З.Алтай: Би сонгуульд санал өгөхгүй

2009/04/10
Share |
Хүмүүс: Зориг Алтай | 
З.Алтай: Би сонгуульд санал өгөхгүй

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл оржээ. Уг хуулийн төсөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад халтай хоёр заалт бий. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн З.Алтайтай ярилцлаа.

Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр болжээ. Энэ хуулийг батлах болов уу, та юу гэж бодож байна?
Тийм ээ, тэгэхдээ дэмжигдэхгүй байх. Гишүүдтэй уулзахдаа энэ хуулийг л батлаад өгчих, наад заалтаас чинь болж олон сэтгүүлч “аавын хаалга” татах гээд байна. Бичсэн жирийн сэтгүүлч, нийтэлсэн хэвлэлийн байгууллагын дарга нь эрүүгийн хариуцлага хүлээх биш бичүүлсэн, захиалсан хүмүүс нь хариуцлага хүлээдэг болгоё гэхэд одоогоор л хүлээн авах, сонирхолгүй байна!

Яагаад тэр заалтыг авах сонирхолгүй байгаа юм бол…?
Хүнийг хэн гүжирдэж, доромжилдог билээ. Хэн мөнгө өгч захиалдаг билээ, улстөрчид өөрсдөө шүү дээ. Жирийн иргэн хэзээ ч мөнгө төлж хэн нэгнийг хэвлэлээр гүтгэдэггүй. Тэдэнд тийм их мөнгө ч байхгүй. Тэгэхээр улстөрчид өөрсдийнхөө хийсэн хэргээс айж, ялаас мултрах гэж энэ хуулийн төслийг батлах сонирхолгүй байна. Өөрсдийнхөө хийсэн хэргийн лай, ланчигийг тэрийг бичсэн жирийн сэтгүүлч, байгууллагынх, нь даргад үүрүүлэх гэж байгаа юм. Тэгээд л хүлээн авах ссжирхолгүй байгаа. Тэгэхдээ харж л байя.

Энэ хуулийг батлах нь зүйтэй гэж ярьдаг хэд хэдэн гишүүн байдаг шүү дээ?
Мэдэхгүй, би хуулийн төсөл санаачлаад нөлөө бүхий, олон жил болсон гишүүдэд үзүүлэхэд “Энэ бүтэхгүй байх аа. Чи хариуцлагаас мултрах гээд байна уу” гэж л асуудаг юм. Тэрнээс, өө энэ чинь зөв байна, дэмжинэ гэж хэлсэн нэг ч гишүүн одоогоор алга. Тэгэхдээ би асуудлаа тавина гэж бодож байгаа.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Хоёр нэр дэвшигч тодорлоо. Таны бодлоор хэн нь ялвал улс орон, ард түмнийхээ төлөө их зүйлийг хийж чадах бол?
Хоёр чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэдэг. Болдог юм л болох гэж байна. Энэ хоёр нам монголын ард түмэнд өөр сонголт өгсөнгүй, олгосонгүй. Уг нь өөр “морьд” уралдсан бол сонирхолтой, бас ард түмний амьдрал сайжрах цаг ирэх нь гэдэг сэтгэгдэл худлаа ч гэсэн төрөх байсан юм билүү, хэн мэдлээ. Монголын ард түмэн энэ.хоёр хүнийг хэн нь хэн бэ гэдгийг хар, цагааигүй мэднэ дээ. Яахав, хууль юм болохоор аль нэг нь ялна. Харин хэн нь гэдгийг цаг хугацаа харуулна биз.

Сонгуулийн марафон эхэлчихлээ. Хэрвээ би Ерөнхийлөгч болвол гэдэг үлгэр шиг яриагаа ярьж байна. Хоёр нэр дэвшигчийг гэнэтхэн босоод харсан чинь монголын ард түмэн үгээгүй ядуу болсон байна гэнэ. Шүүх засаглалд шударга ёс гэдэг зүйл алга, ардчилал, ардчилал биш болжээ. Хэрвээ намайг сонговол энэ бүгдийг цэгцэлж, сайн сайхан болгоод өгнө гэж ярьж байна. Ийм гоё, уран цэцэн үгийг энэ хоёр 19 жилийн өмнө хоёулаа хэлж байсан. Монголын ард түмэн ч уужуу сайхан сэтгэлээрээ өнгөрсөн хугацаанд тэдэнд итгэл үзүүлж, дахин, дахин сонгосон. Хоёулаа төрийн эрхийг барьж байсан. Харамсалтай өнгөрсөн хугацаанд юу ч хийсэнгүй шүү дээ.

