Сумьяабазар аваргын нагац ах Х.Пүрэвээ "автобус-3" компанийн өөдтэй болгоныг хувьдаа завшин дампууруулж байна

2009/02/23
Share |
Хүмүүс:
Сумьяабазар аваргын нагац ах Х.Пүрэвээ

Төрийн өмчийг үнэгүйдүүлж хамраар нь газар хатгуулж байгаад халааслах хар операци өнөө үед газар аваад буй. Үүний нэг жишээ нь “Автобус -3” компанийг нэрлэж болохоор. Цатаа 50-иад автобус, 300-аад ажилчин ажиллагсадтай байсан тус компани өдгөө ердөө 5 автобус  60 хүрэхгүй  ажилчидтай шар нар бор хоногийг арайхийн өнгөрөөх болжээ. Тус компанийн ажил өөдөө биш уруугаа явдаг нь удирдлагуудын унхиагүйнх гэлтэй. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компанийн удирдлагууд нь техникийн наад захын мэдлэгтэй байх ёстой ч “Автобус -3” –ын хувьд байдал эсрэгээрээ байдаг нь ажил үйлчилгээ явуулахад нь төвөг учруулдаг байна. Шаардлага  хангахгүй техниктэй замд гарах нь осолтой ч удирдлагууд нь үүнийг эс хайхран төлөвлөгөө орлого нэхэн байнга шавдуулдаг учир айхдаа жолооч нар нь амаа хамхиад өнгөрдөг аж. Өнгөрсөн 2007 оны 12 сарын 14 нд гарсан осол ч үүнтэй холбоотой гэнэ. Нэг хүн нас барж олон хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан энэхүү ослын шалтгаан нь хуучин хээгүй халзан болсон дугуйнаас болсон ч жолооч нь буруутан болж 3 жил 1 сарын ял авсанаар тэгсгээд  өндөрлөсөн. Харин техникийн бүрэн бүтэн байдлыг нь шалгаж хангаж өгөх ёстой удирдлагууд  нь ямар ч хариуцлага хүлээгээгүй.  Дэлгэрнаран дарга ажил дээрээ байхаасаа байхгүй нь олонтаа. Түүний эзгүйд энэ газрын хамгийн их эрх мэдэлтэй хүн нь ашиглалтын албаны дарга Х. Пүрэвээ.  Аварга Д.Сумьяабазарын нагац ах улсын цоллогч засуул Х.Пүрэвээ гэвэл хүмүүс андахгүй.

Ашиглалтын албаны дарга “Автобус -3” компанийн Үйлдвэрчний хороон дарга гэсэн албан ёсны сэтэртэй ч түүний оролцохгүй асуудал, гүйхгүй газар, хошуу хүрэхгүй хэрэг гэж үгүй. Сайн дурааараа хүний нөөцийн менежерийн ажлыг ч хийлцэн ажилчдаа өөрийн дураар халж солин тэдний  эрх ашгийг хамгаалах нь бүү хэл уландаа гишгэн ямар ч тооцоо судалгаагүй орлого хийхийг шаардан, биелүүлээгүйг нь элдвээр дарамтлан “чадахгүй бол ажлаас гар зайл” хэмээн хөөдөг аж. Тус компанийн 5 автобус явдаг Дарь-Эх-Вокзалын чиглэлд эднийхээс Атибус компанийн 11, Трансбус компанийн 2 автобус бий. Нийт 18 автобус энэ чиглэлд нэг рейсэнд 35000 төгрөг оруулна гэдэг ёстой биелэгдэшгүй хэрэг. Автобус дүүртэл чихэхэд л нэг удаагийн дээд тал нь 20-25 мянган төгрөгийн орлого олдог байна. Энэ орлогыг хийж чадаагүй нэрийдлээр цалинг нь хасаж 108 мянган төгрөгний цалинтай ажилчин бүтэн сарын цалин гэж 50-80 мянган төгрөг авах жишээтэй.

Цалингаа нэмүүлье гэж хэлсэн нэг нь ад үзэгдэж ажлаас хөөгдөхдөө хүрдэг тул хэн нь ч ам ангайж зүрхэлдэггүй байна. Ажилчдын эрх ашиг дээд зэргээр зөрчигддөг энэ газарт ямартаа л “Цалингийн урьдчилгаа өгөөч” гэж орсон кондуктор бүсгүйг ня-бо нь өрөөгөө түгжиж байгаад хувцас хунарыг нь тайлан нүцгэлж доромжлон нулимстай нь хутгаж байхав дээ. Үүгээр зогсохгүй “Автобус-3” компани 2004 оноос хойш ажилчдынхаа цалингаас суутгасан хэрнээ нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй ажилчдаа хохироож байгаа аж. 2, 3 жилээр нийгмийн даатгалаа төлүүлэлгүй ажлаасаа гарсан хүн олон. “Тус компанийн 100-ийн гараж” гэж зуун автобусны  багтаамжтай том гаражийг  Х.Пүрэвээ түрээслэдэг.  Түүнээс гадна агуулах болон үйлдвэрлэлийн зориулалтаар нэлээд олон газрууд тус компанийн барилга байгууламжийг түрээслэдэг ч түрээсийн мөнгө авдаг эсэх, авдаг бол чухам юунд зарцуулагддаг нь ажилчдад нь тодорхой бус байдаг байна. Адилхан “Автобус-1”, “Троллейбус-3” улсын компаниуд хэвийн үйл ажиллагаа явуулж байхад энэ компани яагаад болохгүй байна гэдгийг дээрх баримтыг уншсан хэн ч бодож үзмээр. Ийнхүү улсын өмч үнэгүйдэж ажилчид нь хохирч байгааг төр засаг минь эргэн харах цаг нэгэнт болсныг сийрүүллээ

Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.