Хуурамч мөнгөний луйвар

2009/03/27
Share |
Хүмүүс:
Хуурамч мөнгөний луйвар

Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, хоёрдугаар зэргийн групптэй этгээд Монгол улсын мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэж иргэдээс их хэмжээний мөнгө завшжээ. Ганц мөнгөн  дэвсгэрт ч бус өөр өчнөөн бичиг баримт, иргэний үнэмлэх, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, хувь хүмүүсийн гэрээ хэлцэл дээр нотариатын тамгыг хуурамчаар дарж баталгаажуулсан хууль бус үйлдлийг хийсэн байгаа юм. Гэмт этгээд энэхүү бизнесээ жил гаруйн хугацаанд хийгээд баригдсан байна.  Энэ бол 2005 онд гарсан  хэрэг. Гэмт этгээдийг Батсайханы Батгэрэл гэдэг. 1982 онд Улаанбаатар хотод төрсөн энэ залуу их дээд сургуульд сураагүй, компьютерийн дамжаанд сурч операторын мэргэжилтэй болжээ. Түүний хуурамч мөнгөний луйвар 2002 оноос эхлэлтэй аж.

Б.Батгэрэл хэрэгт холбогдох үедээ  хувиараа компьютер тоглоомын газар ажиллуулдаг байжээ. Энэ үедээ тэрбээр хуурамч мөнгө хийж эхэлсэн байна. Харин 2004 оноос хуурамч мөнгийг их хэмжээгээр хийж эхэлсэн ба бусадтай бүлэглэн зохион байгуулалттай луйврын ажлаа эхлүүлжээ. Тэрбээр 2004 оны 10 дугаар сард нэлээд их хэмжээний 10 мянгатын хуурамч мөнгөн дэвсгэрт хийжээ. Улмаар энэ мөнгөө “туршилтад” оруулж ТҮЦ-нээс 500 төгрөгөөр тамхи авахад нь худалдагч мэдэлгүй авч хариултыг өгчээ. Үүнд урамшсан Б.Батгэрэл найз А.Амарбатаа дуудсан байна. Амарбат нь “ТЭЦ-3” компанид засварчин ажилтай аж. Ингээд хоёул нийлж дахин хоёр ширхэг хуурамч 10 мянгатын хуурамч мөнгөн дэвсгэрт хийгээд дахин ТҮЦ-үүдээр явж   худалдаа хийжээ. Энэ мэтээр тэр оройгоо хэд хэдэн ТҮЦ, дэлгүүрээс бараа авч “мөнгөө” үржээ. А.Амарбат нь хэд хоногийн дараа өөрийн найз Төмөр замын Цагдаагийн хэлтсийн хэв журмын нэгдүгээр салааны цагдаа, дэд ахлагч Б.Жамьяаныг мөнгө үйлдвэрлэгчийн гэрт нь дагуулан иржээ. Тус оройгоо гурван найз нийлж архидсан байна.

Ингээд хамтарч “баяжих” төлөвлөгөөгөө боловсруулсан гэдэг. Нэг үгээр хэлбэл Б.Батгэрэл хуурамч мөнгө үйлдвэрлэж, А.Амарбат тарааж, Б.Жамьяан арыг нь даахаар тохиролцсон байна. Б.Батгэрэл нь хуурамч мөнгөө бага багаар хийдэг бөгөөд түүнийг А.Амарбат авч орой үдшийн цагаар хүүхэд хөгшид байгаа газарт тараадаг байжээ. Хуурамч мөнгө үйлдэгчид жилийн хугацаанд ёстой л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн байна. Тэд хэн нэгний төрсөн өдрийг хуурамч мөнгөөрөө зад тэмдэглэж баар цэнгээний газар ордог байж. Тухайлбал 11 дүгээр сарын тавны өдөр иргэн Чимгээгийн төрсөн өдөрт очжээ. Мөрдөн байцаалтын явцад гэрчүүд “Б.Батгэрэл, Амарбат нар Чимгээгийн төрсөн өдөрт ирсэн. Ингэхдээ архи дарс дуусах болгонд гараад нэмж авчраад байсан.

Шөнө хүртэл гараад л дорхноо мөнгөтэй болоод орж ирж байсан” хэмээн мэдүүлжээ. Энэ төрсөн өдөрт мөн И.Саранцацралт, Л.Лхагвасүрэн, Б.Батдэлгэр, У.Ууганбаяр нар нар очжээ. Тэд төрсөн өдрийн маргааш өглөө нь барагддаггүй их мөнгөний учрыг мэдсэн ч бүгдээрээ үгсэн тохирч нуусан байна. Гэхдээ зүгээр нэг нуусангүй,  хуурамч мөнгөний луйварт оролцож эхэлжээ. Дараа удаа гурван найз хуурамч мөнгөөрөө эмнэлэгт эмчлүүлж байсан  Р.Дамдинсүрэнг эргэжээ. Энэ үед Р.Дамдинсүрэн уурлаж хуурамч мөнгийг базаж хаясан ч цагдаад мэдэгдээгүй байна. Амар хялбар аргаар нэг хэсэгтээ  амьдарсан Б.Жамьяан, А.Амарбат нар Б.Батгэрэлээс дахин хуурамч мөнгө хийж өгөхийг гуйжээ. Энэ удаа бүр  их хэмжээгээр хийж өгөхийг хүссэн байна. Б.Батгэрэл 2005 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр шөнөжин сууж байж тэр хоёрт 200 ширхэг хуурамч 10 мянгатын мөнгөн дэвсгэртийг хийж өгсөн байна. Б.Жамьяан хуурамч мөнгөн дэвсгэртийнхээ талыг нь А.Амарбатад өгч өөрөө Эрдэнэт явсан гэнэ. Тэрбээр замын турш хуурамч мөнгөө тараасаар явсан ба тав дахь үйлдэл дээрээ баригджээ.