Нэр дэвших боломжтой олон хүн байсан гэж та хэллээ. Тухайлбал, хэнийг хэлээд байна?
Зөндөө байна. Өөрийнхөө үзэл бодол, байр суурьт үнэнч, шударга, элдэв хар бараан асуудалтай нэр нь хутгалдаагүй, албан тушаал, хэргэм зэргийн төлөө гүйгээгүй сайхан хүмүүс байсан, Э.Бат-Үүлээс эхлээд. Чин үнэнийг хэлэх би Э.Бат-Үүлийг нэр дэвшээсэй гэж их хүсч байсан. Шударга, зөв хүн. 19 жилийн турш өөрийгөө ард түмэнд таниулж чадсан хүн гэж боддог, би. Надаас өөр олон хүн дэмжиж байсан байх. Тэгэхдээ би Ц.Элбэгдоржийг муу хүн гэж хэлэхгүй. МАХН-ын хувьд олон жилийн туршлагатай, боловсон хүчин ихтэй нам гэж гайхуулдаг юм билээ. Тийм л мундаг юм бол шинэ хүнийг гаргаж ирэх нь яасан юм бэ. Нам маань шинэчлэгдэж, шинэ монголын төлөө шинэ сэтгэлгээтэй, залуу боловсон хүчнээ илгээлээ гэсэн бол ард түмэн ч сэртхийх байсан байх даа. Юу болов, яав гээд уур амьсгал ч өөрчлөгдөх байсан юм бил үү. Харамсалтай нь тэгсэнгүй.

Э.Бат-Үүлийг дэмжиж байсан гэлээ. Тэгэхдээ тэр хүнийг намын нөхөд нь дэмжээгүй шүү дээ?
Улс төр гэдэг чинь их бохир, заваан гэдгийг парламентад сууж байгаа, нам дотор олигархи болж яваа хоёр намын улстөрчид харуулж байна. Миний бодож байгаагаар монголын улс төрийн хоёр толгой нам хэзээ ч шинэчлэгдэхгүй. Би л амьддаа үзэхгүй юм байна. Шинэ залуу боловсон хүчнээ дэмжиж, цус сэлбэх ажлыг энэ хоёр намын улс төр, бизнесийн олигархиуд хэзээ ч хийхгүй. өөрсдөө ч суудлаасаа босохгүй, бас хэнийг ч суулгахгүй гэж зууралдах юм байна.

Дээрээс нь өөрсдийнхөө залуу халааг бэлтгэж байна, эзэндээ үнэнч сайхан “бууны нохой”-нууд. Харцаар нь хөдөлдөг. Тэгэхээр улс орон яаж хөгжиж, ард түмний амьдрал хэзээ сайхан болох юм бэ. Би хувьдаа энэ хоёр намаас хэзээ ч шударга, зоригтой, чадалтай улстөрч төрөхгүй юм байна гэдгийг өдөр тутам мэдэрч сууна даа.

Та иргэнийхээ үүргийг гүйцэтгэж сонгууль өгнө биз дээ?
Өгөхгүй.

Яагаад?
Өгөх, өгөхгүй эрх нь надад байгаа юм чинь.

Тэгэхдээ таны нэг санал асуудлыг өөрөөр эргүүлэх ч юм билүү?
Тийм л дээ. Нэг хүнээр дутдаггүй эх орон гэж байхгүй. Тэгэхдээ л би сонгууль өгөхгүй гэж бодож байгаа.

Ер нь, та МАХН-ын сонгуулийн амлалт 1.5 сая төгрөгийн талаар ямар бодолтой явдаг вэ?
Яахав дээ, наадуул чинь монголын ард түмнийг архи дарс, эд мөнгөөр хуурч сураагүй биш. Толгойг нь худалдаад авчихдаг аугаа улстөрчид шүү дээ. Тэгэхээр одоо янз бүрийн юм амлаж, элдэв хууль, тогтоолын төсөл боловсруулах байх. Үүндээ ч гаршсан.

МАХН-аас нэр дэвшигчийн сонгуулийн урианд 1.5 сая төгрөг байна билээ. Энэ мөнгийг өгөх боломж байгаа юм болов уу?
1.5 сая төгрөгийг бэлнээр өгвөл монголын эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэж Ерөнхий сайд, намын дарга С.Баяр нь хэлээ биз дээ. Тэгтэл Н.Энхбаяр дахин 1.5 саяаар шоудвал монголын эдийн засаг, нийгмийг элгээр нь хэвтүүлэх үлгэр зохиож байна гэж ойлгоно.

Ер нь энэ мөнгийг яаж өгөх гээд байгаа юм бэ. Ийм ядарсан, туйлдсан эдийн засагтай байж бэлэн мөнгө тараана гэж амлаж байгаа нь хамгийн өөдгүй, арчаагүй арга. Хэдий том улстөрч байлаа ч ийм юм амлаж байгаа бол хамгийн сүүлчийн арга гэж би боддог. Тэгэхдээ өгөхдөө хүрэх юм бол энэ мөнгийг бэлнээр өтч болохгүй. Тэрний оронд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүмүүсийг ажилтай болгох хэрэгтэй. Харамсалтай нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэж нэг ч төгрөг төсөвлөхгүй, гаргахгүй байгаа биз дээ.

Одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн хугацаанд хэр ажиллав. Түүнийг дахин нэр дэвшихэд өмнөх мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн нь нөлөөлсөн гэж намын дарга нь яриад байгаа?
Би мэдэхгүй, саналаа өгөөгүй. Тухайн үед ямар мөрийн хөтөлбөр гаргасан гэдгийг нь ч уншаагүй, унших ч үгүй. Яагаад гэвэл, үе үеийн Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр хэрэгждэггүй, үлгэр байдаг гэдгийг би битгий хэл, ард түмэн ч хэлнэ. Монголын ард түмэн амьдрал, мах цусаараа мэдэрлээ шүү дээ. Тиймээс тэрийг уншиж байх цаг, зав алга.

