Эрүүл мэндийн сайд асан Батсэрээдэн тэргүүтэй өндөр албан тушаалтнууд `эрүүл монгол хүн` хөтөлбөрийн гурван тэрбум төгрөгөөр гараа угаасан хэрэгт сэжиглэгдэж байна

2009/01/26
Share |
Хүмүүс: Самбуу Ламбаа | 
Эрүүл мэндийн сайд асан Батсэрээдэн тэргүүтэй өндөр албан тушаалтнууд `эрүүл монгол хүн` хөтөлбөрийн гурван тэрбум төгрөгөөр гараа угаасан хэрэгт сэжиглэгдэж байна

Эрүүл мэндийн яамныхан сүүлийн үед хэл амнаас салахаа байв. Төрийн нарийн бичгийн дарга нь том толгой гаргаж, малайзчуудыг дэмжсэнийхээ төлөө их хэмжээний авилгал авсан байж магадгүй хэрэгт орооцолдож сайн дураараа халагдах өргөдлөө өгөөд байгаа . Төрийн нарийн бичгийн дарга Ж.Алтантуяатай холбоотой энэ хэрэг газар авч, АТГ-ынхан Эрүүл мэндийн яамаар эргэлдэх болсон гэнэ. Энэхүү шалгалтын явцад олон ноцтой баримтууд дэлгэгдэж, Эрүүл мэндийн сайд асан Б.Батсэрээдэн хатагтайн нэр холбогдож эхэллээ. Энэ удаа асар их хэмжээний хөрөнгө мөнгө дарга нарын гарын салаагаар урссан гэх мэдээллийг яамны зарим нэр бүхий ажилтнууд АТГ-т гаргаж өгөөд байгаа гэнэ. Манай сэтгүүлчид энэ хэргийн талаар Эрүүл мэндийн яамныхантай уулзсан юм.

"Эрүүл Монгол хүн хөтөлбөр" дарга нарын бизнес болж хувирсан:
Өнөөх муу нэртэй, луу данстай Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар томилогдсоынхаа дараахан баахан хэл аманд өртөж, гар хөлөндөө хүртэл кондом углаж, жагсаал цуглаан зохион байгуулж байж "Эрүүл монгол хүн" хөтөлбөр гэгчийг санаачлан батлуулсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.3 тэрбум төгрөгнөөс 3 тэрбум төгрөгийг зарцуулсан. Харин мөнгөний зарцуулалт дарга нарын гараа ороод л алга болсондоо гэж яамны мэргэжилтнүүд ярьцгааж байх юм. Эрүүл мэндийн яам гэдэг танил тал, найз нөхөд ах дүүгийн цул холигдсон газар болж хувирсан гэнэ. Б.Батсэрээдэн сайдын дүү, Эрүүл мэндийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Бүжингийн санаачлагаар "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв хариуцаж хийсэн юм байх. Өрхийн эмнэлэгээр дамжуулж, үзлэг оношлогоо хийсэн нэртэй ч яг ямар үр дүн гарсан нь тун бүрхэг байна. Өрхийн эмч нар л баахан зэр тарааж, хэдэн хүн үзлэгт хамруулсан бололтой юм. Харин Нийгмийн даатгалын сангаас гарсан гурван тэрбум төгрөгний зарцуулалтыг Эрүүл мэндийн яамнаас хайгаад олсонгүй. Энэ их мөнгөөр сайд дарга нар гараа угаачихсан гэдэг хардлага л лав ор хоосон биш бололтой.

"Эрүүл Монгол хүн" нэртэй 20-30 минутын баримт киног 15 сая төгрөгөөр "Бидний эрүүл мэндийн төлөө зүтгэгчид" 20 минутын баримтат киног 24.9 сая төгрөгөөр хийлгэсэн гэнэ. Нэг цаг хүрэхгүй хоёрхон баримтат кино хийлгэхийн тулд л 40 сая төгрөгийг гаргаад туучихаж. Энэ баримтыг ухаад үзвэл тун хөөрхийлөлтэй. 24.9 сая төгрөгний өртэгтэй киноны 20 минутын зураг авалтыг 300 хан мянган төгрөгөөр хийлгэсэн гэж байгаа. Тэгсэн хэрнээ уран бүтээлийн шагналд 3.7 сая төгрөг гаргачихсан байх юм. Үүнээс гадна "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд 11 төрлийн телевизийн нэвтрүүлэг бэлтгэж цацсан, үүнд 17.3 сая төгрөг зарцуулжээ. Нийгмийн даатгалаас гарсан 3 тэрбум төгрөгний зарцуулалтын талаар өөр ч ноцтой баримтууд их байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд "Эрүүл амьдрах ухаан" гэр бүлд зориулсан гарын авлага гэгчийг 44 сая 800 мянган төгрөгөөр хийж. Ердөө хорин мянган ширхэг л гарын авлагаа тараахад зориулан бараг 13 сая төгрөг зарцуулсан юм байх. Арай хэтэрхий байгаа биз.

