Яндан яах аргагүй буруутай ч...

2008/11/11
Share |
Хүмүүс:
Яндан яах аргагүй буруутай ч...

УИХ ирэх оны төсвийг хэлэлцээд эхлэхтэй зэрэгцээд татварын багц хуульд ёс мэт өөрчлөлт оруулдаг билээ. Энэ нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх эх үүсвэрээ хуульчилна гэсэн үг. Гэхдээ үүнийг зөвхөн "татварын хэмжээг нэмнэ" гэж ойлговол эндүүрэл. Зарим төрлийн татварыг бууруулж байхад заримынхыг нь нэмж, эсвэл өөр шинэ төрлийн татвар гаргаж ирнэ гэсэн үг.

Энэ бүхний эцсийн дүнд татварын нийт орлого нэмэгдэж, татвар төлөгчийн тоо өсөх нь төсөв батлагч, хууль тогтоогчдын хувьд хамгаас чухал. Өвөр дээрээсээ чихэр, тамхи ширхэглэдэг, гутал тосолдог, машин угаадаг, ТҮЦ ажиллуулдаг хүмүүсээс төр татвар авахаар хуульчлах жишээтэй. Төрөөс ажлын байр, тэтгэвэр, цалин нэхэхгүй, өөрөө өөрсдөдөө ажлын байр гаргаж буй тэдгээр иргэнээс "орлого тодорхойлох боломжгүй" гэсэн төрлөөр татвар авахаар шийдвэрлэж байсан бол үүнээс бараг арваад жилийн дараахь буюу өнөөгийн парламент гэр хорооллынхны яндангийн тоогоор татвар хураах санаачилга гаргаад буй.

Татвар бүхэн төсвийн орлого нэмэгдүүлэх эх үүсвэр болохоос гадна ардаа бодлогын чанартай үр дагавар авчирч байх ёстой биз ээ. Тухайлбал, яндангаас татвар хураагаад эхэлбэл айлууд яндан хэрэглэхээ багасгана. Яндан хэрэглэхгүйн тулд гал ноцоож, нүүрс түлэхээ болино. Айлууд нүүрс түлэхээ боливол Улаанбаатар утаанаасаа сална. Ийм үр дагаврыг тооцоолсны үндсэн дээр эдийн засгийн хөшүүргээр буюу татвараар дамжуулан бодлого хэрэгжүүлдэг аж. Гэхдээ гишүүдийн бодож сэдсэн арга бүхэн нь нүдээ олдог гэвэл бас эндүүрэл.

Өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг дэмжсэн бодлого хэрэгжүүлж хэрэгжүүлчихээд гэнэт нэг өдөр түүнтэй татварын аргаар тэмцэнэ гэдэг шударга биш.

Гэр хорооллыг хумих зорилготойгоо зэрэгцүүлээд хэрэв хүмүүс гэр хорооллоос татгалзвал хаана яаж амьдрахыг нь бодолцож, чухамдаа түүнийг нь дэмжсэн бодлого бас хэрэгжүүлэх учиртай. Тэгж байж эдийн засгийн хөшүүрэг хэрэглэвэл үнэндээ татгалзаад татвараас бултаад байх айл ховор биз ээ. Янданд татвар ногдуулахаас өмнө утаатай хэрхэн тэмцсэн, гэр хорооллыг хумих талаар ямар бодлого хэрэгжүүлснийг нь шүүгээд үзье.

Нийслэлийн ИТХ эсгий гэр авахад нийт хоёр тэрбум төгрөг зарцуулж, түүнийгээ айлуудад үнэгүй бэлэглэсэн мэдээ байна. Мөн өнгөрсөн хугацаанд утаагүй түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж чармайсан боловч үр дүн нь огт алга. Айлууд утаагүй түлш хэрэглэж заншаагүй, эсвэл үйлдвэрлэл өрхийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа гэж дүгнэх эртэднэ. Ердөө утаагүй түлшийг технологиор нь үйлдвэрлэж чадахгүй байгаагаас тэдгээр бүтээгдэхүүн нь нүүрсний адил утаа ялгаруулж байна гэж Биохимийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэллээ. Уг нь утаагүй түлш үйлдвэрлэдэг арав гаруй аж ахуйн нэгж байдаг аж.

Утаагүй түлш бүтсэнгүй гэхэд орон сууцжуулах бодлого юу болсон бэ. Хэдэн жилийн өмнө иргэдийн найдварыг өрдөж байсан 40 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж дуусах дөхжээ. Харамсалтай нь түүнийг хүлээж байсан өрхүүд, сайхан мэдээнээс өөр юм хүртсэнгүй. Учир нь "Дөчин мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хэрэгжилтийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 34 мянган орон сууц хүлээлгэн өгсөн гэдэг тоо гаргажээ. Одоо 6000 айлын орон сууц барьчихвал Засгийн газрын амлалт хэрэгжих аж. Бага, дунд орлоготой, гэхдээ тогтмол ажилтай иргэдийн хүсэн хүлээж байсан хөтөлбөр ийнхүү сайхан мэдээгээр л өндөрлөлөө. Засгийн газар "заль" гаргажээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын оролцоогүйгээр, зах зээлийнхээ жамаар баригдаж, зарагдсан байрны тоог гаргаад өнөөх алдарт "40 мянган сууцныхаа" зүсийг хувиргасан байх аж.

Ийнхүү гэр хорооллыг хумих, эсвэл тэднийг утаагүй түлшээр хангах бодлого мухардаж байхтай зэрэгцээд төр яндан бүрээс татвар авах ядарсан арга сэдэж сууна. Уг нь энд татвар хийгээд төрийн бодлогын тухай биш Улаанбаатар хотын утааны тухай ярих гэж үзэг цаас шүүрсэн билээ. Утаа дөнгөж эхэлж байхад угаартах дөхөж байна шүү дээ. Яах билээ эрхмүүд ээ?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.