Хүний амь хулгайлж нядалсан үхрээс ч үнэгүй болжээ

2008/11/11
Share |
Хүмүүс:
 Хүний амь хулгайлж нядалсан үхрээс ч үнэгүй болжээ

Улсын начин П.Ганбаяр тэр өдөр их л сэтгэл хангалуун ирээдүйнхээ сайн сайхны төлөө итгэл төгс байсан гэнэ. Сүхбаатар дүүргийн нутагт орших Дамбадаржаа, Дарь эхийн автобусны төв буудлын дэргэд барьсан гурван давхар үйлдвэр үйлчилгээний зориулалттай байшингийх нь засал чимэглэлийн ажил үндсэндээ дуусч, байсан болохоор дахин дахин хараад баймаар гоё байна шүү гэж эхнэртээ хэлээд инээж байсан нь 2008 оны гуравдугаар сарын 5 ажээ. Тэрбээр эхнэр Энхтуяадаа хандаж “Энэ байшинг барих гэж чи минь ч их ядарлаа, би ч бас зүдэрлээ. Одоо хоёулаа сайхан амьдарнаа. Энэ байшингийхаа гурван давхарт нь өөрсдөө амьдарчихая, нэг, хоёр давхарт нь үйлчилгээний газар болгочихъё, харин хойд талын зааланд нь бялдаржуулах төвөө хийчихье. Нутаг нугын хэдэн сайхан залуучууд бэлтгэл сургууль хийх байр танхим дутагдаад гэх юм гэснээ одоо эмэгтэйчүүдийн баяр болох нээ. Би чамайгаа маргааш нэг сайхан баярлуулна өнөөдөр хотоор жаал ажил хөөцөлдөөд оройдоо Дархан явж тэндэх ажлаа цэгцлээд ирье” гээд явсан нь Ганбаяр начны хувьд эхнэртээ хэлсэн энэрэл хайрынх нь эцсийн үг болжээ. Аялгуулж байсан хөгжмийн утас тасрах мэт, алс холынх нь жаргалын од харвах мэт, амраглаж ханилсан эр нөхрөө алдах нь гэж хэрхэн яаж төсөөлөхсөн билээ. Гэвч тэр нэгэн өдөр тэднийх уйтгар гунигийн далайд живжээ. Хоймор нь эзгүйрсэн айл, хоолой нь зангирсан бэлэвсэн гэргий, эцгээ алдаж өнчирсөн хүүхэд элгээ эмтлэн хоцорцгоожээ. Үхэхэд нь хоолойг нь багалзуурдсан нүгэлт цагдаагийн сарвуу үлдэгсэдийн зүрхийг ч амьдаар нь базжээ. Хаана, хаана тэр вэ?

Эрүүлжүүлэх байранд гэхэд үг, эрлэг тамын газар гэхэд сэтгэл эвлэхгүй байна

Энэ эмгэнэлт хүн амины хэрэг 2008 оны гуравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд болсон юм.
