Хүмүүс: Дангаасүрэн Энхбат | Мэндсайхан Энхсайхан | |
Улстөрийн үхдэл хэмээн зүй ёсоор нэрлэгдээд байгаа ҮШН-ын дарга М.Энхсайхан МУ-ын ерөнхийлөгч болох мөнхийн ганц мөрөөдөлтэй. АН-даа жийгдсэн М.Энхсайхан ҮШН-ийг байгуулсан ч 2008 оны УИХ-ын сонгуулиар эргэж сэхэхгүй болтлоо бүрмөсөн унаж өнөөх мөнхийн мөрөөдөл нь биелэгдэх боломжгүй болсон билээ. Гэвч түүний хүсэл тачаалд хязгаар үгүй тул яаж ийгээд л нэр дэвшихээр шийдэн Ногоон намын Д.Энхбатыг баруун солгойгүй эргүүлдэж байгаа шэнэ.
М.Энхсайхан угаасаа л өөрт ашигтай гэж үзсэн улстөрчдөө үзэл суртал, байр суурь, эр эмийг ялгалгүй эргүүлэн өөрийнхөө атганд оруулаад гаршчихсан нэгэн. Ямар сайндаа л Эрэлийн Б.Эрдэнэбаттай нийлэн ИЗН-ын С.Оюуныг дундаа хийчихсэн гар гараасаа барилцан гүйлдэж байх вэ. Тиймээс өнөөдөр улстөрийн хүрээнд өвөр түрийдээ орж амжаагүй ганц хүн нь Ногоон намын Д.Энхбат юм байх. Харин ойрын үед Д.Энхбат өөд уруугүй гүйн байж арайхийн бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлсэн бол үүнтэйгээ давхцуулан М.Энхсайхантай орой үдшийн цагаар түмний нүднээс далдуурхан сэм шивнэлдэх болоод байгаа гэсэн яриа саарал ордноор нэг таржээ.
Тэд бүр аль хэдийн анхны тохироогоо хийсэн төлийгүй үнэ ханшаа ханцуй дотроо ирмэлцэн гурваас дөрвөн тэрбумын хооронд үнэ тогшин суугаа ажээ. Хэдийгээр парламентад суудалтай намын хувиар ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй болж байгаа ч Д.Энхбат өөрөө нэр дэвшвэл ёстой л амьтан хүн саваагүй нохой саранд хуцахын үлгэр хэмээн элэг доог хийх биз. Иймээс энэ алтан боломжоо хэн нэгэн дурны хонгиод заралгүй үхүүлчих тэнэг толгой хаана байх вэ?
Иймээс л парламентын сонгуульд байдаг бүхнээ гөвөөд ч ганц суудал авч чадаагүй М.Энхсайханы удтал хүлээсэн улстөрийн тачаадал Д.Энхбатын далд санаархалтай ая цав тааран ийнхүү бие биенийхээ хэрэгцээг нөхөхөд хүргээд байгаа гэнэ. Гэхдээ яг одоогийн нөхцөл байда Д.Энхбат гэдэг хүн ёстой л хүлхдэг чихэр аятай АН, МАХН-ын аазгайг зэрэг зэрэг хөдөлгөөд буй. Улстөрийн мэдлэг туршлага, түүх намтараас нь болоод АН,МАХН хоёр Д.Энхбатад сээтэгнээгүй, харин өөр хэн нэгэн нэр дэвшигч гараад ирэхээс хэн хэн нь дотроо баахан төвөгшөөсөн тул мань хүнийг тойглохоос өөр аргагүй байдалд ороод байгаа ажээ.
Харин Д.Энхбатын хувьд МАХН-ы өвөрт орж дөнгөж эхлүүлсэн улстөрөө эцэслэхгүй, АН-ын арван толгойтой фракциуд дунд хутгалдан хойдохоо уншуулахгүй гэсэн дотор бодолтой байгаа. Нөгөө нэг квот болох ИЗН аль хэдийн МАХН-ын өвөрт тухалсан бөгөөд засгийн газрын хоёрхон суудлаар л С.Баяр хөнгөхөөн өвөртилчихсөн тул эдүгээ бод идсэн боохой аятай өчүүхэн ч санаа зовохгүй байгаа гэнэм.
Улстөрчийнхөө хувьд М.Энхсайхан аль хэдийн тэдэнтэй хутгалдаад хоёр тийшээ болчихсон хэнд ч итгэх хөг нь өнгөрсөн хөгшин бурхи тул ганцаардсан үед нь Д.Энхбат хошуу дэвсэн хүлээн авбал өөрт нь л өлзийтэй гэдгийг ч хэдийнэ тоцоолоод харчихсан ажээ. М.Энхсайхан 2005 оны сонгуулиар АН-аас нэр дэвшсэн ч нам доторх рейтинг нь навс уначихаад байсан тул намын ерөнхий суурь дэмжлэггүйгээр ганцаараа хатсан борц болтлоо гүйгээд ноён Н.Энхбаярт далаараа тавиулсан түүхтэй.
Тиймээс харгис хатуу улстөрөөс арчигдалгүй үлдэх, болж өгвөл ерөнхийлөгч болчих сүүлийн хугацаа нь М.Энхсайханы хувьд 2009 оноор л дуусгавар болох юм. М.Энхсайхан 2012 он гэхэд "мода"-наас гарч хүүхэд залуусын хувьд алаг нүдтэй өвөө л болж хувирна гэсэн үг. Цагтаа АН-ын дарга, ерөнхий сайд явсан тэрээр мэдээж хэрэг тийм ч амархан "улстөр минь баятрай" гэчихээд нуруугаа үүрээд алхчихгүй. Иймээс л жаран судсаа жаралзуулан байж ямар ч үнээр хамаагүй 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор зүтгэж байгаа нь энэ биз ээ. Тэгэхээр бид ирэх гуравдугаар сар гэхэд АН-аас Э.Бат-Үүл, Ц.Элбэгдэрж, МАХН-аас Н.Энхбаяр, С.Баяр нарын хэн хэн нь нэд дэвшихыг жинхэнээсээ мэдээд зогсохгүй ноён М.Энхсайханы дэглэсэн шинэ жүжгийн гарааг ч давхар харчих боломжтой болох нь ээ.
Эх сурвалж: Зиндаа