"Шар айраг" хамтлагийн дуучин Г.Ганхүү: Царайны сайхнаар ууланд авирах биш

2009/03/17
Share |
Хүмүүс: Г Ганхүү | 

Шар айраг” хамтлагийн дуучин, “Үүргэвчтэй аялал”-ын, “Хан Брой” компанийн захирал гээд нэрнийхээ өмнө олон цол гуншинтай эрхэм бол Г.Ганхүү. Тун саяхан “Уулын спортын мастер”, “Алтан таягтан” болоод авсан энэ овсгоотой эр cap шинийн дараахан эх орондоо ирсэн юм. Байнга л “тэнээд” алга болдог түүнийг аяны дөрөө мултлаад байхад нь уулзаж богцыг нь уудлан сонирхолтой яриа өрнүүлснээ танд хүргэж байна.

Юуны өмнө Антрактидын ноён оргилд Монголынхоо төрийн далбааг мандуулсан анхны уулчин болсон танд баяр хүргэе. Таныг энэ тэсвэр хатуужил, эр зоригийн спорт болох уул руу хэн хөтөлчихөв өө?
Баярлалаа. Намайг яг уулын спорт руу хөтөлсөн нь “Үүргэвчтэй аялал” гэж хэлж болно. Алтай бид хоёр Нипал, Бутан гээд далайн төвшингөөс 3000 метрийн өндөрт оршдог улс орнуудаар яваад, уулын замаар явган аялахад гоё санагдсан. Тэр үеэс л уулын оргил дээр гарч чадах юм байна гэж өөртөө итгэсэн, зорилго тавьсан. Энэ гайхамшигтай спортод орсноороо бахархаж байна. Ноднин Африкийн ноён оргилд төрийнхөө далбааг мандуулж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа явлаа. Дэлхийн долоон тивд хамгийн өндөр уулууд байдаг юм билээ. Эхнээс нь авахуулаад дуустал авирна гэсэн том зорилго тавиад байна даа.

Таны хувьд оройхон гараад ширүүхэн дарна гэдэг болж байна аа даа. Уулын спортын мастер боллоо. “Алтан таяг” шагнал хүртлээ?
Өөрийгөө спортын мастерийн зэрэг авна гэж ерөөсөө бодоогүй байсан. Олимпийн хороон дээр дуудаж байна гэхээр нь яваад очтол Биеийн тамир спортын хорооноос надад энэхүү хүндтэй цол тэмдгийг олгосон. Дөнгөж уулын спортод орж байгаа надад маш том урам зориг хайрласан. Түүнээс гадна үе үеийн уулчид маань надад туслаж, зөвлөдөг. Саяхан намайг Алтай ахын аав Зориг, МУ-ын гавьяат эмч Хайрулла гуай нар ахмад уулчид хүлээн авч уулзлаа. Уулчдын тахидаг Энэтхэгээс авч ирсэн бурханаа надад бэлэглэсэн.

Уулын спортод тулгарч болох эрсдэлүүд их байдаг байх. Танд шантрах үе магадгүй таарч л байсан байх?
Уулын орой дээр гарахын тулд ямар их хөрөнгө хүч, бэлтгэл ажил, цаг зав бүх зүйлээ шавхдаг. Тэгж их зовж орой дээр нь гарчихаад хэдхэн секунд зогсчихоод буцаад буудаг шүү дээ: Ер нь уул руу авчирч явах замдаа шантрах үе зөндөө гардаг. Харин уулан дээр гарчихаад оройноос нь бууж байхад дараагийн уул юу билээ гэсэн бодол төрдөг юм билээ.

Магадгүй энэ спортод арай эрт орсон бол улам л илүү амжилт гаргах байсан байх даа?
Би өөрийгөө сорих дуртай. Миний хувьд нас тийм чухал биш гэж боддог. Хүүхэд залуучуудтай нийлээд хөл бөмбөг тоглоод гүйдэг. Сүүлийн үед марафон спортоор хичээллэх дур сонирхолтой болоод байгаа. Монголд жилдээ дөрвөөс таван марафон зохиогдож байна. Хөвсгөлийн, Элсэн тасархайн, Дархан, Эрдэнэтийн марафонд байнга оролцож ерөнхийдөө гайгүй сайн үзүүлэлттэй гүйж байгаа.

