Монголын хямрал

2009/04/13
Share |
Хүмүүс:
Монголын хямрал

Сүүлийн үед харж байхад Монголийн эдийн засаг хямарч, хүмүүс мөнгөгүй болж, юмны үнэ, долларын ханш өсч байгаа нь дэлхийд хямрал нүүрлсэнтэй холбоотой гэж их ярих болж. Бараг л бид нар зүгээр байж байхад гадныхан ирээд хямруулчихлаа гэх гээд байх шиг. Үнэн хэрэг дээрээ хямрах эх үндсийг нь Монголчууд өөрсдөө, тэр дундаа Засгийн Газар, Монголбанк тавьсан юм. Яг юу болоод байгааг зах зухаас нь тайлбарлая.

1. ҮНИЙН ӨСӨЛТ (ИНФЛЯЦИ)
Хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэсэн үг бий. Тэгвэл 2000-2007 оны хооронд Монголбанк Монголын эдийн засаг хэмээх хөнжлийг сунгаж татаж томруулаад, Засгийн газар тэр хиймлээр томорсон хөнжлөөс нь илүү гаргаад жийчихсэн байлаа
 
Монгол улсийг нэг айл гэж үзвэл, тэр айлын зарлага болон эргэлдүүлж буй мөнгө нь (хувийн бизнес, банкин дахь хадгаламж, хэрэглээний зардал гэх мэт) олдог орлоготойгоо ямар нэг хэмжээгээр хамааралтай байх ёстой. Энэ нь хэнд ч ойлгомжтой зүйл. Улс орон ч үүнтэй адил. Улс гэдэг бол айл өрхийн томруулсан хувилбар. Энд орлого, эргэлдүүлж буй мөнгө, зардал гээд 3 гол ойлголт байна. Улсын хувьд эдгээрийг Төв Банк, Засгийн Газар зохицуулах үүрэгтэй.
 
1. Эргэлдүүлж болох мөнгийг нь Монголбанк мөнгөний нийлүүлэлтээрээ шийднэ.
2. Олж буй орлого нь Дотоодийн Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) гэж үзүүлэлтээр хэмжигдэх бөгөөд тэр улс оронд бодитоор бий болж буй бараа бутээгдэхүүний өртөгийг хэмжинэ. Хэр их алт олборлов, хэр их ноолуур самнав, хэр их барилга барив, хэр их жуулчин авав гэх мэтээр.
3. Харин зардал гэдэгт улсын нийт зарцуулж байгаа мөнгө, хөрөнгө оруулалт гэх мэт орох бөгөөд үүн дотроо Засгийн газрийн зардал буюу төсвийн зардал хамгийн том хувийг (40-50%) эзэлдэг.
 
Мөнгөний зөв бодлого явуулдаг оронд бол Төв Банк нь мөнгөний нийлүүлэлтийг олж буй орлого буюу ДНБ-тэй маш ойр уялдуулж зохицуулж явдаг. Төв Банк хэт бага мөнгө нийлүүлээд байвал эдийн засгийн өсөлтөд саад болно, хэт их мөнгө нийлүүлбэл үнэ өсч инфляци үүсэн эдийн засаг хямарна. Албаны үгээр бол Төв банк нь бодит эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахуйц Мөнгөний бодлого явуулах ёстой.
 
Гутал хийж зардаг гэр бүлээр жишээ авья. Гутлаа илүү чанартай хийдэг болоод борлуулалт нь нэмэгдвэл тэр айл бизнесээ өргөжүүлэхийг хичээнэ. Өөрөөр хэлбэл эдний орлого нэмэгдэж тэр хирээр эргэлдүүлдэг мөнгөө нэмэгдүүлэхийг хүснэ. Гэтэл банкны зээл олдохгүй юмуу, олдсон ч хэт өндөр хүүтэй бол бизнесээ өргөжүүлж чадахгүй. Төв банкны нэг үүрэг бол ийм нөхцөлд банкны зээл олдоцтой байх, олохдоо хүү багатай байх орчныг бүрдүүлэх явдал
 
