Ерөнхийлөгчийн сонгууль 2005 оны алдаа ба оноог давтана

2009/02/18
Share |
Ерөнхийлөгчийн сонгууль 2005 оны алдаа ба оноог давтана

Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль аль хэдийнээ зарлагдсан. УИХ-ын тогтоол ёсоор бол 5 сарын 24 нд Монголчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Уг сонгуульд хэн нэр дэвших нь албан ёсоор гараагүй ч тодорсоор байна. 2005 оны сонгуульд  МАХН, АН, БНН, Эх орон намуудын дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж Н. Энхбаяр олонхийн саналаар сонгогдсон. Уг нь тэр үед АН-ын нэр дэвшигч нэлээд өндөр санал авах магадлалтай байсан. 2004он УИХ-ын сонгуулиар аль нэг нам дангаараа засгийн газраа байгуулах боломжгүй дүн гарснаар хамтарсан буюу зөвшилцлийн засгийн газар ажиллаж байсан. Гэвч хамтарсан засгийн нэг тал болох  “Эх орон ардчилал эвсэл” задарснаар тус эвсэлд багтаж байсан АН, Эх орон, ИЗН-ууд тус тусдаа болж, АН хоёр ч даргатай болсон. Энэ нь нэр дэвшсэн М.Энхсайхны рейтэнгийг навс унагаасан хэрэг болж байлаа. Нөгөө талаар тэр үеийн АН-ын удирдлага М.Энхсайхныг нэр дэвшүүлээд түүнийг ялуулахын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй гэхэд болно. Мөн нэг эвсэлд байсан М.Эрдэнэбат нь өрсөлдөгч болон нэр дэвшсэн нь АН-аас нэр дэвшигчийг 20 хүрэхгүй хувийн санал авахад хүргэж байсан гэдэг.

Тэгвэл энэ удаа ч бас нэг иймэрхүү сонгууль болох нь гэлцэж байна. УИХ-д суудалтай гурван нам, нэг эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх бүрэн эрхтэй.  МАХН, АН, ИЗН, Иргэний эвсэл бүгд сонгуульд оролцдоггүй юм гэхэд мэдээж наад зах нь хоёр нэр дэвшигчтэй сонгууль болно. Одоогоор нэр дэвшиж магадгүй гэсэн хүмүүсийн тоо 10  гаруйд хүрээд байна. МАХН-аас гэхэд одоогийн Ерөнхийлөгчөөс эхлээд Ерөнхий сайд С.Баяр, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ч.Улаан гээд нэрс хөвөрч байна. Тэгвэл АН-аас Ц.Элбэгдоржоос эхлээд Э.Сат-Үүл, Г.Батхүү гээд олон хүний нэр сонсогдож эхлээд байна. 2001 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Р.Гончигдоржийг ч бас боломжийн гэх хүмүүс бий. Эднээс гадна хүч үзэх бодолтой Р. Амаржаргал нарын хүмүүс ч байгаа. Эдний хажуугаар Л.Гүндалай “Хэрвээ намайг нэр дэвшүүлчихвэл 70 хувиар цэвэр ялна” хэмээн хошин жүжиг тавьж яваа. 2004 онд мань эр “Намайг эрүүл мэндийн сайд болгоод өгөөч “ гэж намын даргаа гуйж гувшин, тааллыг нь болгоосонгүй гэж дарга нараа нулимж АТН гэгчийг байгуулан гарсан.

Засгийн газрыг унагалцан байж Эрүүл мэндийн сайд болсон ч түүнээсээ болоод сүүлийн гурван жил бүтэн нойртой хонож чадахаа байсан. Түүнийг түдгэлзүүлэх бичгийг Прокуророос таван ч удаа оруулж ирээд байгаа тул ингэж шоудах нь түүнд ашигтай гэж бодсон бололтой. ИЗН-ын хувьд С.Оюуныг нэр дэвшүүлж магадгүй. Тэгвэл  тэр  анхны эмэгтэй нэр дэвшигч болно. Гэхдээ тус нам АН-ыг дэмжин оролцох магадлалтай. Иргэний эвсэл нэрээр  НН-ын дарга болсон Д.Энхбат  УИХ-д саяхан орж тангарагаа  өргөсөн. Уг эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд  өрсөлдөх нь бараг л тодорхой бөгөөд нэр дэвшигч нь Д.Энхбат байх болов уу. Ер нь хэдэн ч нэр дэвшигч оролцсон 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүр төрх давтагдах нь тодорхой гэлцэнэ. Учир нь МАХН, АН мөн л нэг Засгийн газарт багтчихсан байгаа болохоор АН нэр дэвшигчээ М.Энхсайхны араас оруулах магадлал өндөр байна

Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.