Гэрэлтэй байшингийнхан хийгээд гэгээн таталбар

2009/03/27
Share |
Гэрэлтэй байшингийнхан хийгээд гэгээн таталбар

…..Ринчиннямын Амаржаргал. Гаваагийн Батхүү, Эрдэнийн Бат-Үүл, Ламжавын Гүндалай, Цахиагийн Элбэгдорж…
Монголын улс төрийн өнөө цагийн өнгийг тодорхойлолцож яваа олны танил улстөрчдийн нэрсийг ийнхүү өрж үзэв. Одоогоор нам дотроо ерөнхийлөгчийн сонгуулийн марафонд албан бусаар “өрсөлдөж” буй эдгээр хашруудын нэрсийг хараад “Энэ одоо хэн юм бэ” гэсэн хэгжүүн үгийг баргийн хүн унагахгүй байх аа.

Хэн бэ, хэдэн он бэ гэж басуулаад байх үеэ хэдийнэ ардаа орхиж, ерийн талыг наслан ир бяр сууж, ид хийж бүтээх үедээ тачигнаж яваа тэдний талаар таталбар хийж үзмээр хорхой хүрээд болохгүй. Гэхдээ гэм хоргүй, гэгээхэн таталбарыг…Тэртээ тэргүй хэдхэн хоногийн дараахнаас энэ төрлийн бүх мэдээ мэдэгдлүүд шорвогжиж эхлэнэ. Тийм болохоор өөрийнхөө харандаагаар өмнөө байгаа цав цагаахан цаасан дээр танил эрхмүүдийн дотно хөргийг таталган зурж үзэхэд ер нь яадгийн ...

Эрвээхэй зангиатай Ринчиннямын Амаржаргал:
…Инээмсэглэл, үснийх нь буурал гялтантай саарал сор, энд тэнд, эл дол болж, үнэ хүндээ алдаагүй эрхэмсэг төрх…
Р.Амаржаргал эдүгээ ховордсон бодлоготнуудын нэг. Учир нь улс төр орчмоор бодлого тээгчид биш тохиолдлынхон, сайн дурынхан олноороо холхих болсон өнөө цагт түүний энэ шинж илүү тод мэдрэгддэг. Зөвхөн энэ үнэт зүйл дээр суурилан үзсэн ч Р.Амаржаргалыг нам доторх элдэв бүлэглэлд ханьсуулж татаж харах, холбож авч үзэх нь хэт гэнэн, басхүү хөнгөн дүгнэлт болно. Өөр нэг энгийн тал нь түүнийг их чимдэг. Тэр бол улс төрд дайсан тарьж, дайсан татаж явдаг хүн биш. Зан чанарын хувьд түүний энэ байр байдал бусдаас онцгой ялгарч үзэгддэг юм. Тэр аливаа зүйлийг эсрэг тэсрэгийн хатуу хана руу савлуулан хоёр тийш шидэлж, гал асааж, хэрүүл хараал дэгдээж, улс төрд моод болон хэлбэржсэн сонин амьдралаас ангид биеэ авч явдаг цөөхөн соёлтой улстөрчийн нэг. Зөвхөн энэ чанар нь л гэхэд Ерөнхийлөгч хүнд байх ёстой гол чанаруудын нэг. Мэдээж өнөө цагийн лидер улстөрчдийн нэг Р.Амаржаргалыг бүтээсэн дараагийн хүчин зүйл түүний эзэмшсэн өндөр боловсрол, улс төрийн замналдаа хир суулгалгүй цэгц алхалж ирсэн цэвэр нэр төр хоёр билээ. Намтрынх нь хаанаас ч ухаад бохир, заваан юм гарч ирдэггүй ганц хоёрхон хүний нэг тэр шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайд байсан. Парламентын сонгуульд олон удаа хамгийн хүнд хэцүү өрсөлдөөнтэй нүүр тулан ялалт байгуулж ирсэн. Энэ үеийн парламентын жинг даралцаж, мэргэжлийн улс төрийг тээх агуулганд нь хүчтэй түлхэц өгөн чимиж яваа хүн яах аргагүй тэр. Хүнийхээ хувьд ч   Р.Амаржаргал нөхөрсөг, гэгээн зүгийн хүн

