Г.Ганбаясгах: Глазго хотын төсвийн 80 хувийг монголчууд бүрдүүлдэг

2008/11/06
Share |
Хүмүүс:
Г.Ганбаясгах: Глазго хотын төсвийн 80 хувийг монголчууд бүрдүүлдэг

Сүүлийн жилүүдэд монголчууд хилийн чанадад элбэг хангалуун амьдрал, их мөнгө хайж одох нь их болсон. Єдгөө албан бус тоогоор 250 мянган монгол хүн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа гэх. Нэг үгээр хүнээ “экспортолсоор”, гадагшаа чиглэсэн урсгал мөддөө тасрах янзгүй. Yүний хажуугаар хүн худалдах гэмт хэрэг, зуучлалаар гадаадын иргэдтэй гэр бүл болох нь бидний тулгамдсан асуудал болоод буй. Энэ талаар “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн тэргүүн Г.Ганбаясгахтай ярилцлаа.

-Саяхан Чех рүү яваад ирсэн гэсэн. Тэнд ажиллаж буй монголчуудын амьдрах нөхцөл, цалин, хангамж ямархуу байна вэ?
-Нэг үе Солонгосыг зорьж байсан цуваа шиг л ажиллах хүчний урсгал Чех рүү чиглэсэн, сүүлийн жил гаруйн хугацаанд. Чехэд 300 мянган ажлын байр зарлагдсан юм билээ. Манай улсын хувьд энэ оронд зохион байгуулалттай, тусгай зөвшөөрлөөр ажиллах хүч гаргадаг компани, газар байхгүй. Тэнд очсон хүмүүс дандаа хувь хүнээр зуучлуулж, нэлээд их хэмжээний мөнгө зарцуулсан байдаг. Гэхдээ яг хэдэн төгрөг төлснөө нууцалдаг. Иймээс ирснийхээ дараа Чех Улсад ажиллахад зуучилна гэсэн хоёр, гурван зарын дагуу утасдаж үзлээ. Их үнэтэй, 3000-5000 евро гэж байна. Харамсалтай нь очоод ийм хэмжээний, эсвэл үүнээс ахиухан мөнгөтэй болох орчин алга. Монголчууд хамгийн олуулаа ажилладаг нь Глазго хотод жолооны бүрээс оёдог үйлдвэр юм байна лээ. Тэнд бид очиж монголчуудтайгаа уулзлаа. Нэлээн их ярилаа. Бэрхшээл их байна. Таван жил ажилласан гэхэд чехээр нэг ч үг сураагүй хүн олон. Яагаад гэхээр нэг тасагт тэр чигээрээ монголчууд ажилладаг учраас хэл сурах боломжгүй. Тэднээс асуулаа л даа. Энд ирэхийн тулд тавьсан өр ширээ хэдэн сар ажиллаад дарж байна гэж. Мянган еврогийн өртэй ирсэн охин гэхэд жил гаруй ажиллаж байж л өрөө дарж дууслаа гэх жишээтэй. Амьдрах нөхцөл үнэхээр хэцүүхэн. Чийгтэй газар удаан ажилладаг, тэрнээсээ болоод уушиг нь өвчилсөн хүн байна. Манайхыг бодоход чийгтэй хэрнээ жиндүү уур амьсгалтай.
-Чехэд ажиллахад цалин хангамж маш өндөр. Сардаа л дөрөв, таван мянган евро авдаг гээд сурталчлаад байдаг худлаа байх нь ээ?
