БХЯ-ны сайд Л.Болдын толгойлж байсан АМГТХЭГ аудитын шалгалтаар олон тэрбумын хууль бус зарцуулалт хийсэн нь илэрчээ

2008/11/10
Share |
Хүмүүс: Лу Болд | 
БХЯ-ны сайд Л.Болдын толгойлж байсан АМГТХЭГ аудитын шалгалтаар олон тэрбумын хууль бус зарцуулалт хийсэн нь илэрчээ

Монгол улсын зүүн хязгаар Дорнод аймгийн Халхгол сумын нутагт анх удаа газрын тос оргилж байсан үе саяхан мэт санагдана. Тэр үед Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат газар дээр нь очиж дээлээ мялаан түүхэнд бичигдэх үйл явдлын гэрч боллоо гэцгээж байсан. Түүнээс хойш Монгол улс өөрсдөө нефтээ үйлдвэрлэдэг болно гэсээр өнөөдрийг хүрээд байгаа. Харин тэрхүү Тамсагийн сав газар өнөөдөр Хятад шаахайны мөрөнд дарагдах дээрээ тулаад байна. Төр засгаас Тамсагийн сав газрын газрын тосны асуудлаар удаа дараа асуудал болгон тавьдаг ч өнөөдрийг хүртэл төрийн оролцоо тав арван төгрөгний татаас авахаас илүүтэй байхгүй байгаа хэвээр байна.

Бүтээгдэхүүн хуваах гэрээ хуулиудтайгаа зөрчилдсөн нь аудитын шалгалтаар илэрлээ

Монгол улсын нутаг дэвсгэрт таван компани долоон талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн анх 1993-1995 онд одоогийн АМГТХЭГ хуучнаар Газрын тосны товчоо нэртэй байхад Австралийн Команд петролиум, Монголын Цагаан шонхор ойл корпораци, Соко тансаг Монголиа инк нарын хооронд Бүтээгдэхүүн хуваах гэрээг албан ёсоор байгуулж байжээ. Тухайн үед газрын тосны хуулийг хэрэгжүүлэх журмын дагуу газрын түрээсийн төлбөр болон захиргааны шимтгэлийн тарифыг ч тогтоож өгчээ. Түүнээс хойш АНУ-ын “СОКО Интернэйшнл” компани 2005 оны 8 сард БНХАУ-ын “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК-д эрхээ шилжүүлжээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тосны хуулийн дагуу “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК талбай тутамд 100.000 доллар буюу гурван талбайн 300.000 долларыг АМГТХЭГ-т төлжээ. 2005 оны “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ нь өнөөдрийн хууль эрх зүйн орчинтой зөрчилдөж байгаагаас үүдэн УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Дорнод аймгийн ИТХ-аас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Төрийн аудитын хуулиар тодорхойлсон Үндэсний аудитын газар бүрэн эрхийнхээ хүрээнд шалгалт оруулжээ.

Хятадын “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК орон нутагт оруулах 2 сая 496.600 долларын төлбөрөөс мултарчээ

Аймаг нийслэлийн төсвийн татварын орлогын гол эх үүсвэр нь тухайн орон нутгийн газар болон орон нутгийн татвар байдаг. Тэр ч үүднээс “Газрын төлбөр”, мөн Татварын ерөнхий хуулийн “Орон нутгийн татвар” гэсэн заалтын дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлж байхаар заажээ. Гэтэл энэхүү хууль нь хуучны Газрын тосны товчоо байх үеийн хуулиараа газрын төлбөрийг товчоонд төвлөрүүлэх заалттай зөрчилдөж ирсэн нь Аудитын шалгалтаар илэрчээ. Хуулийн харшилдсан заалтаас болж Дорнод аймгийн орон нутгийн төсөвт орох орлого огт ороогүй гэж хэлж болохоор болжээ. Матад, Халхгол сумын нутагт газрын тосны хайгуул, олборолтын үйл ажиллагаа явуулж байгаа “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК орон нутгийн төсөвт 2005-2007 оны хугацаанд ус, рашаан ашигласан, тээврийн хэрэгслийн татвар гэж нийтдээ 73 сая төгрөг оруулжээ. Мөн түүнээс гадна газрын тосны хуульд заасан байгалийн нөөц баялаг, газар, хэвлий болон түүний хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахгүй байх, ашигласан талбайг сэргээх талаар гэрээнд огт тусгагдаагүй байжээ. Байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөрийг гэрээндээ тусгаж өгөөгүйгээс 2005-2007 онд Хятадын “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК-аас авах байсан хоёр сая 496.600 долларын төлбөр авах боломжоо алджээ.