Гаваагийн Батхүү:
…Урьд нь хоёр ч удаа төрийн яамыг толгойлж, гүйцэтгэх засаглалын тэргүүн эгнээний багт хүчээ өгч явсан Г.Батхүү эдүгээ Их Хурлын дэд даргын албыг хашч байна. Хоёр том нам хамтран төр барьж буй эрсдэлтэй, ээдрээтэй энэ үед түүнд байдаг олон чухал чанаруудыг харж энэ албанд тохоосон болов уу. Г.Батхүү бол зан чанарын хувьд тараан бутаргагч биш. Эвлэлдүүлэх, нэгтгэх, ойлголцуулах талын ажлуудыг нөхөд нь түүнд ихэнхдээ даалгаж байгаа харагддаг. Түүний эл нуруутай төрх төлөв хамтарсан засагт гаднаас нь түшиг болох парламентын хүчинд багагүй жин дарж байгаа болов уу. Яг өнөөдрийн нөхцөл байдалд хувь хүнийхээ хувьд тохьгүй, өс хонзон санамтгай, асуудлыг юм л бол яргаж хагалж чулуудаад байдаг хатуу хэцүү кадр УИХ-ын дэд даргын албыг хашихад бэрхтэй. Тийм ч учраас түүнд итгэж энэ ачааг үүрүүлсэн биз. Ардчилсан нам дотор Ерөнхийлөгчийн “сунгаанд” оролцож, өрсөлдөж болох олонд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн олон улстөрчид бий. Тэдний нэг Г.Батхүү байгаа нь гайхаад байх явдал огт биш. Улс төрд цуглуулсан туршлага, нам дотроо үнэлэгддэг зиндаа, нийгэмд танигдсан байдал зэргээрээ тэр бусдаас юугаар ч дутахгүй. Ардын нүдэнд таалагддаг буянтай, дулаахан, эр хүнийхээ хувьд тулхтай гүдэс шинж Г.Батхүүд бий.

Улс төрийн амьдрал хатуу. Тэр хатууд хайр найргүй балбуулж байдаг улстөрчдийн нэг бол яах аргагүй тэр. Гэхдээ баргийн юманд өрвөлзөж босч ирээд байхгүй, юмыг өнгөрөөдөг монгол эрийн уудам зан энэ хүнээс их тод харагддаг. Нэг үгийн зөрөөн дээр л босч ирээд хэвлэлийн хурал зарлаад, хэрүүл зарга тариад, шөвгөнөөд шогшоод байдаг эр хүн гэхэд эргэлзмээр түшээд олон таардаг. Харин Г.Батхүү бол яснаасаа ч, цуснаасаа ч монгол эрийн тийм нэг талбиун шинжийг агуулж яваа харагддаг. Эвийг эрхэмлэгч нэгэн учраас элдэв зүйлд хардагдах, сэрдэгдэхийн зовлонг илүүтэй их амсаж явдаг нь бас мэдрэгддэг. Гаднаасаа тайван, нүдэнд дулаахан энэ хүн дотроо ч сонин уян зөөлнийг тээж явдаг. Гэгэлгэн, цайлган, за гэвэл ёогүй. Тэр нэг удаа манай Булганы Баяннуурт явж байжээ. Хурдан морины хорхойтныхоо хувиар нэг өвлийн уралдаан дээр л очсон юм шиг байгаа юм. Тэгж яваад нэг жаахан хүүтэй таарч. Хөдсөн дээлтэй халтайсан бор хүү. Ханцуйн дотроос нь улайж бээрсэн хэдэн хуруу нь харагдаад сэтгэл нь сэмрээд болдоггүй гэнэ. Хүүг дагаж баахан хараад, улс амьтнаас асууж сураглаж үзээд аав ээждээ хаягдаж гээгдсэн өрөвдөм хувь заяаг нь дуулжээ. Тэгээд л мань хүн хүүг шууд аваад ирсэн гэдэг. Ингэж тэр нэгэн өргөмөл хүүгийн аав болсон юм. Нутгийнхан энэ тухайд зөндөө дурсаж ярьдаг. Сургуульд орж, болооч үгүй онц сурч, нэртэй төртэй хүний өргөмөл хүү болон хувирсан жаалхүүг хожим төрсөн эцэг нь эрж сурж иржээ. Батхүү гишүүн тэр хоёрыг уулзуулсан тухайгаа нэг удаа ярьж байсан нь санаанаас огт гардаггүй. Ижил дасал болчихсон, эцэг хүү бололцчихсон болоод тэр юм болов уу даа, бас л сэтгэл хачин болоод байсан шүү. Хүүг маань буцаагаад аваад явчих вий гэсэн нэг тийм дотоод айдас надад төрөөд байсан, сонин юм шүү гэж…Би хувьдаа тэр хүнийг ийм л нэг сайхан эр хүний дүрээр нь, сэтгэл нь сэмэрсэн ч дотроо л тээгээд явдаг эцэг хүний нандин сайхан сэтгэлээр нь хүндэтгэж явдаг. 

