Дуучин Т.Солонго: `Урлагийн хүнтэй л суухгүй шүү` гэж боддог байлаа

2008/11/05
Share |
Хүмүүс: Солонго |  Солонго | 
Дуучин Т.Солонго: `Урлагийн хүнтэй л суухгүй шүү` гэж боддог байлаа

“Эмоушн” хамтлагийнхан Америкт уран бүтээлээ хийх болсоор удаж байгаа. Харин хамтлагийн гишүүн Т.Солонго эх орондоо буцан ирж, нэг хэсэг нам гүм байсны эцэст уран бүтээлээ хийж эхэлсэн. Тэрээр саяхан Солонгосын “SK Саrа” гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болж олны өмнө гарсан бол тун удахгүй өөрийн бие даасан уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Түүнтэй уулзаж, ярилцлаа.

-Хоёр жилийн өмнө Монголдоо ирсэн Солонгоог гэнэт “Мей Си” гэдэг нэрээр дахин гарч ирэхэд гайхах хүн цөөнгүй байна?
-Хүмүүст сонин, содон тусаасай гэдэг үүднээс энэ нэрийг сонгосон. Гэхдээ Америкт байхад найзууд маань намайг “Мей Си” гэж дууддаг байсан юм. Угаасаа би таван сард төрсөн болохоор Мей гэдэг нь сарыг, Си гэдэг нь Солонго гэдгийн эхний үсгийг илэрхийлж байгаа хэрэг. Тэгээд ч манай рок попын хүрээнд “Солонго” гэдэг нэртэй эмэгтэй дуучид маш олон байдаг болохоор тэр дундаас ялгарахыг хүссэн.
-Зарим хүмүүс гадаадад олон жил амьдарсан болохоор нэрээрээ чамирхлаа гэж бодож байгаа даа?
-Миний нэр ганцхан байсан бол заавал тэгж өөр нэр өгөх шаардлагагүй. Нөгөө талаар энэ зөвхөн уран бүтээлийн нэр болохоос хүмүүс намайг Солонго гэдгээр минь л мэднэ шүү дээ. Зохиолчид өөр нэрээр уран бүтээлээ туурвидагтай л адил.
-Монголд ирснээсээ хойш багагүй хугацаанд чимээгүй байсан нь учиртай байх?
-Төлөвлөгөөнийхөө дагуу л явж байна даа. Ирээд нэг хэсэг чимээгүй байсан нь учиртай. Нэг их юм хийгээгүй байж олны өмнө гарахыг хүсээгүй. Хувийн амьдралаа зохицуулаад, охиноо гараас гартал хүлээж, бага зэрэг хугацаа алдсан. Одоо л яг уран бүтээлээ хийх тохиромжтой цаг нь ирлээ.
-Таныг хүмүүс уран бүтээлээ хийхгүй нь л гэж бодсон байх?
-Ийм олон жилийг урлагт зарцуулсан болохоор урлагаа орхихгүй юмсан гэж их хичээсэн. Харин цаашдаа бизнес эрхлээд ч явах юм бил үү, сайн хэлж мэдэхгүй байна.
-Таныг сая “SK Сага”-гийн рекламанд тоглоход олон хүн таниагүй өнгөрсөн байна лээ?
-Таниагүй хүмүүс олон байсан. Тийм их өөрчлөгдсөн юм байлгүй дээ. Солонгосын гоо сайхны “SK саrа”-гаас шинэ дүр төрх хэрэгтэй байна гэсэн санал ирсний дагуу рекламанд нь тоглосон. Цаашдаа ч хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
-Хамтлагийн гишүүд бүгд уран бүтээлээ хийгээд үлдэхэд ганцаараа наашаа ирсэн чинь олны анхаарлыг их татсан?
-Хувийн амьдралд маань хүндэтгэх шалтгаан гарсан. Төрсөн дүүгээ алдсан юм. Энэ тухай олон хүн асуудаг ч тэр болгонд хэлээд явах хэцүү байдаг.
-Таныг Америкт байхад гэр бүлийн тань хүн энд байсан. Магадгүй гэр бүлийн хүмүүс тусдаа байх хэцүү байсан болохоор эргэж ирэхэд нөлөөлсөн байх?
-Бид ирэн очин л байсан. Урлаг гэдэг хүнээс асар их тэсвэр тэвчээр шаарддаг, харгис зүйл. Нэг бол урлагаа, эсвэл амьдралаа сонгох болдог. Гэхдээ миний хань намайг үнэхээр сайн ойлгодог. Сая “SK Саrа”-гийн рекламанд тоглоход “ВХ-тэй үнсэлцээд, нөхөр чинь уурлахгүй байна уу” гэж олон хүн асууж байсан. Нөхөр маань их тайван, хүлээцтэй хүн шүү дээ.
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-Манай нөхрийг н.Цолмон гэдэг. Хүнтэй суухаасаа өмнө урлагийн хүнтэй л суухгүй гэж боддог байлаа. Тэгээд эдийн засгийн хүн сонгосон. Нөхөр маань маркетингийн менежер хийдэг.
