Монгол эрдэмтний нээлт дэлхийд данслагдана

2008/11/17
Share |
Хүмүүс:
Монгол эрдэмтний нээлт дэлхийд данслагдана

Монголын эрдэмтэн, судлаачид улам л залуужиж, дэлхийн тавцанд өрсөлдөхүйц чадвартай болсон гэнэ. Тэд чухал ач холбогдолтой шинжлэх ухааны нээлтэд гар бие оролцож, хөгжингүй улс орнуудын эрдэмтэдтэй зэрэгцэн ажиллаж байна. Хамгийн жижиг нэгж болох квантын тухай нээлтээрээ ХБНГУ-д докторын зэрэг хамгаалсан Ч.Содбилэгийг энэ удаагийн зочноор урилаа.

-Таныг саяхан чухал нээлт хийж, энэ сэдвээрээ докторын зэрэг хамгаалсан гэж сонслоо...
-Дэлхийг их тэсрэлтийн үр дүнд үүссэн гэж эрдэмтэд санал нэгдээд байгаа шүү дээ. Тэсрэлтийн өмнө хамгийн бага нэгж болох квант дангаараа оршиж байсан боловч тэсрэлтийн дараа нэгдэж өнөөгийн бидэнд дангаараа ажиглагдахгүй байна гэж эрдэмтэд таамагладаг. Гэсэн хэдий ч хараахан баталж чадаагүй байсан юм. Тиймээс багийнхан маань дөрвөн жилийн турш судалгаа хийж, эцэст нь компьютерийн аргаар баталлаа. Би энэ тухай буюу “Их температур дахь квантын урсгалын хоолойн огтлолууд” сэдвээр докторын ажил бичиж, энэ оны гуравдугаар сард Германд хамгаалаад ирсэн.

-Компьютерийн аргаар гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Тэсрэлтийн үед маш халуун болсны дараа аажмаар царцсан байдаг. Яг энэ үйл явцыг компьютерт бий болгосноор квантыг дангаараа байсан эсэхийг ажиллах боломжтой болно. Гэхдээ нэгдсэн квантыг задлахын тулд царцанги байдлаас халаах хэрэгтэй. Үүний тулд яг л бичлэг ухраадаг шиг тухайн үед болсон үйл явдлыг ухрааж, компьютерт бий болгоход квант дангаараа ажиглагдсан юм л даа.

-Тэгэхээр квантын дангаараа оршиж байсан эсэх нь бодит байдалд хараахан батлагдаагүй байгаа гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Эхлээд бид компьютерийн аргаар баталсны дараа Нью-Йорк дахь хурдасгуурт туршилт хийж баталдаг юм. Гэхдээ физикийн бусад онол, нээлттэй харилцан уялдаатай байгаа тул Германы эрдэмтэд энэ онолыг батлагдсан гэж үзэж байгаа.

-Таны нээлт хүн төрөлхтөний амьдралд ямар ач холбогдолтой юм бэ?
-Хүмүүс гар утас, компьютер, машин гээд хэрэглээгээ физикийн нээлтүүдийн үр дүнд бий болсныг ерөөсөө анзаардаггүй. Тэдгээр зүйлс газраас ургачихсан юм шиг л физикийн шинжлэх ухааныг үл тоомсорлох хандлагатай байдаг. Багийнхны маань нээлт хүн төрөлхтөн болон дэлхийн үүслийг баталлаа. Амьдралд төдийлөн чухал ач холбогдолгүй хүний сониуч зангаас үүдэлтэй юм л даа. Гэсэн ч физикийн бүхий л нээлт, судалгаа эцсийн дүндээ матери болон антиматери, хар матери, хар энергийг судлахад оршдог. Антиматери, хар материйг илрүүлснээр дэлхий сөнөх эсэх гээд л ер нь хүн төрөлхтний бүхий л асуултад хариу ирнэ гэсэн үг.

-Антиматери, хар материйн тухай дэлгэрэнгүй тайлбарлаач.
-Дэлхий үүсэхээс өмнө матери болон антиматери нэгдмэл байсан учраас хоосон байж. Ингээд их тэсрэлт болсны дараа салж, антиматери хаашаа ч юм бэ, “яваад”, матери нь үлдэж, дэлхий үүссэн гэж үздэг. Тиймээс антиматери бидэнтэй дахин нэгдвэл бүх зүйл хоосон болно гэсэн үг. Дэлхий ертөнцөд нөлөөлдөг бас нэгэн матери байдаг нь хар матери. Түүнээс үзүүлэх нөлөөллийг хар энерги гэдэг.

-Хүчтэй харилцан үйлчлэл /Квантхромодинамик/ буюу квантын үйлчлэлээр анхны судалгаа хийсэн эрдэмтэн, хамгийн залуу физикийн ухааны доктор гээд бахархах зүйл ихтэй юм. Яаж ийм амжилтад хүрэв?
-Би 1999 онд МУИС-ийн онолын физикийн ангийг төгсөөд, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд ажилтнаар орсон. 2004 онд манай хүрээлэнтэй хамтран ажилладаг ХБНГУ-ын DFG сургалт судалгааний нийгэмлэгийн шалгалтад тэнцсэнээр тус улсын Билефилдийн Их сургуульд докторантурт сурах боломж олдсон юм.

