`Бөртэ чоно`-ын шагнал зохих эзэддээ очсон уу…

2008/12/23
Share |
`Бөртэ чоно`-ын шагнал зохих эзэддээ очсон уу…

“Бөртэ чоно” шагналыг МҮОХ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран 2002 оноос эхлэн олгож байна.
Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар анхны “Бөртэ чоно”-ын эзнээр Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн хошой мөнгөн медальт О.Пүрэвбаатар тодорч байлаа.

Монгол Улсын гавъяат тамирчин Х.Цагаанбаатар 2003 оноос шилдэг тамирчны тоонд багтаж дараа жил нь Афины олимпийн гол баатраар тодорч, манлай тамирчнаар шалгарсан. Тэр энэ шагналаа мэргэн бууч О.Гүндэгмаагаас гардан авсан юм. Х.Цагаанбаатар 2006 онд мөн л тамирчдаа манлайлж “Бөртэ чоно”-ыг хоёр дахиа хүртсэн анхны тамирчин болов. “Бөртэ чоно”-ыг 2005 онд гавъяат тамирчин Б.Наранбаатар, Х.Эрдэнэт-Од нар хүртсэн юм. 2007 онд ДАШТ-ний мөнгөн медальт Э.Бадар-Ууган “Бөртэ чоно”-ын эзэн болсон.

Үндэсний спортын төрөлд дээрх шагналыг бөхчүүдэд олгодог бичигдээгүй хууль тогтсон бөгөөд далай аварга Г.Өсөхбаяр 2002, 2003, 2005 онд тус тус шилдэг тамирчнаар шалгарсан бол даян аварга А.Сүхбат 2004 онд, улсын аварга Д.Сумъяабазар 2006 онд “Топ-10″-т орсон. Шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Ч.Насантогтох /жүдо/ 2004, 2006, Л.Ундралбат /буудлага/ 2003, 2005 онд шалгарчээ.

Анхны “Бөртэ чоно”-ыг 2002 онд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Дамдиншарав гардсан бол ноднин “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга /чөлөөт бөх/ үг шагналын эзэн болсон.

Шилдэг багаар волейболчид хоёр ч удаа шалгарчээ. 2003 онд “Эрчим”, 2006 онд “ТЭЦ-IV” шилдэг багийн шагнал хүртсэн. “Бөртэ чоно”-оор жүдочид тэргүүлж байна. Араас нь чөлөөт бөх, буудлага, самбо, сумогийыхон ордог. Оны шилдэг тамирчны шагналыг дугуй, шатар, даам, бокс, үндэсний бөх, мотоспорт, бодибилдинг, уулын спорт, хүндийг өргөлтийнхөн авчээ.

“Бөртэ Чоно-2008″ Спортын оны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 20-ны бямба гарагт Соёлын төв өргөөнд боллоо. Бээжингийн олимпийн аварга болсон хоёр тамирчин маань зүй ёсоор Шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч “Бөртэ чоно” цомыг хүртлээ. Тэд бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар Энхбатын Бадар-Ууган /”Бээжин-2008″ олимпийн наадмын аварга/, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр /”Бээжин-2008″ олимпийн наадмын аварга, Парисийн Супер дэлхийн цомын мөнгө, Алматыгийн ОУГ-ий хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт/ нар билээ.

Шилдэг арван тамирчнаар Отрядын Гүндэгмаа /Буудлага/, Пүрэвдоржийн Сэрдамба /бокс/, Цогбадрахын Мөнхзул /буудлага/, Намхайдоржийн Баярмаа /хүндийн өргөлт/, Очирбатын Насанбурмаа /чөлөөт бөх/, Мөнхбатын Даваажаргал /сумо/, Эрдэнэбилэгийн Халиунболд /мотоспорт/, Доржпаламын Ганхуяг /Үндэсний бөх/ нар тодорлоо.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Дамбадондогийн Баатаржав /паралимп, байт харваа/-”Бээжин-2008″ паралимпийн наадмын аварга болсон амжилтаараа “Паралимпийн шилдгийн шилдэг тамирчин” шагналыг хүртсэн юм.

Шилдгийн шилдэг дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар, шилдэг дасгалжуулагчаар Ардын багш Дамдинжавын Банди, гавьяат дасгалжуулагч Лхагвын Ундралбат нарыг тодруулав.

Шилдэг багаар волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг /зүүн Азийн АШТ-ий хүрэл медальт/, шилдэг холбоогоор Монголын волейболын холбоо, шилдэг холбооны нарийн бичгийн даргаар Т.Үйтүмэн /бокс/-г шалгаруулсан юм. Шилдэг шүүгчээр С.Баясгалан /бокс/, шилдэг олимп сургалтын төвөөр Сүхбаатар аймгийн “Парис” төв, спортын шилдэг бүтээн байгуулалтаар “Эрдэнэт” УБҮ, шилдэг холбооны ерөнхийлөгчөөр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нар тодорлоо. Гэхдээ шилдгийн шилдэгдасгалжуулагч, баг, холбоог шударгаар шалгаруулж чадаагүйд олон хүн сэтгэгдэл дундаар байлаа.

Тухайлбал, шатрын эмэгтэй баг болон бокс, жүдо, буудлагын холбоо, дасгалжуулагч Д.Баиди, Л.Ундралбат нар авах ёстой шагналаа хүртсэнгүй гэцгээж байв

Эх сурвалж: МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.