Сониноос таныг Антрактид яваад ирснээс тань хойш хэвлэлээр сайн, саар мэдээллүүд гарсан байсан.
Өө тийм үү? Би сонсоогүй. / баахан инээв/ Миний хувьд монголынхоо төрийн далбааг Антратикт тивийн ноён оргил “МТ Vinson” гэдэг уулын 4897 метрийн өндөрт мандуулсан анхны уулчин. Анх 1972 оноос эхлэн Монголын судалгааны эрдэмтэд очиж байсан. Би тав дахь хүн нь, гэхдээ ууланд нь гарсан анхны уулчин юм.Тэнд олон улсын туг мандаагүй юм билээ. Монголчууд ардчиллыг хөгжүүлээд 18 жил болж байгаа ч дэлхийтэйгээ хөл нийлүүлж алхаж байна гэдгийн баталгаа болж байгаа юм.

Та ер нь энэ мэт магтаал шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг бэ?
Хүмүүс хэн нэгэнтэй биш, өөрөө өөртэйгээ насан туршдаа өрсөлдөж амьдардаг шүү дээ. Миний хувьд бол магтаалаас илүү шүүмжлэл илүү чухал. Тэндээс ихийг эрэгцүүлэн боддог. Хүн магтуулах тусмаа тэнэг болдог. Тухайлбал миний ярилцлага энэ тэр сайтад тавигдсан байвал би заавал сэтгэгдлийг нь уншдаг. Яахав зарим нь намайг шүүмжлэх биш царай муутай энэ тэр гэж доромжилсон л байдаг. Ууланд авирахад заавал царайлаг байх шаардлагагүй биз дээ. Би миссийн тэмцээнд оролцох гээгүй, ууланд авирсан. Царайлаг хүн ууланд хурдан, царай муутай хүн удаан авирдаг гэсэн юм байхгүй шүү дээ.

Үндэснийхээ баяр цагаан сарыг гадаадад явж өнгөрөөсөн сурагтай?
Антрактид явсныхаа дараа Тайланд, Хонконг руу явсан. Манай урлагийнхан өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” нэртэй хандивын тоглолт зохион байгуулсан. Тэндээс олсон орлого Хүрлээгийн Номуунаа гэдэг охины эмчилгээнд зориулагдсан байлаа. Тайландад хагалгаанд орж буй охины биеийн байдлыг мэдээд, мөнгө төгрөгийг аваачиж өгөөд ирсэн. Харин Хонконг явсан зорилго маань жил болгон “Asian beat” гээд амьд хөгжмийн наадам зохион байгуулдаг. Тус наадамд Монгол улсаа төлөөлөн “Зүгээр л” хамтлаг оролцоод ирлээ. Миний хувьд гурав дахь жилдээ явж сурвалжлага хийлээ.

Хүний зан характер гэр бүлийн хүмүүжилтэй ихээхэн холбоотой байдаг байх. Өөрийг тань “Шар айраг”-ийн Ганхүү гэдгээр хүмүүс мэддэг. Урлагт сонирхолтой болсон нь юу нөлөөлөв?
Бага байхдаа олон юм руу үсчдэг, сонирхдог хүүхэд байсан. Сониноос жижигхэн биетэй хүүхэд байлаа. Ангидаа доороосоо хоёрт зогсдог байсан. / инээв/ Гэхдээ сурлагандаа сайн, сагс волейвол сайн тоглоно. Миний үед нийгэм маань хаагдмал, боогдмол байсан үе. Барууны хөгжим сонсох, спорт, кинонууд хориотой байсан нь нөлөөлсөн ч байж магадгүй. Хэчнээн хорих тусам хүн илүү их тэмүүлдэг. Нууцаар “Битлз”-ийн пянзыг аваад сонсдог, тухайн үед ховор байсан жинсийг хүмүүст захиад, өөрсдөө оёод өмсдөг байлаа. Энэ нь тэрүүхэн тэндээ барууны соёлыг түгээх гэсэн оролдлого байж.