Төв банкны бас нэг, илүү чухал, үүрэг бол, энэ айл эрхэлж буй бизнестэйгээ харьцуулахад хэт их мөнгө эргэлдүүлдэг болчихгүй байхад хяналт тавих явдал. Энэ айл гутлын бизнесээ яаж ч өргөжүүлээд өдөрт 100 мянган төгрөгөөс илүү борлуулалт хийж чадахгүй мөн бизнесээ тэлэхэд 5 сая төгрөг хэрэгтэй тооцжээ. Гэвч мөнгө илүүдэхгүй гээд 10 саяын зээл банкнаас хүсчээ. Гэтэл энэ айлд банк 10 сая төгрөгийг нь зээлчихвэл яахав? Эхнэр нөхөр 2 зарим онц хэрэггүй зүйлд мөнгө зарцуулж эхэлнэ. Ирээдүй гэрэлтэй харагдаж байгаа учраас хуучин машин авч унадаг ч юмуу. Олон айл ийм үрэлгэн байвал бараа бүтээгдэхүүн зарж байгаа нөхдүүд үнээ бага зэрэг нэмж илүү ашиг олохыг бодно. Хүн бүр иймэрхүү байдлаар үнээ нэмээд ирэхээр эцсийн дүнд нь үнийн өсөлт буюу инфляци үүснэ. Авдаг бүх зүйлсийнх нь үнэ өсөхөөр манай хоёрын гутлаа зараад олдог мөнгө өмнөх хэрэглээгээ хангаж хүрэхээ байна. Иймэрхүү байдлаар хүмүүс ядуурч эдийн засаг хямрана.
 
Монголбанк 2000-2007 оны хооронд яг ийм байдлыг бий болгосон. Энэ хугацаанд нийт 7 жилийн турш манай улсад эргэлддэг мөнгийг тодорхойлдог мөнгөний нийлүүлэлт жилд дунджаар 38%, тэр дундаа зөвхөн 2007 онд гэхэд л 56 хувиар өссөн. Гэтэл энэ хооронд улсын бодит орлого буюу ДНБ хамгийн ихдээ л жилд 10.6 хувиар өсч байж. Ингээд 98 оноос хойш тогтонги байсан инфляци 2007 оний 8 сард 10 хувиас давж, 2008 оны 8 сард 33% болсон. Тухайн үед Монголбанкийг удирдаж байсан хүн эдийн засагт их мөнгө эргэлдэх тусмаа л сайн гэсэн буруу ойлголттой байсан нь тодорхой байдаг. Эдийн засагт тодорхой бодлогын илрэх хугацаа гэж байдаг. Ямар ч бодлогын үр дүн тэр дороо илрэхгүй, хэсэг хугацааны дараа мэдрэгдэж эхэлдэг. Ийм л хуулиар Монголбанкы хэдэн жил явуулсан буруу бодлогын үр ашиг хуримтлагдаж явсаар өнгөрсөн 2008 оноос илэрч эхэлсэн нь энэ.
 
Засгийн газар ямар үүрэгтэй байв?
Дээр хэлснээр Засгийн Газрын төсвийн зардал улсын нийт зардалд хамгийн их хувийг эзэлдэг. 2000-2007 оны хооронд алт зэсийн үнэ өсч төсвийн орлого ихээр нэмэгдсэн. Дээр нь Монголбанкны явуулсан буруу бодлогын үр дүнд татварын орлого хиймлээр нэмэгдэж Төр гэнэт баян болсон. Улстөрчид нэр хүндээ өсгөхийн тулд болж өгвөл төсвөөс мөнгө зарцуулж байх сонирхолтой. Энэ ганцхан манайд биш хаана ч тийм. Гэхдээ энэ нь манайд хирээс хэтэрч сонгогчдийн саналыг мөнгө амлаж авдаг болсон, элдэв хэрэггүй халамжууд маш ихээр нэмэгдсэн. Дээр нь үр ашиггүй төсвийн хөрөнгө оруулалтын зардал урьд байгаагүйгээр нэмэгдсэн.
 