Хуулийн цоорхойгоор татвараас бултсан газрын тосны хятад ажилчид

Монгол улсын засгийн газраас ажиллах хүч гадаад руу гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хуультай. Газрын тосны хайгуул, олборолт, экспортын үйл ажиллагааг гүйцэтгэх гадаадын ажилчдын квотыг хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааран гадаадын ажиллах хүч, өөрийн орны ажиллах хүчийг тодорхой хувиар шинэчлэн баталсаар иржээ. 2007 онд Засгийн газрын тогтоолоор гадаадаас ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг мөн аж ахуйн нэгж байгууллагад ажиллах гадаадын ажилчин, мэргэжилтний тоог баталжээ. 2007 оны байдлаар Дорнод аймгийн Тамсагт 3620 ажилчин Хятадын “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК -д, Дорноговь аймгийн Зүүнбаянгийн сав газарт газрын тосны хайгуул хийж байсан “Доншен” ХХК-ийн инженер техникийн 480 ажилтанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгожээ. Дорнодын Тамсагт үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК 2005 онд 162, 2006 онд 1435, 2007 онд 3510 хүн ажиллаж байгаагаас ихэнх хувийг Хятадууд эзлээд байна. Энд мөн л хууль зөрчилдөж байгаа нь Үндэсний аудитын шалгалтаар илэрчээ. Газрын тосны тухай 1991 оны хуулинд газрын тосны гэрээлэгчид Монгол улсын хууль тогтоомжийн дагуу татвар ногдуулна гэсэн заалттай ч 2006 онд батлагдсан ААНОАТ-ын хуулиндаа газрын тосны салбарт Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ажиллаж байгаа татвар төлөгчийг татвараас чөлөөлнө гэсэн заалтууд нь хоорондоо зөрчилдөж байна. Энэ бүх байдлаас үүдэн Үндэсний аудитын газраас орсон шалгалт нь бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэн найруулж хуульчилхаас өөр аргагүй байгааг харуулжээ.

Газрын тосны салбараас ордог сургалтын сангийн мөнгө хууль бусаар ҮХЯ-ны сайд, дэд сайд нарын гараар ч оржээ

