Цагдаагийнхан `Ким Ду Хан`-ны бүлэглэлийн эсрэг юу ч хийхгүй байна

2008/11/18
Share |
Хүмүүс:
Цагдаагийнхан `Ким Ду Хан`-ны бүлэглэлийн эсрэг юу ч хийхгүй байна

"Хүний наймаа" энэ үгийг сонсоход ямар ч эцэг эх үр хүүхдээ энэ зүйлээс хол байлгах юмсан гэж бодох биз. Гэхдээ энэ нь бодсоны зоргоор бүтчихдэг зүйл биш боллоо. Хүний наймааны сүлжээ цахилгаан гүйдэл мэт чимээгүйхэн хэрж Монголын охид бүсгүйчүүдийг залгих болсоор багагүй хугацаа өнгөрлөө.

Хүн худалдаалах гэмт хэргийн золиос болж буй маш олон охид эмэгтэйчүүд өнөөдөр хэнд хандахаа мэдэхгүй яваа. Хүн худалдаалана гэдэг маань дан ганц охид эмэгтэйчүүдийг хууран мэхэлж Хүчээр биеийг нь үнэлүүлэх явдал биш юм. Гэнэн хонгор занг нь ашиглан, өөрсдийн эрх ашгийн төлөө үйлчлүүлж байгаа явдал нь ч мөн л хүн худалдаалах гэмт хэргийн нэг төрөл гэж хэлж болно. Гэтэл охид эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлж, сэтгэл санаа болон бие махбодиор нь тоглон санхүүгийнхаа эх үүсвэрийг олдог этгээдүүдийг цагдаагийнхан хүн худалдаалагч гэж үздэггүй нь хачирхалтай. Саяхан УБИС-ийн автобусны буудлын дэргэд 33-41 УБЗ дугаартай машинтай савхин хүрэмтэй залуу, шубтэй эмэгтэйн хамтаар охидыг зардаг тухай мэдээлэл цагдаагийнханд ирсэн байна. Хамгийн хачирхалтай нь мэдээлэл ирсээр байхад цагдаа нар газар дээр нь очиж шалгаагүй гэнэ. Цагдаагийнхан уг мэдээлэлд итгээгүй юу, эсвэл биеэ үнэлэгчид ажлаа хийж яваа биз гэж бодсон уу, бүү мэд. Юутай ч биеэ үнэлэгчид үү, бэлгийн хүчирхийлэлд автагчид уу гэдгийг шалгаагүй байна.

Өмнө нь энэ мэт хэргийг илрүүлэн арга хэмжээ авч "Марка поло" баарны эздээс эхлээд Хятад, Англи, Монгол нийлсэн 26 холбогдогчтой 24 хэрэгт 2-10 жилийн хорих ял өгч байсан. Гэвч сүүлийн үед энэ талын хэргийн илэрц эрс удаашралтай явагдах болсон. Тэр бүү хэл "хулгайлагдсан, хулгайлаагүй" гэж талцсан мэдээлэл өгөх боллоо.

Хүний эрхийн байгууллагынхан "14 хоногт арваад охид ямар нэгэн байдлаар сураггүй алга болдог" гэсэн мэдээллийг өгч байхад цагдаагийнхан уг мэдээллийг эрс няцааж байна. Эднийг ингэж мэтгэлцэж байх зуур хэчнээн охид эмэгтэйчүүд хүний наймааны золиос болж байгаа бол. ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг шиг тарчилж суугаа даа.

Монголын нөхөн үржихүйн насны нийт хүн амын 0,2 хувь буюу 18900 охид эмэгтэйчүүд биеэ үнэлдэг гэсэн судалгаа байдаг. Тэднээс гадаадад 1000 гаруй биеэ үнэлэгч байгаа гэх боловч тэдний хэд нь санаатайгаар сайн дураараа, хэд нь санамсаргүйгээр ийм зам руу хальтирч, гарах гарцгүй болсныг мэдэх тоймтой судалгаа байдаггүй. Гэхдээ сайн дураараа биеэ үнэлэнэ гэдэг байж болшгүй зүйл. Тэднийг ямар нэгэн байдлаар уруу татан энэ хар ангал руу оруулагчид байсан л байж таараа. Тэд хүйтэнд тэсвэртэй нян шиг байсаар л, хорт үйлдлээ явуулсаар л байна.

Янхны наймаачин Жижгээгийн гэх бүлгийг 2006 онд баривчилж сарниасан. Гэтэл одоо Ким Ду Хан гэсэн бүлэглэл гарч ирсэн гэнэ. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газрын удирдлага ч нуухгүй байна.
Ямар ч байсан эдгээрээс Монголд хүний наймаа цэцэглэн хөгжиж байгааг ойлгож болно. АНУ-аас гаргасан судалгаагаар хүний наймаа ихэсч байгаа орнуудын тоонд манай улс тоологдсон гэнэ. Сайны тоонд ордоггүй юмаа гэхэд саарын тоонд эх орныхоо нэрийг бичүүлэхгүй байхсан.
Сүүлийн үед хүн худалдаалах гэмт хэргийн сүлжээнд хэвлэл мэдээлэл өөрөө орооцолдож эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Өндөр царайлаг охидыг үнэгүй сургаж авна, өндөр цалинтай ширээний үйлчлэгчийн ажилд авна, гадаадын хүнтэй гэр бүл болоход зуучилна, байр хоолоор хангаж гадаадад ажилд зуучилна гэх зарууд чихэнд хоногштол бидний эргэн тойронд урсаж байна. Зарын бодит үнэнийг зар өгсөн хун өөрөө хариуцана гээд зайлуулах уу, тиймхэн юманд хууртдаг тэдний өөрсдийн буруу гээд түлхэх үү?

ТВ чат гэх зар ч биш завхайрал ч биш хачин жигтэй зүйлийг үр хүүхдүүд маань өглөө үдэшгүй суваг болгон дээр шахуу ширтэж гар утасны операторуудыг баяжуулж, эцэг эхээ сааж байгаа нь хэний буруу гэх вэ. ТВ чатаа нуухгүй бол хүүхдүүд нүдээ нуухгүй л болов уу. ТВ чатад холбогдоорой гэж хүүхэддээ нэгжний мөнгө өгдөг толгой нь 360 градус эргэсэн эцэг эх мэдээж хаана ч байхгүй.

Аавыгаа унтчихаар утсыг нь сэмхэн хулгайлаад холбогдож байна гэх 12 настай хүүгийн мессежийг уншаад хэн нэгний толгойд ямар нэг бодол буугаасай гэж бодогдоно. Түүний хариу нь 16-тай охин "бантангаа ид жаалаа" гэх. Үнэхээр эцэг эхийнхээ нүдэнд "бантангаасаа салаагүй" хүүхдүүд маань юу үзэж, юу бичиж суух нь энэ вэ? Танилцая, уулзая, учрая, унтая, уйдаахгүй шүү, онгон байвал зүгээр гэх. Өнгөцхөн харсан нэгэнд боломжтой айлын цатгалан хүүхдүүд "лаагаа" идэж буй мэт боловч цаанаа хүний наймааны золиос болж буйг анхаармаар санагдана

Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.