Шатахууны үнийг дахин буурууллаа, нийтийн тээвэр яах бол…

2008/11/12
Share |
Хүмүүс:
Шатахууны үнийг дахин буурууллаа, нийтийн тээвэр яах бол…

ДТ-60, Аи-98 150 төгрөгөөр буурав.

Шатахууны үнэ өсүүт тээврийнхээ үнийг нэмж “шогтдог” микро автобусныхны хувьд энэ удаагийн нефтийн бүтээгдэхүүний бууралт ёстой л нэг “шавар” хааж эхэлсэн бололтой, улаан уур. “Энэ муу, Петровис одоо шатахууныхаа үнийг бууруулахтай яах вэ дээ. Гүрийж л хэвтэхгүй, зүгээр. Орлого хаах нь” гэцгээн хараал тавина. Бас болоогүй ээ, “Шунхлай”, “Сод Монгол” компанийнхан хүртэл НИК-ийг дагаж “намираад” шатахууны үнээ буулгачихдаг” гэцгээн ам уралдуулан муулах. Янз нь тэд үнийн өсөлт бүрээс нугалаа гаргаж, ашиг унагаж ирсэн бололтой юм. Гэхдээ “Зүүн салаа-100 айл”, “Тээврийн товчоо-Баянхошуу”-ны чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа микро автобусынхан зорчигч бүрээс хураадаг  500-г  тэгж ч амар 100 төгрөгөөр буулгах шинжгүй байна. Харин жолооч нарын хараалыг бараад буй шатахууны үнэ хэдэн төгрөгөөр буурав гэдгийг одоо сонирхуулъя.

Манай сурвалжлах хэсэг өчигдөр 100 айлд байрлах “Петровис” компанийн шатахуун түгээх станцад очвол ДТ-1640, А-92-1390, А-80-1300, Аи-98-1750 төгрөг болж буурсан байв. Тодруулбал, ДТ-60, А-92-110, А-80-100, Аи-98-150 төгрөгөөр тус бүр буурчээ. Үнэ буурхад нөлөөлсөн гол хөдөлгөгч хүч нь ОХУ-д шатахууны үнэ буурсантай холбоотой аж. Тус компанийн борлуулалтын албаны менежерийн тайлбарласнаар урьд сарынхаас арай хямд үнэтэй шатахуун өчигдрөөс эхлэн манай улсад орж ирсэн нь ийнхүү нефтийн үнэд нөлөөлжээ. Түүнээс бид “Цаашид дахин шатахууны үнэ буурах болов уу” гэж лавлавал “ОХУ нь шатахууны үнээ хоёр сар тутамд тогтоож байгаа. Тийм болохоор дээрх хугацаанд шатахууны үнэ одоогийн төвшинд тогтвортой байна гэж ойлгож болно. Цаашид үнийг хямдруулах уу, үгүй юу гэдгийг тухайн үеийн ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний үнэ, ханш ямар байхаас хамаарна” гэсэн хариулт өглөө.

Тэгвэл “Шунхлай”, “Сод Монгол” компанийнхан дэлхийн зах зээл дээр газрын тосны  үнэ ямагт буурсаар ирсэн. Тэрхүү бууралт ОХУ-д нөлөөлсөн тул бид ч бас шатахууны үнээ бууруулсан” гэв. Түүнээс бусдын яриад байгаа шиг “Петровис” компанийг дагаж шатахууны үнээ буулгаагүй. Зах зээлийнхээ жам ёсны дагуу шатахууны үнэ буурч байна” гэж тодотгов. Мөн нефть импортлогч компаниудаас аль нэг нь шатахууны үнээ буулгасан тохиолдолд бусад нь дагахаас аргагүй. Өөрөөр хэлбэл, хэт үнийн зөрүүтэйгээр бүтээгдэхүүнийг борлуулах ямар ч зах зээл байхгүй тухай” тэд онцоллоо. Тус компаниуд шатахууны үнээ Петровисын нэгэн адил буулгасан тул дахин үнэ бичих нь илүүц гэж бодлоо.

Зорчигч тээврийн үнэ буурах уу?

Яг одоо иргэд шатахууны үнийн бууралтыг дагаж нийтийн тээврийн үнэ буурах уу гэдгийг илүүтэй сонирхож, бас хүлээж эхэллээ.  Төрийн мэдлийн автобус компаниуд 200 төгрөгөөр зорчуулж байгааг эс тооцвол хувийн хэвшлийнхэн 400 төгрөгөөр, микро автобусынхан зарим чиглэлд 700 төгрөгөөр үнэ тогтоосон. Иймд бид Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын дарга Д.Мандахаас нийтийн тээврийн салбар дах зорчигч тээврийн үнэд судалгаа хийсэн эсэх. Шатахууны үнийн бууралтыг дагаж тасалбарын үнэ буурах найдлага байна уу гэдгийг лавласан юм.

-Өнөөдрөөс /өчигдөр/ шатахууны үнэ 60-150 төгрөгөөр буурлаа. Өнгөрсөн сард мөн дээрх хэмжээгээр үнэ буурсан. Тэгтэл нийтийн тээврийн үнэ буурахгүй юм. Шатахууны үнэ нэмэгдэхэд тогтоосон үнээр л хувийн хэвшлийнхэн үйлчлээд байдаг. Танайх энэ тал дээр ямар нэг ажил хийж байна уу. Судалгаа ч юм уу?

-Ажил хийж байна уу гэдэг чинь их сонин дуулдаж байна л даа. Нэгдүгээрт, манайх үнэ тогтоодог байгууллага биш.

-Үүргийг тань мэдэж байна аа?

-Бид таксины үйлчилгээнд судалгаа хийснээ нийслэлийн Нийтийн тээвэр зохицуулах газарт албан бичгээр хүргүүлсэн. Шатахууны үнэ өссөнөөр далимдуулж таксинууд нэг км тутамд 600 төгрөгөөр үйлчилж эхэлсэн байхгүй юу. Тийм учраас бид дээрх үнээр нэг км тутамд үйлчлэх нь буруу гэдгийг хатуу анхааруулсан.

-Тухайлбал, танайх шугаманд явж байгаа микроавтобусын үнийн үйлчилгээн дээр судалгаа хийж үзсэн үү. Хоёр буудал зорчоод л 500 төгрөг төлж байна шүү дээ, зорчигч?

-Яг үнэндээ хувь хүний өмчид халдах эрх байхгүй. Хэцүү шүү дээ, амьдрал дээр. Тэр тусмаа бид хүний хэлсэн үгээр тухайлсан микро автобус дээр судалгаа хийх боломж хомс. Тийм болохоор нийтийн тээврийн үнийн асуудлыг нийслэлийн Нийтийн тээврийн газар л зохицуулна. Тус газрынхан үнийн саналаа Засгийн газраар хэлэлцүүлэхээр болж байгаа юм шиг байна лээ. Бид ямар ч байсан таксины үнийн тарифтай холбоотой саналаа хүргүүлсэн.

-Тэгвэл танайд тухайн хүн заавал “Тэр чиглэлийн микро автобусны үнийг судлаад өгөөч ээ” гэж өргөдөл гаргах ёстой юу.

-Бас яг ч тийм биш л дээ. Бид өөрсдөө судалгаа хийж болно.

Нийслэлийн Нийтийн тээвэр зохицуулалтын газраас бид шатахууны үнийн бууралттай холбоотойгоор автобусны тасалбарын үнийг буулгах уу” гэдгийг холбогдох хүнээс тодруулах гэсэн авч, дугаар шилжих мөчид тэд энэ сэдвээр хуралдаж байв.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.