-Цалин бага юм байна гэж ойлгосон. Бидний уулзсан хүмүүсийн хувьд цалингаа нормоор авдаг. Нормынх нь үнэлгээ маш бага хэрнээ ачаалал ихтэй. Хэрэв нормоо хийж чадахгүй бол цалин авахгүй. Тэнд амьжиргааны доод төвшин 8000 крон. Энэ нь монголоор 560 мянган төгрөг. Тэгэхээр үйлдвэр тэр хэмжээний цалин өгөх ёстой. Гэхдээ үүний 50 хувийг нь өгдөг юм байна. Энэ нь хууль бус боловч монголчууд яах билээ. Ингээд л 4000 крон аваад 2500-г нь байрандаа өгөөд, үлдсэнийг нь хоолондоо зарцуулдаг. Цаана нь хураах мөнгө үлдэхгүй. “Ингэж байгаад болох биз” гэсэн итгэлтэй хүмүүс л байна. Гэтэл Глазго хотод ажиллаж буй монголчууд хотын төсвийн 80 хувийг бүрдүүлдэг гэж байгаа. Хорин мянган хүн амтай энэ хотын хөгжилд монголчуудын хувь нэмэр их байгаа биз. Тэгэхээр тэр хотынхонд монголчуудаа сурталчилж, ойлгуулах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн.
-Та нарыг очиход цалинг нь өгөөгүй, хөдөлмөрийг нь мөлжиж байгаа тохиолдол байсан уу. Ер нь тэнд ажилладаг монголчуудын эрх ашгийг хамгаалдаг Элчин сайдын яамныхан хэр ажиллаж байна вэ?
-Цалинг нь өгөөгүй гэсэн гомдолтой хүмүүстэй уулзсангүй. Харин хөдөлмөрийн мөлжлөг бол байна. Тодруулбал, нэг хүний хийх ёстой бодит ачааллаас хэт давсан норм өгдөг. Нөгөө хүн нь ажлаа хийж бардаггүй. Эзэн нь “чамайг илүү цаг ажилла гээгүй, гэхдээ цалин авах гэж байгаа бол нормын ажлаа хийж дуусга” гэдэг. Магадгүй нэг хүн өдөрт гурван автомашины жолооны бүрээс хийх ёстой байж мэднэ. Гэтэл 7-8-ыг хийх норм өгөөд, тэрэндээ тааруулаад үнэлгээг нь багасгадаг. Тэгэхээр өнөөх хүн наймыг хийхгүй бол цалин авахгүй. Ингээд л хөдөлмөрийн мөлжлөгт хүчээр автаад эхэлдэг. Нөгөөтэйгүүр манайхан ажиллах гэрээгээ чех хэлээр байгуулдаг. Очоод энэ нь хэрэгждэггүй. Єөр нэг анзаарагдсан зүйл нь германчуудыг ирэхээр монголчуудыг амраадаг. Тэр үйлдвэр германчуудын захиалгаар бүтээгдэхүүн оёдог үйлдвэр юм билээ. Хөдөлмөрийн нөхцөлийг зөрчдөг учраас л захиалагчдаа ирэхээр ажилчдаа амраадаг юм уу гэх бодол төрсөн.
Монголчуудын эрх ашгийг хамгаалдаг ЭСЯ-ны тухайд орон тоог нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэнд ажиллаж байгаа гуравхан хүн 13 мянга орчим монгол хүний хэнд нь хүрч ажиллах вэ. Биднийг очиход бусдад дээрэмдүүлж, зодуулсан нэг залуу ЭСЯ-нд ирсэн байсан. Yүнээс гадна очсоныхоо дараа хэрэгт холбогддог, архи дарс уудаг хүн олон байна. Угтаа нэгэнт тэр улсад очсон бол хуулийг нь дагах ёстой. Эрхээ ч эдэлнэ, үүргийг нь ч хүлээнэ гэдгээ ухамсарлах нь зөв юм. Манай төв Чехэд ажиллахаар явах гэж байгаа хүмүүст зориулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Хэлний мэдлэгээс гадна ажиллах гэрээгээ хийхдээ юу анхаарах, эх хэлээрээ байгуулах гээд л олон зүйлийг зааж зөвлөнө. Судалгаа гэснээс дашрамд дуулгахад, бид гадаадаас ирж ажиллаж байгаа хүмүүсийн ажлын нөхцөл ямар байна гэдгийг удахгүй судална. Гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдэд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын нөхцөл, цалин хангамжийг судлах юм. Магадгүй монголчууд өөрсдөө хөдөлмөрийн мөлжлөг хийдэг байж мэднэ. Зарим тоосгоны үйлдвэр, зоогийн газрууд “хандив”-ын буюу долоо, долоо хоногоор хүн авч ажиллуулаад, цалинг нь өгөхгүй явуулдаг явдлыг судлах зорилготой. Хүнд цалин өгөхгүй, шалгаж байна гэдэг нэрээр хөдөлмөрийг нь мөлждөг иймэрхүү газар сүүлийн үед олон болсон. Чех рүү явах хүмүүст сургалт явуулна. Єөрийгөө танилцуулдаг, гэрээгээ эх хэлээрээ хийдэг байх гэхчилэн зйллүүдийг заана.
