Зүсэм талхаа үрээсээ харамлалаа гэж үү

2009/04/01
Share |
Хүмүүс:
Зүсэм талхаа үрээсээ харамлалаа гэж үү

Монголын үрс маш олон болог хэмээн их зохиолч Д.Нацагдорж эх орон, хойч үеийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө ерөөл тавин бичиж байсан. Тэр үеэс хойш Монголын үрс өссөөр Монгол улс өнөөдөр хоёр сая 600 мянга гаруй хүн амтай болоод байна. Аливаа улсын баялаг нь хүн гэдэг. Хүн өөрөө нийгмийн баялагийг бүтээж, улс эх орныхоо хөгжлийг авч явах гол хөдөлгүүр болдог.

21 дүгээр зуунд улс гүрнүүд хүнээ хөгжүүлэх бодлогыг тэргүүндээ тавин ажиллаж байна. Уг нь төр засгаас хүн амын өсөлтөд анхаарч төрөх эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүйдээ тулж шинэ төрөх барих ажилдаа ханцуй шамлан ороод байгаа. Гэсэн ч сайны хажуугаар саар гэгчээр нөгөө талаас хүүхдийн ирээдүй, амь насыг сүйтгэж байгаа хэрцгий үйлдлүүд ойр ойрхон гарах боллоо. Төрсөн бяцхан үрээ гудамжинд төөрүүлэх, дутуу төрсөн хүүхдээ хаях гээд урьд өмнө төдийлөн сонсогдож байгаагүй сэтгэл сэртхиймээр хэргүүд сүүлийн хэдэн хоногт гарав. Өнгөрсөн бямба гаригт Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэсвгэрт айлын хашааны үүдэнд өлгийтэй хүүхэд хэвтэж байжээ. Ойр орчмынх хүмүүс хүүхдийг хараад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Харамсалтай нь цагдаа нарыг очиход бяцхан хүү осгож нас барсан байв. Ойролцоогоор долоон сартай эрэгтэй хүүхэд байсан гэдэг нь тодорхой ч эцэг эх нь хэн болох, яагаад айлын хашааны үүдэнд хэвтэж байгаа нь тодорхойгүй. Ийм хэрэг Хан-Уул дүүрэгт анх удаагаа гарч байгаа хэрэг биш. Сар орчмын өмнө мөн л тус дүүрэгт хаягдсан гурван сартай бяцхан хүүг цагдаагийн байгууллагынхан олсон юм. Эх нь мөн л хаяад явсан байв. Азаар хүүгийн бие эрүүл саруул байж, цагдаагийн ажилтнууд эхийг нь олж эсэн мэнд өгсөн гэсэн. Манай улсад сүүлийн жилүүдэд дөнгөж төрсөн нярай хүүхдээ хаях, аль нэг боломжтой гэсэн айлын үүдэнд орхих, бүр хогийн пункерт хаячихсан байсан тохиолдол хүртэл гарч л байсан. Ингэж эцэг эхдээ хаягдсан хүүхдүүдийн нэг хэсгийнх нь очих газар нь траншей, эсвэл Хүүхэд асран хүмүүжүүлэх газар. Хүүхэд асран хүмүүжүүлэх газарт байгаа хүүхдүүдийн нэлээд хэсэг нь хар багадаа эцэг эхдээ хаягдсан байдаг юм билээ. Харин үлдсэн хэсэг нь гэрээсээ дайжиж зугтаасан, эсвэл эцэг эхээсээ дайжсан хүүхдүүд.

Өөрийнхөө төрсөн үрийг юунд ингэж хог мэт хаях болов оо? Ийм цэвдэг сэтгэлтэй эх хүн гэж байх уу? Хүн болгож чадахгүй байсан юм бол яах гэж төрүүлсэн юм гэсэн асуултууд шил шилээ даран гарч ирнэ. Энэ бүхэнд ганц л хариулт байгаа гэдгийг цагдаагийнхан, халамжийн газрынхан ярьж байгаа юм. Амжиргааны төвшин доогуур, тодорхой орлогогүй, өдрийн хоолоо ч олж чадахгүй тийм л хүмүүс хүүхдээсээ нүүр буруулдаг. Ядаж байхад нь санхүү эдийн засгийн хүндрэл ядуу ардуудыг бүр ч туйлдуулж орхив бололтой. Хоногийн хоолоо яая даа гэж байгаа нь битгий хэл орох оронтой, оочих аягатай нь хүртэл валютын ханш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд мөлжүүлж дуусч байгаа нь нүднээ илт байгаа. Килограмм будаа 1500 төгрөг, ширхэг шүдэнз 40 төгрөг, ходоод баясгах махан амтлагчтай ганц хуушуур 300 төгрөг гэж байгаа хойно яалтай ч билээ. Гэсэн хэдий ч яаж ч зовж зүдэрч байсан төрсөн үрээ хаяна гэдэг хүний ёсноос тэрсэлсэн хэрэг. Үхтэл үр харам гэдэг бус уу. Харин манай зарим эцэг эхчүүдэд ийм сэтгэл, сэтгэл зүй, хүнд хэцүүг даван гарах сэтгэлийн хат байхгүй бололтой. Тэд өөрийнхөө идэх зүсэм талхыг хүүхэдтэйгээ хуваалцахгүйн тулд ийн хүүхдээ гудамжинд хаяж байна. Аргаа ядсан цагдаагийн байгууллагынхан эмнэлгийн байгууллагуудтай хамтарч хэзээ хаана, ямар хүүхэд төрсөн талаар судалгаа хийж байгаа гэсэн. Хэрэв хүүхдээ хаясан тохиолдол дахиж гарах юм бол эцэг эхийг нь яаралтай олж тогтоохын тулд ийм арга хэмжээ авч байгаа гэнэ. Нэгэнт хаясан хүүхдээ цагдаагийнхны шахалтаар авсан хүн дахиад хүүхдээ хаяхгүй байж чадна гэж үү. Тэр хүүхдийг хүн болгож хүмүүжүүлэх сэтгэлийн хат байгаа болов уу, тэр эхчүүдэд. Байсан ч хүүхдийн заяа гомдох байлгүй дээ. Эцэг эхдээ гологдсон хүүхэд ямархан хүмүүжилтэй, сэтгэл зүрхтэй болж өсч торних бол.

УБтаймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.