`Ингэж тэрнийг гаргасан, тэгж түүнийг унагасан` гэдэг гавьяатнуудыг шийтгэ…

2008/11/10
Share |
Хүмүүс:
`Ингэж тэрнийг гаргасан, тэгж түүнийг унагасан` гэдэг гавьяатнуудыг шийтгэ…

-Хэн ч тэднийг сэжиглэхгүй, хэнээс ч тэд нуугдахгүй. Тэдэнтэй хариулцлага тооцох эрх мэдэлтэн нь түүнтэй хамт эрх баригчдын халаасанд буй болохоор тэр-

Нас залуу, цус халуунаасаа болж, гэнэн хөөрлөөр тэд үймээнд оролцсон хэмээн ярьж, телевизээр ухаалаг харагдахыг хичээгчдийг гайхаж байна. Тэдний хэлээд буй чулуу шидсэн гэнэн залуус өнөөдөр 3-7 жилийг торны цаана өнгөрүүлэхээр болоод байна.

Чулуу МАХН-ыг гэхээсээ илүүтэй эрхийг хаан боогдуулсан, сонголтын хулгайчдыг чиглэсэн гэвэл үнэний хувьтай. Эргэн санахад тэр өдөр, тэнд намчирхал бус үзэл бодлоороо өөр хоорондоо нэгдэн, өөрсдийнхөө сонголтыг хамгаалсан сонгогчид цугласан.

Хэний ч нөлөөнд автахгүй байх эрхийг нь Сонгуулийн ерөнхий хороо болон тойрог, хэсгийн хороо уландаа гишгэлсэн болохоор тэд бухимдсан, долдугаар сарын 1-нд.

Энэ гурван байгууллага сонгуулийн сурталчилгаа, санал хураалтыг хуулийн дагуу явуулах, түүнийг үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй байсан. Шуудхан хэлэхэд чадаагүй. Үүнийг Дорнод аймгийн сонгууль хийгээд өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа УИХ-ын 25 дугаар тойргийн асуудал, Хан-Уулд нэр дэвшигч Д.Загджав, Д.Идэвхтэн нарын маргаан бэлхнээ харуулна. Баримт сөхье.

УИХ-ын 25 дугаар тойргийн хорооны дарга асан Ч.Бат-Эрдэнэ “Эцсийн дүнд албан ёсоор манай тойрогт 80 мянга 075 хүн санал өгөхөөс 65 мянга 963 хүн саналаа өгсөн. Сонгогчдын сонголтыг яг нарийн гаргах хэрэгтэй гэдгийг би хэлж байсан. Гэтэл тэгээгүй. Бүх юмаа хууль бусаар баталсан шүү дээ. Сонгуулийг шударга явуулахын тулд тойргийн хороо СЕХ харилцан уялдаатай нягт хамтарч ажиллах ёстой байтал тэгээгүй. Эцэстээ СЕХ даргаа байнга эсэргүүцдэг байгууллага болж хувирсан. Энэ байгууллагад нэр дэвшигчид нөлөөлж, тэдний эрх ашигт нийцүүлэн үйлчилдэг байгууллага болсон” гэдгийг “АЭ”-д өгсөн ярилцлагадаа хариуцлагатайгаар мэдэгдсэн. Энэ тойргийн хорооны нарийн бичгийн даргаас эхлээд зургаан хүнийг хууль, хяналтынхан байцааж байгаа ч өнөөдөр шүүхээс оноосон ял алга.

Иргэдийн итгэл алдарч, өөрсдийнхөөрөө шийдэхийг оролдож байна. Эсэргүүцлээ илэрхийлбэл бууддаг, хорьдог төртэй болохоор Орон нутгийн сонгуульд арай өөрөөр хандав. Сонголтыг нь хөсөрдүүлж, ичгүүргүйгээр саналыг нь засдаг сонгуулийн тойрог, хэсгийн хорооныхны доромжлолд иргэд өөрсдийнхөөрөө цэг тавьж, орон нутгийн сонгуульд оролцсонгүй.

