Дуучин Л.Банзрагч: Би "Соёлын тэргүүний ажилтан" гэж дуудуулах дургүй

2009/03/25
Share |
Хүмүүс: Лодой Банзрагч | 
Дуучин Л.Банзрагч: Би

Банзрагч агсны дуугаар олноо танигдан гарч ирсэн Увс аймгийн Тэс сумын уугуул Л.Банзрагчийг бид бүхэн сайн мэдэх билээ. Тэрээр ангийн нөхөдтэйгээ хамтран цэргийн баярт зориулсан уламжлалт гэж хэлж болох тоглолтоо хийх гэж байхад нь уулзаж ярилцлаа. "Би МУСТА гэж зарлуулаад байхыг хүсдэггүй" гэж хэнэггүйхэн ярих түүний яриаг хүргэе.

Өнгөрсөн жил дуучин Болдбаатар, Батсайхан та гурав "Нэг ангийнхан" тоглолтоо хийж байсан. Энэ жил ч хамтран тоглож байна. Цэргийн баярыг тохиолдуулан уламжлалт тоглолт хийдэг болсонд ямар учир байна. Үзэгч олон гэдгээр үү?
Бид гурав нэг сургуульд, нэг ангид байсан. Нөгөө хоёр маань дуурийн, би уртын дуучны мэргэжлээр сурч төгссөн. Таван жил оюутны ширээний ард тохой нийлсэн нэг ангийнхан. Нөхөрлөл бол итгэлцэл. Бид бие биеийнхээ занг илүү сайн таньж ойлгодгоос гадна өөрт байхгүй зан чанараа нөхрөөсөө олж мэддэг. Нэг нэгийнхээ дутууг нөхөж явдаг сайн андууд. Энэ жилийн маань тоглолт "Эр хүн танд дуулъя" нэртэй. Цэргийн баярыг зүгээр ч нэг сонгоогүй юм. Март болохоор эрчүүд маань баглаа дүүрэн сарнайнаас эхлээд бүхий л сайн сайхнаа барин, хаана ямар тоглолт болох нь вэ гээд их сэтгэл гаргадаг шүү дээ. Жишээ нь энэ жилийн мартаар тоглолтын билет олдохгүй байсан. Тэгэхээр хүүхнүүд маань залуусаа баярлуулах байх гээд нөгөө талаар бид залуустайгаа хамт баяраа тэмдэглэж, баярлуулах гэж тоглолтоо хийдэг. Эрчүүдээ баярлуулж байна гээд нэг цамц зангиахан, үнэртэй ус өгдөг ч юм уу ганц удаа хоолонд оруулаад эсвэл ганц шил архиар нүд хуурдаг байдал ажиглагддаг байхгүй юу. Битгий тийм байгаасай гэж хүссэндээ бас эрчүүдээ сайхан баярлуулаасай, баярлаасай гэсэндээ энэ өдрийг сонгосон. Үзэгчид маань ч эдийн засгийн гэхээсээ илүү оюун санааны хямралд дэндүү их өртөөд байх шиг санагдах юм. Стрессээ тайлахын тулд тоглолт ч их үзэж байх шиг байна.

Аав тань Банзрагч агсны дууг сонсдог байгаад нэр хайрласан гэдэг үнэн үү. Гэнэтхэн цоорно гэдэг шиг та гэнэтхэн гарч ирэн, байр сууриа ч хурдан олсон хүн. Үүнтэй санал нийлэх үү?
Миний нэрийг хайрласан түүх таны хэлсэн мөн л дөө. Энэ сайхан хүний уран. бүтээлийг дуулахын тулд маш их хөөцөлдсөн. Урлагийн томчуудтай бараг бүгдтэй нь уулзаж зөвшөөрөл авч, гарын үсэг зуруулсан. Надад их нааштай хандаж байсан. Банзрагч агсны гэргийтэй ч уулзаж зөвшөөрөл авсан. Энэ нь их нэр төрийн хэрэг болсон гэж бодож, энэ сайхан уран бүтээлийг унагачихалгүй сайн авч явах их үүрэг оногдсонд баярлаж явдаг. Би багын л хонины бэлчээр дээр хоолойгоо задартал орилдог хүүхэд байлаа. Хотын хүүхдээс илүү хөдөөний хүүхдүүд уртын дууч мэргэжлийг сайн эзэмшдэг нь ажиглагддаг. Дөрвөн хананы дунд дуулснаас задгай талд орилдог байсан хүүхдийн хоолой их сайн задардаг юм шиг байгаа юм.

