Уурласан уяачид хоёр цэргийн толгойг хага цохижээ

2009/03/05
Share |
Хүмүүс:
Уурласан уяачид хоёр цэргийн толгойг хага цохижээ

Энэ хэрэг өнгөрсөн шинийн гурванд Төв аймагт уралдсан хурдан морины уралдааны үеэр болж. Дөрвөн хоногийн турш хээр хонож, хэц дэрлэн байж өвлийн урт шөнийг туулсан хөөрхий цэргүүдэд өгсөн шартай уяачдын бэлэг гэнэ.

Зэвсэгт хүчний ангиудад хугацаат цэргийн албаа хааж байгаа хүүхдүүдээ цагаан сараар чөлөө аваад ирнэ хэмээн хүлээж байж, эцэг эхчүүд нь. Гэтэл цагаан сараар чөлөө аваад очно гэж байсан хүүхдүүд нь ирэхгүй болохоор гайхсан эцэг эхчүүд хүүхдүүдээ алба хааж байгаа ангид нь эргэхээр очиход хурдан морины уралдааны хамгаалалтад гарсан байжээ. Ингээд баяраар амрах эрхгүй болсон хүүхдүүдээ эргэж очсон эцэг эхчүүд "Хамгаалалтад гарсан цэргүүд омогтой уяачид тархиа хага цохиулсан. Хүйтэн өдөр хөлдүү газар ухаж, нүх малтаж шон босгоод зогсохгүй, шөнийн харуулд гарснаас хацар, гараа хайруулж хөлдөөснийг" мэдсэн байна.

Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хоёр цэргийн толгойг шартай, ууртай уяачид хага цохисноос болж хэлмэгдсэн цэргүүд толгойдоо тус бүр гурван оёдол тавиулсан байна. Мөн Зэвсэгт хүчний 20 дугаар ангийн цэрэг хацар, гараа хайруулж, хөлдөөжээ.

Хамгийн эмгэнэлтэй нь хоёр ч цэргийн толгойг хага цохисон уяачид өнөө хэр хэн болох нь тодорхойгүй байгаа гэнэ. Ядарсан, даарсан цэрэгт бяраа харуулж, тархийг нь хага цохитлоо уурандаа бялуурсан уяачид зодуулсан цэргүүдийн ар гэрийнхэн маш их гомдолтой байгаа ч хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгаа сурагтай.

Юу л болоод байна даа, Монголчууд минь. Нэгэн цагийн зугаа, мөнгөө багтааж ядсан баячуудын цэнгэл жирийн цэргийн цусаар хачирлахдаа тулдаг нь харуусал биш гэж үү. Хэдийгээр энхийн цагт жирийн ажилд дайчлагдах нь хугацаат цэргийн албан хаагчдын үүрэг ч цээжээ дэлдэж цэнгэл эдэлсэн баячуудын зугааг гаргах албагүй.

Хараад байхад, сүүлийн үед Монголчууд хууль ийм, болох зүйл болдогоороо боллоо хэмээлцэх болж. Мэдээж энд ч бас тийм хариултыг өгч байсан, шат шатны алба, албаны хүмүүс...

Цэргийн албанд мордож эх орноо хамгаалах ариун үйлсэд зүтгэж яваа хугацаат цэргийн албан хаагчдыг жавар тачигнасан хүйтэн өвлөөр хөлдүү газар ухуулж, нүх малтуулдаг. Тэгээд зогсохгүй, баячуудын зугаа, томчуудын цэнгэл болсон даарьтай морины уралдааныг хамгаалсан нэртэй хацар гараа хөлдтөл нь зүтгүүлдэг цэргийн алба гэж байдаг юм уу.

Магадгүй манайхаас өөр улсад байхгүй энэ л албыг Монгол Улсад маань байлгадаг болохоор идэр залуус маань хүссэн хүсээгүй ч хаадаг болсон нь энэ.

Аагаа цээжиндээ, мөнгөө хэтэвчиндээ багтааж ядсан уяач нэртэй баячууд өнөөдөр Монгол Улсад маань олширсон. Ихэвчлэн төрийн өндөр албан тушаалыг хашдаг. Өндөр сэнтийгээс ногоон өнгөтэй харийн мөнгөөр малчдаа цалинжуулж, өөрийн нэрээр бусдын хөлсийг шавхаж нэр хүнд олдог тэр хүмүүсийг уяачид гэх болоод удсан, Монголчууд минь.

Сайхан хүүхнийг сайн морьтой "андуурдаг" төрийн түшээ, хурдан моринд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй сайд дарга нартай Монгол Улсад маань өнөөдөр хугацаат цэргийн албан хаагчийнхаа хагарсан тархины цусаар зугаацах дээрээ тулсаныг эмгэнэл гэхээс өөрөөр нэрлэж даанч боломгүй санагдана.

