Сонгууль ба гэрлэлт

2009/01/23
Share |
Сонгууль ба гэрлэлт

Монголчууд тун тогтворгүй хувийн амьдралтай улс. Бизнесменүүд нь мөнгөжихөөрөө авгайгаа сольж, машинаа томруулж, байраа сэлгэдэг. Хүсээгүй жирэмслэлт, амьдрал болоогүй хайр дурлал, бүтээгүй гэрлэлтийн тоогоороо Монголчууд дэлхийд дээгүүр орно. Энэ байдал Монголын улс төрд ч бас хэдийнэ нүүрлэж нам болж чадаагүй намуудын хэнээрхэл, албан тушаалын төлөөх эсвэл нэгдэл, хэн хэнээ хүлээн зөвшөөрч чаддаггүй хурган дарга нарын амбиц сонгуулийн өмнө заавал сэргэж, сонгуулийн дараа заавал бөхдөг нь бүр улс төрийн үзэгдэл болон хувирдаг. Эхлээд эвсэл гэж нэрлэгддэг байсан энэ хэнээрхэл одоо “Блок”, “Нэгдэл” гэдэг чамин нэртэй болов. Дөрөвхөн сарын дараа Монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Хуулийн дагуу парламентад суудалтай намууд энэ удаа нэр дэвшигчээ уралдуулах боломжтой. МАХН, АН, ИЗН, ННам, бас дээр нь бие даагч З.Алтай.

