Л.ГҮНДАЛАЙ: ЯЛАХ БОЛОМЖТОЙ ХҮН НЬ БИ

2009/02/03
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Л.ГҮНДАЛАЙ: ЯЛАХ БОЛОМЖТОЙ ХҮН НЬ БИ

Яг л алтан загасны үлгэрт гардаг эмгэн шиг улстөрчдийг олны анхаарлын төвд байх дуртай гэдэг. Тэгэхдээ бүгд биш л дээ. Усанд хаясан чулуу шиг чимээгүй байдаг нөхдүүд сонгуулийн жил гэнэт амилдаг бол байнга “шоуддаг” гарууд бий. Тэдний нэг нь Л.Гүндалай гишүүн. Эрхэм гишүүн өнгөрсөн жил хэл аманд орооцолдон УИХ-ын гишүүн байх уу, үгүй юу гэдэг дээрээ тулаад аргагүй эрхэнд Ард түмний намын даргаасаа татгалзаж Ардчилсан намд дагаар орсон билээ. Тухайн үед албан тушаалтайгаа үлдэх гэж хийсэн түүний энэ сонголт харалган байгаагүй гэх.

УИХ-ын 2008 оны сонгуульд Ардчилсан намаас төрсөн нутагтаа нэр дэвшин дахин төрийн түшээ болсон. Гэвч эрхэм гишүүнд энэ албан тушаал нь чамлалттай санагддаг бололтой. Тэрбээр Б.Обама шиг ерөнхийлөгч болох мөрөөдөлдөө автаад өнгөрсөн баасан гарагт олны нүдийг орой дээр нь гаргав. Учир нь Л.Гүндалай гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч болмоор байна гэнэ. Яг л алтан загасны үлгэрт гардаг эмгэн шиг. Тиймээс энэ хүсэлтээ намынхаа даргад уламжилж, албан бичиг хүргүүлжээ.

Уг албан бичигт “Ардчилсан намын гишүүн Л.Гүндалай би 2009 оны тавдугаар сарын 9-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихийг хүсэж байна. Миний бие 45 нас хүрсэн бөгөөд агуу их монголын ард түмэн, Чингисийн Монгол Улсын сайн сайхны өөрчлөлт, шудрага ёсыг тогтоохын төлөө ардчилсан, энэрэнгүй Ерөнхийлөгч байхаар сонгуульд өрсөлдөн ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй буйгаа үүгээр мэдэгдэж байна. Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тус намын их хурлаар нэг бүрчлэн хэлэлцүүлж, санал хураалтаар тодруулан баталгаажуулахыг хүсэж байна” гэж бичээд төрсөны гэрчилгээ, намтар зэргээ хавсралтаар хүргүүлсэн аж.

Монгол Улсын төрийн тэргүүн болно гэдэгтээ итгэлтэй байгаа Л.Гүндалай гишүүн хэрэв Ерөнхийлөгч болвол ард түмэндээ зүрх сэтгэлээрээ хандана, ядуурал, хямралаас гаргаж чадна гэв. Түүнчлэн “Би Чингис хаан, Цахиур Төмөр, Барак Обама шиг Ерөнхийлөгч байж чадна” гэж хэлсэн нь олны анхаарлыг татсан юм. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ түүний адил илэрхийлсэн хүн байхгүй. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар нэр дэвших магадлал өндөр байгаа ч Л.Гүндалай гишүүний хэлж буйгаар “Нэр дэвших хүсэлтэй хүн олон байгаа.

Гэхдээ ялах боломжтой хүн нь би л байна” гэж хэлсэн нь өөртөө дэндүү итгэлтэй байгааг илэрхийлнэ. Харин өөртэй нь холбоотой олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “ Одоо яригдаад байгаа зүйл бол миний нэр төрд халдах, намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх оролдлого байсан. Зориуд ингэж улстөрийн зорилгоор гэмт хэрэгт холбогдуулж байгаа юм. Гэхдээ энэ бүтэхгүй” хэмээн мэдэгдлээ.

-Л.Гүндалай би Хөвсгөл аймгийн Хатгал суманд иргэн Ламжавын 11 хүүхдийн найм дахь хүүхэд болон төрсөн.
-Хатгалын арван жилийн сургуулийг онц дүнтэй төгсөн улмаар ХБНГУ-д хүний их эмч мэргэжлийг эзэмшиж, улаан дипломтой төгссөн.
-Англи, Герман, Орос хэлтэй.
-Эмчийн ажил болон бизнес эрхэлж байсан.
-Эхнэр, таван хүүхэдтэй.
-УИХ-д тасралтгүй гурван удаа сонгогдсон.
-Эрүүл мэндийн сайд байхдаа “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр боловсруулсан. Хүүхдийн мөнгийг санаачилж, Монголын нэг сая хүүхэд, олон зуун мянган өрхөд дэм болж байгаа.
-2000 онд АН-ын дэд дарга болж, ардчилалын төлөө тууштай тэмцэж, 2003 онд баригдаж, хоригдож явсан.
-2002 оноос “Сант-Марал” болон бусад судалгаагаар топ арван улстөрчийн айргийн тавд тасралтгүй орж байгаа.
-Сүүлийн үеийн хэлмэгдүүлэлтэд ихэд өртөж сайн, муугаар хэлүүлэх тусам үнэн ялна гэдэгт итгэлтэй байгаа.

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.