“Төрсөн өдрийн аялгуу” нэртэй шинэхэн цомгоо саяхан фэнүүддээ хүргэсэн гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа ээлжит тоглолтоо хийхээр бэлтгэж эхэллээ. Хоёр жил гаруй хугацаанд бэлтгэсэн түүний 13 дахь бие даасан цомог эрэлт ихтэй байгаа сурагтай. Тиймээс энэ сарын- 20 нд тохиох төрсөн өдрийн баярт зориулж томоохон хэмжээний тоглолт зохион байгуулж, сонсогч фэнүүддээ хүргэх бодолтой байгаагаа нуусангүй. Энэхүү баярт зориулсан тоглолтод рок попын шилдэг уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх нь тодорхой. Дуучин бүсгүй энэ удаагийн тоглолтыг шинэхэн цомгийнхоо нэрийг өгөхөөр шийдэж, “Төрсөн өдрийн аялгуу” хэмээн нэрийдсэн гэнэ. Харин “Төрсөн өдрийн аялгуу” тоглолтынхоо үзэгчдэд гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа шинэхэн цомгоо бэлэглэх юм байна. Үүгээр ч зогсохгүй, уг тоглолтоо Дархан, Эрдэнэт хотуудад очиж сонирхуулах төлөвлөгөөтэй яваа гэнэ.
Эх сурвалж : Өнөөдрийн монгол