Аравдугаар хорооллын “Мөнгөн тойг” ресторанд наргиж, цэнгэж, архи дарс хоол унд болж байсан цагдаагийн гэх /3 эрэгтэй, 2 эмэгтэй/ нөхдүүдтэй маргалдаж, тэд нар нөгөөх л төрийн цагдаа гэдгээрээ түрий барьж бусдыг доромжилж, дарамталж сурсан зангаараа начин П.Ганбаярыг “тарган гахай, элий балай” гэхчилэн элдвээр дайрч давшилснаар үүссэн зөрчилдөөн сүүлдээ цагдаа сэргийлэх дуудсанаар П.Ганбаярыг энэ ухлийнх нь газар авчирчээ. Сүүлийн үеийн цагдаа нар би л гэсэн янзтай хаана яваа газраа бусдыг дээрэлхэж, захирч, зандарч, явдаг болсон нь нийгмийн эмх замбараагүй байгаа энэ цаг үетэй ч холбоотой биз. “Үйлийн үр үүд сахидаг” гэдэг шиг П.Ганбаярын бусдын гарт амиа алдсан энэ эмгэнэлт хэрэг “Мөнгөн тойг” ресторанд маргалдсан цагдаад ажилладаг гэх нөхдүүдээс үүдэлтэй. П.Ганбаярыг эрүүлжүүлэх байранд авчрахад тэд нар ч бас ирж, эрүүлжүүлэхийнхэнд цагдаагийнхан гэдгээрээ сүр далайлган нөлөөлснөөр эр хүн эр хүндээ хайртай гэдэг шиг цагдаа цагдаадаа хайртай болохоо үзүүлж сүрхий сайн хүн болох гэж эрүүлжүүлэхийн цагдаа нар хэт улайрч дүүгий маань тамласнаас аминд нь хүрсэн юм гэж тэнд эрүүлжүүлэгдсэн бүх гэрчүүдтэй биеэр уулзсан В.Ганхүү хэлж байв Хохирогчийн төрсөн ах Б.Ганхүү “Миний муу дүүг гарыг нь гавлаж, хөлийг хөдлөх аргагүй чивчиртэл хүлж, гавтай гарыг нь толгой дээгүүр нь. давуулж, хүлээтэй хөлтэй нь нумалж татаад, зөвхөн хүн тамлахад л хэрэглэдэг “гяндан хүлээс” гэгчийг хэрэглэсэн байгаа юм даа. Нүдэж, зодож, яргалж, тамлах нь ч дүүрчээ, ядаж амьд үлдээчихгүй дээ” гэж хэлээд нүднийх нь нулимс цийлэгнэж байв.

Явган цэрэгт галуун цуваа, яргын газарт гяндан уяаг энд хэрэглэжээ

Хүн алдаг, хүн тамалдаг тэр яргын гэх тодотголтой “гяндан хүлээс” гэгчийг дэлхийн II дайны үед Германы хорих лагеруудад хэрэглэж байсан байх, манайд 37 оны хэлмэгдүүлэлтийн үед хүн тамлахдаа ашиглаж байснаас “Гяндан хүлээс” гэж алдаршсан юм шиг билээ. Одоо харин энэ XXI зуунд цагдаагийнхан, бүр тодруулж хэлбэл Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байрны цагдаа нар ашиглажээ. Б.Ганхүү ярихдаа, “Дүүгийн маань амь насыг бүрэлгэхдээ бодитойгоор хэрэглэсэн хүн тамладаг хүлээсээрээ номхруулж хөдлөхийн аргагүй болгож байгаад цус нөжтэй нь хольж, нүдэж зодож алчихаад, цус нь тогтохгүй шалан дээр тунараад байхаар нь өмсөж явсан подволкоор нь арчаад нуучихсан юм билээ. Хэргийн газрын үзлэгт эд мөрийн баримт болгож цус арчсан цамцыг /подволк/ нь цагдаагийнхан авсан баймаар юм тэгэвч цусанд дүрсэн цамц нь одоо болтол байхгүй хэрэг бүртгэлийн шатанд ч энэ талаар огт шалгаж тодруулаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр аливаа юмыг аль болох үнэн бодитойгоор бичих үүднээс гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс энд цухас дурдах нь зүйтэй гэж үзлээ. Гэрч Д.Мөнх, С.Батгэрэл, Л.Ганзориг, Ц.Чинбат, Б.Эрдэнэбаатар, Ү.Баярсайхан, Д.Түмэнбаяр, Б.Батмөнх, У.Батзориг, Болдгэрэл, Мэнд-Амар нарын мэдүүлэгт: Талийгаач цагдаагийнхны өмнөөс ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй, намайг аллаа шүү дээ гэж талийгаач бахирч байсан, тэнд эрүүлжүүлэгдэж байсан хүмүүс ч “хүн аллаа шүү дээ” гэж сануулсаар байтал цагдаа нар үл тоомсорлон хохирогчийг зодсоор, гяндан хүлээгээр номхруулж тамлаж цус нөжтэй нь хольсноор хүний амь бүрэлгэсэн тухай өчиг мэдүүлэг өгчээ.