Ингээд л бүх хэрэг илэрсэн байна. Цагдаагийнхан Б.Батгэрэлийг баривчилж гэрт нь үзлэг хийхэд долоон ширхэг хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн аж. Хуурамч мөнгөн дэвсгэртийн хоёр нь 2002 онд хийсэн АА 5410208, АС 7100404 серийн мөнгө байжээ. Түүнчлэн “мөнгө үйлдвэрлэгч” Б.Батгэрэл нь хуурамчаар иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, автобусаар үнэгүй зорчих билет, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргийг хуурамчаар хийдэг байсан нь мөрдөн байцаалтын явцад нотлогджээ. Улмаар нотариатын үйл ажиллагааг ч нууцаар эрхэлдэг байсан нь илэрчээ. Нотариатч гэдэг төрөөс тогтоосон журмын дагуу ямар ч маргаангүй бичиг баримтыг баталгаажуулдаг алба. Тухайлбал өв залгамжлагчийн гэрээслэлийг, үл хөдлөх хөрөнгийг баталгаажуулж, хууль бус үйлдэл, хуурамч бичиг баримтаас хамгаалдаг. За энэ ч яахав. Хамгийн чухал нь нотариатч иргэний эрхийг хуулийн хүрээнд шийдэж, “би өмчийн эзэн” гэдгийг нь баталгаажуудаг. Иргэдийн эрх ашиг зөрчигдөх явдлаас урьдчилан сэргийлж, хуурамч бичиг баримтыг баталгаажуулдаггүй гээд нэмээд тайлбарлачихъя.

Нотариатаар баталгаажуулсан ямар ч бичиг баримт бүхий л хуулийн шаталбарын өмнө үнэний баталгаа болдог.  Тэгэхээр нотариатын тамга даруулсан хүний өмч хөрөнгө 100 хувь баталгаатай гэсэн үг. Мөн энэ мэргэжлийн онцлог нь нотариатчийг бүрэн санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл нотариатч тамга дарж үйлчлээд иргэдээс мөнгө авдаг.  Дээрээс нь энэ ажлыг эрхзүйн дээд боловсрол эзэмшсэн, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүн хийх учиртай. Харин энэ ажлыг ердөө бүрэн дунд боловсролтой, зүгээр л компьютерийн дамжаа төгссөн, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, хоёрдугаар зэргийн групп тогтоолгосон этгээд хууль бусаар хийж байж.  Өөрөөр хэлбэл түүний хийж байсан ажил бүгд худал хуурмаг байсан  нь илрэв. Харин энэ бүгдийг төрийн цагдаа болоод эрх зүйн ангийн оюутан нар мэдэж байсан хэрнээ өөрсдөө энэ ажилд нь оролцож нуун далдаж, өөгшүүлж байсан нь харамсалтай.

Төрийн цагдаа гэдэг нь дээрх Б.Жамьяан,  И.Саранцацралт нь “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуулийн эрхзүйн ангийн гуравдугаар ангийн оюутан ажээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж, улсын яллагч Д.Мөнх-Очир хянасан байна. Үүний эцэст Баянзүрх дүүргийн шүүхээс тэдэнд ял оноожээ. Гэмт хэрэгтнүүд Эрүүгийн хуулийн 176, 233 зүйл ангиудыг зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн 176-д зааснаар Б.Батгэрэл хуурамч мөнгө хийж, түүнийгээ бусадтай бүлэглэн зохион байгуулалттайгаар тараасан байна. Мөн хуулийн 233-д зааснаар албаны болоод бусад бичиг баримтуудыг хуурамчаар үйлджээ. Үүнийх нь төлөө шүүхээс Б.Батгэрэлд хөнгөнөөс хүндрүүлэх нөхцөлтэйгээр  5.2 жилийн ял оноосон байна. Харин Б.Жамьяан, А.Амарбат нарт эрүүгийн хуулийн 176-д зааснаар таван жил нэг хоног хорих ял оноож, түүнийг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа. И.Саранцацралт, Л.Лхагвасүрэн, Б.Батдэлгэр, У.Ууганбаяр, Р.Дамдинсүрэн нарт эрүүгийн хуулийн 246-д зааснаар хууль бус үйлдлийг нуун дарагдуулсан гэдгээр тус бүр нэг сар баривчлах ялаар шийтгүүлэв. 

Ер нь сүүлийн жилүүдэд мөнгөн дэвсгэрт хуурамчаар үйлдэх болоод санхүү, эдийн засагтай холбоотой луйвар өсөх хандлагатай байгааг  цагдаагийнхан хэлж байна. Үүнийг шүүхээр шийдэгдэж буй хэргийн өнгө ч харуулж байгаа юм. Мөн эдийн засгийн гэмт хэрэгтний хэрэг үйлдэх арга улам нарийсч, цагдаагийнхан ч хэрэг мөрдөх арга хэлбэрээ нарийсгаж байгаа юм гэсэн. Бүр банк санхүүгийн ертөнцөд  өрнөөд байгаа эл луйвруудыг шинэ төрлийн гэмт хэрэг гэж нэрлэх болжээ. Зарим талаар гэмт этгээдүүд хуурамч мөнгө хийх хууль бус үйлдлээ хуулийн хүрээнд ажилладаг хүмүүсээр хаацайлуулах оролдлого гаргаж байгаа нь дээрх жишээгээр илэрч байна. Сүүлийн таван жилд хуурамч мөнгөтэй холбоотой хэрэг зөвхөн нийслэл хотноо  гэхэд 17 гарчээ

УБ таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.