Монголчууд үл мэдэгдэх зүйлд хордож эхэллээ

2009/01/24
Share |
Хүмүүс:
Монголчууд үл мэдэгдэх зүйлд хордож эхэллээ

Уг нь гэрийн хоол хамгийн найдвартай байдаг сан. Гэтэл оройн хоолондоо хордчихоод сэхээний тасагт хүргүүлэх тохиолдол сүүлийн үед хэд хэд гарсныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нар анхааруулж байна. Хамгийн ойрын жишээ хэлье. Өнгөрсөн баасан гаригийн орой нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгэн гэр хорооллын айл будаатай шөл хийж идээд, түүндээ хордон бүгд ухаан алдан унажээ. Баянзүрх дүүрэгт оны өмнөхөн хиаманд, бас нэг айл ороомогт хордон гэр бүлээрээ Халдвартын эмнэлэгт хүргэгдсэн байх юм.

Эмч нар идсэн хоолных нь дээж, өвчтөний бөөлжис, өтгөн, шингэнийг шинжлээд “хэргийн эзнийг” даруйхан олчихдог. Гэтэл сүүлчийн тохиолдол мэргэжлийн хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргажээ. Будаатай шөлөнд гүн хордож сэхээний тасагт хүргэгдсэн ээж, хүү, тэдэнтэй нэг тогооноос хооллосон хоёр хүн дүүргийнхээ Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн ч чухам юунаас хордсон нь мэдэгдэхгүй байгаа аж. Өвчтөний бөөлжис, өтгөн, цус, шээсэнд хийсэн шинжилгээгээр хордлого үүсгэгч ямар нэг нян илрээгүй.

“SS club”-т баярын зоог барьсан хоёр албан байгууллагынхан сальмонелийн нянгаар бохирдсон тахианы маханд хордсоныг тогтоосон. Гэтэл гэр бүлээрээ хордсон дээрх тохиолдлууд чухам юунаас болж ийнхүү сэхээний тасагт шилжихдээ хүрснийг мэргэжлийн хүмүүс тогтоож чадахгүй гайхшаа барж байна. Будаатай шөлөнд хийсэн мах, төмс, будаанд хийсэн шинжилгээний дүн хараахан гараагүй байгаа юм билээ. Өвчтөнүүдэд илэрсэн гэдэс базлах, халуурах, ухаан алдах зэрэг шинж тэмдэг нь хоолны хордлогынх яах аргагүй мөн гэнэ. Эмч нар урьдчилсан байдлаар “Нянгийн хорны хордлого“ хэмээх цоо шинэ онош тавьжээ.

Анагаахын талаар “А” үгүй бидэн шиг хүмүүст ойлгомжтой үгээр тайлбарлаж өгөхийг ХӨСҮТ-ийн Сургалт, сурталчилгааны албаны дарга, клиникийн профессор Ч.Уртнасангаас хүсэхэд, “Тухайн хоолны материалд байсан өвчин үүсгэгч нян хоол хийхээс өмнө үхэж, түүнээс гарсан хор нь хордлого үүсгэсэн байж болох талтай гэж урьдчилсан дүгнэлт хийсэн” гэв. Хиам, ороомогт хордсон гэр бүлийнхнийг ч иймэрхүү   бүдэг бадагхан оноштойгоор эмнэлэгт хэвтсэнийг гэрчлэх өвчний түүхийг нь хаажээ.

Нэг гэр бүлийнхэн учир нь үл мэдэгдэх зүйлд хордох боллоо. Энэ байдал даамжирч гудамжаараа, орцоороо хордоод эхэлбэл яах вэ. Тэгвэл  өвчилсөн хойно нь эмчилдэг эмнэлгийн ажилтнуудын мэдлээс хэтэрсэн асуудал болно. Хүнсний аюулгүй байдлыг хариуцдаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, гэнэтийн тохиолдлыг арилгах, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй Онцгой байдлын ерөнхий газрынхан ч энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

ХӨСҮТ болон Эрүүл мэндийн яамны халдвартын зөвлөх багийнхан, хүнсний эрүүл ахуйн хяналтын байцаагчид ойрын үед энэ асуудлаар хуралдаж нэгдсэн ойлголтод хүрэхээр тохиролцжээ.
Архангай аймгийн Ихтамир сумын цэцэрлэгийн 20 гаруй хүүхэд хоолондоо хордсон. Аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчид тус аймагт ажиллаж байгаа бөгөөд чухам юунаас болсныг тогтоох шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа гэнэ. “Бөмбөгөр” худалдааны төвөөс өнгөрсөн лхагва гаригт алим аваад, түүнээсээ ганцыг идээд бөөлжиж, халуурснаа манай ажлын нэг хүн ярив. Нэг кг нь 7500 төгрөгийн үнэтэй алимнаас амттай, чанартай хэмээн сонгож. Гэтэл өнөөх амттан нь “Цасангуа ба долоон одой” үлгэрт гардаг арааны шүлс асгарам час улаан өнгөтэй хэр нь үхлийн хор тээсэн алимыг санагдуулав.

Монголд хүнсний аюулгүй байдал анхаарал татах хэмжээнд хүрсэн. Бидний хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй найрладаг цагаан сар хаяанд ирлээ. Баярын зоогт хордсон тухай дуудлага энэ үеэр ихэснэ. Муу амлаж байгаа юм биш ээ, бодит байдал ийм. Эрүүл хүнсээр идээ будаагаа бэлтгэвэл хордлогоос айх юмгүй л дээ. Хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо хаяг шошготой, үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа нь тодорхой хүнс сонгохыг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.

Хоолны хордлого халуун, дулааны улиралд л гардаг, энэ үед мэргэжлийн хүмүүс анхааруулга сэрэмжлүүлэг өгдөг байв. Гэтэл сүүлийн үед дүн өвлөөр ч хордсоор байх боллоо. Гэр бүлээрээ, ангиараа, хамт олноороо хоолондоо хордсон гэх бараан мэдээ тасрахаа болилоо. Монгол Улсад хүнсний аюулгүй байдал анхаарал татах хэмжээнд хүрсний гэрч нь энэ. Ингэхэд чанаргүй хүнс хилээр нэвтрүүлэх учиргүй гаалийнхан, хүнсний дэлгүүр, үйлчилгээний төвүүдийн бүтээгдэхүүний эрүүл ахуйд дүн тавьж байх учиртай мэргэжлийн хяналтын байцаагчид юу хийж байна вэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.