Шүүх хурал хэмээх жүжиг

Монголд хууль бодитоор, үнэн зөвөөр шийдэгдэхээ больсон тухай ард түмэн ямагт эмзэглэж байгаа нь нэгэнт нууц биш билээ. 17000 виски хууль бусаар оруулж хил гаалийн журам, хууль тогтоомж зөрчсөн С.Болдхэт шоронд бус сонгуульд хүч үзэж байдаг. Авилгын хэрэгт холбогдож шоронгийн хаалга татахад хүрчихээд байгаа Л.Гүндалай гишүүнийг ангийх нь нөхөд аврахаар УИХ-ын гишүүнийх нь эрхийг эс түдгэлзүүлсээр байгаа ч хэрэг бишдэх нь тодорхой болмогц хил даваад алга болсон гэх. Ер нь баян хүн шоронд орохоо больчихсон гэж яригдах авч, цагдаагийнхан шоронд орж бас болохгүй болохыг 2008 оны аравдугаар сарын 16-нд улсын начин П.Ганбаярын амь насыг хөнөөсөн гэх хэргийн шүүн таслах ажиллагаа бодитоор нотолжээ. Шүүх хурлыг нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч X. Батбаяр даргалан: Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 2-оор яллах дүгнэлт бичиж ирүүлсэн / санаатайгаар бусдын амийг хөнөөсөн тухай зүйл анги/ яллагдагч С.Бат-Очир, С.Ганзориг, Р.Цогбадрах, У.Золзаяа нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд БГД ийн шүүх 2008 оны 10-р сарын 16-ны 312 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор С.Бат-Очирын бусдыг болгоомжгүйгээс хүн алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 91-2 зүйлийг 94-ийн 1-ээр зүйлчилж 5 жилийн хорих ял оноож, яллагдагч С.Ганзориг, Р.Цогбадрах, У.Золзаяа нарыг уг хэрэгт холбогдолгүй гэж цагаатгажээ. Дээрх яллагдагч нар нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө бүгд л П.Ганбаярын хувцсыг тайлах явцад Ганбаяр өөрөө үхчихсэн. Бид албан үүргээ л гүйцэтгэж байсан гэж мэдүүлжээ тэгэвч тэд хохирогч Ганбаярыг нүдэж, зодож, хоолой, амыг нь боож, цус нөжтэй нь хольж, үхэлд хүргэжээ. Өмгөөлөгч нарын шударга бус үйлдэл, хүний зовлон дээр дөрөөлж, хэдэн зуун мянга, хэдэн сая төгрөг нэхдэг шунахай, сувдаг зан авир, /өмгөөллийн тогтсон үнэ ханш байдаггүйгээр далимдуулж амандаа орсон тоог хэлж, хэрэгт холбогдсон буюу хохирсон хүнийг шулан мөлждөг/ өмгөөлж буй хүнийхээ төлөө үхэн хатан зүтгэж буй дүр эсгэн бусдын эрхийг уландаа гишгэдэг нэр төрийг нь гутаан доромжилдог тухай “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хэлээд байдаг үгс л толгойд зурс хийгээд явчихлаа. Өмгөөлөгч С.