Хүмүүс: Намбар Энхбаяр | Цахиа Элбэгдорж | Э Бат-Үүл | |
Энэ хаврын хамгийн дуулиантай явдал сонгууль болох нь тодорхой. Дуулиант сонгуулийн дүнг олон нийтийн оролцоотойгоор урьдчилан зураглах зорилготой санал асуулга, судалгаанууд маш олон байна. Эдгээрээс сайтаар явагдаж байгаа асуулгын дүнг онцлон хүргэе. Олны нүдэн дээр өдөр тутам ил явагдаж байгаагаараа илүү үнэнд нийцсэн байх магадлалтай энэ хэлбэрийн санал асуулгыг Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа бараг бүхий л сайтууд зарлажээ.
Factnews.mn, Zaluu.com сайтуудын хамтран зохион байгуулж байгаа “Монголын шинэ ерөнхийлөгч хэн бэ” санал асуулгын нэгдүгээр шат ирэх сарын нэгэнд дуусах юм байна. Энэхүү вэб санал асуулга нь хэдэн хүний нэр жагсаасан төдий байдлаар бус нэр дэвших магадлал бүхий хүмүүсийн танилцуулга, зурагтай, тухайн хүнтэй холбоотой мэдээллүүдийг онцгойлон татаж үзэж болох зэрэг олон давуу талыг хэрэглэгчдэд олгож байгаа. Энэ сайтын санал асуулгад 48525 хүн оролцож саналаа илэрхийлсэнээр тэргүүлж байна. Нэг сарын өмнө нийт оролцогчдын 16,4 хувь буюу 2997 саналаар УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан. Өнөөдрийн байдлаар Э.Бат-Үүл 11030 саналаар тэргүүлж, Н.Энхбаяр 10307саналаар удаалж, Ц.Элбэгдорж 9824 саналаар жагсаалтын гуравдугаарт оржээ. Санал асуулгад нэр нь дэвшсэн байгаа бусад оролцогчдын хувьд хамгийн ихдээ саналаа өгсөн иргэдийн 7,1 болон түүнээс бага хувийн санал авсан байгаагаас харахад иргэд өөрсдийн сонголтоо Ерөнхийлөгчийн сонгууль зарлахаас өмнө баттай хийсэн гэж дүгнэж болох юм.
Olloo.mn сайтаас зарласан санал асуулга 42375 саналаар удаалж байна. Энэ сайтын санал асуулгын дүнгийн хувьд 9634 саналаар Ц.Элбэгдорж тэргүүлж, 7098 саналаар Ц.Бат-Үүл удаалж, 6237 саналаар Н.Энхбаяр дараалжээ. Сонин.мн санал асуулгаа одоогийн байдлаар “Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас хэн дэвшээсэй гэж Та бодож байна вэ” гэсэн асуулгаар явуулж байна. Энэ жагсаалтын эхний гурван байрт Э.Бат-Үүл 97 санал, Ц.Элбэгдорж 92 санал авсан бол хэн ч байсан дэмжихгүй гэж 59 оролцогчийн санал орсон байх юм
Factnews.mn