Жижиг хувьцаа эзэмшигчдийг золигт гаргадаг `Номин холдинг`-гийн түүх

2009/01/22
Share |
Хүмүүс:
Жижиг хувьцаа эзэмшигчдийг золигт гаргадаг `Номин холдинг`-гийн түүх
Монголын хөрөнгийн зах зээлийн орчин сүүлийн жилүүдэд гэрэл гэгээтэй боллоо гэсэн үг олон хүний амнаас унах болсон. Хөрөнгийн бирж уржнан жил хамгийн идэвхтэй ажиллаж байсныг уншигч та санаж байгаа байх. Гэтэл өнгөрсөн жил 160 гаруй компанийн арилжааг зогсоохдоо тулав. Үлдсэн нь 200 гаруй компани байдаг гэх. Гэхдээ тэдний дөнгөж 30 гаруй нь л ногдол ашиг өгч байгаа ажээ. Үүнд дэлхийн санхүүгийн хямрал, эдийн засгийн идэвхигүй байдал нөлөөлөв гэж дүгнэж болох боловч зарим компаний увайгүй үйл ажиллагаа, зах зээлд хэт амиа бодсон маягаар ганцаараа шумбах гэсэн шунахайрал ангалзаж байгааг олж харах нь зөв болов уу. Тэдний нэг нь “Номин холдинг” компани юм.
Энэхүү гоё нэртэй компанийг мэдэхгүй хүн гэж үгүй. Харин жижиг хувьцаа эзэмшигчдээ хэрхэн хохироож ирсэн түүхийг төдийлөн санахгүй байж мэднэ. Улсын их дэлгүүр бол манайдаал хамгийн том худалдааны төвд орно. Гэтэл өнгөрсөн онд “Их дэлгүүр” ХК хаалттай компани болох хүсэлтээ гаргаж, 60 гаруй мянган жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг ноцтойгоор хөндөгдөж байлаа. Энэ бол “Номин”-гийнхны хувьцаа эзэмшигчдийг луйварддаг ээлжит үйл ажиллагаа гэж болно. Төлөөлөн удирдах зөвлөл нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж хэвлэлүүдээр удаа дараа бичсээр ирсэн. Тэдэнд хүлээлгэх хариуцлагыг бурхан чөтгөр хоёр нийлж бодоод ч олоогүй. Ерөөс хувьцаат компани болгосноор жижиг хувьцаа эзэмшигчид л хохирдог гэдэг амьдралын хатуу үнэнийг манай холбогдох байгууллагууд анзаардаггүй хэрэг үү.

Номин холдинг` мэтийн компаний увайгүй үйл ажиллагааг зүгээр өнгөрөөж толгойг нь илээд байвал хувьцаа эзэмшигчдийн итгэл ихэд суларна. Энэ нь эргээд хөрөнгийн зах зээлийг хүчтэй савуулж ч мэдэх. Хамгийн гол нь Үндсэн хуулинд заасан хүний эрх, эрх чөлөө нь эдийн засгийн талаасаа хайчин галд өртөөд байгаа нь л нэн аймшигтай. `Номин холдинг` компани шиг хувьцааг доогуур үнэлснээс жижиг хувьцаа эзэмшигчид олон мянгаараа хохирох тохиолдолд их гарч буй. Хохирогчид хоёр гурван жил солонго барих гэж жаал аятай хөөцөлдөөд цөхрөнгөө барж байна. Хувьцаа эзэмшигчдээ нуман тулгуурт оруулдаг “номин үзэгдэл”-ийг зогсоохын тулд төр засгаас хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага хаяа сөхөөд байна шүү дээ.

