ИХ ХУРАЛ ЭНЭ НАМ ХЭНИЙ ӨМЧ БАЙХЫГ ШИЙДЭХ ЦАГ

2009/03/05
Share |
ИХ ХУРАЛ ЭНЭ НАМ ХЭНИЙ ӨМЧ БАЙХЫГ ШИЙДЭХ ЦАГ

УИХ-ын сонгуулийн дуулиан намжаагүй, сонгуулийн шуугианы хөлд үрэгдсэн үрийнхээ хойноос харууссан эхийн нулимс хатаагүй байхад дараагийн сонгууль хаалга цохиж, хаяа хатавч маажиж байна. Зуны налгар өдөр, айраг цагаа, наадам хүлээж байгаа хүний хувьд хоёр сар гэдэг жингийн цуваа шиг аажуухан, ирэх цаг болоогүй ч улс төрд уухайлан зүтгэгчдийн хувьд маргаашаас нэг ч их ялгаагүй байдаг биз. Намуудын сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчээ тодруулах ажиллагаа олгойн дотроо явагдаж дуусаад дараагийн шатандаа шилжиж байна. Тэд захаасаа эхлээд нэр дэвшигчээ тодруулах хурлын товоо зарлаж байна.
АН ирэх сарын дөрвөнд хуралдана гэнэ. Хуралдана ч гэж үзүүлнэ дээ. Ханцуйн дотроо наймаалцаж, наашаа харж инээлдэж, цаашаа харж шудралцана биз. Ардчилсан журмаар шийднэ гэсэн сайхан торгон хөшигний цаадах жүжиг юу л болох бол. Өнгөрсөн сонгуулиас хойш АН-ын дотоод зөрчил байж болох дээд хэмжээндээ тулсан. Их сургуулийн багш, сонины сэтгүүлч байсан нөхдүүд ардчилалын салхинд туугдан улс төрийн тогоонд орж, бялууны амт мэдэрсэн тэр цагаас эхэлсэн “ХЭН НЬ ЭЗЭН БЭ?” уралдаант шалгаруулалтын дүн сонгууль бүрээр өөрчлөгдөж байна

Р.Гончигдорж, Б.Батхүүгийн нэг нь буюу Алтангадасын зиндаа

АН дангаараа Монголын ардчилалыг өмчилдөг байсан бол өдгөө АН-ыг Алтангадас дангаар өмчилдөг болоод байгаа. Алтангадасын нөхдийг дараад байж чаддаг байсан ганц дайчин Ц.Элбэгдорж сонгуульд ялагдвал суудлаа өгнө гэсэн том амнаасаа болж огцорсноос хойш Алтангадасынхан ёстой л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж эхэлсэн гэх. Тэдний ирэх гурван сарын ажлын төлөвлөгөө намаа ерөнхийлөгчийн сонгуульд төлөөлөх өөрийн нэр дэвшигчээ сонгуулах юм. МАХН-тай өрсөлдөж ялах эсэх нь тэдний хувьд хамгийн чухал нь бус. Хамгийн гол асуудал бол фракцаасаа хэн нэгнийг ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд ялуулах гэнэ. Учир нь энэ сунгаа Алтангадасынхныг нам дотроо хэн болох, ямар зиндаанд байгаагаа харуулах алтан боломж. Тиймээс фракцын журмын нөхөд дундаас хэн нэг нь ялах нь бараг л тодорхой. Өөрөөр хэлбэл Р.Гончигдоржоор эхэлж, Б.Батхүүгээр үргэжлэх нэрсийн цуваа бэлэн байна.

Горилогчид ч зүгээр ер суухгүй байгаа. Б.Батхүү Өвөрхангайн Уянгын урчуудын ур шингэээж, Шунхлай группынхээ бэлэгдэлээр гоёсон битүү хээтэй монгол гэр төхөөрч сэтгүүлчийн асуултанд “хүмүүс надад итгэл өгөхөд би зүтгэнэ” гэж хариулсан шиг сууна. Р.Гончигдорж нэг бүдэрч байсан довондоо дахин үзэхээр зэхэж “АН-ынхныг Христийн шашиныг сурталчилдаг гэдэг. Намайг бүр гол төлөөлөгч нь гэдэг. Би чинь өвөг дээдсийнхээ шашиныг шүтдэг хүн шүү дээ” гэж олонхийн өмнө хаяагаа манаж байна. Бас ч болоогүй номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг байнга л намайг ингэж тэгж ярих юм. Гэхдээ хэрэгтэй болохоороо надад жингээ ачиж, унаад л явдаг ухааны юм ярьж, өрөвчхөн сэтгэлтэй хүмүүсийн судсыг тэмтэрч байна.

