Б.Бат-Оргилд 16 жил чанга дэглэмтэй хорих ял оноосон ч …

2009/03/24
Share |
Хүмүүс:
Б.Бат-Оргилд 16 жил чанга дэглэмтэй хорих ял оноосон ч …

Бид энэ сарын 18-ны дугаартаа зургаан жилийн өмнө цэрэгт татагдан очоод эрэмдэг болоод ирсэн А.Ууганбаярын тухай сурвалжилж байсан билээ. Уг хэрэг өнөө хүртэл шийдэгдэхгүй явсаар өчигдөр шүүх хурал нь боллоо. Шүүх хурал 12.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүх дээр эхэлсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүнд даргалагч шүүгчээр Д.Цогтсайхан, прокурор С.Алимаа болон шүүгдэгч талаас хэрэгтэн Б.Бат-Оргил, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Отгонболд, Яринпил нар байсан бол хохирогч талаас А.Ууганбаяр түүний өмгөөлөгч Номинцэцэг, ээж Ц.Алтанцэцэг, эмээ Цэрэнпил нар байлцлаа.

Мөн шүүгдэгч талын хүсэлтээр ирсэн гэрчүүд болох ЗХ-ний 016 дугаар ангийн эмч С.Төмөр-Уяа, ЗХЖШ-ийн албан хаагч С.Лхасүрэн, ЗХЖШ-ийн жолооч Л.Баярцогт, тухайн үед 016 дугаар ангид цэргийн алба хааж байсан болон А.Ууганбаяртай цуг цэрэгт тэнцэхгүй шалтгаанаар буцсан залуус ирсэн байлаа. Хэрэгтэн Б.Бат-Оргилын ар гэрийнхэн ч бас байсан юм. Шүүх бүрэлдэхүүн танхимд орж ирэхэд улсын яллагч С.Алимаа хавтаст хэргийг танилцуулснаар шүүх хурал эхэллээ.

Уг хэрэг 2003 оны 11 дүгээр сарын 03-нд үйлдэгдсэн бөгөөд хэргийг зургаан сарын дараа буюу 2004 оны тавдугаар сард хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн аж. Хавтаст хэрэгт дурьдагдсанаар тухайн өдөр хэрэгтэн Б.Бат-Оргил шинэ цэргүүдийг хүлээн авах ажилд томилогдсон байжээ.

Шинэ цэргүүд урд өдөр нь дамжин өнгөрүүлэх анги буюу ЗХ-ий 013 дугаар ангид хоноод өглөөний арван цагт 016 дугаар ангид Газ-66 маркийн бүхээгтэй машинаар ирсэн байна. Эдгээр цэргийг хүлээн авч бүртгэлийн хэсэгт бүртгүүлээд эмчийн үзлэгээр оруулж тэнцсэн залуусыг усанд оруулж, гал тогоо руу хоолонд оруулахаар явуулж байжээ. Энэ үед хэрэгтэн Б.Бат-Оргил, нэг хал цэргийн хамт орж ирэн “хүндээр бие засах” хүн байгаа эсэхийг асуухад нь хэд хэдэн залуу гараа өргөсөн байна. Тэднийг хоёр гурваар нь авч гаран штабын байрнаас 150 метр орчим хол, баруун хойд зүгт байрлах модон жорлон руу авч явжээ. А.Ууганбаяртай хамт явсан хоёр цэргийг бие засаад гарч ирэхэд нь Б.Бат-Оргил өөр гурван хал цэргийн хамт хоёр залууг ээрэн, мөнгө нэхэж байжээ. А.Ууганбаярыг гарч ирэхэд нь дөрвүүлээ зэрэг дайран мөнгө нэхсэн ч тэрбээр мөнгө байхгүй гэж байгаад 2500 төгрөг гаргаж өгсөн байна. Гэсэн ч тэд зодохоо больсонгүй улам үргэлжлүүлэн цэрэг тэлээгээр баруун чихнийх нь тус газар шавхарч, хэдэн талаас нь өшиглөж зодсон бөгөөд түүнийг газар унахад нь Б.Бат-Оргил татаж байсан тамхиныхаа ишийг чулуудаж “тамхи аваад өг” гэжээ.

