МАХН-ын дарга нар намаасаа түдгэлзэнэ

2008/11/12
Share |
Хүмүүс:
МАХН-ын дарга нар намаасаа түдгэлзэнэ

Хэдхэн сарын өмнө Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж төрийн албан хаагчийг намын харьяа­лалгүй байх талаар чангахан заалтууд орсон. Өмнө нь хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан энэ хууль 2002 онд анх батлагдаж байсан юм. Төрийн албан хаагч намын харьяалалгүй байх ёстой ч энэ нь зөрчигдсөөр өнөөг хүрсэн билээ. Харин нэмэлт, өөрчлөлт оруулсан Төрийн албаны хуулиар төрийн албан хаагчид ирэх оны нэгдүгээр сараас эхлэн намын харьяаллаасаа гарах нь тодорхой боллоо.

Төрийн албаны тухай хуулийн аравдугаар зүйлд тусгаснаар "Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ" гэжээ.

Үүнд олон жилийн турш төрийн албанд удам дамжих мэт ажиллаж ирсэн МАХН-ын дарга нар илүү их өртөх нь тодорхой юм.  МАХН-ын Бага хурлын 250 гишүүний 80 гаруй хувь нь төрийн албан хаагч байдаг.  Мөн Удирдах зөвлөлийн гишүүдээс ч төрийн албан хаагчид байгаа. Тэгэхээр хуулиа дагах юм бол МАХН-аас төрийн албанд  нөлөө бүхий эрхмүүд намын гишүүнчлэлээсээ шинэ оны эхээр татгалзах юм. Төлөөллийн төв байгууллага болох Бага хурлынх нь ихэнх гишүүд намын харьяаллаасаа гарахаар ирэх онд МАХН-ын Бага хурлын гишүүд бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ шахуу өөрчлөгдөх юм. Цаашлаад Удирдах зөвлөлийн ги­шүүд ч шинэчлэгдэх  нь тодорхой болж байна. Тухайлбал Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюунбаатар саяхан Татварын ерөнхий газрын даргаар томилогдсон. Тиймээс шинэ он гараад Удирдах зөвлөлд бас  орон тоо гарна гэсэн үг. Мөн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Шийрэвдамба,  Гадаадын харьяатын асуудал эрхэлсэн албаны  дарга Д.Мөрөн, МИАТ ХХК-ийн захирал Б.Эрдэнэбилэг, Сангийн яамны газрын дарга Ж.Үхэртар, Б.Батжаргал гээд л намаасаа түдгэлзэх МАХН-ын гишүүдийн уртаас урт цуваа хөврөх нь тодор­хой болов.  

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга О.Байгалмаа, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын  яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын  яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга нар ч намаасаа түдгэлзэж харьяалалгүй болох юм.

Ингэхээр МАХН-ын урдаа барьдаг боловсон хүчнүүд  намаасаа түдгэлзэх үү, албан тушаалтайгаа үлдэх үү  гэдэг сонголтын өмнө ирлээ.

Удахгүй шинэ онтой золгомогц МАХН-ын төрийн албанд ажилладаг эрхэм дарга нар улс төрийн намын ги­шүүнчлэлээсээ дуртай ч, дургүй ч ийнхүү түдгэлзэнэ. Харин намдаа хайртай гээд төрийн албатайгаа зуурал­даад үлдвэл хууль зөрчигсдийн тоо нэлээдгүй нэмэгдэж ч магадгүй юм

Эх сурвалж: Үнэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.