Жанцан эрүүлжүүлэгдсэн хумүүсийн нэр төр, хүнийх нь эрхийг бүр уландаа гишгэжээ. Тэрээр эрүүлжигдсэн хүмүүсийг нийгмийн хог шаар , бүтэлгүй амьтад нүхэн хонгилд байдаг хүмүүс гэж тодорхойлжээ. Ийм адгийн хүмүүс үхсэн ч үнэгүй, үг нь ч үнэгүй гэж баталснаар өмгөөлсөн хүнээ ялгүй гаргана гэж итгэл төгс байгаа нь мөн айхтар ухаантай, мэргэн хуульч болохоо харуулж байгаа юм болов уу. Хүн аллаа гэж эрүүлжүүлэх байранд байсан 40 гаруй хүн нэгэн зэрэг хашгирч байсан тухайгаа өчиг мэдүүлэг өгсөн гэрчүүдээс ганцыг нь ч шүүх хуралд оруулалгүй хүн алсан 4 цагдаагийнхаан мэдүүлгээр хэрэг шийдвэрлэжээ. Тэдний зөвхөн хувцсыг нь тайлсан албан үүргээ гүйцэтгэж байсан гэх мэдүүлэгт тулгуурлан эрдэнэт хүний алтан амийг бүрэлгэсэн энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Монгол улсын хуулийг хэт гажуудуулжээ. Хүний мал нядлаад махалчихсан хүн шоронд орж байдаг, хүний алтан амийг бүрэлгэчихсэн цагдаа нар зугээр л гарч байдаг. Хүний амь гэдэг үхэр малнаас үнэгүй болж байнаа даа. Тэр тусмаа эрүүлжигдсэн хүний үхэл, эрүүлжигдсэн хүний үг огт үнэ цэнэ байхгүй тухай яллагдагчдын өмгөөлөгч Суурь овогтой Жанцан гэгч маш олон янзаар тодорхойлсон байх юм. Тэрээр шүүх хурал дээр: Эрүүлжүүлэхэд байсан нийгмийн xoг шаар, гудамжны траншейны муусайн согтуу юмнуудын үгийг мэдүүлэг авах шаардлага байхгүй хэмээн лүндэн буулгажээ. Ядаж таньдаг мэддэгээрээ хохирогч П.Ганбаяр хэн байсан бэ гэдэг талаар би ч бас үгээ хэлнээ .Тэрбээр гудамжны архичин, траншейны гуйлгачин биш байсан гэдгийг өмгөөлөгч С.Жанцанд сануулъя. Өмгөөлөгч гэж С.Жанцан та Монгол улсын үндсэн хуулинд монголын бүх иргэд тэгш эрхтэй тухай заасныг ч уландаа гишгэжээ. Яахаараа эрүүлжүүлэхэд орсон хүн өчиг мэдүүлэг өгөх эрхгүй, өгсөн байсан ч тэр мэдүүлэг нь хуулийн өмнө хүчингүй болдог билээ. Хэлж ярих, хэвлэн нийтлэх, санал бодлоо илэрхийлэх, бусдын хэрэгт гэрчээр оролцох эрхгүй гэж өмгөөлөгч та шүүхийн танхимд сүржигнэн шүлсээ үсчүүлж болмооргүй л санагдах юм. Эрүүлжүүлэхэд л орсон бүхэн хог шаар, траншейны, гудамжныхан байдаг гэх тодотголтой үг унагаж буй С.Жанцан гэгч, талийгаач П.Ганбаярын амийг хөнөөсөн гэх хэрэгт бусад гурван цагдаагаа цагаатган, ганцаараа санамсар болгоомжгүйгээс хуний аминд хүрсэн хэргээр 5 жилийн ял авсан В.Бат-Очирыг ялгүй гаргана гэж шүүх хурлын дараа өөрт нь амлалт өгч байсан сурагтай. Өмгөөлөгч гэх С.Жанцангийн давах өргөдөлд бичсэнээр …”Гарыг нь урд нь гавлаад доош нь харуулаад дарж байхад амьсгал хураасныг эхлээд цагдаа нар огт мэдээгүй . Талийгаач хүчтэй хөдөлж, гавтай гараараа хоёр тийш савлаж байсан тул хоолойгоо гавтай гараараа дарсан байх магадлал маш өндөр байна” гэжээ. Тэгэхлээр цагдаа нар Ганбаярын амийг бусниулсан бус гавтай гараараа өөрөө хоолойгоо багалзуурдаж амиа егүүтгэсэн болж таарах нээ. Үүнийг гүжирдлэг гэх үү, өмгөөлөл гэх үү эрхэм өмгөөлөгч С.Жанцан гуай!!! 2008 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн сонинд бичсэнээс үзэхэд “Цагдаа гэмт хэрэг үйлдэхээс сэргийлсэн учраас эрүүгийн хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцох ёсгүй” тухай өмгөөлөгч С.