АН засагт хамтарсны шангаа хүртлээ

2008/12/03
Share |
Хүмүүс:
АН засагт хамтарсны шангаа хүртлээ

Хотын дарга хэн болох вэ

Т.Билэгтээр удирдуулсан нийслэлийн МАХН-ын баг дахин сонгуулийн дүнгээр ялалт байгуулах нь тодорхой боллоо. Сонгуулийн урьдчилсан мэдээгээр нийслэлийн парламентийн 45 суудлаас 36-д нь МАХН өөрийн төлөөлөгчөө суулгах эрхтэй болсон байна. Тэгэхээр ирэх дөрвөн жилийн хугацаанд МАХН-ын гишүүд нийслэлийн амьдралыг залгуулах учиртай. Харин нэг сая илүү хүн амтай Улаанбаатар хотыг хэн удирдах бол. Энэ асуултад тохирох хариу одоогоор тодорхой болоогүй ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлийг толгойлсон Т.Билэгт улирах магадлал хамгийн өндөр байгаа. Түүний МАХН-ын багийг удирдаж сонгуульд ялуулсан гавъяа нь нийслэлийн Засаг даргын суудалтай дүйх учиртай. Ялсан намын дарга гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг намын дүрэм энэ заалтаар С.Баяр Ерөнхий сайд, аймгийн ИТХ-ын дарга нар засаг дарга болсон. Нөгөөтэйгүүр, Т.Билэгтэй Засаг даргын суудалд өрсөлдөх хүн МАХН-д байхгүй гэж хэлж болно. Өмнө нь энэ албанд очихын тулд өрсөлдөж байсан хүмүүс бүгд жагсаалаас гарчихаад байгаа. Э.Мөнх-Очир, Д.Загджав нар УИХ-ын гишүүн болж дэвшсэн бол Л.Амарсанаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдоод гуравхан хонож байна. Гэхдээ МАХН-ын лидерүүд дунд хотын фракцыг хүчгүйдүүлэх сонирхолтой хүн цөөнгүй байдаг нь нууц биш. НИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн МАХН-ын гишүүдээс энэ байдалд илт ажиглагддаг.
Голчлон бизнесийн салбарын залуусыг орон нутгийн сонгуульд МАХН дайчилсан билээ. Нэг талаас үүнийг шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуулиар шалтаглаж буй ч нөгөө талаасаа хотын франкыг сульдуулах гэсэн оролдлого хэмээн тайлбарлах хүн бий. Харин одоо нэгэнт хотынхны хүч сулрах бус улам ч бэхжлээ. Тиймээс ч Т.Билэгтийг улираан томилохоос ч өөр гарцгүй гэх. Гэхдээ дээр өгүүлсэнчлэн сонгуульд намаа ялуулсан дарга гүйцэтгэх эрх мэдлээ авдаг МАХН-ын дүрэм зарим тохиолдолд үнэгүйдэх нь ажиглагдаж байна. Орон нутгийн сонгуульд намаа ялуулсан хэдий ч Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгч хоёроос хоцорсон хүн аймгуудад хэд хэд гарлаа. Дүүргийн Засаг даргын томилгоонууд ч үүнийг бэлээхэн гэрчилнэ. Тухайлбал, Баянголын МАХН-ын багийг удирдаж сонгуульд ялуулсан намын хорооны дарга П.Цогтбаатар Засаг даргын суудлаасаа мултарсан. Харин одоо оронд нь дүүргийнхээ ИТХ-тай тулж ажиллаж чадсан Л.Амгалан Засаг даргаар томилогдсон байх жишээтэй .Өөрөөр хэлбэл намын дүрэм энэ маягаар хүчгүйдэж доод шатандаа үйлчлэхгүй байгаа тохиолдол бий.
АН ялсан уу, ялагдсан уу
2004 оныг бодвол АН орон нутгийн сонгуульд чамлахааргүй амжилттай оролцлоо. Орон нутгийн сонгуулийн нэгдсэн дүнгээр аймаг, нэг дүүрэгт ялалтын тугаа намируулж чадав. НИТХ-д ч ялгаагүй гурав байсан суудлаа ес болгон нэмэгдүүллээ. Товчхондоо, АН тооны хувьд орон нутгийн сонгуульд хангалттай ахиц гаргасан байна. Харин чанарын тухайд  АН-ыг ялсанаар бодох уу, ялагдсанаар тооцох уу. УИХ-ын сонгуулийн дараах АН-ын шинэ удирдлага анхны сонгуултдаа дээр өгүүлсэнтэй амжилт үзүүллээ. Гэтэл УИХ-ын сонгуулиар 25 байсан суудлаа 28 болгож дэвшүүлсэн АН-ын дарга Ц.Элбэгдорж, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжав нар улс төрийн хариуцлага хүлээж огцорсон. Тэгэхээр хотын парламентад есөн суудал авна гэдэг олонхи биш болохоор УИХ, НИТХ-ын сонгуулийн дүнгийн дүнд чанарын ялгаа алга. Харин ч Н.Алтанхуягаар удирдуулсах болсон АН-ын рейтинг таван сарын өмнөхөөсөө тавин хувиар унасан гэж хэлж болохоор байна. Орон нутагт сойсон лидерүүд нь НИТХ-ын босгыг давж чадсангүй. Шинэ, хуучин хоёр генсек хоёулаа хотын парламентад бүдэрлээ. Түрүүчийн УИХ-д байсан гишүүд ч хангалттай амжилт амжилт үзүүлсэнгүй. АН хамаг өнгөтэй өөдтэйгээ дэвшүүлээд 45 суудлын 30 хувьд ч ялалт байгуулсангүй.Өөрөөр хэлбэл, УИХ-ын 40 орчим хувь болох 28 суудлаа чамласан АН-ынхан НИТХ-д түүнээсээ ч бага квоттой хоцорлоо. Тиймээс ч хамтарсан Засгийн газарт орохгүйгээр хүчтэй сөрөг хүчин байсан бол дахин сонгуулийн дүн өнөөдрийнх шиг гарахгүй л байсан гэх хүн байна. Магадгүй хамтарсан нэрээр хэдэн хүн Засгийн газарт багтсаны горыг АН өнөөдөр амслаа. Тэдний шагнал нь орон нутгийн сонгуулийн ялагдал байлаа.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.