Луйварчид илүү ихээр доромжлов. Энэ удаад тэд сонгогчдын нэрсийг хасах замаар сонгуулийн ирцийг хүргэв. Сүхбаатар дүүргийн Х хороонд гэхэд л Засаг дарга нь өөрсдийнхөө хүмүүст сонгогчийн үнэмлэх тарааснаас болж 3791 хүний ердөө л 1062 нь санал өгөх эрхтэй болсон. Харин Баянгол дүүрэгт 5000 гаруй сонгогчийг нэрсийн жагсаалтаас хассан. Хан-Уул дүүрэгт намын хорооны даргын шийдвэрээр тогтоол үйлдэж луйвар хийхийг оролдсон…

Сонгуулийн хорооныхны булхайг жишээлье гэвэл ердөө эхлэл нь энэ байх болно. Бидний мэдэх хийгээд мэдэхгүй өөр олон жишээ бий.

Энэ бүхэнд тухайн эрх баригч, эсвэл нэр дэвшигчид муу хэлэгддэг. Тэд буруутай нь үнэн. Гэхдээ тэдний гар хөл болж, атгаг санааг хэрэгжүүлдэг сонгуулийн хороодын луйварчин, хулгайчид нь хөшигний араас гарсангүй. Чирч гаргаад хариуцлага хүлээлгэх ёстой хүмүүс таг чиг.

Шийтгэл аваагүй луйварчид сонгууль болоход дахин томилогдон сонгогчдын саналыг хулгайлахаар ханьцуй шамлан босох болно, дахиад. Тогтсон барилаараа хөшигний араас хороо хутгаж, тайзан дээр нэр дэвшигч нь жүжиг тоглоно. Жүжиг дуусч, үзэгчид харьсан хойно мөнөөх луйварчин эргээд эчээндээ орно.

Ардчиллын үр дүнд бий болсон иргэдийг сонгох, сонгогдох эрх мэдлийг ингэж уландаа гишгэлсэн луйварчдад ичих нүүр гэж үгүй. Хулгайч хэзээ ч авсан гэж хэлдэггүй бол харин тэднийг “Ингэж тэрнийг гаргасан, тэгэж түүнийг унагасан” гэж хэлэхийг нь олон сонсч байлаа. Тэд бүгдээрээ бидний дунд гэмгүй хүн шиг оршдог. Хэн ч тэднийг сэжиглэхгүй, хэнээс ч тэд нуугдахгүй. Тэдэнтэй хариулцлага тооцох эрх мэдэлтэн нь түүнтэй адилхан эрх баригчдын халаасанд хамтдаа орчихсон болохоор тэр. Хачирхалтай нь төрийн түшээд сонгуулийн луйвартай хамтдаа тэмцэе, энэ тэр гэж элдэв зүйлийг донгоддог ч үүнийгээ хууль тогтоомжоороо өөрсдөө үгүйсгэдэг. Өмнө нь сонгууль будилаантуулсан зарим нөхдийг өдгөө шагналд тодорхойлж буй сураг дуулдав. Нэрийг хэлье гэвч нөгөөдүүл шиг нуувчинд хорогдчих болохоор орхиё.

Жирийн хулгайч эд зүйлс хулгайлдаг бол тэд иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрхийг нь хулгайлдаг. Хүүхдээ өлсгөж үхүүлэхгүйн тулд төрийн албан хаагчийн өрөөнөөс талхны мөнгө авсан эмэгтэйтэй бид хүмүүжил ярьж, ял оноодог бол сонгогчдын эрх барих эрх мэдлийг хулгайлагсдыг албан тушаалаар урамшуулж, төрийн одонд тодорхойлдог. Коммунист гэж бидний муулдаг урд хөршид хулгайч хүн гараа тасдуулдаг бол Монголд энгэрээ мялаадаг. Хулгай хийснийг нь бус хэлсэнд ял оноодог ялзарсан нийгэм бидний төрх болчихож. Ийм л өтчихсөн өрөөсгөл тогтолцоо өнөөдөр үйлчилж, хараагүй иргэдээс илүү харалган хуулийг мөрдлөг болгох нь эмгэнэлтэй. Санал өгсөн сонгогчдыг урамшуулах хууль гэхийн оронд сонгуулийн хороонд ажиллагсдад шийтгэл оногдуулах тухай санаачлаасай билээ. Иргэдээ ямаанаас, ирээдүйгээ хуцнаас дорд үздэг хойно чадахгүй биз дээ, чааваас гэж

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.