Жанцан өргөдөлдөө бичсэн гэж дурьдаад эрүүгийн хуулийн 41.1-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд болон оргосон ялтан шинээр гэмт хэрэг үйлдэх боломжийг таслан зогсоох, түүнийг төрийн байгууллагад хүргэхийн тулд баривчлах, саатуулах үедээ энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байдаг. Ийм учраас С.Бат-Очирт анхан шатны шүүхээс оноосон таван жилийн ялыг тэнсэн болж, ялгүй болгож өгөхийг Нийслэлийн шүүхээс өмгөөлөгч С.Жанцан хүсчээ хэмээн бичсэн байна. Эндээс ургуулан бодвол “Мөнгөн тойг” ресторан шорон болж, тэндээс ялтан П.Ганбаяр оргож яваад дөрвийн дөрвөн цагдаад баригдаж, 4 цагдаа нь ялтан Ганбаярыг хэрэг хийхээс урьдчилан сэргийлж, хашраахын тулд гарыг нь гавлан, халамцуу байдлаас нь гаргах гэж чармай нүцэглэж, хэрэг хийх тэнхэлгүй болгохын тулд нүдэж гэмтээн улмаар хэзээ ч босч ирж хэрэг төвөг тариулахгүйн тулд амь насыг нь бүрэлгэж, арга хэмжээ авснаараа гэмт хэрэгт тооцохгүй цагаатгах ёстой юм байжээ гэж ойлгож болох уу! Хэрэв тийм биш бол яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн 91-2-оор зүйлчлэн прокурорын ял төлөвлөгдсөн дөрвөн цагдаа хамтарч бүлэглэн хүн алсан болох нь хэн бүхэнд тодорхой байна. Яагаад гэвэл талийгаачийн хувцсыг тайлахад начин Ганбаяр эсэргүүцэл үзүүлээгүй гэдгийг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан хүмүүс бүгд гэрчилжээ. Хүний аминд хүрэх үйлдэл талийгаачийг шалдалж нүцэглэсний дараа эхэлсэн байна. Хохирогчийн хувцасыг тайлах гэж гарт нь гав хийсэн гэж цагдаа нарын мэдүүлэх нь үнэнд огт нийцэхгүй байна. Хөлийг нь хүлээд гарыг нь гавлачихсан юм бол хувцсыг нь яаж тайлах вэ? Хэрэв хохирогчийг алах гээгүй юм бол нэгэнт нүцгэлчихсэн хүнээ хүлж, гавлаж нүдэж, зодож цус нөжтэй нь хутгах хэрэг байсан уу? Талийгаач “үхлээ” гэж хашгирч байхад, гэрч нар “хүн аллаа” гэж сануулсаар байтал 4 цагдаа хамтдаа хүн алах үйлдлээ үргэжлүүлсээр байгаад гүйцэтгэсэн үйл явдлыг “Болгоомжгүйгээс хүний амь нас хохироосон” гэх зүйл ангиар яллаж болдог юм уу ! “Би үхлээ шүү дээ” гээд хашгирч байсан талийгаач цагдаа нараас “Миний амийг авраач” хэмээн өршөөл гуйхтай агаар нэгэн бус уу? Хүн алах гэж улайрсаар байгаад хүний аминд хүрсэн цагдаа нар яахлаараа цагаатгагдаж ял зэмгүй өнгөрдөг билээ. Энэ талаар эрхэм шүүгч нар ард түмэнд тайлбараа хийнэ үү. Үхсэн хүн үг хэлдэггүй учир үхсэний хохь, амьдын зол болдог юм байжээ. Үлдэж хоцорсон гэрчүүдийн өчиг мэдүүлгийг үл тоомсорлон нэг талыг баримтлан хэргийг хүн алсан яллагдагч нарын талд шийдвэрлэдэг нь хууль биелүүлж буй хэрэг үү, хуйвалдаж үгсэн, эрүүгийн хуулийг хууль биш гууль болгож уландаа гишгэж байгаа хэрэг