Хүмүүс: Ч Сайханбилэг | |
Тухайн цаг үеийн асуудлаар АН-ын удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад албан ёсны мэдээлэл өгдөг 4.11 гэсэн уулзалт хийдэг. Уг уулзалт өчигдөр тус намын байранд боллоо. Уулзалтад намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар оролцсон юм. Энэ удаагийн уулзалт Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар “амьсгалсан” юм.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын сонгуулийн штабыг намын дарга Н.Алтанхуяг даргалж, ерөнхий менежерээр ерөнхий нарийн бичгийн дарга ажиллах шийдвэр гаргаснаа танилцууллаа. Мөн сонгуулийн штаб үндсэн дөрвөн ажлын алба байгуулаад байгаа аж. Тухайлбал, олон нийттэй харилцах албыг Д.Дорлигжав, . зохион байгуулалтын албыг Д.Эрдэнэбат, сонгуулийн байгууллагуудтай харилцах албыг Ч.Сайханбилэг нар хариуцан ажиллахаар тогтсон юм байна. Уулзалтын дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгээс цөөн асуултад хариулт авлаа.
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Өршөөлийн хууль батлагдахыг иргэд хүлээж байгаа. Ямар шийдэлд хүрсэн бол?
Өршөөлийн тухай хуулийн хоёр ч хувилбар яригдаж байгаа. Бид МАХН-тай хэд хэдэн удаа уулзаж ярилцсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл нэгдсэн байр сууринд хүрээгүй.
УИХ-аас ажлын хэсэг байгуулж, сонгуулийн тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа гэсэн яриа байгаа. Энэ талаар?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд тухайн шатны сонгуульд өөрчлөлт оруулж, тухайн шатны сонгуулийн өмнө нийгмийн халамжийн шинжтэй амлалт өгөхийг хориглосон заалт нэмэх нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ ийм хэлбэрийн амлалт байж болох ч энэ нь “Сонгууль болохоос зургаан сараас, жилээс багагүй хугацааны өмнө” байж болох зохицуулалт хийх юм байна. Өнөөдрийн эрх зүйн орчноор бол нэр дэвшигч, улс төрийн хүчнүүд сонгуулийн кампанит ажлын үеэр мөнгө, халамжийн шинжтэй амлалт өгөх нь огт хориглогдоогүй зүйл юм. Хуулиар үүнийг хориглохгүй бол нийгмийн халамжийн бодлогод гажуудал үүснэ шүү дээ.
Сүүлийн үед С.Зориг агсны үхлийн шалтгааныг АН-тай холбон ярих болж. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
АН энэ хэргийг үргэлж анхааралдаа байлгадаг. Хууль зүйн хүрээнд нь асуудлыг шийдүүлэх гэж хөөцөлддөг. Улс төрийн хүчин, УИХ энэ асуудлыг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой болохоос бус шийдвэрлэх эрх үүрэг байхгүй. УИХ-ын намын бүлэг энэ хэргийн талаар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь гишүүн П.Алтангэрэл ажиллахаар болж байгаа.
Энэ хэрэгт танай намын гишүүн Э.Бат-Үүлийг сэжиглэх хүн цөөнгүй байх шиг байгаа юм билээ?
АН шаардлагатай бол хариу өгч, УИХ-ын гишүүнийхээ халдашгүй байдал, нэр төрийг сэргээлгэх алхам хийнэ
Өнөөдрийн монгол