Танай гэр бүлд танаас өөр урлагийн хүн байдаг уу?
Байхгүй ээ. Тэр үед орц болгонд гитар тоглодог моод дэлгэрсэн нь намайг урлагт сонирхолтой болгосон байх. Ер нь миний үеийн залуучуудад гитар тоглож чаддаггүй хүн бараг байдаггүй байсан. Би өөрийнхөө орцонд лидер нь байлаа. 10 жил болгон өөрсдийн хамтлагтай. Тэр үед улс төрийн дууны уралдаанаас өөр уралдаан гэж байдаггүй байсан. Анх “Айзам” хамтлагт орсноор урлагийн гараа эхэлсэн дээ. Дараа нь Чехэд оюутан болж очоод Чехүүдтэй хамт “Прогресс” гэдэг хамтлаг байгуулж байлаа. Сургуулиа төгсөж ирээд “Шар айраг” хамтлагийг Ононбат, Өөжгий бид хэд нийлж байгуулсан. Хамтлаг маань хөгжимд сонирхолтой, хөгжмийн төлөө гэсэн найз нөхөд нийлээд нэг оройг дуулж өнгөрөөө гэсэн үүднээс байгуулагдсан гэж хэлж болно.

Спорт, бизнес гээд урлагаасаа жаахан хөндийрөөд байна уу, ер нь уран бүтээлдээ хэр анхаарч байна даа?
Эргээд харсан чинь 20 гаруй жил дуулсан байна. Тэгсэн мөртлөө найз нөхдийн хүрээнд намайг дуулдаг гэж мэддэг болохоос биш үр хүүхдэдээ аав нь дуулдаг байсан юмаа гээд үзүүлж харуулах зүйл алга. Цэнхэр дэлгэцийн гурван дууг эс тооцвол шүү дээ. Тийм болохоор дуулсан хэдэн дуунуудаа нэгтгээд дээрээс нь ганц хоёр дуу дуулаад ч юмуу цомог гаргах санаа байгаа. Яахав найз нөхөддөө бэлэглэх бэлэг болог, үр хүүхдүүд маань дурсамж болон үлдэг.

Сүүлийн үед хүмүүс хөрөг, аян замын тэмдэглэл зэргээ ном болгон бичдэг болоод байгаа. Та ч бас сонирхож байгаа юу?
Ном гэхээсээ илүү нийтлэл их бичдэг. Миний бичсэн хэд хэдэн нийтлэл сонинд нийтлэгдсэн. Таван жилийн өмнө “Улаанбаатар метротой болох цаг болсон” гэсэн нийтлэл бичсэн. Энэ маань хүмүүст нэлээн хүрсэн. Явсаар байгаад сонгуулийн пи-ар болж байх жишээтэй. Утаанаас салах талаар нэлээн олон нийтлэл бичиж байсан. Мөн социализмын үеийн шагнал одоо болтол үргэлжилсээр байгаа талаар нийтлэл бичиж хэвлүүлсэн нь нэлээд шүүмжлэл дагуулсан.

Сониноос “Глобал удирдагч”-ийн Жадамбаа Ганхүү ахаа лектор болооч, танд тэр талын авьяас илүү байна гэж хэлж байсан. Би өөрийнхөө хэмжээнд концерт хөтөлдөг, ялангуяа англи хэл дээрх арга хэмжээнүүдэд намайг урьдаг. Бодоод байсан чинь болохгүй ч зүйл биш юм билээ.

