МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн үлдэж байгаа болон явж буй гишүүд

2009/01/12
Share |
Хүмүүс:
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн үлдэж байгаа болон явж буй гишүүд

2008 оны сүүлчийн өдөр - 12-р сарын 31-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн хугацаа нь дууссанд тооцогдсон 7 гишүүний оронд шинэ хүмүүсийг томилжээ. 2005 оны 10-р сард байгуулагдсан Үндэсний зөвлөлийн гишүүд өнгөрсөн 3 жилд хэрхэн ажилласнаа тайлагнахгүйгээр солигдож эхэллээ. Хэрвээ Үндэсний зөвлөлийн хуралдааны протокол, гаргасан шийдвэрүүд ил тод байдагсан бол МҮОНРТ тийм их хүч хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгөөр иймхэн хөтөлбөр үзүүлж ирсний шалтгаан тэд үү, биш үү гэдгийг мэдэж болохсон. Даанч хаалттай учраас Үндэсний зөвлөлийн хэн нь хэн байсныг өөрийнхөө мэдэх хэмжээнд тоймлохоос.

Г.Пvрэвбат
Бурханч лам гэгддэг. Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын бурханы шашны урлахуй ухааны дээд сургуулийн захирал. Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж сонгогдсон ба тухайн үедээ Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх байсан санагдана. Тэнд лам хувцастай хүн сууснаар Үндэсний зөвлөлийг нийгмийн олон төлөөлөлтэй чамин харагдуулдаг байсан. Одоо Үндэсний зөвлөлөөс бууж байгаа.

Х.Чилаажав
Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал. Мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж сонгогдсон. Тэрбээр сүүлийн 3 жилд Үндэсний зөвлөлийг удирдахдаа олон нийтэд хаалттай төдийгүй гэнэт алга болчихвол хэн ч нэхэхгүй хэдэн хүн болгож хувиргасан. Уржнан МҮОНРТ-ийн даварсан хэдэн нөхөр өлсгөлөн зарлахад Үндэсний зөвлөл ямар ч нэр хүндгүй, үүрэггүй болохоо харуулсан ба арилжааны нэгэн телевизийн захирал МСНЭ-ийн ерөнхийлөгч нэрээр ирж дүвчигнэхэд тарж арилсан байдаг. 7-р сарын 1-ны онц байдлын үеэр Чилаажав үзэгдээгүй, бодвол гадаадад аялж явсан биз. Үргэлжлэн ажиллана.

Р.Бурмаа
“Нийгмийн дэвшил-эмэгтэйчүүд” хөдөлгөөний тэргүүн. Төрийн бус байгууллагуудаас санал болгож УИХ-аас нь дэвшvvлж сонгосон. 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн тул хуулийн шаардлагаар больж байгаа. АН-ын гишүүн байжээ.

Р.Хадбаатар
МСоХ-ны ерөнхийлөгч нэрээр сайн лобби явуулсны хүчээр төрийн бус байгууллагуудаас санал болгогдож УИХ-аас нэр дэвшин сонгогдсон. Сэтгүүл зүйг төлөөлж Үндэсний зөвлөлд суусан боловч “Өглөөний сонин”, “Хүмүүс”, “Хүмүүсийн амьдрал” сонины эзэн юм. МАХН-ын гишүүн байснаа 2008 онд илчилж УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн тул больж байгаа. Гэхдээ сонгуулийн сурталчилгааны хэд хэдэн нэвтрүүлэг, сурвалжлагаа олон нийтийн телевизээр шургуулж амжсан.

Л.Төмөрбаатар
Сүрьетэй тэмцэх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал нэрээр УИХ-аас нэр дэвшиж сонгогдсон. Төдөлгүй Хавдар судлалын Үндэсний төвийн захирал болсон. Үргэлжлэн ажиллана. Намын харьяалал тодорхойгүй.