Г.Батхүү гар хүрсэн болгоноо босгож ирдэг, төрөлхийн ажил хэрэгч, ачаа тээж, ард нь гарч чаддаг чанартай. АПУ-г тэр чанараараа л босгож ирсэн. Улсдаа хийдгээ хийж, татвараа төлж, нэг ёсондоо өгдгөө өгч яваа өнөө цагийн бизнесийн элитүүд дотор зүй ёсоор хүндлэгдэх өндөр эрэмбэтэй хүн. Энэ амжилт нь улс төрд түүнийг хэн дуртайд басуулахгүй явах бололцоог олголцсон байх.

Эрдэнийн Бат-үүл:
…Их улс төрд эрдэнэ мэт үнэлэгддэг улстөрч. Тэр бол  том ёс суртахуун, том гарал угсаа, том нэр төрийн эзэн. Сэтгэл хөдлөл нь дандаа ил харагдаж байдаг ховорхон улстөрч. Энэ чанараасаа болоод түүний ам, андгай, араншин нь олон түмний нүдэн дээр хамгийн ил оршдог хүн болж хувирсан. Түүний түргэн, омголон, зоримог, буцламтгай чанар нь буриад удмын цөстэй дүр төрхтэй нь сүлэлдэн олны сэтгэлийг  татаж байдаг. Үнэн, гашуун, хорон, ил цагаан, шулуухан мэдэгдлүүд ганцхан түүнийх л байдаг. Араа бодох, айх нэрэлхэх, аргалах зан түүнийх биш. Тэмтрээд л мэдмээр Бат-Үүлийн гэх орон зайг тэр ийнхүү бий болгожээ. Улстөрч болгон хайрлагдах тавиланг хүсэмжилдэг. Гагцхүү хүслээр болохгүй хорвоод л тэд амьдрах болдог жамтай. Харин Э.Бат-Үүлийг ямар ч үед олон түмэн хайрладаг. Энэ бол хүссэний зоргоор хүн бүрийн олж авдаг зүйл биш билээ. Жагсаж, өлсөж, баригдаж, хоригдож явсан баялаг намтар Бат-үүлийнх.

Байшингийн ханан дээр ухуулах хуудас нааж явсан партизан залуугаас өнөөгийн хүчирхэг том улстөрч болтол замнаж чадсан халираагүй, ухраагүй, урваагүй нүүр бардам амьдралын эзэн.