Хэн манлайлахыг гагцхүү горилогчийн хөрөнгө бэл, тэргүүн шадар сайд, фракцын “толгойлогч” Н.Алтанхуягийн ашиг сонирхол мэднэ биз. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат их хурлын тов зарлах хэвлэлийн хурал дээрээ ҮЗХорооны гишүүдийн бүрэлдэхүүн шинэчлэгдсэний дараа сонгуулийн сунгааг хийнэ гэж тодруулаад байна билээ. Тэгэхээр ерөнхий нарийн бичгийн даргын энэ үг ҮЗХороогоо өөрсдийн хүмүүсээрээ бүрэлдүүлж, дараа нь хэн хүссэнээ ялуулах жүжгийн оршил, бас тайлал нь бололтой.

Ц.Элбэгдорж тийм амар хоол гэж үү

Хуучин цагийн хур туршлагатай хорчид Алтангадасынхны энэ бүхнийг зүгээр хараад суух нь юу л бол. Тэдэнд ч бас жүжгийн үзэгдэл, найруулагч, гол дүрийн жүжигчин байгаа нь лавтай. Жүжгийн гол дүрд Ц.Элбэгдорж тоглож, туслах дүрийг Э.Бат-Үүл, Л.Гүндалай нар бүтээж байна. Жүжгийн гол санаа нь эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч болох гэвч урт шар дээл, дөрвөн талт малгай өмсөөд зохихгүй ганцхан дутагдалтай гол дүрийн баатар үзэгчдийн  сэтгэл зүйг бэлтгэнэ. Түүний гол үүрэг нь ардчилсан хувьсгал ялсан цагаан морин жилээс хойш бид улаан коммунистуудаар төрийн тэргүүнээ сонгож байсан алдаатай гэж ойлгуулах юм. Тэр дундаа Н.Энхбаяр гэж урт шар хүн хүн харах царайгаараа баг хийж, үнэн байдалдаа хичнээн аймаар луйварчин болохыг тайлбарлан таниулах. Үүнд түүний “хошгируулах” авъяас яг тохирно. Тэр энэ бүхнээ итгүүлж чадна, өдгөөгийн ерөнхийлөгчийн авах саналаас зулгааж дөнгөнө. Гэтэл манай Монголчууд хүн муулсан нэгэнд яснаасаа дургүй. Энд л хамаг учир нь байна. Н.Энхбаярыг муу хүн гэдэгт итгэж болох ч хөөрхийг муулаад байсан Элбэгээд ч бас дургүй болчихно. Яг энэ үед ардчилалын алтан хараацай Э.Бат-Үүлийн даль жигүүр ургаж өдлөн ниснэ, өндөрт хөөрнө. Түүний ийн халин дүүлэн нисэхэд өөр нэгэн дэм тус хүргэгч нь Л.Гүндалай. Эвгүй хоолойтой ч аргыг нь олоод дуулчихдаг шилийн сайн эрийн хойд дүр энэ эрхэм яг чухал үед буурал Үүл шиг хүнийг ерөнхийлөгч болох хүн мөнөөсөө мөн юм байна гэж хэлнэ. Бас болоогүй намайг дэмждэг хүмүүс энэ хүнийг дэмжээрэй гэнэ. Энэ хөнгөн заль түүний анхных биш. 2004 оны сонгуулиар М.Энхсайханыг Хөвсгөлд ялуулах гэж дүү Л.Дэлгэрдалайгаараа туг тахиж байсан удаатай. Үүнийхээ хөлсийг чамлалтгүй авсан ч гэдэг.
Энэ бүхний эцэст АН цаашдаа хэний өмч байхыг шийдэх эмгэнэлт драм удахгүй тоглогдох нь ээ

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.