Эмийн чанар уу эсвэл зохисгүй хэрэглээ юу

2008/11/06
Share |
Хүмүүс:
Эмийн чанар уу эсвэл зохисгүй хэрэглээ юу

Бид толгой өвдвөл эмийн сан гүйж, ханиад хүрвэл харшил хэмээн өөртөө онош тавьж, дураараа эм хэрэглэхдээ гаргуун. Нэг ёсондоо эмийг талх шиг хэрэглээд сурчихсан ард түмэн. Vүнийхээ хажуугаар ханиадны эсрэг ялангуяа антибиотек үр дүн өгөхөө болилоо хэмээн хүмүүс шүүмжлэх юм. Энэ юутай холбоотой бол? Эмийн чанар муудаад байна уу, эсвэл иргэдийн зохисгүй хэрэглээ нөлөөлөөд байна уу хэмээн ЭМШУИС-ийн Анагаах ухааны их сургуулийн Эм судлалын тэнхмийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамцаас лавлахад:

-Гадаадын орнуудаас чанаргүй антибиотек орж ирж, зах зээлд хэрэглэгдээд байна гэхээс илүү зохисгүй хэрэглээний үр дагавар тай холбоотой болов уу. Яагаад гэвэл, нэгдүгээрт, хувь хүн таамгаар эмээ сонгодог болж. Хоёрдугаарт, эмчилгээндээ буруу тунгаар хэрэглэдэг. Гуравдугаарт, курс эмчилгээний төвшинд өнөө эмээ хэрэглэж чадалгүй дутуу хаях зэргээс болж антибиотекийн үйлчилгээ сулардаг. Хүний биед байх нянд нэг эмийн химийн бүтцийн тухай мэдээлэл орж ирээд алга болчихоод хэсэг хугацааны дараа дахин орж ирээд байвал өнөө нянгийн дараагийн үе нь тэр эмэнд тэсвэртэй болдог. Судлаачдын гаргасан судалгаагаар халдварт өвчин үүсгэж буй нянгийн 40 хувь нь манайд орж ирээд удаагүй байгаа ванкомицинд тэсвэртэй байна гэж гарсан. Ингэхээр манайхан нянг антибиотект тэсвэртэй болгох үйл ажиллагааг өөрсдөө хийгээд байна гэсэн үг. Ирээдүйд ямар нэгэн халдварт өвчнийг хэзээ нэгэн цагт огт эмчилж чадахгүй болж ч магад. Єндөр хөгжилтэй орнуудын эмийн сан антибиотекийг жоргүй олгодоггүй. Харин манайд энэ төрлийн эмийг захын эмийн сангаас л авна. Эмчийн заавар, эмийн сонголт, заасан аргыг нь илүүд үзэхээс өмнө өөрөө өөртөө оточ болоод шууд эмийн санг зүглэдэг. Тэгээд л ийм эм хэрэгтэй хэмээн шууд нэхнэ. Энэ мэтээр эмийн зохисгүй хэрэглээнээс болж эм үйлчлэхээ болино. Ер нь монголчуудыг эмийн талаар зөв боловсролтой болгох арга замыг судлах хэрэгтэй гэв.
Нэг талаар үүнд иргэдийн буруу байгаа ч нөгөө өнцгөөс харахад эмийн чанарыг хими, биологийн хувьд өндөр төвшинд хянадаг лаборатори манайд өнөөдөр байхгүй байна. Шулуухан хэлэхэд Та, би, бид хэр баталгаатай эм ууж байгааг хянах газар алга. Хатуу ч гэсэн үнэн үг. Чадан ядан зарим эмийг химийн хувьд судалдаг биз. Тэгэхээр стандартын шаардлага хангасан эм хэрэглэж буйгаа бид яаж мэдэх вэ? Улсын мэргэжлийн хяналтын газрынхан манай улсад бүртгэгдсэн эм мөн эсэхэд хяналт тавьж байгаагаас өөр анхаарч буй байгууллага ер нь алга. Эмийн тухай хуульд “…худалдаж борлуулах зорилгоор эмийг сурталчлахыг хориглоно” гэж заасан. Гэтэл өнөөдөр орой бүр телевизийн дэлгэцээр эмийн сурталчилгааг хүн бүр залхтлаа харах болж. Vүний зэрэгцээ эм хэрэглэж байгаа иргэн, эмнэлэг аль ч талдаа сэжигтэй байдлыг холбогдох газар нь хэлдэггүй явдал. Хэн нэгний уусан эм биед нөлөөлөхгүй эсвэл үзүүлэх ёстой нөлөөллөөс өөр үйлчилгээ үзүүлбэл энэ талаар мэдээлдэг мэдээллийн сүлжээ дутагдаж байна. Шударга иргэний нийгмийн тогтолцоо гэж ярих, хэлэх болсон энэ үеийн хамгийн эрэлттэй зүйл бол энэ. Тэр тусмаа дөрөвхөн оронтой дугаар руу залгаад хэрэгтэй мэдээллээ авч чаддаг болсон юм чинь үүнтэй адил эмийн талаархи мэдээллийг иргэдэд өгдөг бас авдаг байж яагаад болохгүй гэж. Гэхдээ иргэдэд ийм мэдээлэл өгөх тохиолдолд үнэ төлбөргүй байвал зүйтэй биз. Гадаадын зарим оронд энэ мэт мэдээллийг ил захидлын хэлбэрээр иргэдээсээ авдаг гэсэн. Манайд ч гэсэн шуудангаар иргэн төрд хэрэгтэй мэдээллээ гуйвуулж болмоор юм шиг. Ялангуяа ашгийн төлөө явдаг эмийн сантай манай орны хувьд. Хүмүүнлэгийн бус үйл ажиллагаанд зориулагдах байдлаар зах зээлийн харилцаанд орж байгаа гэдэг нь хүн бүрийн нүднээ ил. Эм үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх зүйл гэдэг. Vүнтэй агаар адил эмнээс үүсэх эрсдэл, аюул манайд ойрхон байна.

Эх сурвалж: Үнэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.