үү. Хүний амь нас хохироосон дөрвөн цагдаа бүгд л бид албан үүргээ гүйцэтгэж байсан гэж мэдүүлжээ. Нүцгэн хүнийг нүдэхийн тулд, нүцгэн хүнийг цус нөжтэй нь хутгахын тулд, нүцгэн хүний хоолой гүрээг шахахын тулд, нүцгэн хүнийг алахын тулд ажил үүргээ гүйцэтгэж байсан юм бол бүгд л албан үүргээ биелүүлжээ. Харин согтуу хүнийг элдэв гэмт халдлагаас хамгаалахын тулд учирч болох элдэв эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээснийхээ хувьд монгол хүнийхээ төлөө гэсэн сэтгэлээр ажиллахаар энхийн манаа болно гэж тангараг өргөсөн юм бол харин энэ үүрэг зорилгынхоо эсрэг гэмт хэрэг үйлджээ. Хоёр цагдаа хөл дээр нь, нэг нь нуруун дээр нь, нэг нь толгой дээр нь мордож яргалж хүн алчихаад С.Бат-Очир л санамсаргүйгээр хоолойд нь хүрчихэж хэмээн гэмгүй царайлж болдог юм уу? Энэ үйл явдал цагдаа нартай’холбогдохоор гэмт хэрэг биш болчихоод байгаа юм бол үхэр мал дээр жишээ болгоод нэг үзье л дээ. Амьтны ертөнц нэвтрүүлгээр дөрвөн чоно нэг үхрийг барьж байгаа харагдана. Хоёр чоно хонгоноос нь зулгаажээ. Нэг нь суганд нь ноцжээ. Үлдсэн нэг азарган нь хоолойг нь багалзуурдсаар хүчээ нэгтгэж байгаад унагаад авч харагдана. Тэгээд дараа нь олзоо бүгдээрээ хуваагаад хүртэж харагдана. Дөрвөн чоно хамтдаа үхэр барьж идсэн үү, ганц азарган үхэр барьж идсэн үү. Дөрвөн цагдаа ч хамтдаа яг л иймэрхүү үйлдэл хийсэн. Харин ял авахдаа ганц нь ял авах ёстой юу, дөрвүүлээ хам хэрэг болох учиртай юу. Хуульчийн бус сэтгүүлчийн нүдээр харахад “Намайг аллаа шүү дээ” гэсээр хохирогч үхсэн байхад, “Наад хүнээ аллаа шүү дээ” гээд эрүүлжүүлэгдэж байсан гэрч нар хашгиралдаад байхад “Санамсар болгоомжгүйгээс хүний амь хохироосон” гэж Монгол улсын нэрийн өмнөөс цагаатгадаг яасан харамсмаар, халагламаар юм бэ? Амьд явахын баталгаа ард түмэн бидэнд байна уу ? Цагаан архи амсахгүй, цагдаагийнхантай маргахгүй явж эс чадваас яллагдагч үгүй хэрэг яасан олон гарах бол оо!!! Эрүүлжүүлэхэд хүн үхлээ ч гэдэг эцэс хожимдоо таг чиг болдог.

Эх сурвалж: Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley OzEK34 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-09 17:51:06
Bradley jS0JpZ http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.11  2015-08-12 06:21:15
JimmiXzS PCfsOP http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.34  2016-10-14 08:58:33
JimmiNil AU6lwZ http://www.LnAJ7K8QSpfMO2wQ8gO .com
IP:5.188.211.22  2017-11-28 12:20:58
tnlhcmnmu QxjRrnyjyhcfufmdqx, [url=http://jyowdhftqety.com/] jyowdhftqety[/url], [link=http://cwmlrhftaovg.com/ ]cwmlrhftaovg[/link], http://zvimdkjejsxe.com/
IP:5.188.211.10  2017-11-30 14:49:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.