Н.Содномдорж
УИХ-ын гишүүнээс буугаад МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч байхдаа УИХ-аас нэр дэвшиж сонгогдсон. Үндэсний зөвлөлийн анхны даргаар ажилласан боловч дураараа дургихын зэрэгцээ 15 хүнийг удирдаж чадалгүй тэдэндээ гологдож төдөлгүй огцорсон. МАХН-ын гишүүн. Үргэлжлэн ажиллана. Одоо ҮЭ-ийн дэргэдэх Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал байх.

Ж.Занаа
Монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга нэрээр УИХ-аас дэвшиж сонгогдсон. 2008 оны 7-р сарын Онц байдлын үеэр МҮОНТ хэрхэн ажилласныг УИХ-ын хүний эрхийн дэд хороо хэлэлцэхэд Үндэсний зөвлөлийн бусад гишүүд шиг зугаталгүй ирж тайлбар хийсэн (түүний илэрхийлсэн зарим байр суурь надад өрөөсгөл санагдсан ч) хоёрхон гишүүний нэг. 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн (бие даан) тул хуулийг дагуу больж байгаа. Одоо “Иргэдийн алъянс” төвийн тэргүүн.

Г.Цэрэнпүрэв
Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал нэрээр Монгол Улсын Засгийн газраас нэр дэвшиж сонгогдсон. Тэгтэл Хадгаламж банкны удирдлагад багтдаг болж таарсан. Энэ жишгээр бол төрийн албан тушаалтнууд хүртэл марк сонирхогчдын холбоо юмуу нутгийн зөвлөлийн нэрээр, бизнес эрхлэгчид худалдаа, аж үйлдвэрийн танхимын нэрээр Үндэсний зөвлөлд орж болохнээ?). МАХН-ын гишүүн байх. Үргэлжлэн ажиллана.

Л.Дамдинсүрэн
Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал нэрээр Засгийн газраас нэр дэвшиж сонгогдсон. Тэр үед Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга байсан Д.Болдхуягийн аав. МАХН-ын гишүүн. Одоо сайн дураараа больж байгаа.

О.Эрдэнэ-Өлзий
Төрийн бус байгууллагуудын чуулганаас санал болгоогүй ч Биеийн тамир, спортын хөгжлийн сангийн тэргүүн нэрээр УИХ-аас сонгогдсон. Ноднин 7-р сарын 1-ны дараа Ж.Занаатай хамт УИХ-ын гишүүдэд тайлбар хийж байв. Одоо Үндэсний “Соёмбо” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга. Намын гишүүнчлэл тодорхойгүй. Үргэлжлэн ажиллана.

М.Буянбадрах
FМ107 радио буюу “Медиа групп” ХХК-ийн захирал байжээ. Засгийн газраас нэр дэвшиж сонгогдсон. Төрийн бус байгууллагуудын чуулганаар дамжилгүй гэнэт гарч ирсэн, бас тэгээд арилжааны НТВ телевизэд ажиллаж хувь эзэмшдэг учраас сонирхлын зөрчилтэй гэх мэтээр шүүмжлэлд өртсөн, одоо юу болсныг бүү мэд. Цааш үргэлжлэн ажиллана.

Ц.Дашдондов
ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт профессор, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч гэсэн олон гуншингийн аль нэгээр мэдээж Ерөнхийлөгчөөс нэр дэвшиж , гэхдээ төрийн бус байгууллагын чуулганыг алгасан нэр дэвшиж сонгогдсон. Энэ удаад Үндэсний зөвлөлийн гишүүнээс больсон мөртлөө буцаж нэр дэвшсэн (мэдээж Ерөнхийлөгчөөс) гайхалтай. Магадгүй Үндэсний зөвлөлийн бусад гишүүд суудалдаа үлдэхийн тулд “Та худлаа гарсан болоод эргээд ороод ир. Ерөнхийлөгч таныг хаалтгүй дэвшүүлнэ” гэж хөөргөөд явуулсан биз. Гэтэл Ц.Дашдондов УИХ-ын байнгын хороог саадгүй давсан мөртлөө нэгдсэн хуралдаан дээр З.Энхболд гишүүнийг загнаж тавьтиргүйтсэнээс болж гацчихаад байгаа. МАХН-ын гишүүн.