Засгийн газрийн зардал ихээр нэмэгдэнгүүт энэ нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх нь тодорхой. Өөрөөр хэлбэл Засгийн Газар зардлаа хэт өсгөөд манай гуталчин өрхийг ядууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Үүнийг инфляцийн татвар гэдэг.
 
Хэрэв Төв Банк эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлээд байвал Засгийн Газрын зарцуулж болох мөнгөний хэмжээ томроод л байна гэсэн уг. Өөрөөр хэлбэл Засгийн Газар нь Төв Банкийг мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаас нь лоббидох сонирхолтой. Тийм ч учраас улс орнууд Төв Банкныхаа бие даасан байдлыг хангаж, улс төрөөс ангид байлгахийг хичээдэг. Төв банкны ерөнхийлөгчийг Парламентаас томилж, улс төрийн сонгуулиас илүү урт хугацаанд ажиллах эрх өгдөг. Америкийн Төв банкийг л гэхэд 1979-2006 оны хооронд 27 жилийн хугацаанд 2-хон хүн л удирдсан байдаг. Манайд ч иймэрхүү хуультай боловч бодит байдал дээрээ Монголбанк ерөнхий сайдын мэдлийн агентлагийн статустай.
 
2. ДОЛЛАРЫН ХАНШИЙН ӨСӨЛТ
Хэдэн жил тогтвортой байсан долларын ханш 1800 хуртэл өслөө. Яагаад? Энэ бас л Монголбанкны мөнгөний нийлүүлэлт ихээр өссөнтэй холбоотой. Манай улсын банк санхүүгийн салбарт эргэлдэж байгаа нийт мөнгөний хэмжээ 2000 онд тухайн үеийн ханшаар 260 орчим сая доллар байсан. Харин энэ тоо 2007 онд 2.3 тэрбум доллар болж 8 дахин өссөн. Өөрөөр хэлбэл хэдхэн жилд Монголчууд доллараар хэмжвэл 8 дахин баян болчихсон. Гэтэл үнэхээр хийж бүтээсэн нь 8 дахин өссөн билүү? Зүгээр байж байгаад л шууд баяжчихаж болохгүй биз дээ. Тэгэхээр долларын ханш өсч байгаа явдал бол зах зээл цаанаас зохицуулж буцааж байранд нь тавьж байгаа үзэгдэл. Ханш яаж ч буураад хуучин байсан 1200-гийн хэмжээндээ очихгүй нь тодорхой.
 
Угтаа бол долларын ханш унах нь тэгтлээ айгаад байх зүйл биш билээ. Аливаа юм сайн муу 2 талтай байдаг шиг энэ бас 2 талтай. Муу тал нь манайх шиг ихэнхи бараагаа импортоор авдаг улсад төгрөгийн ханш унах нь импортын барааг үнэтэй болгож инфляцийг улам нэмэгдүүлнэ. Сайн тал нь манайд үйлдвэрлээд гаргаж байгаа бутээгдэхүүний доллараар илэрхийлэгдэх үнийг хямдруулж манай экспортийн барааны өрсөлдөх чадварийг нэмэгдүүлнэ. Даанч манайд экспортлоод байх юм нэг их байхгүй юм. Их экспортлодог улсууд бол өөрсдийн валютийн ханшаа буулгахыг хичээж, тэднээс бараа импортлодог улсууд нь нөгөөдүүлээ ханшаа зохиомлоор буулгаад манай дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс хямдхан болгочихлоо гэж хардаж байнга маргаан дэгдээдэг. АНУ, Хятад хоорондын гол маргаануудын нэг нь энэ. Нөгөө талаас долларын ханш өссөнөөр гаднаас Монголд бараа оруулж ирж зарах нь ашиг багатай болно. Өөрөөр хэлбэл импорт буурна. Импорт буурч, экспорт өснө гэдэг нь дотоодийн үйлдвэрлэл хөгжинө гэсэн үг. Төгрөгийн ханш буурах нь алсдаа ийм эерэг нөлөөтөй.
 
