Солонгост байгаа монголчууд ажилгүй болж байна

2009/02/10
Share |
Хүмүүс:
Солонгост байгаа монголчууд ажилгүй болж байна

Дэлхий даяар үргэлжилж байгаа эдийн засгийн хямралаас шалтгаалж гадаадад ажиллаж буй монголчуудын байдал улам бүр эгзэгтэй болж байна. Тухайлбал БНСУ-ын Засгийн газар л гэхэд ажлын байр хомсодсон, өнгөрсөн оны квотыг ашиглаж дуусгах, холбогдох хуульд өөрчлөлт оруулах болсон зэргээс шалтгаалан он гарсаар гадаадаас ажиллах хүч нэмж оруулахаа түр зогсоогоод байна. Гэхдээ 2008 онд зөвшөөрөл олгосон цөөн тооны ажилчид авч байгаа аж.

Гэвч өнгөрсөн онд Солонгосоос ажлын байрны захиалга авсан 700 гаруй монгол иргэд одоо хүртэл явахгүй хүлээлтийн байдалтай, яах нь тодорхойгүй байгаа юм. Тус улсын Хөдөлмөрийн яамны мэдээгээр шинээр ажилчид нэмж оруулах эрх нээгдсэн ч гадаад орнуудад өгөх квот өмнөх оныхоос даруй 20-30 хувь буурах төлөвтэй байна. Иймд одоо явахаар зэхэж буй 5000 монгол хүний тоо 2009 онд 1000-1500-аар багасна гэж Гадаад хэргийы яамнаас мэдээлэв.

Шинээр очих ажилчдаас гадна тэнд ажиллаж буй гадаад иргэд ч хэцүү байдалд орж байгаа гэнэ. Жижиг, дунд үйлдвэр олноороо хаалгаа барьснаас өнгөрсөн оны 10-12 дугаар сард гадаадын 8000 орчим, түүний дотор манай 1000 гаруй гэрээт ажилчин сул зогсох буюу ажлаасаа халагдаж цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. Ийм нөхцөлд Солонгосын хөдөлмөрийн бирж ажил олгох ёстой боловч хэрэг дээрээ ажил олдохгүй байгаа аж. Иргэд энэ асуудлаар Гадаадад ажиллах хүч илгээх төв / ГАХИТ/-ИЙН Сөүл дэх төлөөлөгчийн газарт хандах болжээ. Ихэнх үйлдвэр ажлын цагаа багасгаж, таван өдөрт шилжсэнээр дотоод, гадаадын ажилчдын хөдөлмөрийн сарын хөлс 836.000 вон /620 ам.доллар/ болтлоо буурсан байна.

Ер нь хөдөлмөрийн хөлс бүхэлдээ буурсан, воны ханш унасан зэргээс болж хямралын өмнө 900 ам.доллар авч байсан монгол ажилчдын сарын дундаж цалин 600-650 ам.доллар болсон аж. Энэ нь цаагуураа Монгол руу шилжих валютын хэмжээг багасахад нөлөөлж буй бөгөөд иргэд воны ханш чангарахыг хүлээж мөнгө гуйвуулахаа азнаж байгаа аж. Монголчуудын хамгийн өргөн үйлчлүүлдэг мөнгөн гуйвуулгын “Korea Exchange Ваnк”-ны судалгаагаар, 2008 онд Монгол руу илгээх ажилчдын нийт мөнгөн гуйвуулга 40 хувиар багасч, тус банкаар гэхэд дөнгөж 20 сая 753 мянган доллар шилжсэн аж. Энэ нь ердөө монгол ажилчдын хямралаас өмнө гуйвуулж байсан нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө аж.

Түүнчлэн 2008 оны зургадугаар сараас хойш нийт 2500 хүн нутаг буцсан нь угтаа хямралаас үүдэлтэй гэж албаны хүмүүс үзэж байна. Тус улсын ХЗЯ-ны албан ёсны мэдээгээр энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар БНСУ-д нийт 32200 монгол иргэн амьдарч байна. Үүнээс суралцаж байгаа 1717, солонгос иргэнтэй гэр болсон манай харьяат 2325, МИАТ, УНДЕГ, ГАХИТ, Хаан банк зэрэг төлөөлөгчийн газрын ажилтан, монгол сургуулийн багш, хувиараа бизнес эрхлэгчид, тэдний гэр бүлийн гишүүд, гурван сарын визээр ирэгчдийг хасаад 27 мянган иргэн ажиллах хүчний шугамаар хөдөлмөр эрхэлж байна. Эдгээрийн 16800 нь гэрээгээр, 10 мянга гаруй нь хууль бусаар ажиллаж байгаа аж.

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.