-Бас хамгийн анх Латтисийн онолыг хэрэглэсэн монгол хүн. Латтисийн теори гэдэг нь ямар онол вэ?
-Халуун төлөв байдлыг бодох арга байгаа юм. Энэ онол нээгдэхээс өмнө хураангуйлан боддог байсан тул хариу нь ойролцоогоор, эсвэл худал гарах тохиолдол нэлээн элбэг байсан. Тиймээс их тэсрэлтийн тухай бүхий л онолыг батлах боломжгүй байсан байна. Уг онолыг 1974 онд нээсэн боловч өнөө хэр нь Монголд хэрэглэгдээгүй л байна. Тиймээс ч удирдагч багш Эдвин Лаэрман маань энэ онолыг Монголд хөгжүүлэх, квантын судалгааны баг бүрдүүлэх “үүрэг даалгаврыг” надад өгсөн байх. Одоогоор судалгаанд ашиглах хүчин чадал бүхий компьютер байхгүй ч залуу физикчдээр баг бүрдүүлэх сонирхолтой байна.

Физикийн чиглэлээр сурч байгаа болон энэ чиглэлээр төгссөн авьяаслаг залууст Латтисийн онолыг зааж, цаашдаа эрдэмтэн багш нартайгаа холбож, Германд сургаж ч болно. Нэг үеэ бодвол залуу эрдэмтэд их болж шүү дээ. Манай хүрээлэнд гэхэд л 1999 онд би ганцаараа шахуу залуу байсан бол одоо хүрээлэнгийн 70-80 хувь нь залуу эрдэмтэд болсон байна. Энэ эрчээрээ байвал шинжлэх ухаан улам хөгжиж, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц болох байх. Гол нь материаллаг баазаа бэхжүүлэх хэрэгтэй байна л даа. Зөвхөн физик ч гэлтгүй бүх салбарын судлаачдын хувьд хангалтгүй байгаа юм. Ядаж л судалгааныхаа тухай эрдэм шинжилгээний ажлуудыг хэвлээд, уншъя гэхэд хэвлэгч байхгүй. Цаас ч хангалтгүй байна.

-Тэгэхээр эрдэмтдийг материаллаг баазаар хангаад өгвөл шинжлэх ухаан нэлээд хөгжих нь ээ?

-Шинжлэх ухааны хөгжил дөрвөн хүчин зүйлээс шалтгаалдаг юм шиг санагддаг. Авьяас, шаргуу тууштай зан, цаг хугацаа, хөрөнгө мөнгө. Монголд авьяаслаг, чадварлаг залуус олон байна. Тэдэн дунд тууштай, шаргуу хүмүүс ч цөөнгүй бий. Гэтэл хөрөнгө мөнгөн дээр гацчихдаг. Тухайн хүн хичнээн шинжлэх ухаанд сонирхолтой, дуртай байсан ч амьдрахын тулд мөнгө олох хэрэгтэй. Тэгэхээр эдийн засаг, банк санхүүгийн мэргэжил сонгохоос өөр аргагүйд хүрдэг. Судлаачид өөр юунд ч санаа зовж, сатаарахгүй байж л үр дүнд хүрнэ. Германчууд  судалгаандаа маш их хөрөнгө мөнгө зарлагаддаг. Магадгүй тэгснээр л шинжлэх ухаанд тэргүүлэгч орон болж чадсан байх. Тэнд дөрвөн жил болохдоо би минут, секунд бүрт л шинэ зүйлийг мэдэж, сурч авсан. Одоо олсон мэдлэгээ хэрэгжүүлж, бусадтай хуваалцан, баг бүрдүүлэн ажиллахын тулд хөрөнгө мөнгө хэрэгтэй болоод байна л даа. Ядаж л судалгаанд ашиглаж болохуйц хүчин чадалтай компьютертэй болох хэрэгтэй.

-Монголд авьяаслаг залуус олон байна гэж та хэллээ. Залуус гуравдагч оронд суралцахдаа чадварлаг боловсон хүчин болж чадаж байна уу?
-Энэ тухай ярихад дахиад л нөгөө хөрөнгө мөнгөний асуудал сөхөгдөнө. Миний ажигласнаар бакалаварт сурч буй залуусын аравны нэг нь л сурах, боловсроход бүх анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Үлдсэн ес нь зөвхөн мөнгө олохын тулд сурч байна. Германы оюутны виз нь ажиллах эрх олгодог. Тиймээс ажиллах эрх олж авахын тулд оюутан нэр зүүн явж буй хүмүүс дийлэнх хувийг нь эзэлж байх шиг санагддаг. Түүнээс гадна монголчуудын бас нэгэн сул тал нь хэлний мэдлэг, хэнэггүй байдал. Над шиг шалгалтад тэнцээд очсон хэрнээ англи хэлний мэдлэг муутайгаас буцах тохиолдол хоёр, гурван ч удаа гарч байсан гэсэн. Тиймээс зөвхөн хэлний мэдлэг гэлтгүй цаг хэрхэн барьж байгаа, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлсэн эсэх гээд бүхий л чадварыг нь хардаг.

-Гологдоод буцсан хүмүүс дараа дараагийнхаа судлаачдад нэлээн төвөг уддаг байх даа?
-Тэгнэ л дээ. Миний очсон DFG хүрээлэн анх монгол судлаачдыг шууд л гэрээ хийн сургаж, ажиллуулдаг байж. Хэд хэдэн монгол эрдэмтэн буцсаны дараа эхлээд гурван сар туршилтын журмаар ажиллуулаад, гэрээ хийх эсэхээ шийддэг болсон юм билээ. Цалинжуулж байгаа болохоор хэн дэмий мөнгө урсгахыг хүсэхэв. Германчууд их чанга хүмүүс шүү дээ. Нэг удаа "туулайчлаад" л хар дансанд нь бичигдчихдэг. Тиймээс зодоон нүдээн бол бүр ч ярилтгүй.

Эх сурвалж: Ням гариг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.