 
`Номин холдинг`-гийн Улсын их дэлгүүрийн сенсаац үүгээр зогссонгүй. “Эрдэнэт” хивсийг хэрэглэж үзээгүй айл өрх, албан байгууллага манайд үгүй байх. 27 жил тасралтгүй ажиллаж ирсэн Эрдэнэтийн хивсний үйлдвэр зуун хувь төрийн мэдэлд байлаа. Өмч хувьчлалын эрхийн бичиг “Цэнхэр тасалбар”-аар нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 3.1 сая гаруй хувьцаа болгон олон нийтэд нээлттэй арилжсанаар “Эрдэнэт хивс” хувьцаат компани /ХК/ болжээ. Зах зээлийн жам ёсны дагуу хувьцаа нь арилжигдсаар 2007 он гэхэд “Номин холдинг” ХХК хэмээх мангас нийт хувьцааны 72 хувийг нь эзэмших болов. Хувьцаа нь Монголын хөрөнгийн бирж дээр идэвхитэй арилжигддаг компаниудын тоондбагтаж иржээ.
Гэтэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ны өдрөөс Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) “Эрдэнэт хивс” ХК-ийн арилжааг зогсоох тухай шийдвэрийг Монголын хөрөнгийн биржид өгчээ. Бирж дээр арилжаа явуулдаг брокер, дилерүүд мэл гайхав. Гэтэл “Эрдэнэт хивс” ХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон буюу энэ том үйлдвэр хэдхэн хүний мэдэлд очоод буй мэдээ чих дэлсэх нь тэр. Тун удалгүй арванхоёрдугаар сарын 15-нд “Эрдэнэт хивс” ХК-ийг ХХК болгосон тул брокер, диллерүүдийн дансанд нэгж хувьцаагаа 330 төгрөгөөр худалдаж авлаа гээд мөнгө нь ороод ирээдхэв.
Энэ бол шууд дээрэдсэн хэрэг. Өнгөрсөн оны гуравдугаар сард 1000 төгрөгт хүрч, бага багаар ханш нь унасаар 400 төгрөгнөөс доош ороогүй хувьцааг нь 4.5 мянган хувьцаа эзэмшигч нараас гар зангидан 330 төгрөгөөр булааж авч буйг юу гэх үзэх вэ. Ийнхүү жил гаруйн өмнө үймээн самууны баатар болж байсан “Номин”-гийн эзэд Улсын их дэлгүүрийн хувьцаа эзэмшигчдийг хохироогоод зогсохгүй элэг бүсний барьцаа улам лавшруулж “Эрдэнэт хивс”-ийг багалзуурдах нь тэр. Үүний биелэл болгож өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр “Эрдэнэт хивс” ХК-ийн олон нийтэд санал болгож гаргасан 3.1 сая ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасах тухай 267 тоот тогтоолыг гаргасан ажгуу. Арилжааг зогсоосон тухайгаа тухайн ХК хувьцаа нартаа хэлсэн байх ёстой л доо. Хуйвалдаан хормой доогуур болж өнгөрөв.
Хуулиар бол ХХК болгох шийдвэр гаргуулахын тулд хувь нийлүүлэгч нарт мэдэгдсэн байдал, хувьцаагаа худалдан авах үнэ, үнэлгээний компанийн үнэлгээ. Хөндлөнгийн аудит хийлгэсэн байх гээд арав гаруй материалыг бүрдүүлдэг юм билээ. ХХК болох тодорхой журамтай. Угтаа бол ХК-иуд материалаа бүрдүүлээд СЗХ-ны хурлаар оруулах үед л бирж дээр арилжааг зогсоох учиртай ажээ. Гэтэл арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу “Эрдэнэт хивс” ХК-ийг ХХК болгосон тогтоол гарсан өдөр тус компанийн хувьцааг 450 төгрөгөөр худалдаж авсан арилжаа хөрөнгийн бирж дээр нийгдсэн байх юм.
