УИХ-ын гишүүд туслах нэрийдлээр сэтгүүлчдийг худалдан авахаар санаархаж байна

2008/11/06
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүд туслах нэрийдлээр сэтгүүлчдийг худалдан авахаар санаархаж байна

550 саяыг зарцуулах таван туслахын нэг нь хэвлэл, мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчид байх юм гэнэ -
Д.Заяа
УИХ-ын хоёр дэд дарга Б.Батхүү, Н.Энхболд, Г.Одхүү нар ирэх жилийн төсөвт 550 сая төгрөг нэмж тусгахаар санал оруулж ирсэн. Тэр нь УИХ-ын гишүүний туслахын тоог нэмж ажиллуулах үйл ажиллагааны зардалд төсөвлөсөн мөнгө ажээ. Төрийн байгуулалтын хороогоор энэ асуудлыг хэлэлцэхэд гишүүд таг дуугүй л сууж байх юм. Туслахын тоог нэмэх үндэслэл юу юм, 550 сая төгрөгөөр хэчнээн туслах цалинжуулах гэж байгаа, туслахууд нь ямар үүрэгтэй байх юм гэх зэргээр асуулт хөврөх болов уу гэтэл тэд ус балгасан мэт ажин түжин сууж байгаад дэмжих аядаад явуулчихаж билээ.