3. ЗӨВ БОДЛОГО ЯВУУЛСАН БОЛ ӨНӨӨДӨР ЯМАР БАЙХ БАЙСАН ВЭ?
Монголбанк, Засийн Газар яаж ч ажилласан бай дэлхийн хямрал Монголд нөлөөлөх байсан нь гарцаагүй. Зэсийн үнэ унадагаараа унана, гадаадад ажиллагсадын явуулдаг мөнгө буурдагаараа буурна. Гэвч зөв бодлоготой байсан бол Засгийн Газар, Монголбанкнаас хямралын эсрэг хариу үйлдэл хийх боломж хамаагүй илүү байх байлаа. Засгийн Газар анхаасаа зардлаа ихээр нэмээгүй бол, алт зэсийн үнийн өсөлтөөс хураасан татвараа олигтойхон хадгалж байсан бол өнөөдөр данс нь улайхдаа тулахгүй, эдийн засгийнхаа хир хэмжээнээс хэтэрсэн мөнгө гаднаас зээлнэ гэж гүйхгүй байх байлаа.

Монголбанк ч инфляцийг дарах гэж мөнгөний нийлүүлэлтээ багасгаж, зээлийн хүүгээ өсгөж, банкуудийн зээлийг хязгаарлан хямралын үеийн дэлхийн жишгээс гажууд арга хэмжээ авах шаардлагагүй байх байлаа. Үүний оронд харин яг одоо л мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, банкуудийн зээл олголтийг урамшуулж бизнесийг дэмжиж байх ёстой байв
 
4. ТЭГЭЭД ОДОО?
Засгийн Газар гадаадаас мөнгө зээлж хямралаас гарах гэж оролдож байна. Мөнгөгүй болчихсон бол мөнгө зээлэхээс өөр арга байхгүй. Гэхдээ хэн хаанаас яаж гаргаж ирсэн тоо юм бүү мэд, хямралаас гаргах 1.5 тэрбум, Хятадаас зээлэх 3 тэрбум доллар гэдэг нь Монголын эдийн засагтай харьцуулахад арай л томдож данхайсан сонсдож байна. 3 тэрбум доллар бол манай улсийн ДНБ-ний 70 орчим хувьтай тэнцүү. 90 оноос хойш зээлсэн манай бүх өр төлбөр нийлээд л 10 гаруй тэрбум доллар байдаг. 3 тэрбум гэдэг бол тэр өрийг шууд л 30 хувиар нэмэгдүүлнэ. Ийм их мөнгийг зүгээр л нэг дор, нэг улсаас зээлээд авчихаар нөгөө эдийн засгийн хараат байдал энэ тэр юу болохов? Аюулгүй байдалд нөлөөлтлөө хаа ч байсийн гэxэд манай эдийн засаг ийм их мөнгийг шингээж чадах уу? Үнэхээр 1.5 тэрбум хэрэгтэй гэж тооцсон юм бол тэрийгээ л зээлэхгүй яагаад 3 тэрбумийг зээлэх гэж? 1.5 тэрбум гэдэг ч данхайсан тоо. Хямралаас гарах хөтөлбөр гэдгийг харахад, зам барих гэх мэт ердийн үед ч хөрөнгө оруулж чаддаггүй, оруулаад ч олигтой үр дунд хүрдэггүй зүйлсдээ зарцуулах төлөвлөгөө байна билээ. Яагаад заавал ийм инфиляци өндөртэй үед үр ашиг нь тодорхойгүй элдэв хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж? Ийм нөхцөлд Засгийн Газар, цалин тэтгэвэр гэх мэт урсгал зардлаа л санхүүжүүлэх мөнгөтэй байхад хангалттай. Ер нь манайх шиг авилгадаа идэгдсэн улсад Засгийн Газрийн зардал томорно гэдэг нь авилга улам л нэмэгдэнэ гэсэн үг. Эх орны хишиг мэтийн сонгуулийн амлалтуудаа бүтэхгүй зүйл байжээ гэдгийг хүлээн зөвшөөрөөд орхих хэрэгтэй.