-”Хүйсийн тэгш эрхийн төв” хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцдэг, энэ талаар байнга дуугардаг байгууллага. Он гарснаас хойш хэчнээн хохирогч хандсан бэ?
-Он гарснаас хойш 60 гаруй хохирогч хандсан. Ихэвчлэн эмэгтэйчүүд. Сүүлийн үед сэтгэл эмзэглүүлж байгаа нэг зүйл бол өмнө нь худалдагдсан хохирогч дахин хүний наймааны золиос болох явдал. Тэднийг “одоо хүрээд ирвэл цалинг чинь өгье” гэх мэтээр хуурч аваачдаг. Эсвэл айлган сүрдүүлдэг. Бид энэ жилээс Хонконг, Макаод нэг төлөөлөгчөө ажиллуулж байна. Yүний үр дүнд тэндээс гурван хохирогчийг эх орондоо авчирсан. Солонгост энэ чиглэлийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах орчныг бүрдүүллээ. Цаашид Чехэд ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа туслах зорилготой. Бид хүнээсээ нэг алхам урд явахгүй бол хоцроод байна. Би 2005 онд Солонгост судалгаа хийхээр очсон. Тэгэхэд “манайд холимог гэр бүл их болж, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөөд байна, энэ чиглэлээр ажиллах гэж байгаа” хэмээн ярьж байсан. Дараахан нь 2006 онд гадаадын бэрүүдэд зориулсан таван удаагийн сургалт зохион байгуулж, 24 цагаар, найман орны хэлээр зөвлөгөө өгдөг 480 гаруй утас ажиллуулдаг болсон.
-Гэр бүлийн хуульд зуучлалын асуудал тусгана гэж яригдаж байсан. Энэ асуудал хэр ахицтай байна?
-Манайд Гэр бүлийн хуульд зуучлалаар гэр бүл болох талаар тусгаагүй, нэмэлт өөрчлөлт оруулна гээд л миний мэдэхээр тав, зургаан жил ярилаа. Єнөө хэр өөрчлөгдөөгүй. Хүний наймаачдын гол өгөөш болсон элдвийн зарыг зогсооно гэж мөн л хэдэн жил ярьсан. Єнөөдөр зогсоож чадаагүй л байна. Цагдаа нь болохоор Оюуны өмчийн газар мэднэ гэдэг, өнөөх байгууллага нь “бид хяналт тавихаас шалгах эрхгүй” гэх. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь болохоор “зар сурталчилгааний бодит үнэнийг зарлуулсан этгээд хүлээнэ” гэдэг. Ингээд л эзэнгүй. Бид хүнгүй нийгэм байгуулах гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг юм. Угтаа хүн төвтэй нийгмээ байгуулж чадахгүй бол энэ олон бэрхшээл, хүний наймаатай тэмцэж чадахгүй.
-Хятадын Эрээн хотод 300-500 монгол охин биеэ үнэлдэг гэсэн тоог бид мэднэ. Энэ талаар сүүлийн гурав, дөрвөн жил ярьсан, мэдээлсэн. Гэхдээ өнөөдөр энэ тоо багассангүй, харин ч нэмэгдсэн. Цаашид энэ асуудлыг яаж шийдэх вэ?
