунаар барагцаалж тоосгоны доороос татаж гаргаж авсан. Хүүхдүүдээ хадмууд дээрээ орхиод наашаа гарсан. Юмаа эмхлүүлэхгүй бол “чоно борооноор” гэгчээр хулгайч нар далимдуулчихна шүү дээ. Үдээс хойшдоо эмнэлгээр явахаас.
-Жолооч нь согтуу гэдгийг та яаж мэдэв?
-Машинаасаа ч бууж чадахгүй байсныг бодоход бүр ухаангүй болтлоо согтсон юм шиг байна лээ. Цагдаа нарыг ирэхэд амнаас нь архи сэнгэнэж байсан.
-Жолооч нь тэгээд юу гэж байх юм?
-Миний машин биш, найзынхаа машиныг гуйгаад унаж явсан гэж цагдаад мэдүүлж байна лээ. Тэгсэн чинь машины эзэн Баянжаргал гэгч залуу ирээд “Би энэ жолоочийг танихгүй” гэсэн. Энэ машин Баянжаргалын нэр дээр ч биш, Энх-Амгалан гэх эмэгтэйн нэр дээр бүртгэлтэй болохыг цагдаа нар хэлж өгсөн. Юу болоод байгааг мэдэх юм алга. Хэн ч танихгүй хүнд машинаа өгч явуулахгүй шүү дээ. Бас нэг анхаарал татсан зүйл гэвэл, жолоочийг ЗЦГ-руу аваад явсны дараахан эргүүлийн цагдаа машины дугаарыг аваад явчихсан. Бид машины дугаарыг өгөхгүй гэж зүтгэж үзсэн ч нэмэр болоогүй. Харьяаллын бус Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хоёр ажилтан ирж баахан тойрч эргэлдэж байснаа дугаарыг нь аваад явсан. Тэгээд удахгүй ирж машиныг нь гаргаж авна аа гээд явцгаасан, алга л байна. Машиныг татаж гаргахыг хүлээлгүй байшин маань нурж унах бололтой.
-Машины эзэн юу гэж байх юм?
-Өө, тэр нөхөр их амархан юм ярьсан. Өнөөдөр гэхэд л элс хайрга авчираад байшин бариад өгчих ухааны юм ярьж байна лээ. /Биднийг ийн ярьж байх хооронд байшингийн урд хана нурж унасан. Азаар байшингийн нуранги дотор зогсч байсан бүх хүн гадаа гарчихсан байсан юм/
-Танайх яг гүүрний эсрэг талд юм байна шүү дээ. Ослын тэмдэг энэ тэр гүүрний хавьд алга. Гүүр барьж эхэлсэнтэй холбогдуулаад орчны аюулгүй байдлыг хангах үүднээс танайхыг нүү барь гээгүй юу?
-Гүүр барьж эхлэх болсонтой холбогдуулан энэ хавийн газрыг газарт оруулсан л даа, уг нь. Манайх миний мэдэхийн энд гучин жил болж байгаа айл. Эцэг өвгөдийн минь гал голомт. Тэр утгаараа нүү гэсэн зоргоор нь нүүж чадаагүй. Нөгөө утгаараа бол энэ газар бидний өмч. Тиймээс улс бидэнд нөхөн олговор өгөөд, газар зааж өгөх учиртай биз дээ. Тэгтэл дүүргээс үг сүггүй нүү л гээд байсан. Бидний зүгээс нүүхгүй гээгүй. Гагцхүү газрыг минь аваад оронд нь хоёр өрөө байр өгчих л гэж хүссэн. Асуудал нааштайгаар шийдэгдэх байх гэж хүлээж байтал ийм зүйл болчихлоо.
-Дуудлага өгснөөс хойш хэр удаж аврах ангийнхан ирэв?
-Аврах ангийнхан ирээгүй ээ, дуудлага өгснөөс хойш арваад минутын дараа ЗЦГ-ын жижүүрийн ажилтнууд, түргэн тусламж л ирсэн. Шөнө 105 чинь дуудлага хүлээж авдаггүй юм биш үү.
Уг болсон хэргийн талаар Замын цагдаагийн газрын ерөнхий зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Амгаланбаатараас дараах тодруулгыг авлаа.
-Өнгөрсөн шөнө нэг айл орон гэргүй болсон хэрэг гарлаа. Дээрх хэргийг үйлдсэн жолооч ослын үед архи хэтрүүлэн хэрэглэсэн нь тогтоогдсон уу?
-Түүний согтолтын байдлыг тогтооход 1,50 хувьтай гарсан. Энэ нь осол гаргах гол шалтгаан гэж үзэж байгаа.
-Хууль ёсоор бол хэргийг үйлдсэн жолоочид эрүүгийн хэрэг үүсгэж, түр саатуулж байх ёстой байх. Гэтэл тэр хүн сул чөлөөтэй яваад байна гэж хохирогчид гомдол мэдүүлээд байна?