-Яагаад заавал урлагийн хүнтэй суухгүй гэж?
-Би өөрөө багаасаа хөгжим бүжигт сурдаг байсан. Тэгээд харж байхад урлагийн ангийн хөвгүүд их хөнгөмсөг юм шиг санагддаг байлаа.
-Анх яаж танилцаж байсан бэ?
-Намайг бүр цэцэрлэгт байхад гэрт хүргэж өгдөг байсан. Манай ээжийн шавь байсан юм л даа. Бүр багаасаа бие биенээ мэддэг байсан ч нэг хэсэг сураг тасарчихсан байлаа. Тэгээд том болсон хойноо дахин учраад гэр бүл болсон.
-Ямар зан чанар нь хамгийн их таалагдав аа?
-Маш хүлээцтэй зан чанар нь. Бас сагс их сайн тоглодог спортлог залуу байсан нь надад таалагдсан. Би өөрөө спортын ямар ч авъяасгүй байсан болохоор түүнд нь дурласан.
-”Эмоушн” хамтлагийнхныг Монголдоо ирэх гэж байна гэсэн яриа их л гардаг байсан. Ер нь цаашдаа Монголдоо ирж уран бүтээл хийх тал дээр ямар бодолтой явдаг бол?
-Бид байнга тэр тухай ярилцдаг байсан. Гэхдээ ямар нэгэн ажилд гараад худлаа болчихдог. Ямар ч байсан би ирчихлээ. Тэд нар маань ч ойрноос ирэх сураг гарсан.
-Та нарын залгамж халаа болсон шинэ хамтлаг, дуучид зөндөө л гарч ирсэн. Монголынхоо рок попын хүрээллийг харахад ямар санагдсан бэ?
-Мэдээж хэрэг бидний үед байгаагүй шинэ урсгал чиглэл, төрөл жанр гарч ирсэн байна. Хамтлаг уран бүтээлчид маань ч менежмент сайтай болсон юм шиг санагдсан.
-Мэдээж багагүй хугацаанд завсарлаж байгаад дахин бие даасан уран бүтээлээ хийж байгаа болохоор өөрийн гэсэн шинэ дүр төрхийг бий болгож байгаа байх?
-Би тэгтлээ их өөрчлөгдөе гэж бодоогүй. Харин хүмүүс их өөрчлөгдсөн байна гэж байсан. Гэхдээ сая гаргасан шинэ клипэн дээрээ өмнө нь хамтлагтайгаа дуулж байснаасаа арай өөр дүр төрхийг гаргах гэж хичээсэн. Тийм ч байж чадсан гэж бодож байна.
-Монголын эмэгтэй дуучдын дунд эмэгтэйлэг, секси дүр төрх давамгайлах болсон. Таны хувьд?
-Эндээс явахдаа бид жаахан охидууд байсан. Одоо бол тав зургаан жил өнгөрчихлөө, илүү эмэгтэйлэг дүр төрхтэй болох цаг нь болсон. Гэхдээ заавал секси дүр төрхтэй байя гэсэн юм байхгүй.
-”Эмоушн” хамтлагийнхныг “Америкийн бааранд дуулж байна, тайчиж байна” гэх яриа багагүй гарч байсан. Энэ бүхэнд эмзэглэдэг байв уу?
-Бид энд байхдаа ч янз бүрээр бичүүлдэг байсан болохоор нэг их эмзэглэж хүлээж авдаггүй. Биднийг мэдэх хүмүүс нь мэддэг.
-Та бүхэн Америк дахь орон зайгаа хэр бататгаж чадсан бэ?
-Эхлээд Ази охидууд, Монголоос ирсэн дуучид гэхээр гайхдаг байсан. Монголчууд гэхээр л морь унасан хүмүүс, хөдөө тал нутаг тэдний санаанд буудаг юм билээ. Яг тийм л ойлголттой байсан. Харин бидний дууг сонсоод “Монголд рок поп урлаг ингэж их хөгжсөн гэж үү” гээд гайхдаг. Бид нар өөрсдийнхөө зохиосон дуунуудыг орчуулж дуулдаг, тэдний дууг ч дуулдаг. Дандаа амьд тоглолт хийдэг байсан. Тэрнээс биш тэнд CD тавьж амаа хөдөлгөнө гэсэн ойлголт байдаггүй.
Янз бүрийн газраас хамтарч ажиллах санал их ирдэг юм. Чинбаа гэхэд хоёр, гурван Америкийн хамтлагтай хамтарч ажиллаж байна. Одоо бол тэд Чинбааг алдахаас бүр айдаг болчихсон.
-Явсан хүнээс үг сонс гэдэг. Америкт уран бүтээл хийх, энд хийх хоёр хэр их ялгаатай байна?
-Тэнд мэдээж маш том зах зээлтэй. Урлагийн хүрээний хувьд энд хүмүүс цаг барьдаггүй, аливаа зүйлийн явц маш удаан байдаг. Шуурхай биш. Ер нь хаана ч очсон өдрийн гурван цагаас хойш ажил хийдэг хүн байхгүй байх жишээтэй. Америкт бол бүх юм цаг хугацаатай уралдаж, секунд минут бүр төлөвлөгөөтэй байдаг.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.