Ерөнхийдөө тэд цаагуураа өөр хоорондоо ярилцаад тохиролцчихсон бололтой. Асуулт, хариулт гэж олны анхааралд оруулалгүйгээр шийдчихээр ярилцаа биз. Харин парламентын овсгоотой сэтгүүлчид “тавын тоонуудыг” чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэнгүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлгийн дараа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүд таван туслахтай болж, 550 саяыг төсөвлөх нь хэмээн шуугилаа. Харамсалтай нь нэг шуугиад л нам жим болчих шиг болов. Энэ хойгуур УИХ-ын гишүүд санаснаа гүйцэлдүүлэхийн ирэх оны төсөвт 550 саяыг тусгахаар зүтгэцгээж байна. Гэхдээ намуухан, олны анхаарлаас холхон шиг баталчих санаатай аж. “Мангуу, ямаанууд” гэх зэргээр хэлүүлж буй төрийн түшээд таван туслахтай болбол “зуун ямаанд жаран ухна” гэх хочийг нэмж зүүж мэдэх нь.
Парламентын түүхийн арван хэдэн жилийн хугацаанд УИХ-ын гишүүд дэргэдээ нэг, сонгогдсон тойрогтоо нэг нийлээд хоёр туслахтай явж болоод л ирсэн. Гэтэл дахиад гурван туслахыг нэмэх шалтгаан юу вэ.
Ордонд хоёр, сонгогдсон тойрогтоо хоёр, тав дахь нь хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан туслах байх сурагтай. Єөр хоорондоо ч ийн ярьж, хэнийг туслахаар авахаа шийдэж яваа гэнэ. Ордонд, сонгогдсон тойрогт нь тус бүр хоёр туслахтай боллоо гэхэд хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан туслахын тухай асуудалд өөрийн эрхгүй анхаарал хандууллаа. Гэтэл тийм туслах нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчид байх юм гэнэ. Тэрхүү сэтгүүлч Төрийн ордонд өрөө эзэгнэн суухгүй, зөвхөн тухай гишүүнтэй гэрээ байгуулах юм гэнээ. Гэрээний дагуу тодорхой цалин хөлс өгөх хэлбэрээр ажиллахаар төлөвлөжээ. Vүнийг сонсоод гайхшрал, гутрал, харамсал өөрийн эрхгүй төрлөө. Энэ бол зүгээр л сэтгүүлчдийг худалдан авч буй хэлбэр. Манай улстөр ямар бохир заваан билээ. Түүнд нь хэнээс ч, юунаас ч хараат бус байх эрхэм зорилготой сэтгүүлчид хутгалдвал нийгэмд аюулын харанга дэлдэнэ. Єнөөх захиалгат сэтгүүл зүй мөн чанараараа хөгжинө. Ардчиллын эсрэг дарангуйлал сэтгүүл зүйн салбараас гараагаа авна гэх зэргээр дараагийн үр дагаврыг тоочишгүй.
Тухайн УИХ-ын гишүүний хэвлэл, мэдээлэл хариуцсан туслах нь гишүүнийхээ талаар таагүй мэдээлэл өөрийн ажиллаж буй хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ түгээхгүй гэдэг нь тодорхой. Єөрөөр хэлбэл, амаа үдүүлнэ гэсэн үг. Бусад хэвлэл мэдээлийн хэрэгслээр гарах сураг сонсонгуут л таньдаг сэтгүүлчдээ гуйж байгаад “унагаачихаж” дөнгөнө. Сонин хэвлэлд бичсэн материал хэн нэгний хүсэлтээр оруулаагүй, эсвэл шаардлага хангаагүй бол бид “унагачихлаа” гэж ярьдаг юм л даа.
УИХ-ын 76 гишүүн хэвлэл мэдээлэл хариуцсан туслахаа сонгохдоо гайгүйхэн шиг бичдэг сэтгүүлчдэд санал тавих нь тодорхой. Гэтэл 76 гишүүн 76 ийм үүрэгтэй туслахтай болоход хэвлэл, мэдээллийн салбарын дөмөгхөнүүд нь УИХ-ын гишүүдийн туслах болон хувирна гэсэн үг. УИХ-ын гишүүний 76 магтан дуулагчид буюу хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эсрэг сэтгүүлчид бид өөрсдөө зогсч мэдэх юм биш үү.
Таван туслах дотроо арай илүү цалинг нь хэвлэл, мэдээлэл хариуцсан туслахдаа өгч магадгүй. Єнөөдөр сэтгүүлчдийн хөдөлмөрийн үнэлэмж тийм ч сайн биш шүү дээ. Яахав үндсэн ажлаа хийхийн завсар хэн нэгэн гишүүний туслахын үүрэг гүйцэтгээд хэдэн төгрөг аваад байвал аштай юу даа. Гэвч үгүй юм аа, сэтгүүлч, сурвалжлагчид аа. Сарын цалин дээрээ нэмэрлэж буй хэд гурван төгрөгөөс татгалзах ухамсар бидэнд байх ёстой. Улстөр, нийгмийн өнөө цагийн бурангуйн эсрэг тэмцэх үүргийг бид хүлээсэн. Vүний төлөө тангараг өргөж, андгай тавиагүй ч нийгмийн хамгийн эрүүл саруул сэтгэхүйтэн нь хэвлэл, мэдээллийнхэн байдаг. Элдвээрээ хэлүүлж явдаг ч “ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэдэгчлэн угтаа сайн сайхныг л бид хүсч, түүний төлөө ажилладаг. Шүүмжлэхээ шүүмжилж, магтахаа ч магтаж л байдаг. Харин төрийн түшээдэд өнөөдрийн магтаал нь багадаж, шүүмжлэл нь ихдээд байгаа учраас сэтгүүлчдийн амыг барихаар ийм арга сэдсэн ч байж болох юм. Маргааш Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ээлжит их хурал хуралдана. Их хурлаараа “УИХ-ын гишүүний таван туслахын нэг нь бид биш байх ёстой” гэсэн уриалга гаргаж болно шүү дээ. УИХ-ын төвшинд ноцтой яригдаж буй асуудлыг ээлжит их хурлаараа сэтгүүлчид ноцтойхон ярихад болохгүй зүйлгүй.
УИХ-д хэвлэл, мэдээлэл хариуцсан том алба ажилладаг. Энэ албаны үүрэг нь УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах талаар мэдээлэл түгээх гол үүрэг зорилготой. УИХ-ын гишүүдийн хэвлэл, мэдээлэлтэй албан ёсоор харилцахад энэхүү алба ажиллаж байдаг. Мөн Төрийн ордонд өдөр тутам бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид ажилладаг. УИХ-ын гишүүн тэдний хэнтэй ч уулзаад хэлэх гэснээ хэлж, үзэл бодол байр сууриа илэрхийлэх боломж нээлттэй. Ер нь УИХ-ын үйл ажиллагаа хангалттай мэдээлэгдэж байдаг билээ. Харин саар талыг сэтгүүлчид илүү олж харж шүүмжилдэг байж магадгүй юм. Шүүмжлэхээс аргагүй авир араншинг төрийн түшээд ч их гарганаа. Гэтэл тэд үүнд яснаасаа дургүй аж. Vргэлж л магтуулж, нялуурч байх хүсэл дэндүү оргилжээ. Тийм л учраас туслах нэрийдлээр хэвлэл, мэдээллийн салбарт бохир савраа гүн гүнзгий дүрэхийг санаархаж байгаа хэрэг.
Сэтгүүлчид бид таван туслахын нэг нь байхын эсрэг зогсохоос гадна нэмэгдэх гэж буй туслахуудыг ч эсэргүүцье. Төсвийн үр ашиггүй зарлагыг шүүмжлэх учиртай. Єнөөдөр Төрийн ордонд 76 гишүүний 76 туслах багтаж шингэх зай муутай, ая тух тийм ч сайн биш суудаг юм билээ. Туслахууд нь ч дахиад нэгийг нэмнэ гэсэн сургаар дурамжхан байна. Тэд “Ганц байхад л хангалттай шүү дээ. Бидэнд өдөр тутам цай, кофе дөхүүлж өгөхөөс өөр дарагдсан их ажил байхгүй. Хэрэв дахиад нэг туслахтай болвол цайг нь нэг нь, кофег нь нөгөөдөх нь гээд ээлжилж оруулж өгөх юм байна даа” хэмээн хошигнож ярьж байх юм.
Харин түүний оронд хууль батлах манатай сууж буй шинэхэн төрийн түшээдэд хууль зүйн мэргэжлийн зөвлөгч гэж байсан нь хамаагүй дээр биз. Мөн 550 саяыг туслахын орон тоог нэмэхийн төлөө зарцуулж байснаас УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг сайжруулахад зарцуулах гээд барьцтай, үр дүнтэй ажил хэрэг олон л бий. Эсвэл өдөр тутам УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлан гаргаж байдаг хэвлэл, мэдээллийн тэр дундаа сонины газруудыг урамшуулж болно.
Тойрог томорсон гэсэн үндэслэлээр орон нутагт ажиллах туслахаа нэмэгдүүлэх нь арай дөнгүүр санаа юм. Гэвч өнөөдрийн байдлаас харвал тойрогт ажилладаг туслах сонгогчдоос нь ирсэн санал хүсэлтийг зөөхөөс өөрийг хийж гавьдаггүй. Хамгийн гол нь гишүүнд нь тавьсан сонгогчдын хүсэлт туслах залуугийн гараар ороод дууслаа гэж ярьдаг юм байх чинь билээ. Парламентын сонгодог жишиг руу явж байгаа учраас туслахын тоогоо нэмэгдүүлж байгаа юм бол сонгодог парламентын гишүүн бас ч тойрог дотроо эргэлдэх гэж туслахын орон тоогоо нэмэх шаардлагагүй л байх.

Эх сурвалж: Үнэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.