Л.Гүндалай: Э.Бат-Үүл гишүүн өнгөрсөн хойно нь доголон нулимс унагах хэрэггүй л байхгүй юу

2009/04/08
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Л.Гүндалай: Э.Бат-Үүл гишүүн өнгөрсөн хойно нь доголон нулимс унагах хэрэггүй л байхгүй юу

УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Танай нам нэр дэвшигчээ ардчилсан зарчмаар тодруулсан гээд байгаа. Таны бодлоор жинхэнэ ардчилсан зарчмаар тодруулж чадсан уу?
Ардчилсан гэхээсээ илүү дүрмэндээ тохируулж нэр дэвшигчээ тодруулсан. Би Их хурал дээр асуудал оруулж, заалнаас нэр дэвших саналтай байсан. Гэвч энэ нь манай намын дүрмээр боломжгүй зүйл гэсэн. Намын удирдлага ч заалнаас нэр дэвшүүлэхийн эсрэг байр суурьтай байсан. Хэрвээ заалнаас нэр дэвшүүлсэн бол би гарчих ч байсан юм бил үү, хэн мэдлээ.

Яагаад та ингэж бодов. Өөртөө дэндүү итгэлтэй байсан учраас тэр үү?
Би Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас гарахгүй гэдгээ мэдэж байсан. Харин зааланд намайг дэмждэг маш олон хүй байсан гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ нэр дэвшигч Ц.Элбэгдорж мэдээж миний хүчтэй өрсөлдөгч байсан.

Та бүхэн нэр дэвшигчээ дэмжиж, баг болж ажиллана гэж гарын үсэг зурцгаасан. Таны хувьд яаж дэмжиж ажиллах гэж байна?
Манай намын нөлөө бүхий лидерүүд хуралдаж, нэр дэвшигчийг 21 аймаг, бусад газраар явахад намайг хамт явуулахаар болсон гэсэн. Би хамт явж, ардчилсан Ерөнхийлөгчтэй болохын тулд чадлынхаа хэрээр дэмжиж ажиллана аа.

Та Э.Бат-Үүл гишүүний нийтлэлийг уншсан уу. Тэр нийтлэл хэвлэлээр нэлээд шуугиан тарьж байх шиг ?
Э.Бат-Үүл гишүүн 20 жил ардчиллын алтан хараацай гэж явлаа. Гэтэл нам дотроо өөрийнхөө баг, бүлэглэлийг бий болгож чадаагүй нь л харагдаж байна. Би энэ намд ороод ес дэх жилдээ явж байна. Надад бас тийм баг байхгүй. Ер нь АНУ, Герман, Японд ч бай улс төр гэдэг нам доторх дэмжлэгээр гарч ирдэг. Улс төр төдийгүй аливаа юманд дэмжигчтэй, багтай хүн л ялалт байгуулдаг. Харин Э.Бат-Үүл бид хоёрт тийм баг байсангүй.

Өөрөөр хэлбэл, улс төр бол багийн тоглолт. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж хоёр ч удаа Ерөнхий сайд хийсэн хүн. Тэгэхээр энэ хүн багаа байгуулж чадсан л байгаа биз дээ. Харин багаа байгуулж чадаагүй Э.Бат-Үүл гишүүн өнгөрсөн хойно доголон нулимс унагах хэрэггүй л байхгүй юу. Ямар тэнд байсан гишүүдэд буу тулгаж байгаад хүчээр саналыг нь өгүүлсэн биш.

Хэнтэй ч гэсэн нүүр тулж уулзаад намайг дэмжээрэй гэвэл нөгөө хүн дэмжинээ л гэнэ. Ямар өөдөөс нь харж сууж байгаад үгүй гэлтэй нь биш. Би тийм учраас хүмүүсээс намайг дэмжээрэй гэж асуудаггүй. Ихэнх нь дэмжинэ л гэнэ шүү дээ. Тэгэхээр намайг дэмжинэ гэчихээд дэмжсэнгүй гэж ярьж таарахгүй.

Ардчилсан нам хүнээ нэр дэвшүүлчихээд баг болохгүй эсрэг ажилладаг гэж шүүмжлүүлдэг. Энэ удаа баг болж ажиллана гэж байгаа ч цагаа тулахаар тэгж ажиллаж чадах болов уу. Та юу гэж бодож байна?
Цаг, цагаараа байдаггүй гэдэг. 2005 онд М.Энхсайханыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлээд баг болж ажиллаагүй тал ажиглагдсан юм билээ. Одоо бол тийм юм байхгүй. Намын удирдлага, нэр дэвшигч нь өөр болохоор тэр үеийн хэргийг сөхөх хэрэггүй байх. Харин ч ардчилсан Ерөнхийлөгчтэй больё гээд нэлээн сайн нягтарч ажиллаж байгаа нь анзаарагдсан.

АН болон МАХН-аас нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, харьцуулж үзсэн үү. Ер нь одоогийн Ерөнхийлөгч өнгөрсөн дөрвөн жил хэр үр бүтээлтэй ажилласан гэж та боддог вэ?
Одоогийн Ерөнхийлөгчийн хийсэн ажил маш муу. Монголыг хөгжүүлэх биш уруудуулж л ажилласан гэж бодож байгаа. Харин манай нэр дэвшигч анхнаасаа л ардчиллын төлөө явсан. Ардчилал гэж худлаа ярих биш үүнийг хийхийн төлөө явсан юм чинь хүний эрх, эрх чөлөө, хууль шүүхийн байгууллагын болохгүй байгаа тогтолцоо, нийгмийн сөрөг үзэгдэл, ажилгүйдэлд арай өөр байр сууринаас хандаж чадах хүн.

Таны мөрийн хөтөлбөрт орсон зүйлээс нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт орж байгаа юу?
Би Ц.Элбэгдорж нэр дэвшигчтэй уулзаж, өөрийнхөө санаа бодлыг илэн, далангүй хэлсэн. Зөв зүйтэй санаа их байна гэж байна билээ

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.