Цагдаа буудсан нь тогтоогдож байна

2008/11/06
Share |
Хүмүүс:
Цагдаа буудсан нь тогтоогдож байна

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга, хурандаа Ш.Батсүх нарыг Эргүүл хамгаалалтын газрын долоон цагдаатай хамт долдугаар сарын 1-ний үймээний үеэр иргэд рүү буудаж, дөрвөн хүнийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн шалгаж буй. Генералыг тэр өдөр Эргүүл хамгаалалтын газрын зарим цагдаа нарт буудах тушаал хэн өгөв гэдэг асуудлын гол зангилааг тайлах хүн хэмээн үзэж байсан юм.

Энэ асуудлын зангилаа ч тайлагдаж эхлэв бололтой. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан Клиникийн нэгдүгээр эмнэлгийн гадна хана, Худалдаа хөгжлийн банкны гаднах цамхгаас гэрэлт сумны хошуу олсон байна. Хар жийптэй хүмүүст хөөгдөн, нэгдүгээр эмнэлэг рүү орохоор зугтаж байсан нэг хүн эмнэлгийн гадна буудуулж амиа алдсан талаар тухайн үед шуугиж байсан. Гэтэл нэгдүгээр эмнэлгийн гаднаас гэрэлт сумны хошуу олджээ.

Цагдаа зэвсэг хэрэглэх эрх нээлттэй. Гэхдээ үймээний үеэр байлдааны сум ашиглаагүй гэж дээрх хүмүүс мэдүүлж ирсэн гэнэ. Гэсэн ч нэгэнт сумны хошуу, хонгио зэрэг баримт нэмж олдсоор байгаа аж. Нийслэлийн цагдаагийн газрын дарга О.Зоригт "ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд "Зэвсэг хэрэглэж болохгүй" гэсэн үүрэг өгсөн. Үүнийг би бусад дарга нартаа дамжуулсан. Тэр үед жагсаал тараах ажиллагаанд оролцох бүх анги, байгууллагын дарга нар манай байгууллагын доод давхарт хамт байсан юм. Цагдаагийн албан хаагчдын хүчээр дээрэмчид, тонуулчид, бүлэг танхай этгээдүүдийг тараах арга хэмжээ авах үүргийг би удирдлага дорх ажилтнууддаа өгсөн. Гэхдээ Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс өгсөн чиглэлийн дагуу ажилласан. Үймээний үеэр зарим газарт байлдааны сум тавигдсан. Нийслэлийн цагдаагийн газрын хэмжээнд байгууллагынхаа байрыг хамгаалж буй жижүүр голдуу хүмүүст буу, зэвсэг тавьж өгсөн. Генерал Ч.Амарболд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийг хамгаалах чиглэлээр ажилчдад нь "Зэвсэг олго" гэсэн үүрэг өгсөн. Энэ үүргийг би дамжуулсан" гэж хэвлэлд ярилцлага өгөхдөө ярьсан.

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд галт зэвсэг хэрэглэх тухайд гэмт үйлдлийг өөр арга хэрэгслээр таслан зогсоох боломжгүй бол, цагдаагийн албан хаагч дараах тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно гэж заажээ. Нэгдүгээрт, цаг-даагийн албан хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон, хоёрдугаарт,  цагдаагийн болон дотоодын цэргийн хамгаалалтад байгаа обьект руу нууцаар нэвтрэн орсон, эсвэл зэвсэг хэрэглэсэн буюу бүлэглэн довтолсон, гуравдугаарт, хүнийг барьцаанд авсан гэх мэт долоон заалт бий. Цагдаа тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлээд өөрийн болон бусдын амь бие, эд хөрөнгийг өөр хэрэгслээр хамгаалах боломжгүй бол галт зэвсэг хэрэглэж болно гээд заачихсан байдаг. Цагдаа тушаалаар бууддаггүй. Тухайн нөхцөл байдлыг таслан зогсоох өөр арга байхгүй бол хэний ч тушаалгүйгээр буудах, зэвсэг хэрэглэх эрх нь хуулиар олгогдсон, буудах эрх нь нээлттэй гэдгийг цагдаагийн ажилтнууд өнөө хүртэл ярьж, мэдэгдэж ирсэн. Гэхдээ нэгэнт цагдаа нар эхнээсээ л галт зэвсэг хэрэглээгүй, буудаагүй гэж мэдүүлсэн болохоор тэд өөрсдийгөө, ард иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалахын төлөө, аргагүйдээд галт . зэвсэг хэрэглэсэн гэхээсээ илүү санаатайгаар хүний амь хөнөөсөн, түүнийгээ нуун дарагдуулж, худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгт холбогдоход хүрээд байгаа гэнэ.

Энэ хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан шалгаад дуусах шатандаа орж байгаа бөгөөд удахгүй прокурорт шилжүүлэх юм байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.