Энэ их мөнгийг кино хийж, цаас болгон тарааж байхын оронд өнөөдөр үхэл сэхлийн ирмэг дээр байгаа хэдэн хүнийг хагалгаанд оруулчихгүй дээ гэж харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Хамгийн инээдтэй нь "Эрүүл монгол хүн" хөтөлбөр хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцсон мэргэжилтнүүдийг одоо шагнаж, хурал зөвөлгөөнд 10 сая төгрөг зарцуулахаар болж. Гэтэл энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж ажилласан өрхийн эмч, багийн эмч нарт сохор зоос ч оногдсонгүй. Байдал нэг иймэрхүү. Монгол хүнийг эрүүжүүлэх энэ хөтөлбөрийн бараг 100 сая нь дарга нарын шагнал, хэдэн хуурцаг кино, цоохор цаас болоод тарчихаж. Үлдсэн мөнгө нь хаачсан, юунд зарцуулагдсан гэдгийг АТГ-ыхан л олж тогтоох байх даа.

Эрүүл мэндийн яам "Моннис"-ийн шахааны газар гэж үү?
Ийм асуултыг Эрүүл мэндийн яамныхан надаас асууж байх юм. Уг нь тэд энэ асуултаа сэтгүүлчээс биш сайдаасаа л асуух учиртай баймаар. Ажлаа хүлээлгэж өгөх дээрээ тултлаа эвгүй байдалд орсон Төрийн нарийн бичгийн дарга Ж.Алтантуяа Сүхбаатар аймгийнх гэнэ. Тиймээс нутгийн бизнесменээ дэмжиж "Моннис" группээ яамандаа машин шахдаг тухай мэргэжилтнүүд нь ярьцгааж байна. Өнгөрсөн жил гэхэд л Нийслэлийн Түргэнэ тусламжийн газарт шаардлагатай 40 машины тендерийг Эрүүл мэндийн яамнаас зарлажээ. Энэ тендерт "Зиг заг" компани ялсан ч одоо хүртэл хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүй байгаа аж. "Моннис" ялаагүй учраас энэ тендерийг дахиулахаар дарга нар оролдож, "Зиг заг" шүүхээр явж байгаа гэдэг мэдээлэл ч чих дэлсэж байлаа. Үнэхээр Эрүүл мэндийн яамны үүдээр дүүрэн "Ниссан" машин зогсож байгаа харагдсан.

С.Ламбаа сайд явгарах дээрээ тулав
Эрүүл мэндийн яамныхан ажлаас хусагдсан ч унаж байгаа машинаа өгөхгүй гүрийдэш өвчтэй болчихоод байгаа юм байх. Сайд асан унаж байсан машинаа хүлээлгэж өгсөнгүй. Тэр ч бүү хэл энэ машиныг хүү нь унаж байгаад эвдчихсэн сурагтай. Унах унаагүй болсон С.Ламбаа сайд шинэ машин худалдан авсан гэнэ. Ж.Алтантуяа ч өнөөдрийг хүртэл унаж байсан машинаа хүлээлгэж өгөөгүй л байгаа сурагтай.

200 сая төгрөг дашии шог
Ж.Алтантуяа хатагтайг Эрүүл мэндийн яамнаас олон тендер будлиантуулсан гэдэг мэдээлэл бас л чих дэлсэж байх юм. Өнгөрсөн жил улсын төсвөөр Архангай аймагт баригдах 30 ортой Халдюартын эмнэлгийн тендерт анх ялсан компианаас Эрүүл мэндийн яамны нэг дарга мөнгө нэхээд өгөөгүй учраас тендер буцсан сурагтай. Харин хоёр дахь тендерт ялсан компани 200 сая төгрөгөө авсан ч тэр чигээрээ алга болчихож. "Энэ барилгын талаар Б.Батсэрээдэн, Ж.Алтантуяа нэр л мэднэ" гэж Эрүүл мэндийн яамныхан ярьж байна. 200 сая гэдэг их мөнгө. Гэвч энэ мөнгөний араас эрэл сурал хийх хүн алга. Үүнээс гадна Халдварт өвчин судлалын үндэсний төв гэдэг газар Эрүүл мэндийн яамны хуучин сайд дарга нарын "саалийн үнээ" болж хувирсан бололтой. Энэ төвийн захирлаар экс сайдын ганц найз ажилладаг учраас арай л илүү хангамж эдлэж байсан бололтой. Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн төрөх өрөөг эрхэм сайд 70 гаруй сая төгрөгөөр тохижуулах шийд гаргаж. Гэвч асар өндөр үнээр тохижуулсан энэ өрөөнд өнгөрсөн жил ганцхан эх төрсөн гэнэ. Гэтэл өнөөдөр өдөртөө 50-100 эх төрж буй төрөх эмнэлгүүд асар хүнд байгаа. Өрөө тохижуулах нь бүү хэл гэзэр дээр гудас дэвсээд төрөх дээрээ тулж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамныхан хүлээн зөвшөөрч байна.

Эх сурвалж: Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.