-Юуны түрүүнд Монголд амьдрал сайжрах ёстой. Тэд жаргалдаа ташуураад явж байгаа юм биш. Амьдрал хайгаад л явж байгаа. Иймээс тэднийг нэг удаа хоморголон баривчилж авчраад асуудал шийдэгдэхгүй. Хамгийн хэцүү нь энэ хүмүүс тодорхой хугацаны дараа гэмт хэрэгтэн болох эрсдэлтэй. Эхлээд өөрсдөө хүн худалдах гэмт хэргийн хохирогч байсан бол дараа нь энэ гэмт хэргийг үйлдэх эрсдэл өндөр. Тиймээс тэднийг нийгэмшүүлэх нь чухал. Манайд хохирогчийг хамгаалах хууль байхгүй. Хохирогч асуудлаа шийдүүлэх гэж баахан явдаг, хуулийн байгууллагад мэдүүлэг өгөөд л байдаг. Гэтэл хэргийг шийдэх болохоор бодит хохирлоо тооцохыг шаарддаг, хэргийг хэлэлцэх хуулийн хугацаа нь хэтэрхий урт. Дээр нь манай нийгмийн сэтгэл зүй нь хохирогчоо ялладаг. Yүнээс болоод хохирогч сэтгэл зүйн хувьд насан туршдаа гэмтэж, айдастай явдаг. Эцэст нь хохирогч залхдаг, давхар хохирдог явдал их.
Манай төв хамгаалах байртай. Бид нэг жил байр түрээслэж үзсэн. Харин сая Швейрцарийн хөгжлийн агентлагаас хамгаалах шинэ байр худалдаж авч өгсөн. Яагаад хамгаалах байр чухал вэ гэхээр хохирогч хилийн чанадаас ирээд шууд гэртээ харих сэтгэл зүй бүрдээгүй байдаг. Иймээс сэтгэл засал, ар гэрийнхнийг нь бэлтгэх хэрэгтэй.
-Гадаадын хөрөнгө оруулалттай асрамжийн төвөөс хүүхэд алга болсон нь өнөөдөр олны анхаарлыг татаж байгаа. Бас өөр нэг төвөөс гурван хүүхдийг гадагшаа эмчилгээнд явуулсан гэх атлаа тодорхой мэдээлэл өгөхгүй юм. Энэ талаар та нарт хандсан уу?
-Манайд албан ёсоор хэн ч хандаагүй. Єчигдөр л мэдлээ. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа халамжийн төвүүд ихэвчлэн гадны хөрөнгө оруулалттай. Тэднийг монгол хүүхдийн төлөө анхаарч байгааг буруутгах аргагүй. Зөв ажиллаж байгаа газар олон бий. Харин нэгэнт ийм байгууллага бодитой бий болсон учраас төр аль төвд хэдэн хүүхэд байна гэдэгт хяналтаа тавих ёстой. Энд 2000-гаад хүүхдийн л асуудал байгаа шүү дээ. Єөрийн чинь хэлсэн мэдээллийн хувьд төрийн байгууллага мөрөөр нь очоод шалгах хэрэгтэй. Тийм эрх, мэдэл нь бий. Гадагшаа эмчилгээнд явсан гэж байгаа бол интернэт хөгжсөн энэ үед холбоо бариад, дүр төрхийг нь хараад, мэдээллийг нэг мөр болгох учиртай. Төрийн бус байгууллага бол шалгах эрх мэдэлгүй. Зөвхөн ямар нэг мэдээллийг аваад холбогдох байгууллагаар нь шалгуулж л чадна.
-Хүний наймаанаас гадна орон гэргүй хүүхдүүдийн эд эрхтнийг худалддаг гэж заримдаа барин тавин баримттай яригддаг. Yүнд танай төв анхаарал тавьдаг уу?
-Албан бус байдлаар тийм зүйл байхыг үгүйсгэх аргагүй. Бидний нүдэн дээр хараа хяналтгүй хүүхдүүд цөөрөөд байна. Гэхдээ эд эрхтний наймаа илрэхэд хэцүү. Иймээс маш хатуу хяналт тавих хэрэгтэй. Хараа хяналтгүй хүүхдүүдэд яаж өөрсдийгөө аюулгүй байлгах вэ гэдэг талаар сургалт явуулах ёстой. Бид хэд хэдэн газар сургалт явуулсан. Ийм сургалт байнга явуулах хэрэгтэй юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.