Та өмнө нь парламентыг гадна талаас нь хараад шүүмжилдэг байсан. Одоо дотор нь орохоор илүү ихээр шүүмжлэмээр байх юм уу?
Уг нь Монгол Улсын парламент төрийн эрх барих дээд байгууллага. УИХ-ын гишүүн бол төрийн том хүн. Ард түмэн, улс эх орныхоо төлөө үгээ хэлж, үзэл бодлоо уралдуулж “YES”, “NO” гэдэг кнопыг дарах эрхийг нь ард түмэн олгож, сонгосон. Өнөөгийн парламентын гишүүдийг харж байхад эхлээд нам, бүлгийн эрх ашиг нэгдүгээрттавигдаж байна. Тэрийгээ бодож л дээрх хоёр товчийг дардаг.  Тэрнээс биш ард түмэн, улс орны эрх ашиг хөндөгдөнө гэдгийг хэзээ ч боддоггүй. Энэ бол эмгэнэлтэй. Тэгэхээр нэр цэвэр, өөрийн гэсэн үзэл бодолтой хүн байсан ч намын атганд орж л байгаа байхгүй юу. Энэ танхимд “толгойгүй” хөндий цээжтэй далан хэдэн хүн сууж байгаа. Цөөхөн хэд нь толгойтой, тэдний заавраар л хөдөлдөг.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний тухайд та ямар байр суурьтай байгээ вэ?
Хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр хүн бүр санал нэгтэй байгаа. Монголын ард түмний авралын од нь энэ болчихоод байна шүү дээ. Тэр орд нээгдчихвэл бараг ажил хийх хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу. Баахан мөнгө аваад зүгээр сууна гэдэг үлгэрт монголын ард түмэн итгэсэн шүү дээ. Энэ үлгэрийг энэ нөхөд итгүүлж ч чадсан. Тэр худлаа шүү дээ. Ийм муу гэрээний төсөл хийчихээд, цаг зуурын хүндрэл далимдуулаад нөгөө талдаа буулт хийгээд монголын ард түмэнд гэгээн сайхан амьтан болж харагдах юм бол хойч үе маань бидний ясыг өндөлзүүлнэ шүү. Тийм учраас ийм түүхий гоомой юманд гарын үсэг зурах хэрэггүй. Монголын ирээдүйг харсан юм хийсэн бол дэмжихсэн. Сая гэрээний монголын талаас Айвенхоу майнзад өгсөн хувилбарыг тэд хүлээн зөвшөөрөөгүй гэж би сонссон. Тэр саналыг харилцан ашигтай байдлаар шийдэхгүй юм бол болохгүй.

Би Ерөнхий сайдыг дагаж гадагшаа яваад уурхай гэж юу байдаг, байгаль орчны нөхөн сэргээлт гэж юу байдгийг тэмтэрч үзээд ойлгосон. Уурхай бий болгоход наад зах нь 7-8 жил болно. Холын юмны төлөө, орж ирэх V болоогүй мөнгөний төлөө бид хууртсан байна.

Төр засагт найдаж болохгүй гэлээ. Тэгээд монголчууд юунд найдах ёстой вэ, таныхаар?
Монголчууд өөр өөрсдийн хүчиндээ найдахгүй юм бол далдын хүч юмуу хаа газраас ороод ирэх хэдэн сая долларт найдаж болохгүй. Улстврчдийн зохиосон үлгэрт битгий итгээч ээ гэж л хэлмээр байна. Монгол Улсыг хөгжүүлэх гол хүч нь бол монгол хүн өөрөө. Монгол хүн өөрөө итгэ, өөрөө ажилла, харин бололцоог нь төр чадлынхаа хэрээр тавьж өг. Юманд бололцоо олгох, таатай нөхцөл бурдүүлэх нь төрийн үүрэг. Тэгэх юм бол хоёр сая хүн чинь ухаантай юм болохоороо өөрсдийгөө аваад явчихна.

Тэгэхгүй бэлэн юм амлаад, бэлэн юм өгнө гэж хуураад байхгүй юмыг бий болсон мэтээр яриад байх юм бол монгол хүний нөгөө дээшээ харж алгаа тосоод, цаг сайхан болохыг хүлээсээр суутал өдөр хоног өнгөрч, “бурхан” болсоор байх болно. Тэгэхээр хүн рүүгээ хандаач, иргэддээ хандаач. Амьдралыг сайхан болгох гол тулгуур бол надаас өөр хэн ч биш юм байна. Засаг төр ч биш, алт, зэс, байгалийн баялаг ч биш. Би өөрөө л тэмцэхгүй юм бол хэнийг ч сонгоод, хэнбугайг ч горьдоод бүтэхгүй юм байна гэдгийг мах, цусаараа ойлгойх ёстой

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.