О.Мөнгөнтуул
Төрийн бус байгууллагуудын чуулганаар орж нэр дэвшээгүй боловч Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сүлжээний нэрээр УИХ дээр гэнэт нэр дэвшин гарч ирсэн. Эрхэм гишүүн Д.Арвин шударга юм ярихынхаа хажуугаар иймэрхүү юм амжуулдаг гэнэлээ. Үндсэн ажил нь Монгол-Италийн бизнесийн танхимын гүйцэтгэх захирал. Намын гишүүнчлэл тодорхойгүй. Цааш үргэлжлэн ажиллана.

Н.Золжаргал
Монголын хөрөнгийн биржийн захирал нэрээрээ алдаршаад сураг тасарсан нэгэн. Сүүлийн жилүүдийн ажил, албан тушаал нь ерөөсөө ойлгогддоггүй. C1 телевизэд зөвлөхөөр ажилладаг сонирхлын зөрчилтэй нь төдөлгүй илэрсэн ч 2005 онд төрийн бус байгууллагуудаар оролгүйгээр Засгийн газраас сэмхэн нэр дэвшиж сонгогдсон. Тэр үед Ерөнхий сайд Ц.Элбэгдорж байсныг хэлбэл нэмэлт тайлбар хэрэггүй буйзаа. Удалгүй МҮОНТ-ийн захирлаар C1 телевизийнхээ эзэн, УИХ-ын гишүүн Х.Баттулгын төлөөний хүн Д.Мөнхбаатарыг тавиулжээ. Сүүлдээ сонирхол буурч нь Үндэсний зөвлөлийнхөө хуралд үзэгдэхээ больсон сурагтай. Гэхдээ үргэлжлэн ажиллана. АН-ын гишүүн биз.

Л.Болд
Монголын урчуудын эвлэлийн хорооны дарга нэрээр мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшиж сонгогдсон. Гэхдээ өнгөрсөн хугацаанд МҮОНРТ-ийн талаар нэг үг дуугарч байхыг би сонсоогүй.  Энэхүү сонгуульт ажил нь хөшөө дурсгал бүтээхэд нь огт саад болдоггүй биз, иймээс саяхан Төрийн соёрхол хүртжээ. Намын гишүүнчлэл тодорхойгүй. Цааш үргэлжлэн ажиллана.

Ийм 15 хүн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр 2005-2008 онуудад ажиллажээ. Өдөр тутмын сонинд дараа оны дундуур нийтлэгддэг МҮОНРТ-ийн жилийн тайланд хэдэн ерөнхий өгүүлбэр оруулдгийг эс тооцвол Үндэсний зөвлөл ажил төрлөө хаалттай байсныг дахин хэлье. Сүүлийн 2 жилд би тэднийг Үндэсний зөвлөлийн гишүүний хувьд зөвхөн гадаад айлчлалын мэдээ, сурвалжлагаар үздэг болсон. МҮОНРТ-ийн дарга нар тэднийг хэд хэдээр нь авч яваад “найзалчихдаг” бололтой. Ноднин Индонезийн амралт сувиллын Бали арал руу бөөнөөрөө хуралд очиж зав чөлөөгүй хөдөлмөрлөсөн тухай хэдэн сурвалжлага, бас бүхэл бүтэн тусгай нэвтрүүлэг үзсэнээ санаж байна. Тэгвэл УИХ-ын дээр дурдсан чуулган дээр З.Энхболд гишүүн тэднийг 14-үүлээ Тайландад очиж амарсан гэж шүүмжилсэн.

Олон нийтийн нэрээр дураараа дургидаг хэдэн хүн үү дээ?

Эх сурвалж: ajiglagch.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hesryn 1vC3kGefhrfbukvemu, [url=http://dwfhqkjifnvy.com/] dwfhqkjifnvy[/url], [link=http://hniyfyhwbnni.com/ ]hniyfyhwbnni[/link], http://mdbdpfmiamgm.com/
IP:46.161.41.199  2015-08-12 08:52:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.