Н.Энхбаярын горьдлого
МАХН-аас ерөнхийлөгчид сонгогдсон Н.Энхбаярын хувьд аль эрт гараандаа гарчихлаа. Эмнэлэг сургуулиар айлчилж шинэ төрсөн хүүхэд үнсэж, үнэрлэж, бас болоогүй найман жил амьдарсан Богд уулаа тойрон аялж, одон тэмдгийн хурыг өдөр болгон шахуу буулгаж, тун их завгүй байна. Мань эр дахин нэр дэвшиж чадна гэдэгтээ бат итгэчихсэн байгаа хэрэг. Гэвч түүнд бас өрсөлдөгчид бий. Ерөнхий сайд С.Баяр өөрийг нь улс төрд хөтөлсөн Н.Багабандийг дахин нэр дэвшүүлээд гаргаад ирвэл Н.Энхбаяр яаж ч чадахгүй. Тэр мартагдаж хоцорно. Ард түмэн ч Багабандийг дэмжинэ. Үүнээс Н.Энхбаяр үхтлээ айж байгаа. Н.Энхбаярт айх шалтгаан бас бий. Тэр намын даргын суудлаа хүчээр М.Энхболдод өгч, ОХУ-д элчин сайдаар ажиллаж байсан С.Баярыг унагаах хорыг найруулж байсан. Үүнээс гадна өнөөдөр МАХН-ын генсек болчихоод байгаа У.Хүрэлсүхийг шоронд илгээх жүжиг найруулж, өөртөө тун олон дайсан бэлтгэсэн нэгэн. Хамгийн гол нь түүний нэр хүнд, бас тойрон хүрээлэгчдийн баг хэдийнээ нуран унасан. Одоо түүнд ганц л зам бий. Энэ бол шадар сайд М.Энхболдын фракцийг өөртөө татах. Хэрвээ тэр үүнийг хийж чадвал дахин ерөхийлөгчид нэр дэвших эрхээ олж авна. Дуртай дургүй ч Н.Энхбаяр шадар сайд М.Энхболдоос дэмжлэг авах л хэрэгтэй болоод байна.
Нэг хөнжил дотроос босч ирэх өрсөлдөгчид
Харин АН-ынхан яахаа мэдэхгүй гацаанд орчихоод байна. АН аль хэдийнээ Хувьсгалт намын хөнжил рүү гүйгээд орчихсон, хэдэн дарга нар нь хар машин унаж, сайдын суудалд шигдчихсэн учраас тэд хэнийг ч нэр дэвшүүлсэн ялагдана хэмээн тооцож, өөртөө итгэх итгэлээ бүрмөсөн гээчихсэн байгаа хэрэг. Энэ ч аргагүй. МАХН-ын хамгийн хүчтэй өрсөлдөгч бол АН. 7 сарын 1-ний өдрийн үймээн самуун, АН-ын санаанд багтамгүй ялагдал, уурлаж бухимдсан олон бас Ерөнхийлөгч Н.Энхбаярын навсайтлаа унасан нэр хүнд, Хувьсгалт намын албан тушаалтнуудын хэнээрхэл олны дургүйг хүргэнэ. Нөхцөл байдал ийм үед С.Баяр хэнийг ч Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн ялагдана. Үүнийг мань эр аль эрт тооцсон хэрэг. Тиймээс албан тушаалд дуртай “Алтан гадас”-чуудыг өөртөө урвуулж, намынх нь даргыг хүчээр шахуу унагаж АН-ынханг өвөртөө оруулаад авсан. Нэг хөнжил дотроос босч ирсэн хоёр хэчнээн өрсөлдөж, хэчнээн ч хэрэлдэж, уралдаад нэмэр байхгүй. С.Баярын энэ нүүдэл АН-ын нэр хүндийг унагааж, бас тус нам дотор асар том хэрүүлийн алим дэгдээчихсэн байгаа. Н.Алтанхуяг тэргүүн шадар сайд гэдэг зөөлөн суудлаа алдахгүйн тулд нэг нөхрийг бэлэгдлийн төдий л нэр дэвшүүлэх болно. АН-ын нэр дэвшигч хаана ч очоод уулзат хийсэн “Танай нам Хувьсгалт нам хоёр чинь нэгдчихээ биз дээ” гэж амаа асуулгаад л буцаж ирнэ. Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам С.Баярын хөх инээд хүрч байгаа нь дамжиггүй. Түүний гурван нүүдлийн дараахийг харж хийсэн энэ алхам угийн эв нэгдэл муутай, амбиц ихтэй, дарга нараа үзэж чаддаггүй АН-ынханг хагалж, АН дотроос шинэ нам гарч ирж магадгүй л юм. Хэрвээ энэ бүх таамаг биеллээ олвол МАХН айх дайсангүй, өрсөлдөх сөрөг хүчингүй амар тайван амьдарна гэсэн үг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн золиосонд буурал Э.Бат Үүл аль эсвэл Цахиагийн Элбэгдорж хоёрын хэн нэг нь гарах боломжтой.
Эмэгтэй хүний мяндсан ухаан улс төрд арай л нарийдсаар
ИЗН-ынхан Байгуулагдаад бараг 10 жилийн нүүр үзэж байгаа ч энэ нам өнөөдрийг хүртэл хөл дээрээ бат зогсож, бас байр сууриа олж чадахгүй л явна. Эмэгтэй даргатай. Гэвч хатагтай С.Оюуны мяндсан ухаан улс төрд арай л нарийддаг бололтой. Ерөнхийлөгчийн сонгууль болгоноор “Эмэгтэй хүнийг нэр дэвшүүлнэ” гэж шуугиан тарьдаг энэ нам ерөнхийдөө ганцхан лидертэй. Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд олон нийт С.Оюуныг нэр дэвшиж магадгүй хэмээн жиг жуг хийж байсан ч тэрээр өнөөдөр хөл хүндтэй. Тиймээс ч Иргэний зоригууд шинэ нэр дэвшигч олон гэж бас л хөөрхөн будилж байна. Урьд нь хувийн сургуулийн захирал нэг эрхмийг нэр дэвшүүлж, нөгөөх нь “Бие сэтгэл билэг, оюунаа ард түмнийхээ төлөө” гэдэг хачин уриатай сонгуульд оролцоод ямарч амжилт олж чадаагүй. Одоо С.Оюун дарга Иргэний эвсэл буюу Ногоон намаас нэр дэвшиж ялалт байгуулсан Д.Энхбатыг өөртөө нэгтгэхээр ажиллаж байгаа сурагтай. Тэрч бүү хэл Иргэний Блок байгууллахаар ажиллаж байгаа гэсэн. Гэвч ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа учраас Энхбат Иргэний зоригчуудын халаасанд орохыг төдийлөн хүсэхгүй байна.
М.Энхсайханы биелээгүй хүсэл
Хүний биелээгүй хүсэл мөрөөдөл гэдэг хамгийн аймшигтай зүйл. Германы алдарт дарангуйлагч уран зургийн академиас хөөгдсөн шарандаа өөрийнхөө зургийг дэлхийн бөмбөрцөг дээр цусаар зурж байсан түүхтэй. Тэгвэл ерөнхийлөгчийн суудал руу байнга горилж бас намынхандаа чадуулж, Хувьсгалд намынханд молигодуулж байсан М.Энхсайхан гэдэг хүн Монголын улс төрийн тэргүүн болох хүслээ биелүүлэхийн тулд Үндэсний шинэ намыг Ногоон намтай нэгтгэх, аль эсвэл бие даагч З.Алтайг өөртөө татах гэсэн бодлого баримталж байна. Угаасаа л АН-ын “Ганцаардсан чоно” хочтой байсан энэ эр Үндэсний шинэ намыг байгуулж, ганц ч тойрог авч чадалгүй алдсан. Одоо түүнд Иргэний зориг, Ногоон нам, аль эсвэл бие даагч З.Алтайг ашиглан улс төрд дахин хөл тавих ганц л боломж үлдээд байна. Хэрвээ тэр үүнийг хийж чадахгүй бол насан туршдаа хэнд ч үл тоогдож амьдрах болно. Том намын том дарга явсан хүн үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй нь мэдээж. Сүүлийн үед түүнийг Д.Энхбаттай тохирч, Ногоон нам, Үндэсний шинэ нам хоёр эвсэл болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болно гэсэн мэдээлэл бас л байна. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон жүжиг, хор найруулалт үргэлжилж байна. Албан тушаалын төлөөх намуудын гэрлэлт бас эвсэл нэгдэл, блок гэж нэрлэгдээд байгаа зүйл Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш задран унах болно. Үүнтэй ч яаж ч маргаад нэмэр байхгүй.
Эх сурвалж: Тэргүүн
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jtacacl ppvUcujewnunpessjx, [url=http://cyhsgsxbtzzc.com/] cyhsgsxbtzzc[/url], [link=http://krdnmfpvonoq.com/ ]krdnmfpvonoq[/link], http://pmglsqlrvheg.com/
IP:46.161.9.32  2016-06-06 06:21:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.