Цагдаагийн эрх бүхий албан тушаалтнуудыг яллагдагчаар татжээ

2008/11/13
Share |
Хүмүүс:
Цагдаагийн эрх бүхий албан тушаалтнуудыг яллагдагчаар татжээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд Нийслэлийн цагдаагийн газрын дарга О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга Г.Ганбаатар Эргүүл хамгаалалтын газрын дарга Ш.Батсүх нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн Улсын ерөнхий прокурорын Мөрдөн байцаах албаныхан шалгаж байгаад яллагдагчаар татсан байна. Энэ хэрэгт нийтдээ 13 хүнийг шалгаж байгаа бөгөөд тэдний дөрөв нь цагдаагийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан дээрх хүмүүс. Бусад нь Эргүүл хамгаалалтын цагдаа нар.

Тэднийг өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдөр болсон үймээний үеэр бусдад буудуулж амиа алдсан дөрвөн иргэний хэрэгт холбогдуулан шалгаж, эцэст нь энэ хэрэг гарах шалтгаан нөхцөл юунаас болов гэдгийг гурван сарын турш мөрдөн байцаагчид хайсан юм. Тухайн үед хэн тушаал өгсөн бэ гэсэн асуултын хариуг тайлахын тулд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсаар хэргийн нотлох баримт 20 гаруй хавтас болжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар цагдаа нарт буудах тушаал өгсөн буруутнууд тогтоогдсон байна. Гэхдээ дээрх хэрэг албан ёсоор прокурорт шилжээгүй байгаа учир ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй байгаа юм. Юутай ч Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрын ажлын хэсгийнхэн дээрх хэргийг мөр­дөж дуусчээ. Одоо хавтаст хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа бөгөөд прокурорт танилцуулагдаж эхэлжээ. Хуульчдын тайлбарлаж байгаагаар хэргийг прокурорт шилжүүлэхээс өмнө хяналтын прокурорт танилцуулдаг. Энэ дагуу прокурорт танилцуулагдаж байгаа юм байна. Прокурор нотлох баримтыг үндэслэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзвэл албан даалгавар бичдэг. Хэрэггүй гэж үзвэл прокурорт шилжүүлэхийг зөвшөөрдөг аж. Мөн хэргийн зүйл ангийг шаардлагатай гэж үзвэл өөрчилдөг журамтай. Прокурорт шилжсэн тохиолдолд хэрэгт холбогдсон хүмүүст ял төлөвлөөд хэргийг шүүхэд шил­­жүүлдэг.

Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нар болон тэдний өмгөөлөгчид хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг болон өөрсдийн мэдүүлэгтэйгээ танилцаад дуусчээ. Дээрх албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 2-т зааснаар буюу албан тушаалдаа хайнга хандсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд энэ зүйл ангиар яллагдвал 3-5 жил хоригдох ялаар шийтгүүлэх заалттай. Эх сурвал­жийн мэдээлснээр энэ хэрэгт Эргүүл хамгаалалтын цагдаа нар бус тушаал өгсөн албан тушаалтнууд буруудаж буй сурагтай.

Эх суравлж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.