Нэрэндээ тохирсон оюунлаг бүсгүй

2009/03/19
Share |
Хүмүүс:
Нэрэндээ тохирсон оюунлаг бүсгүй

УИХ дахь эрчүүд дундаа л шарилжин дундах сарнай мэт онцгойрдог гурван бүсгүйн нэг Д.Оюунхорол. Тэрбээр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн ч Төв аймагт арван жилийн сургуулиа дүүргэсэн гэдэг. Улсын багшийн дээд сургуулийг математикийн багш мэргэжлээр төгссөн тэрбээр хожмоо Монгол Улсын их сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшжээ. Ажлын гараагаа математикийн багш мэргэжлээр эхэлсэн тэрбээр хичээлийн эрхлэгч, ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1991 онд “Отгонтэнгэр” дээд сургуулиа байгуулсан.  Эл эрхэмсэг хатагтай хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон.  Төрсөн нутаг болох Завхан аймгийнхан нь түүнд ам сайтай байдаг юм билээ. Улсын хөрөнгөд хүйтэн цэвдэг ханддаг тухай таагүй хов живэнд хүүхнүүд нэг их орооцолддоггүйн жишгээр тэр харьцангуй нэр цэвэр улс төрчдийн тоонд ордог. 2000-2004 оны парламентын сайхан бүсгүй хэмээгддэг байсан эл хатагтай өдгөө нэлээд мярайлсан харагдсан. Үүнийгээ тэрбээр ажлын ачаалал  их болохоор өөрийгөө  зөнд нь тавьсантай холбон тайлбарлаж байгаа гэсэн.

Одоо УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй тэрбээр “Отгон тэнгэр” сургуулиа магадлан итгэмжлэгдсэн их сургууль болгохын тулд чухам л нойр хоол, унтаж амрахыг мартан зүтгэсэн тухай ойр дотныхон нь ярьдаг. Ер нь бол эхэлсэн ажлаа дуусгах гээд ар гэр, амин хувийн асуудлаа ор тас мартчихдаг эмэгтэй ч гэж болно. За нэг ийм гишүүн УИХ-д бий. Хүмүүс түүний талаар дурсахдаа ихэнхдээ оюуны хөрөнгө оруулалт дээр анхаардаг гэлцэх юм билээ. Мэдээж энэ нь ямар нэг байдлаар “Отгонтэнгэр” их сургуультай нь холбоотой ч хувийн их, дээд сургуулиудын чанарыг дэлхийн жишигт хүргэх гэж хийсэн олон ажлаас нь улбаатай гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Ямартаа ч төрсөн нутаг болох Завхан аймгийнхаа төвд сургуулийнхаа салбарыг нээсэн нь олны талархлыг хүлээсэн юмдаг. Үнэндээ ч хөдөө орон нутгийн малчдын хувьд хүүхдээ хот хүрээ газар руу сургуульд явуулж араас нь санаа зовж суухаар аймгийнхаа төвд сургах нь сэтгэлд таатай байх нь  хэр. Замын зардал, байрын мөнгө ч хэмнэгдээд явчихна шүү дээ.

Анх Улсын их хуралд нэр дэвшихээр нутагтаа очиход нь хүмүүс “Нэг жаахан годгор охин л байна. Энэ юугаа мэдэх вэ дээ” гээд голонгуй үл ойшоох хандлагатай байсан ч хамт очсон Ш.Отгонбилэг агсан “Энэ охин их юм хийнэ шүү. Дэмжээрэй “гэж уриалж, тэр хэрээр итгэл үзүүлсэн гэдэг. Завханчуудын итгэлийг тэр алдаагүй. 2004 оны сонгуулийн өмнөхөн намынхаа удирдлагуудтай түнжин эвдэрч, хатуу үг хэлснийхээ төлөө нэр дэвших боломжоор хавчигдсан тэрбээр бие даан нэр дэвшсэн ч амжилтад хүрээгүйч намынхныгаа айлгаад авсан. Улс төр хэмээх их айлд унаж, босч ирсэн Д.Оюунхорол  бүсгүй хожим нь “Би намдаа гомдохгүй ээ” хэмээн эрсхэн мэдэгдсэн удаатай.  Эцэст нь дуулгахад элдэв хов жив, идсэн уусан асуудалд орооцолдоод байдаггүй эл хатагтайн нэр сүүлийн үед нэг таагүй ярианд хавчуулагдах болсон. Тодруулбал нийслэлийнхний шүтээн болсон дархан цаазат Богдхан уулын Нүхтийн аманд дээдэс хуулиа ул болгон зуншдаг болоод удаж буй.

Д.Оюунхорол хатагтай ч ангийнхаа нөхдөөс дутах вий гэсэн шиг тус газар зуслангийн харшаа сүндэрлүүлээд амжсан гэх. Дээр өгүүлсэнчлэн оюуны асуудалд анхаарлаа хандуулдаг эл бүсгүй сүүлийн үед мэргэжил нэгт багш нарынхаа цалингийн үр дүнгийн урамшууллыг бүтэн олгох асуудлаар санал гаргаж, багш нарын дэвтэр засах, анги даах, хүүхэдтэй ажиллах, дугуйлан секц ажиллуулахтай холбоотой зардлыг буцаан олгох асуудалд гишүүдийг анхаарлаа хандуулахыг хүсч яваа гэх сураг дуулдсан. Ямартаа ч түүний боловсруулсан төсөл байнгын хорооны хуралдаанаар дэмжигдэж, цалингийн үр дүнгийн урамшуулал болох 20 тэрбум төгрөгөөс таналт хийгээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Хэдийгээр манай улс төрч эрчүүд өмнөх парламентын үед 30 хувийн квот тогтоож чуулганы танхимд шингэн дуутай бүсгүйчүүддээ зай тавьж өгье хэмээж байсан ч хэлсэндээ хүрээгүй. Харин эсрэгээрээ 30 хувийн квотыг элэглэх мэт одоогийн УИХ-д гуравхан бүсгүй сууж байгаа нь үнэн. Эрчүүдтэй эн зэрэгцэн их Монгол Улсынхаа төрийн төлөө зүтгэж яваа бүсгүйчүүдийн нэг болох Д.Оюунхорол гишүүн цаашид ч ирээдүйд монголын залуусын боловсролд их зүйл хийж ач тусаа хүргэнэ гэдэгт итгэдэг хүн олон байдаг юм билээ

УБ таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.