А.Ууганбаяр ч түүний хэлснээр тамхийг аваад өндийтөл Б.Бат-Оргил түүний нүдний хэсэгт өшиглөсөн аж. Энэ хэрэг ийнхүү модон жорлонгийн дэргэд өрнөж байгаад Б.Бат-Оргил “Хүнд хэлсэн байвал ална шүү” хэмээн сүрдүүлээд буцаан штаб дээр хүргэж ирээд явсны дараа А.Ууганбаяр ухаан алдсан ажээ. Түүнийг ухаан алдангуут тус ангийн эмч С.Төмөр-Уяа ирж үзэн “цэрэгт тэнцэхгүй, угаасаа ухаан алдаж унадаг хүүхэд байна” гэснээр хотоос ирсэн хоёр залуугийн хамт буцаажээ. Хамт буцсан хоёр залуугийн нэг нь жин хүрэхгүй, нөгөө нь “гемрой” гэсэн оношоор буцсан гэнэ. Ийнхүү хавтаст хэргийг танилцуулсаны дараа гэрчүүдийг оруулан болсон хэргийн талаар асуусан юм.

Гэрчүүдийг шүүгдэгчийн талаас урьж ирүүлсэн бөгөөд тэд болсон хэргийг нүдээр үзээгүй, зодуулсан эсэхийг мэдэхгүй, цэргийн хүн орж ирэн “бие засах хүн байна уу” гэж асуусан ч тэр нь хэрэгтэн Б.Бат-Оргил биш байсан эсвэл сайн санахгүй байна гэсэн мэдүүлгийг өгч байлаа. А.Ууганбаярыг анх цэргийн анги руу авч явсан гэх ЗХЖШ-ын албан хаагч С.Лхасүрэн “Дамжин өнгөрүүлэх ангиас зүгээр явсан, харин төд удалгүй тэнцэхгүй гэсэн шалтгаанаар буцаж ирсэн. Ухаан алдаж унасан гэхээр нь би өөрийнхөө хоол цайнаас өгөөд жолоочоороо гэр лүү нь дөхүүлсэн” гэж мэдүүлэв. Гэтэл А.Ууганбаяр ярьж, сонсохгүй ч цаасан дээр “Худлаа ярьж байна” хэмээн бичсэнийг түүний өмгөөлөгч шүүгч нарт танилцуулсан юм.

Мөн ЗХЖШ-ын жолооч Л.Баярцогт “Зодуулсаныг мэдэхгүй, 18 цагт таван шарын призер өнгөрөөгөөд буулгасан” гэсэн юм. Гэвч энэ мэдүүлэг худлаа гэдэг нь хавтаст хэргээс нотлогдсон юм.

Хохирогч гэртээ 18 цагт орж ирсэн бөгөөд 013 дугаар ангиас нийтийн унаагаар гэртээ ирсэн гэсэн юм. Ийнхүү шүүх хурал бүтзн найман цаг үргэлжлэн хавтаст хэргийн материалыг тал бүрээс нь ярилцсаны эцэст улсын яллагч С.Алимаа хэрэгтэн Б.Бат-Оргилд 16 жилийн ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх мөн хохирогч А.Ууганбаярын эмчилгээний зардал болох хоёр сая гаруй төгрөг, 268 ам.долларыг гаргуулах шийд гаргасан ч хэрэгтэн Б.Бат-Оргилын өмгөөлөгч Э.Ганбат, Отгонболд, Яринпил нар энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж, “Нотлогдоогүй хэрэгт ял өгөх гэлээ. А.Ууганбаярыг жүжиглэж байна. Мөрдөн байцаагч, прокурор нар зохиомол мэдүүлэг оруулж ирлээ” гэх мэтчилэн эсэргүүцэж эхэлсэн юм.

Мөн энэ хэрэг хэрэгсэхгүй болчихсон байхад “Донор” гэдэг нэвтрүүлэг дахин сөхсөнөөр хэрэг ийнхүү дахин сөхөгдлөө гэх маягтай ярьж эхэлсэн юм. Гэвч улсын яллагч С.Алимаа шийдвэрээсээ огтхон ч буцахгүй, дахин хавтаст хэргээс нотлох баримтуудыг гаргаж ирж байлаа. Мөн энэ хэрэгт ЗХЖШ-ыг хариуцагчаар татах хүсэлтийг удаа дараа тавьсан боловч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм.

Хэрэгтнээр Б.Бат-Оргилыг ганцааранг нь татлаа, хамт хэрэг хийсэн хүмүүсийг нь илрүүлж байж хэргийг нэг мөсөн дуусгах хэрэгтэй гэсэн хэрэгтэн Б.Бат-Оргилын өмгөөлөгч Э.Ганбат, Отгонболд, Яринпил нарын шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч тус хэргийг дахин мөрдөн байцаах шатанд шилжүүллээ. Уг хэргийг үйлдсэн дөрвөн гэмтнийг гэсгээх гэсээр байтал хүний алтан амь эрсдэх вий дээ. Шүүх хурлын турш суусан А.Ууганбаяр гэртээ дөнгөж харингуутаа биеийн байдал нь дахин муудсан гэнэ

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.