Өөрийг тань бөгж цуглуулдаг хоббитой гэж сонссон юм байна.
Хувцас сонирхдоггүй мөртлөө яагаад ч юм бөгж сонирхдог. Энэ нь урлагтай холбоотой байх аа. Намайг бага байхад барууны сэтгүүл их ховор, ганц нэг сэтгүүл олоод харахаар нэг их олон ээмэг бөгж зүүсэн хүмүүс, тэр нь их гоё санагддаг байсан нь санаанаас гардаггүй юм. Ер нь бөгжинд дуртай. /хуруундаа зүүсэн бөгжнүүдээ үзүүлэв / Энд тэнд явахаараа эмэгтэй хүн шиг бөгжний дэлгүүр ордог хоббитой.

Ингэхэд энэ олон ажлыг хэрхэн амжуулдаг нууцаасаа хуваалцаж болох уу?
Олон сэтгүүлч надаас энэ асуултыг асуудаг л даа. Өнгөцхөн харахад маш олон ажил хийж байгаа юм шиг харагддаг. Яг бариад үзэхэд тоймтой хэдхэн ажил байдаг. Аялалаар явдаг, урлагт зүтгэнэ, хажуугаар нь спортоо хөөнө. Тэгээд улс төр. Би аль болохоор өөрийгөө завгүй байлгахыг хичээдэг, тийм зарчим баримталдаг. Хүн олон юм хийх тусам сүүлдээ түүнийгээ илүү их амжуулж чаддаг болдог. Өнөөдөр дэлхий глобалчлагдсан байна. Интернэт техникийн эрин зуун бий болчихлоо. Тэгэхээр дэлхийн аль ч өнцгөөс ажлаа явуулаад байх бололцоо нээгдэж байна

Ингэхэд та 12 сарын хэдэн сарыг нь гэртээ өнгөрөөдөг бол?
Үүнийг манай эхнэр л сайн тооцоолсон байх даа. Ер нь нэг жилийн хагасыг гадаадад, гадуур өнгөрөөдөг.

Үнэндээ гэр бүлийн тань хүн ойлгодог дэмждэг нь таны амжилтын салшгүй нэг хэсэг байх?
Үнэхээр тийм ээ. Ар гэрийн бүх ажлыг эхнэр маань авч явдаг. Би ч бас үүргээ ухамсарладаг, давуулан биелүүлдэг гэж боддог шүү. Хүү охин хоёроо тэжээх, дэлхийн хэмжээний боловсролтой хүн болгохын тулд олсон хэдэн төгрөгөө оюун тархинд нь хийхийг чухалчилдаг.

Одоо нэг хэсэг гэртээ суурин байх уу аль эсвэл?
Долдугаар сард Австралийн “Kostusko” ууланд авирна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Дэлхийн долоон өндөр уулыг дуусгаж чаддаггүй юмаа гэхэд аль болохоор дөхүүлнэ гэсэн зорилго тавиад байна. Уулын спорт гэдэг маань ихээхэн хэмжээний санхүүжилт шаардсан спорт байдаг. Гэхдээ сайн найзууд, сайн спонсоруудынхаа дэмжлэгээр гарна гэж итгэж байгаа. Сая Антрактид руу явахад маш их мөнгө орсон. Нэг талын зардал нь гэхэд л 20000 ам.доллар. Яалт ч үгүй би өөрөөсөө тал зардлаа өөрөөсөө гаргаж яваад ирлээ.

Таны энэ том зорилгод эдийн засгийн хямрал ихээхэн том асуудал болж байгаа байх?
Тэгэлгүй яахав. Бид хямрал гэдэг зүйлтэй анх удаа л учирч байна. 1987онд Ази тив хямарсан ч Монголд мэдрэгдээгүй өнгөрсөн. Одоо энэ хямралыг яагаад мэдэрч байна гэхээр дэлхий өөрөө глобалчлагдаж байна. Тэр утгаараа маш их сүлжээтэй холбоо болж. Бид дэлхийгээс тусдаа биш юм байна, нэг улс юм гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Тэгэхээр хямрал гэж хэцүү сонсогддог боловч нөгөө талаас боломж гэсэн үгийг байнга дагуулж явдаг. Хямрал маань аливаа нэг юмыг зөв голдролд нь авчирдаг эерэг талтай. Үүнийг даван туулах зөндөө арга бий л дээ

Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.