АТГ-ынхан МИАТ-ийн тендерийн бүх материалыг татан авч, лавшруулан шалгаж эхэлжээ

2008/11/04
Share |
Хүмүүс:
АТГ-ынхан МИАТ-ийн тендерийн бүх материалыг татан авч, лавшруулан шалгаж эхэлжээ

-МИАТ санхүүгийн хүнд байдлаа банкны зээлээ аргацааж байна-
МИАТ компанийн захирал Б.Эрдэнэбилэгийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл баттай эх сурвалжаас авсан мэдээллээр өчигдөр Авлигатай тэмцэх газраас МИАТ компанид шалгалт хийж, тендерийн холбогдолтой бүх материалыг нарийвчлан шалгахаар авч явсан байна. Шинэ он гарахад жар хүрэхгүй хоног үлдлээ. Хаа сайгүй оны ажлаа дүгнэж эхлэв. Улс орны хувьд ч, албан байгууллага, хувь хүн ч алдаа оноогоо цэгнэж эхэлсэн энэ мөчид МИАТ компани гуравдугаар улирлын тайлан тоцоогоо ч нэптэж чадахгүй алдагдал дундаа алмайрч суугаа ажээ. Монгол Улсын хуулиас гадуурх олон үйл явц “Монголын саалийн үнээ” хочиндоо эрдсэн МИАТ компанид өрнөж байдгийн нэг жишээ энэ.

МИАТ гуравхан сарын хугацаанд найман сая ам.долларын зээл авчээ

Нягтлан бодох бүртгэлийн хуулиар төрийн өмчит МИАТ ХК нь энэ оны гуравдугаар улирлын тайлан тэнцлийг аравдугаар сарын 21-ний дотор гаргаж, холбогдох байгууллагуудад өгсөн байх ёстой. Тус компани эхний хагас жилийн байдлаар 4.3 тэрбум төгрөгийн алдагдалтай, 6.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс зургадугаар сарын 30-ны байдлаар арилжааны банкинд 5.5 сая ам.доллар буюу 6,369,7 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгааг харахад юун “саалийн үнээ” манатай өрөнд баригдаж, санхүүгийн хямралд нэрвэгдээ юу гэлтэй. Гэтэл хэрэг дээрээ байдал тун нууцлаг өрнөж байна. Учир нь энэ оны зургадугаар сараас Эйрбус А313-300 агаарын хөлгийг санхүүгийн түрээсээр худалдан авч, cap бүр төлдөг түрээсийн хүүгээс чөлөөлөгдсөн, мөн зургадугаар сарын 30-наас орон нутгийн нислэг зогсч, санхүүгийн алдагдал тодорхой хэмжээгээр буурах нөхцөл бүрдэж 6-9 дүгээр саруудад зээлээ төлж цэвэр ашигтай ажиллах боломжтой болсон ч одоог хүртэл банкны өрөө төлөх нь байтугай харин ч нэмж хоёр сая ам.доллар зээлсэн байх юм. Энэ нь тэдний хямралаас гарах ядмаг арга ч байж болох. Учир нь тус компанийн мөнгөн гүйлгээний тайлангаас харахад санхүүгийн байдал бишдсэн есдүгээр сарын 11,12-ны өдрүүдэд дээрх зээлийг авсан байна. Ингэснээр ердөө гуравхан сарын хугацаанд найман сая гаруй ам.долларын зээл авсан байгаа юм. Мэдээж хүнд байдлаас гарахын тулд шүү дээ. Тэгэхлээр энэ нь тус компаний дөрөвдүгээр улирлын төдийгүй ирэх жилийн санхүүгийн үйл ажиллагаанд томоохон хямрал нүүрлэсний дохио биш гэж үү. Мэдээж энэ бүхэнд шатахууны үнийн огцом өсөлт, агаарын хөлгийн түрээсийн төлбөрийн өсөлт, Ирландаас хөлсөлсөн Боинг 737-800W агаарын хөлгийн түрээс, ашиглалтын алдагдал зэрэг нэрмээс болох нь лавтай. Түүнээс гадна ирэх оны эхний улиралд саяхнаас түрээслэх болсон Боинг 737-800 W, Эйрбус АЗЮ-300,2002 оноос түрээсэлж байгаа Боинг 737-800 гэсэн гурван том онгоц нь гурвуулаа их засварт орох зайлшгүй шаардлагатай болоод байгаа. Эдгээрийн засварын зардалд наанадаж гурван сая орчим ам.доллар хэрэгтэй. Угнь хамгийн сүүлд буюу өнгөрсөн тавдугаар сараас ашиглаж эхэлсэн онгоцны хувьд Ирландын “Ryanair” компаниас их засварын санхүүжилтийг гаргуулах ёстой юмсанж. Учир нь Ирландын компани энэхүү онгоцыг цоо шинээр нь санхүүгийн түрээсээр ашиглаж байгаад хугацаа нь дуусмагц МИАТ компанид дахин түрээслүүлж байгаа. Мэдээж “Ryanair” компани өнгөрсөн найман жилийн хугацаанд их засварын нөөц бүрдүүлсэн байж болох тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, засвараа хариуцан хийлгэхэд татгалзахгүй биз. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ? Мэдээж одоогийн удирдлага Б.Эрдэнэбилэгээр ахлуулсан одоогийн удирдлагын баг хариуцах нь тодорхой. Тэгвэл экс захирал Б.Цогоогийн баг хэрхэн ажиллаж байв? Ирландын менежментийн багаас 13.5 тэрбум төгрөгийн гаалийн өртэй, 1.6 тэрбум төгрөгийн татварын өртэй, гадаад дотоод зээл нь алдагдаж, 237 сая төгрөгийн мөнгөн хөрөнгийн дутагдалтай данс нь улайсан компанийг Б.Цогоогийн баг хүлээн авсан байдаг. Гэхдээ хоёрхон жилийн дотор дээрх бүх өрийг барагдуулж компанийг 1.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллуулж чадсан гавъяа түүнийх. Гэвч өнөө цагийн эмгэнэл, улс төрийн шалтгаанаар түүнийг халж, Үндэсний авиакомпаниа хариуцлагагүй, эдийн засгийн мэдлэг султай, менежментийн чадваргүй хүмүүсийн гарт булаан өгсний шан нь дээрх өр алдагдал, санхүүгийн хямралаар зогсвол яамай. Үүний хариуцлагыг МИАТ ХХК-ний ТУЗ-ийн дарга, ТӨХ-ны дарга Б.Сугар нар ч хамт үүрэлцэх ёстой. Дээрх нөхцөл байдлуудад үндэслэн МИАТ компанид онцгой байдал тогтоох замаар өнөөгийн удирдлагын алдаатай бодлогыг засч залруулах, зардал, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зарцуулалтыг хянах замаар санхүүгийн хямралаас гаргах л цорын ганц арга зам үлдээд байна. Түүх сөхвөл 2003 онд Дэд бүтцийн яам, ТӨХ-ноос МИАТ ХК-д онц байдал тогтоож, удирдлагын багийг өөрчлөн эдийн засгийн хямралаас гаргаж байсан туршлага ч байдаг юм билээ. Ийм зоригтой алхам хийхгүй бол Монголын цорын ганц, үндэсний авиакомпанид нүүрлэсэн энэ хямрал дэлхийн эдийн засгийн хямралтай уралдан Монгол Улсын хөгжил, улсын төсөвт нөлөөлөхийг ч үгүйсгэх аргагүй болоод байна.

Эх сурвалж:Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.