Ламжавын Гүндалай:
…. 45 нас хүрээд тун удаагүй байгаа түүнийг хийсэн алхмуудаас нь болоод өнөөдрийн байдлаар бараг галзуу солиотой хүний тоонд оруулчихаад байна. Гэхдээ өнөөгийн ил задгай, эрх чөлөөт нийгэмд олныг дандаа алайруулж байдаг шуугиант улстөрчдийн нэг Гүндалай төрсөн өдрөөрөө босч ирээд “Миний нас 45 хүрчихлээ. Би намаасаа удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлмөөр байнаа” гээд намын дарга дээрээ яваад орчихсон явдал тэгтлээ их нүд ам орой дээрээ гараад  байх үйл явдал биш санагддаг. Тэр нөгөө л дуулианы эзэн Л.Гүндалай шүү дээ. Ардчилсан нийгмийн араншинг илтгэж байдаг нэг гол өнгө төрх бол хүн өөрийгөө санал болгож чаддаг байх бололцоо, сэтгэлгээний тэр эрх чөлөө биз дээ. Энэ үүднээсээ би хувьдаа Л.Гүндалайн хийж байгаа алхмуудыг шүүмжилж, шогчилж хандаж байгаатай санал нийлдэггүй.

Л.Гүндалай зан чанарын хувьд хамгийн тодорхой улстөрчдийн нэг. Цагаан цайлган сэтгэл, эр зориг, хулчгар биш тод араншин нь энэ хүнийг илтгэж байдаг. Алдаж онохоос айж буцдаггүй залуу хүний зан авираа их удаан тээж яваа хүн байж ч мэдэх юм. Ийм гэгээн байж чадаж байгаагийнх нь төлөө түүнийг хайрлаж дэмжих ёстой. Хууль, хүчнийхний өмнөөс чинээндээ тултал сарваганаж чаддаг түшээ тэрнээс өөр байхгүй. Тэмцлийнх нь энэ ил тод хэлбэр түүнд тохоосон гэмт хэрэг гээчийн утгыг алдуулж хаясан. Одоо бол тэр явдал ердийн үнэмшил төрүүлэмгүй, төрийн албанд газар авсан уйтгартай мэдэгдэл сэлт төдий зүйл болон буух болжээ.

Л.Гүндалайг зүгээр л нэг алиа салбадай гэж ойлгож болохгүй. Тэрэнд өөрийг нь төрд итгэж илгээсэн сонгогчдынхоо өмнө чинээндээ тултал үүргээ биелүүлсэн шударга дүн очно. Тэр тэдний дуу хоолой байж чадсан. Тэр бүү хэл ардчилсан хүчнийхэн гудамжинд лааз өшиглөж явах чимээ аниргүй жилүүдэд саарал ордны гунигтай амьдралд саарал дээлтэй Гүндалай л дуу шуу оруулдаг байсан шүү дээ. Гандан буурч өгдөггүй гал цогтой энэ залууд нэг том чадвар байдаг. Тэр хэзээ ч анхаарлаас гарахгүй, олон нийтийн харааг өөр дээрээ соронзон мэт татаж чаддаг улстөрч. Ийм байя гэж хичнээн хүсээд ихэнхи нь чаддаггүй л биз дээ.

Цахиагийн Элбэгдож:
…Цахилсан адуу шиг, цохилсон зүрх шиг, Цахиагийн Элбэгдорж…хэмээн үүнийг тэрлэгч би бээр нэгэнтэй түүнд зориулан дуу алдаж явсан удаатай. Энэ үгээ би эргүүлж авахгүй. Илүүг ч хэлж чадахгүй. Ардчилсан нам дотор явагдах  Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх ёстой, хэн ч гайхахгүй хүлээн зөвшөөрөгдсөн өшөө ч хэд хэдэн хүн бий. Бусад намтай харьцуулахад өрсөлдөөн хамгийн задгай явагддаг нам нь эднийх. Хэн нь ч маргааш өглөө ямар ч акц хийгээд хашгираад босоод ирж мэдэх…эрх чөлөө, дур зорго ханхалж байдаг гэрэлтэй байшингийнхны тухай гэгээн таталбараа ийнхүү өндөрлөе

Үндэсний шуудан сонин
Сэтгүүлч Б.Ганчимэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.