Жил гаруйн өмнө гарсан энэхүү маадаантай шийдвэр өдөө хэрэгжиж байгаа боловч энэ талаар хөөрхий жижиг хувьцаа эзэмшигчид бүү хэл брокер, диллерийн компанийн ажилтнууд ч мэдээлэлгүй сууцгааж буй нь нэгийг өгүүлнэ. 2007 оны аравдугаар сард тус ХК-ийн хувьцааны ханш нь 1450 орчим төгрөг байв. Бирж дээр бүр 2000 төгрөгөөр зарагдаж буй хувьцааг нь “хөрөнгө үнэлгээний газар” ХХК 320 төгрөгөөр үнэлсэн байна. Ингэж хувьцааг нь үнэлээд ХХК болгож худалдаж авна шийдвэрээ ТУЗ нь гаргачихаад байхад жил гаруйн хугацаанд “Эрдэнэт хивс” ХК-ийн хувьцааг 400-1200 төгрөгний хооронд бирж дээр арилжсаар байжээ.
“Эрдэнэт хивс” ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал 2007 оны аравдугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд компанийн байранд болно гэсэн мэдээлэл гарч байх үед 2007 оны шилдэг 100 аж ахуйн нэгжийн жаглсаалтын 65 дугаарт “Эрдэнэт хивс” ХХК гэж бисэн харагдана. Энэ мэтээр 2007 оны хавраас эхлэн “Эрдэнэт хивс” үйлдвэр нь ХК эсвэл ХХК гэсэн тодотголыг санаатай, санамсаргүй байдлаар дагуулсаар ирэв.
Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын сүүдэр дайрч байгаа одоо үед “Номин холдинг” ХХК-ийнхан 200 сая төгрөг буюу дунд зэргийн нэг хаусны үнээр ноос угаах, ээрэх, нэхэх гэсэн үндсэн гурван үйлдвэр бүхий 1000 гаруй ажиллагчидтай том үйлдвэрийнхээ 4467 хувьцаа эзэмшигчийг үнэт цаасны зах зээлээс нууцханаар шахаж гаргажээ.
“Номин холдинг”-ийн Монголын хөрөнгийн зах зээл дээр тоглож буй дүр төрх энэ. Эзэд нь үндсэн ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээ огт хийдэггүй, нийгмийн даатгалд хамруулалгүйгээр ажиллуулдаг гэсэн үй олон шижээ хөврөх. Ажилчид нь үйлдвэрчний эвлэл байгуулан хурал хийх гээд хүч үл хүрсэн байна. Өнгөрсөн онд ийм оролдлого гарсан авч дээрээс нь тас цохижээ. “Номин холдинг”-ийн зарим ажилтны ярьж буйгаар “Номин холдинг” ХХК нь бүх мөнгөө барилгын салбарт хөрөнгө оруулсан тул юун ажилчидийнхаа нийгмийн асуудалд анхаарах мантай, эдүгээгийн эдийн засгийн хямралын мананд сандарч буй сурагтай.
“Номин холдинг”ийн НО үүгээр зогсохгүй. Яагаад үе үе аммиак алдаад байгааг нь хянах, шалгах байгууллага Монголд баймаарсан. Чих дэлдэх бус амь дэлдэх хэрэг. “Эрдэнэт хивс”-ийг хуйлж, “Их дэлгүүрийг”-ийн эзэн болсон “Номин холдинг”-ийнхан Их тэнгэрийн амыг ч гартаа авсан их мэдэлтнүүд. Төр засгийн тусгай хамгаалалтад байдаг Их тэнгэрийн аманд орших томоохон үйлчилгээний объектыг өөрийн болгосон том гар тэднээс өөр Монголд байна уу Өөрсдөө томоохон наймаанд оролцдог мөртлөө жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтойгоор хохироосоор байгаа “Номин холдинг”-ийн үйл ажиллагааг СЗХ анхааралдаа авахгүй бол горьгүй нь.
Уг нь иймэрхүү “Номин үзэгдэл”-д анхаарлаа хандуулж, энэ салбарын хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоно хэмээн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо тогтоол гаргасан юм билээ. Юуны урьд СЗХ-г энэ асуудал руу хушуугаа лавхан шиг дүрэхийг шавдуулмаар байна. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг иймэрхүү “номин үзэгдэл”-ийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан шийдвэрлэнэ гэж СЗХ-нд даалгасан гэсэн. Одоо л шийдмээр байна шүү дээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.