Хүн худалдах хэргийн дуудлага ихэсчээ

2008/11/08
Share |
Хүмүүс:
Хүн худалдах хэргийн дуудлага ихэсчээ

Хүн худалдах гэмт хэргийг шийдвэрлэсэн байдлыг Нийслэлийн прокурорын газраас судалжээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 15421 гэмт хэрэг бүртгэгдсэнээс найм нь хүн худалдаалах хэрэг байна. Тэгсэн хэр нь цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэргийн талаар ирүүлж буй гомдол мэдээллийн тоо өсөх хандлагатай байгаа аж.

Цагдаагийн байгууллага 2007-2008 онд 13 хэргийг мөрдөн байцааснаас дөрвийг нь хэрэгсэхгүй болгож, нэгийг нь түдгэлзүүлж, зургаан хэргийг шүүхэд шилжүүлжээ. Одоогоор хоёр хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байна. Прокурор зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн аж. Харин үүний нэгийг нь шүүх Эрүүгийн хуулийн 113.3 дахь хэсэг буюу хүн худалдаалах гэмт хэрэг гэж үзэж, тавыг нь уг хуулийн 124.2 буюу бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэж үзэн ялласан байна.

Хүн худалдаалах гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэх явцад эрхзүйн зохицуулалттай холбоотой болон нийгмийн шинжтэй хүндрэл бэрхшээл нэлээд гарч байгаа аж. Гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалалтад авах, аюулгүй байдлыг нь хангах эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаагаас хохирогч, гэрчүүд өмнөх мэдүүлгээсээ буцах, Макао, Сингапур зэрэг зарим улс оронтой эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ хэлэлцээр байхгүй байгаагаас эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа мухардалд орох, энэ хэргийн хохирогчид нь биеэ үнэлсэн гэх асуудалд орооцолдохоос эмээх буюу олны хэл аманд өртөхөөс болгоомжлох зэрэг сөрөг хандлага гарч байна гэж Нийслэлийн прокурорын газраас дүгнэжээ.

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.