-Нэгдүгээрт, тэр хүн нөгөө талд эрүү үүсгэгдэхээр хохирол учруулж уу үгүй юу гэдгийг шалгаж, тогтоох ёстой. Нотлогдсон тохиолдолд хорьж болно. Гэхдээ осол дандаа санамсар, болгоомжгүйгээс үүдсэн байдаг учраас эрүүгийн гэмт хэрэгтнүүдээс өөр шүү дээ. Тиймээс гэмт этгээдийн бичиг баримт бүрэн, ар гэрээс нь батлан даалтад авах боломжтой гэж үзвэл гадуур байцаадаг. Энэ утгаараа уг этгээд сул явж байгаа хэрэг л дээ. Нөгөөтэйгүүр, гэмт этгээд гадуур байцаагдах нь хохирогчийн хувьд бол ашигтай. Учир нь тэр гэмт этгээдийг түр саатуулах, урьдчилан хориход хийлээ гээд хэрэг явдал хурдан шийдэгдэхгүй, улам л сунжирдаг талтай. Харин ч сул чөлөөтэй байлгаснаар хохирлоо хурдан барагдуулах боломж бүрдэнэ шүү дээ.
-Тэгвэл энэ хэрэгт ямар ч хамааралгүй Баянзүрх дүүргийн замын цагдаа нар ирээд машиных нь урд хойд дугаарыг аваад явчихсан гэх юм. Хэргийн газрын эд мөрийн баримтад хамаагүй гар хүрч, авч явж болдог юм уу. Энэ нь цаад утгаараа хохирогч нарт танил тал, ар өврийн хаалга хэрэглэж болзошгүй гэх хар төрүүлээд байна л даа?
-Тийм юм байхгүй ээ. Замын цагдаагийн газрын хэрэг бүртгэх хэлтсийн ажилтан, цагдаагийн хошууч н.Мэндбаяр хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгасны дараа хэргийн газар өөрийн биеэр очиж машиных нь дугаарыг авсан байна лээ. Энэ бол байх ёстой зүйл. Мөн ослын газрыг хамгаалуулах зорилгоор ойрхон байсан Баянзүрх дүүргийн эргүүлийн цагдаа нарыг дагуулж очсон байсан. Хэрвээ бид яаралтай арга хэмжээ авч дугаарыг нь хураахгүй бол гэмт этгээд өөрөө хэргээ нуун дарагдуулах гэсэн зорилгоор машиныхаа дугаарыг авч болзошгүй юм.
-Ослыг үйлдсэн жолооч Д. Очирбат, машины жинхэнэ эзэн Баянжаргал хоёр биенээ танихгүй гэж анхны мэдүүлгийг өгсөн байх юм. Баянжаргал гэдэг залуу бүр машинаа төлүүлж авмаар байна гэж ярьсан байна лээ. Энэ ямар учиртай юм бол. Бусдад жолоогоо шилжүүлсэн хэргээр машины эзэнд ч бас хариуцлага тооцно биз дээ?
-Энэ бол хэргээс мултрах гэсэн гэмт этгээдүүдийн хуйвалдаан. Хэзээ ч танихгүй хүнд машинаа өгч явуулахгүй биз дээ. Хулгайд алдлаа гэж бодоход цагдаагийн байгууллагад хандсан дуудлага байх учиртай. Энэ бүхнийг хэрэг бүртгэгч л байцаалт авж илрүүлнэ дээ. Жолоо шилжүүлэх тухайд машины эзэн жолоочид согтуу байхад нь шилжүүлж үү, эсвэл эрүүл байхад нь өгөв үү, гэмт этгээд дараа нь архи уусан байна уу гээд олон зүйлүүдээс шалтгаална.
-Аль хоёр жилийн өмнөөс барьж эхэлсэн гүүр одоо болтол дуусаагүй, түүгээр зогсохгүй, ямар ч анхааруулах хаалт, тэмдэг тавиагүйгээс осол гаргахад хүргэсэн “Хурдны зам” компани энэ хэрэгт хариуцлага хүлээх байх даа?
-Тэр мэдээж. Үнэхээр дуусгаагүй байсан гүүрнийхээ хоёр талд машин гарахааргүй хаалт, эсвэл гарч болохгүй гэсэн тэмдэг тавиагүй л бол энэ байгууллага заавал хариуцлага хүлээх ёстой.
-Хохирогчдын хувьд одоо хамгийн түрүүнд ямар арга хэмжээг авбал зохих вэ?
-Юуны өмнө учирсан хохирлынхоо хэмжээг харъяа дүүргийнхээ үнэлгээний газраар үнэлүүлж тогтоолгоод, хэргийн эзнээр хохирлоо барагдуулах нь зүйтэй.
Эх сурвалж: Ардын эрх