Нөгөө талаар 1990 оноос хурдан морины комисс гэгчид нь Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдыг оролцуулдаг болсон байх юм. Бүр Засгийн газрын тогтоолоор баталгаажуулаад шүү. Нүүдэлчин Монголчуудын хувьд хурдан морины уралдаан жирийн зүйл биш гэдэгтэй маргахгүй ээ. Уралдаж байгаа морины тоосонд орж хийморио сэргээдэг, унасан хүүхдийг өлмийгөөс нь адис авч хөлс хүртдэг Монголчуудын хувьд хурдан морины уралдаан эрхэм заншлуудын нэг. Гэхдээ өнө эртнээс уламжилж ирсэн уралдаанаа там болгож, морь уралдаж түрүүлүүлснээ төрд хийсэн ажил мэт эндүүрдэг төрийн албан тушаалтан манай улсад илүүдэл санагдана.

Учир нь өнөөдөр улсын, тойргийн, бүсийн наадам зэрэг томоохон уралдаанд уяж хурдлуулж байгаа морьдын эзэд ихэвчлэн төрийн өндөр албан тушаалтнууд байдаг. Өдөр өнжихгүй, улирал хамаарахгүй бордож, өндөр бооцоо тавин уралддаг уралдаанд жирийн малчдын уясан хүлэг уралдах бүү хэл санахын ч хэрэггүй гэдэгтэй маргах хүн байхгүй биз.

Тийм ч учраас хурдан морины уралдааныг бараг л төрийн бодлого болгох шахам зүтгэгчид эдүгээ алдарт, тод, манлай уяач хэмээн эрхэм алдрыг зүүж малгайныхаа оройг мөнгөлж, Монгол дээл, гутлаар гангарсан төрийн түшээд.

Тэд уралдах замаа засах, морь барианы талбайг зас-варлах зэрэг ажилд цэргийн хүчийг цалин хөлсгүй ашигладаг. Үүнийгээ Засгийн газрын тогтоолоор далайлган "хөөрхөн" гэгч нь аргалчихдаг байх юм. Тэд хурдан морины комисс гэгчдээ мөн л Засгийн газрын тогтоолоор далайлган Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний эрх бүхий албан тушаалтныг хамруулдаг.

Сэтэрт дургүй Монгол хүн байдаггүй гэдэг шиг хурдан морины комиссын дарга гэгч албыг Засгийн газрын тогтоолоор хачирлаж хаших эрхмийн хувьд ч нэр төрийн хэрэг байдаг биз. Тэгвэл төрийн бодлогоо хувьдаа ашиглах дуртай томчуудын хувьд бүхэл бүтэн яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын гол үүрэг нь цэргийн хүчийг дайчлах.

Ийм л ажлыг хийлгэх гэж, хатуухан хэлэхэд нохойд барьдаг мод шиг хугацаат цэргийн албан хаагчдыг Засгийн газрын тогтоол гэгч том цаасаар амыг нь үдэн ажиллуулдаг. Ямар ч хөлсгүй, ямар ч цаггүй. Энэ ажилд дайчлагдсан цэргүүдийн хувьд өдөр шөнө, өглөө үдэш, өвөл зун ялгаагүй.

Хамгийн эмгэнэлтэй нь хийморио болгон дээдэлдэг морины уралдааныг үзэх эрх ч тэдэнд байхгүй. Харин ч уралдаанд хоцорсон, шавхайд хальтирсан морины лайг үүрдэг болсны жишээ тэрхүү гэм зэмгүй хоёр цэргийн хагарсан толгой болж байх шиг байна.

Арай дэндэж байна аа, монголчууд аа. Юм л бол төрийн бодлого, түшээд минь гэсээр байтал уясан мориноосоо ухаан богино түшмэдүүд олширлоо. Хэрэв энэ бүхэн цаашилсаар байвал нэг л өдөр хугацаат цэргийн албан хаагч биш, хувьгүй ард түмэннь тархи нь хагархай, хөл нь хугархай үлдэх дээрээ тулах нь шиг байна. Монголчууд жижиг чулуугаар том чулууг хөдөлгөдөг гэдэг. Нээрээ ч жижиг зүйл байдаггүй энэ хорвоод ядаж л уралдаж наадахдаа учиртай баймаар санагдана.

Ядаж л төрийн албанд хурдан морины уралдааныг хутгахаа болих цаг болж. Цэрэг нь цэргийнхээ, төр нь төрийнхөө, албан хаагчид нь түмэн олныхоо төлөө ажилладаг болбол хэн ч, хэний ч толгойг хага цохихгүй амьдарч болмоор санагдана. Өөрөөр хэлбэл, хувийн сонирхлоо төрийн албанаас тусгаарлаж, зугаа наадаандаа ядарсан цэргүүдийг хутгахгүй байвал ядаж л тархи нь бүтэн, хацар нь хөлдөхгүй ажиллаж амьдарна шүү дээ, эрхмүүд ээ...

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.