Засгийн Газар, УИХ юу хийж болох вэ?
1) Азаар манайд уул уурхайн том ордууд байна. Эднийг зөв ашиглавал Монголын эдийн засгийг нэг хэсэгтээ аваад явчих хэмжээний ордууд. Аль болох хурдан ашиглаж эхлэх хэрэгтэй. Гэхдээ хөрөнгө оруулалтын сайн гэрээ мэдээж чухал. Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн Газрийн эзэмших хувь тийм чухал биш. Авах татварын хэмжээ л чухал. Хөрөнгө оруулалтын гэрээний одоогийн төсөлд хамгийн муу заалт нь гадныхан ногдол ашгаа гадагш шилжүүлэхэд татвар авахгүй байхаар тусгасан явдал. Энэ нь зүгээр л цөлөмчихөөд мөнгөө аваад гараад явах боломжийг олгож байна. Хөрөнгө оруулагчдийн хувьд ганц хүсч байгаа юм нь энэ. Аль болох асуудал багатай ашгаа аваад алга болох. Тэднийг ашгаа Монголд хадгалдаг байх сонирхол төрүүлэх хөшүүрэг хэрэгтэй. Тэдний мөнгө Монголд байвал тэдний ашиг сонирхол Монголд байна. Тэд байгаль орчин сүйтгэхгүй, элдэв эрсдэлтэй алхам ийхгүй. Монголын хөгжил тэдэнд бас хамаатай болно. Тэдний мөнгө Монголын банкуудад байршвал банкуудийн эх үүсвэр нэмэгдэж яваандаа зээлийн хүү буурахад нэмэртэй. Тэдний гадаадад явуулах бизнес, хөрөнгө оруулалтад Монголын банк харилцагч банкаар нь оролцдог болчихвол манай банкуудийн үйл ажиллагаа өргөжихөд тустай. Тэдний мөнгийг байнга Монголд хадгалах гэж муйхарлавал бүтэхгүй нь ойлгомжтой. Тиймээс ашгаа Монголд хадгалсан хугацаанаас нь хамаарч буурах хэлбэрээр шаталсан татвар оноох хэрэгтэй. Ашгаа тэр доор нь гадагш шилжүүлбэл өндөр татвартай, хэдэн жил болгоод гаргавал бага татвартай харин Монголд хөрөнгө оруулж үлдээвэл татваргүй гэх мэт хувилбар байж болно.

2) Алтны гэнэтийн ашгийн татварыг тэглэх шаардлагатай. Энэ татварын эдийн засагт учруулж буй гол уршиг бол татвараас зугтахад хүргэх, алт олборлолтыг бууруулах гэхээсээ илүү Монголбанкны эдийн засгийг хянах чадварыг сулруулж байгаа явдал юм. Татвар бий болсноор алтны компаниуд алт олборлолтоо багасгасан гэж бодохгүй байна. Тэртэй тэргүй дэлхийн зах зээл дээр үнэтэй байгаа энэ үед тэд алтаа олборлодогоороо олборлож байгаа харин өөр аргаар зардаг болсон. Манайх шиг хил гааль султай улсад алт мэтийн овор багатай, үнэ ихтэй металыг хилээр гаргах тэдэнд амархан.

