Ёолкоор `ёолох` уу?

2008/12/11
Share |
Хүмүүс:
Ёолкоор `ёолох` уу?

Манайхны нэгэн үе хэлж заншсан `Ёолк` буюу шинэ жилийн үдэшлэг өргөжин баяжсаар уламжлалт баяр цэнгэл болсоор олон оныг угтаж, үдэж байна. Ёолк маань зөвхөн 12 дугаар сарын 30, 31-ний өдөр буюу оройн 19 цагаас 24 цагийн зүү голлон 01 цаг эхэлтэл болдог ёс горимтой байсансан. Дэлхий нийтээр ийм л нэгэн хуанлиа дагадаг, цагаа баримталдаг болохоор ёсыг гажих юун билээ.

Тэгэвч ёолк маань сүүлийн жилүүдэд нийтээр хавтгайран назгайрч, нийгмээр баярхан тансаглах шоу болон хувирсан нь харамсалтай. Үрэлгэн зарлагын үүдийг нээсэн ч гэж болно. 1993 оны тарчигхан шинэ жилээр “Бар улсыг тунхаглаад баар улс болголоо” хэмээн шоолуулсан анхны Ерөнхийлөгч П.Очирбат харшийн нэртэй “Next stop”-д уригдан ‘Тансаг ёолк энэ байна даа.

Ингэж л тансагламаар байгаа юм” гэж өөгшүүлснээс хойш урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхийн үлгэрээр юу байдгаа гүвэх нь холгүй тансаглах болсон. Эрээнээс зоөсөн ганзагын наймаа ид цэцэглэхийн хэрээр эх орон даяар хятад бараанд дарагдахын сацуу шинэ жил шилэн лонхны урхинд ч орсон. Хаа сайгүй зоогийн ширээ алаглаж, хэн хүнгүй хөл алдан найрлаж, мөнгөний ихээр зодож, өнгөний илүүгээр уралдаж, шагналын хураар угааж, шан харамжийн олз, омгоор гайхуулна.

Аль 11 дүгээр сарын дундуураас урилга, заллага тарааж, 12 дугаар сарын эхнээс бүтэн сарын турш зар сурталчилгаагаар бөмбөгдөж, үзвэр, шоугаар дарж, ёстой толгой эргэмээр, нүд эрээлжилмээр ертөнц рүү хөтөлнө. Хүүхэд, хөгшидгүй сүлд мод, чимэглэл гоёлд хошуурч, бэлэг сэлт, бүжиг цэнгээнд хотлүүлнэ. Чухамдаа “Хамраа дөрлүүлж, хайнагаа чөрхлүүлсэн” мэт болно доо.

Олон түмэн олсон зөөсөн хэд гурваа зөвхөн Эрээнээс импортлох болсныг нуултгүй. Монголын мөнгөний урсгал Замын -Үүдээр гарч, эргээд үрэгдэх бараа, үмхэх жимс болж орж ирнэ. Энэ ч яахав, иргэдийн хэрэг гээд орхиё. Улс орны төсвийн мөнгөний чамгүй хэсгийг энэ үеэр далимдуулан түшмэд, ноёд үрэн таран хийдэг болсныг ноднингоос нэгэн сүүхээтэн нь олж харж шүүмжилснээс хойш “Ханд нь жаахан дарагдаж” эхэлснийг дурдалтай. Энэ жил харин эдийн засгийн хямралаас үүдээд элдэв шоудалт хумигдах янзтай.

“Бүсээ чангалсан төсөв” маань ч ингэхийг шаардав. Үүнээс үүдээд УИХ, Засгийн газар шинэ жилийнхээ төсвийг ч эрс багасгасан дуулдлаа. Зарим албан газар шинэ жилээ хийхгүй байх шийдвэр гаргасан гэнэ. Баяр хийх төсөвгүй болсноос гэлцэнэ. Гэхдээ энэ бол бас л туйлшрал. Дэлхий нийтийн ёс жишиг байсаар атал хамт олноо шимэх дарсгүй, үнэрлэх цэцэггүй орхино гэдэг арай ч дээ гэмээр. Харин хуучин шигээ “Өчигдөр ёолкодсон юм аа хөө, өнөөдөр ёстой үхэх нь ээ, ёох, ёох” гэлцэн хавтгайрч архидах нь арилахгүй юм бол “Болно ш дээ, болиоч” гэлтэй. Ёолкоор далимдуулж ийнхүү архидан “Ёолдогоо” л болимоор байгаа юм. Шинэ жилээр далимдуулсан архидалт, архины борлуулалт л дэнддэгийг энд хэлэх гэсийм. Ядаж үүнээс улсын татварт ганц зоос ч ордоггүй, хувийн халаас л түнтийдгийг зогсоогууштай. Архины ашиг хонжооны цаана төрийн түшээдийн түрийвч, төсвийн мөнгөний сүлжээ торлосон байсныг Багануурын “Азийн чоно”-ын хордлого илчилсэн билээ.

Ноднин жил шинэ жилийн үдшээс эхлэн архины хордлого авч, олон хүн үхлийн дээсэн дээр ирж, улс даяар аюулын харанга дэлдэж байсан маань сүүлийн жилүүдийн “Ёолк ёололт” болсны том жишээ юм. Ердөө л ганцхан архидалтын хор уршиг ийм л эмгэнэлт баримт үлдээсэн юм. Тэгэвч ашиг хонжоо хайсан шуналт этгээдүүд бүтэн жилийн турш “Хавтаст хэрэг” нээсэн нэртэй ч шүүхийн хаалга татахын цагт “Хэрэг нь хэрэгсэхгүй” болсон нь гаслантай. Багануурт болсон “Азийн чоно”-ын шүүх хэрэг ингээд замхарч байгааг юу гэлтэй.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.