Би 1996 онд Увс аймгийн театрт дагалдан дуучнаар дөнгөж орчихсон байхад Батбаяр ах "Хардал бэйсийн унага" нэртэй тоглолтоо хийж байсан, Тэгэхэд нь би үзэгчийн суудлаас үзэж суухдаа "Энэ хүн шиг дуучин болж чадах болов уу. Яаж ийм сайхан дуучин болох вэ?" гэж мөрөөдөж байлаа. Ингээд хувь заяа миний тал руу эргэж би дуучин болсон. Энэ бол бурхны зурсан зураг л байх гэж би бодож байна. Батбаяр ахтайгаа хамтарч тоглолт ч хийлээ. Энэ хүний буянтай, үнэнч шударга зан нь их сайхан санагддаг. Хөдөө орон нутгаар нэг ч өдөр алгасалгүй тоглоход Батбаяр ах нэг ч удаа ам барьж ард түмнээ хуураагүй. Үзэгчид ч сэтгэлээс гарсан энэ сайхан аялгууг, тэр дундаа морины тухай дууг ямар сайхан хүлээж авч байгааг хараад бахархах сэтгэл төрсөн. Ер нь их олон зүйлийг ойлгож мэдэрсэн. Хөл муутай хүн нэг ч хоногийн амралтгүй залуу хүмүүстэй эн зэрэгцэж яваа нь гайхмаар бас бахархмаар байсан. Бид хоёрын хамтран гаргасан "Амьдран буй цаг хугацаа" цомгийг бид өөрсдөдөө хөшөө болгон гаргасан гэж боддог.

Уучлаарай, танд эвгүй ч санагдаж магадгүй. Таныг шилийн сайн эр болж мэдэхээр хүүхэд байсан гэгддэг юм билээ?
Манай нутагт хулгай, дээрэм их гардаг байсан л даа. Гэхдээ миний хувьд  тийм зүйл байгаагүй. Хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байсан маань үнэн. Зөв сэргэлэн гэх үү дээ. / Инээв/

Ингэхэд дуучин Банзрагчийн арын албаны хүн ямар хүн байна. Тэр бүр ил гарахгүй юм?
Миний хань бид хоёр нэг нутгийн хүмүүс. Гэр бүл болоод жил гаруйхан л болж байна. Хоёр идэхгүй хоосон хонохгүй түвшин сайхан л амьдарч явна. Миний хүү ой хүрчихсэн. Би ер нь хувийн амьдралаа бусдын өмнө дэлгээд байхыг хүсдэггүй. Хэвлэлийнхнээс ч хол байдаг. Тийм болохоор гэр бүл, хувийн амьдралынхаа тухай үүнээс дэлгэрэнгүйгээр яримааргүй байна. Муу ёрлож байгаа юм биш, хөндлөнгийн зүйл амьдралд хэт их орж ирэхээр салж сарнихаас эхлэн олон асуудал үүсдэг юм шиг байна лээ.

Энэ үхэр жилд гавьяатын хур их бууж байна. Үүнтэй санал нийлэхгүй "Гавьяатын цол үнэгүйдлээ, хавтгайрлаа" гэх шүүмжлэл ч гарч байна. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
Харин тиймээ. Би ч гэсэн энэ тал дээр их эмзэглэж явдаг юм. Тэр ч утгаараа би МУСТА гэж дуудуулах дургүй. Тэртээ тэргүй миний хэр дуулдгийг ард түмэн мэдэж байгаа байх. Хэдийгээр төр засаг намайг үнэлээд энэ шагналыг өгсөн ч энэ цол тэмдэг хэтэрхий үнэ цэнэ гэх үү утгаа алдаад байгаад тиймхэн сэтгэгдэл төрдөг юм.

Ярилцсанд баярлалаа.

Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin ТрамадоР» в ПыталовРµ Все полезныРµ свойствР° конопли посевноР¹ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Гусь-хру
IP:188.72.96.84  2018-10-05 13:57:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.