1993-1995 онд АНУ-ын “СОКО Интернэйшнл” компанитай байгуулсан гэрээнд Монголын Газрын тосны товчооны ерөнхий захирлын томилсон буюу заасан мэргэжлийн дагуу нэг ажилтны замын зардал, сургалт, амьжиргааны зардлыг төлөхөөр заажээ. 2003 онд Үйлдвэр худалдааны сайдын тушаалаар батлагдсан “Сургалтын дансны хөрөнгийг зарцуулах журам”-ыг үндсэлэн зарцуу байгаад 2007 оноос АМГТХЭГ-ийн дарга Л.Болдын баталсан “Сургалтын журам”-ын дагуу сургалтын санг зарцуулж байгаа ажээ. Сургалтын урамшуулал дансанд 2005-2007 онд Хятадын “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК 225.000 доллар, Зүүнбаянгийн “Доншен” ХХК 60.000 доллар нийтдээ хоёр компаниас монгол мөнгөөр бараг тэрбум төгрөг төвлөрчээ. 2006 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ шинээр байгуулсан компаниудаас сургалтын урамшуулалд “Петро-Матад” ХХК 20.000, “Panosian Petrolium INC N” /Шамон/ 50.000, “Голден Сий Петролеум” ХХК 80.000 доллар оруулжээ. АМГТХЭГ богино, дунд, урт хугацааны сургалтад хамрагдах ажилтан болон ажилтнуудын хүүхдүүдийг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэж, агентлагийн даргын тушаалыг үндэслэн сургалтын сангийн мөнгийг захиран зарцуулдаг боловч яамнаас сургалтын сангийн үйл ажиллагаанд оролцсоор иржээ.
Тиймээс АМГТХЭГ-ын зардлаар гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудаас газрын тосны болон мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа нэг ч оюутан байхгүй байгаа нь судалгаагаар нотлогджээ. Тэгэхээр газрын тосны компаниудаас оруулдаг сургалтын сангийн урамшуулалын хэдэн зуун сая, тэрбум төгрөг хэний хүүхдийг сургах төлбөр болоод байгаа нь тодорхой болж байна. Мөн үүнээс гадна ҮХЯ-ны санхүү эдийн засгийн хэлтсийн дарга нь Вашингтон хотод олон улсын программын мэргэжлээр суралцуулахаар ҮХЯ-ны сайдын тушаал гарснаар 11000 долларыг сургуулийн дансанд шилжүүлж, 5000 долларыг хувийн картанд нь шилжүүлсэн боловч одоо хэр нь суралцах гэрээ сургуультайгаа хийгээгүй, сургуульдаа суралцаагүй байгаа гэнэ. МАХН-ын залуу боловсон хүчнүүдийн нэг гэгддэг Я.Содбаатар ҮХЯ-ны дэд сайд байхад нь түүний хүсэлтээр яамныхаа ажилтны хүүхдэд БНСУ-ын Их сургууьд суралцах сургалтын зардалд нь зориулан хувийн дансанд нь 4000 доллар шилжүүлсэн зэрэг төрийн албаны хууль зөрчсөн үйлдлүүд нь тогтоогджээ. Сургалтын сангаас мөн 2005 онд 8000 доллараар БНХАУ-аас тавилга, эд хогшил, 2007 онд 3700 доллараар олон улсын ашигт малтмалын ханш үздэг вэб сайтын төлбөр зэргийг сургалтын сангийн мөнгөнөөс хууль бусаар зарцуулсан байжээ.

ҮХЯ агентлагийнхаа төсвөөс 1,5 тэрбум төгрөг хууль бусаар зарцуулжээ

ҮХЯ төсвийн байгууллагын хуулийг зөрчин АМГТХЭГ-аас 2005 онд ҮХЯ-ны сайдын албан томилолт хүлээн авалт 55.3 сая, яамны барилгын өргөлтгөл засварт 200 сая, Замын-Үүд Алтанбулагийн чөлөөт бүсэд барилга худалдан авах, засвар үйлчилгээнд 52.5 сая нийтдээ 407 сая төгрөгийг агентлагаас гаргуулжээ. Сайдууд төсвийг хэтрүүлэн зарцуулж хууль зөрчихөөс гадна агентлаг бусад га.зруудын мөнгийг энэ байдлаар зарцуулан өөрсдийн хүрээний захиран зарцуулах мөнгөнөөс хувьдаа завшдаг байхыг ч үгүйсгэх аргагүй юм. 2006 онд АМГТХЭГ-ын дансыг яаманд төвлөрүүлж орлогын данснаас 921 сая ҮХ-ын яам зарцуулнаас 309 сая төгрөгийг нь бэлнээр гаргуулжээ. 2007 онд яамны гадаад томилолт, төвлөрсөн арга хэмжээ, гадаадын зочны зардалд 186 сая төгрөгийг тус тус агентлагийнхаа санхүүгээс зарцуулжээ. Уг нь бол хуулиараа өөр өөрсдийн захиран зарцуулах эрхийн хүрээний мөнгийг зарцууядаг хуультйа ч сүүлийн үед яамдууд хэтэрхий их бүтцийн өөрчлөлт олон сайдын солигдох хэрээр 1.5 тэрбум төгрөгийг яамнаасаа хууль бусаар зарцуулсан нь тогтоогджээ. Мөн энэ их хэмжээний мөнгийг агентлагаасаа гаргасан дарга нар нь ч өнөөдөр тушаал дэвшчихсэн сайдын сэтэр зүүчихсэн яваа билээ.

