С.Ламбаа дэд сайдаараа гоёдог

2009/03/23
Share |
С.Ламбаа дэд сайдаараа гоёдог

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа  ямар нэг арга хэмжээнд оролцохдоо дэд сайд Ц.Цолмонгоо байнга дагуулж явдаг. Ажил хэргийн уулзалт арга хэмжээнүүдэд хоёулаа оролцохоос ч аргагүй юм. Гэвч үүний цаана бас учир бий. 

Сайхан хүүхэнтэй хамт байх дургүй эр хүн гэж хаана байхав. С.Ламбаа сайд ч мөн адил дэд сайдаараа “гоёх” тун дуртай гэсэн. Хоёр байгууллага хамтран ажиллах баримт бичгээ үзэглэн цаашдын харилцаагаа улам бататгахын ерөөл тавьж хундага тулган,  бүр заримдаа нөгөө талаас  цэцэг бэлэглэх тохиолдол ч байдаг. Энэ үед Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нөгөө талаас өгсөн цэцгийг машид тааламжтай авч үнэрлээд,  дэд сайддаа бэлэглэж, их л додигор зогсдог байна.

Эхнэргүйгээр нь С.Баярыгаа л харъя
Ерөнхий сайд С.Баяр байсхийгээд л хэн нэгэн бүсгүйтэй нэр холбогддог. Гэр бүлгүй, ганц бие  эр хүн  уйддаг биз гэж  өмөөрөх хүмүүс байдаг л юм билээ. Тэгээд ч улсын их ажлын хажуугаар хаагуур нь амжиж бүсгүйчүүдтэй нэр холбогдоод байдаг байна аа гэх нэгэн ч бий.  Харин түүнийг бүсгүйчүүд харж явдаг юм билээ. Сар шинийн нэгний өдөр  Төрийн ордонд  төрийн золголт  болдог уламжлалтай. Энэ золголтод төр, засгийн түшээд, агентлаг  яамдын албан хаагчид оролцдог.  Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар суудлаа эзлэн сууж золголт үргэлжилж байлаа. Төрийн золголт хамгийн түрүүнд төрийн түшээдээр эхэлдэг. Золголт үргэлжлэх зуур ээлжээ хүлээн зогссон  төрийн албан хаагч бүсгүйчүүд өөр хоорондоо хэн ямар хувцсаар гангарсныг ярилцах зуур “За за эхнэртэй дарга нарыг хараад яахав. Эхнэргүйгээр нь С.Баяр Ерөнхий сайдыгаа сайн хараад авъя. Сайхан ч харагдаж байна” гэцгээн Ерөнхий сайдыг харж хийморио сэргээсэн гэдэг. Албан тушаалд нь болоод  бүсгүйчүүд унаж тусч байна уу, эсвэл  гоонь эр болохоор нь уу.   Ямартай ч ОХУ-д Элчингээр сууж байхад нь Оросын телевизийн сайхан хүүхэн түүнд ухаангүй дурлаж, араас нь гүйдэг байсан гэх явган яриа байдаг юм.   Орост Элчин сайд байхдаа  С.Баяр сайд  маань гэр бүлтэй байсан үе л дээ. 

Намын бодлогоо л өмнөө барья, хувийнх яахав
АН-ын хэсэг гишүүд  Өршөөлийн тухай хуулийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа.  Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа МАХН-ын  гишүүд уг нь олон юм билээ. Гэхдээ энэ бол тэдний хувийн л үзэл бодол шүү дээ. 
Түүнээс  байр суурь нь биш. Долдугаар сарын нэгний үймээнээр намынхаа байрыг шатаалгуулж, орох оронгүй болсон улс чинь “намын байрыг нь  шатаа” гэж  өдөөн турхирсан АН-ын нөхдийн санаачилсан уг хуулийн төслийг яаж дэмжиж болохов.  “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр  намынхаа ач буянаар  төрийн суудалд суучихаад, энэ хуулийг дэмжчих юм бол эргээд нам руугаа турхирсан хэрэг болно. Тэгээд ч намаасаа банга хүртэнэ гэж айн амаа үдэж суугаа сурагтай.  Д.Арвин нарын зарим  МАХН-ын бүлгийн гишүүд  хуулийн төслийг санаачлагчдад багтан гарын үсгээ зурсан байснаа  нэрээ буцааж татсан сурагтай. Нэрээ буцааж татах болсон учир жанцангаа ч АН-ын гишүүдэд тайлбарлаж  “зовлонгоо хуваалцан”,  УИХ-аар хэлэлцээд ирэхээр дэмжихээ амласан байна.  

Уран цэцэн ярьж сурна аа, хө
Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн П.Алтангэрэл өнгөрсөн намрын чуулганаар парламентын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцан, хуулийн төсөл ч өргөн барьж, төрийн түшээгийнхээ ажилд чамлалтгүй сайн суралцлаа гэж байсан. Тэрээр тойргийнхонтойгоо уулзахдаа ч үүнийгээ хэлж, ярьж, жаргал зовлонгоо хуваалцсан. Тэгээд ч зогсохгүй “Би чуулганаар хэлэлцэж байгаа асуудал бүрээр хамаагүй юм яриад байдаггүй. Дуугүй л сонсч суудаг. Мэдэхгүй юмаа яриад яахав гэж бодоод. Гэтэл энэ парламентад чинь дуугүй сууж бас болдоггүй юм байна.  Ирэх хаврын чуулганаар харин мэддэг ч, мэддэггүй ч  асуудал бүрт оролцож, ярьж сурна” гэж сонгогчдодоо амласан байна.  Тэр ч бүү хэл  чуулганы завсарлагааны хугацаанд амжвал лектор төвд лекц энэ тэр сонсон, уран  цэцэн ярих урлагт суралцах  хүсэлтэй байгаа гэнэ лээ.   Тэрээр ам нь үдээтэй гишүүдийн тоонд орчих вий гэхээс тун их айж байгаа сурагтай.

Нуугдсан Элбэгээ
АН-ын экс дарга, УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж нуугдмал байдалд байхыг  чухалчлах болжээ.   УИХ-ын гишүүдийн өрөө бүр хаалганыхаа хажууд нэр усаа бичиж хаягаа хадсан  байдаг. Харин Ц.Элбэгдорж гишүүн л  өрөөнийхөө хаалганы хажууд хаягаа тавиагүй байна. Хаяг бичих самбар нь хоосон.  Хэн нэгэн түүнтэй уулзахаар Төрийн ордонд орж, өрөөний хаягаар олоход тун хүндрэлтэй.   Гишүүний өрөөний хаягийг туслахууд нь хаддаг. Гэхдээ энэ удаагийнх түүний туслахуудын буруу биш болов. Эрхэм гишүүн л өөрөө хаягаа тавиулах хүсэлгүй байсантай холбоотой байх. Учир нь тэр  урилгагүй зочинг хүлээж авахаар шийджээ

УБ таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.