Намын даргынхаа өшөөг авсан Ц.Даваадорж Н.Баяртсайханы тушаалыг хүчингүй болгожээ

АМГТХЭГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоог Үйлдвэр худалдааны сайдууд солигдох бүрт өөрчилсөөр иржээ. ҮХ-ны сайд асан Сү.Батболд 2005 оны нэг сард АМГТХЭГ-ын зохион байгуулалтын бүтцийг 6 газартайгаар баталж, орон тооны дээд хязгаарыг 131 хүнээр тогтоожээ. ҮХ-ны сайд асан Б.Жаргалсайхан 2006 онд АМГГХЭГ-ийн бүтцийг 6 албатайгаар 266 хүний орон тоотойгоор баталжээ. ҮХ-ны сайдын үүрэг гүйцэтгагч Н.Баяртсайхан 2007 оны 3 сард зохион байгуулалтын бүтцийг 5 газар, нэг төв, 204 хүний орон тооны хязгаартай баталж Б.Жаргалсаханы тушаалыг хүчингүй болгожээ. Түүний дараа ҮХ-ны сайд Ц.Даваадорж 2007 оны 7 сард АМГТХЭГ-ын үүрэг гүйцэтгэгч Н.Баяртсайханы тушаалыг хүчингүй болгож БНН-ын даргынхаа тушаалыг сэргээж баталжээ. Ингэж эрхэм сайдууд нэг нэгрнийхээ тушаалыг хүчингүй болгож дахин сэргээснээр агентлагийн чиг үүрэг алдагдаж тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжоо алджээ. Түүнээс үүдэн тогтворгүй бүтцээс болж АМГТХЭГ 2005-2007 онд төсвөө хэтрүүлэн зарцуулсан нь ауидитын шалгалтаар илэрчээ. АМГТХЭГ батлагдсан төсвөө 2005 онд 672.3 сая, 2006 онд 1 тэрбум 415 сая, 2007 онд 1 тэрбум 132 сая төгрөгөөр хэтрүүлэн хэрэглэжээ. Булавч бултайна гэгчээр энэ салбарыг тэргүүлж явсан эрхмүүд өнөөдөр мөн л төрийн сэнтийд суучихсан төсвийн мөнгөөр тоглож сууна. Тухайн үед энэ яамыг толгойлж явсан эрхмүүдээс хоёр нь ч өнөөдөр намынхаа бялуунаас хүртчихсэн засгийн газрын гишүүн болчихсон таваргаж явна.

Тамсагийн газрын тосны хайгуулаас эхэлсэн төрийн аудитийн шалгалтад ҮХЯ бүдэрлээ

Монгол улсын хамгийн гол салбар яам, агентлаг болох ҮХЯ, АМГТХЭГ болон түүний хүрээнд хамрагдах “газрын тосны компаниудын орон нутагт орох төсвийн урсгалыг яамандаа татаж 8 гарынхаа салаагаар хэрхэн урсгаж байсан нь аудйтын газрын шалгалтаар тодорхой болж байна. Монгол улсын хамгийн их нөөцтэй нефтийн цооног болох Дорнодын Тамсагийг тойрсон улс төр болон их хэмжээний олон тэрбум төгрөгнүүд хэрхэн хэний гараар орж зарцуулагдаж ирснийг хуулийн дагуу шалган тогтоосон нь энэ. Төрийн аудитын шалгалтын хүрээнд Тамсагийн нефтээс эхлэлтэй энэхүү шалгалтанд АМГТХЭГ-аас эхлэн Хятадын “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК холбогдох газар, агентлаг, яам сайдуудын хүрээнд хамрагджээ. Энэ мэтчилэн уул уурхай газрын тосны салбарын удирдлагуудын өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хуулийг хэрхэн завхруулж төсвийн болон газрын баялгаас орж ирсэн мөнгөөр хэрхэн гараа угааж ирснийг Үндэсний аудитын газраас бүрэн эрхийнхээ хүрээнд АМГТХЭГ-т хийсэн шалгалтаар тодорхой болж байна.

Эх сурвалж:Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Fessdjoq , http://vkmonline.com/blogs/pos t/1363228 krystian_winkiel, http://vkmonline.com/blogs/pos t/1363140 example_tinder_profile, http://vkmonline.com/blogs/pos t/1363193 badoo_que_es,
IP:37.230.213.163  2018-12-16 19:21:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.