Монголбанк алтны компаниудын тушаасан алтыг цэвэршүүлж цааш зараад олсон доллараа гадаадын банкуудад хадгалдаг. Харин алтаа тушаасан компаниудад төлбөрийг нь төгрөг юмуу валютаар төлнө. Энэ төлсөн хэмжээгээр манай улсын мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байдаг. Алтны татварын хуулиас өмнө Монголбанк алтны экспортоос хэдий хэмжээгээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэв гэдгийг мэддэг байсан. Энэ хирээрээ Монголбанк зохицуулалт хийх боломжтой байсан. Хэрэв алтны компаниуд алтаа тушаагаад төлбөрөө төгрөгөөр авсан бол эдийн засагт төгрөгийн нийлүүлэлт нэмэгдэх учраас Монголбанк банк хоорондын захаар доллар зарж төгрөг худалдаж аван төгрөгийн нийлүүлэлтийг багасгах гэх мэтээр. Харин компаниуд алтаа тушаахаа болихоор ийм зохицуулалт хийх боломж багасна. Өөрөөр хэлбэл алтны татвар гарснаар Монголбанкны мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах чадвар муудсан. Энэ нь мэдээж эргээд инфляци долларын ханш өсөхөд нөлөөтэй.

3) Хууль бусаар үнэ хөөрөгдөх элдэв оролдлогыг болиулах хэрэгтэй. Энэ дотроос эдийн засагт хамгийн нөлөөтэй нь нефть импортлогч компаниуд үгсэж үнээ нэмдэг явдал. Зах зээл хөгжсөн орнуудад ийм үйлдэл нь нилээн ноцтой гэмт хэрэгт тооцогддог. Харин Монголд энэ нь сүртэй зүйл биш бололтой (саяхан нeфть импортлодог компаниудийг торгосон мөнгөнийх нь хэмжээнээс харахад). Тиймдээ ч манайд 1 литр бензин дэлхийн хамгийн өртөг өндөртэй Японтой ойролцоо үнэтэй байдаг биз.

Монголбанк юу хийж болох вэ?
Ер нь Төв Банк гэдэг бол буруу ажиллавал эдийн засагт хүргэх хор нь их боловч зөв ажиллаа гээд айхтар тус хүргэх боломж багатай байгууллага юм. Улс орнуудад Төв Банк гэж байгууллага анх бий болохоос өмнө эдийн засаг нь илүү тогтвортой байсан гэсэн судалгаа ч байдаг. Тэгвэл яагаад Төв Банкийг байгуулсан вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ нь тусдаа сэдэв бөгөөд ямар ч байсан одоо Төв Банкгүй улс гэж бараг байхгүй.
1) Эдийн засаг бол угаасаа байнга л мөнгө нэхэж байдаг. Яг л цадахаа мэдэхгүй ховдог хүнтэй адил. Дээр хэлсэнчлэн Төв Банкны үндсэн үүрэг бол энэ ховдог хүнд хоолыг нь бага өгөөд тураагаад алчихгүй, эсвэл хэт их өгөөд гэдсийг нь өвтгөчихгүй байх явдал. Төв банк энэ үүргээ л нэгдүгээрт тавих ёстой. Монголбанкны одоогын ерөнхийлөгчийн анх томилогдож байхдаа хэлж байсан зээл олголтыг нэмэгдүүлнэ гэдэг бол өнөөдрийн нөхцөлд энэ үндсэн үүрэгтэй нь нийцэхгүй бодлого. Ийм бодлого явуулахгүй байх гэж найдая.

 

2) Одоо Монголбанкны хийх ёстой хамгийн чухал зүйл бол зээлийн хүүг бууруулах явдал. Зээлийн хүү өндөр байгаа нь одоогийн хямралын үед төдийгүй цаашдаа ч Монголын эдийн засгийн гол проблем байх болно. Харамсалтай нь саяхан Монголбанк үүний эсрэг арга хэмжээ авлаа. Бодлогын хүүгээ өсгөсөн нь төгрөгийн ханшийн уналтийг зогсоох гэсэн арга хэмжээ гэж ойлгосон. Ханш буцаад чангарсан. Гэхдээ энэ нь хүү өссөнтэй холбоотой юу эсвэл, улирлын шинжтэй долларын нийлүүлэлт ихэссэн, хүмүүс ханш цааш унах нь гэж доллар аваад ханшийг хэт хөөрөгдсөн байсан зэрэгтэй холбоотой юу гэдэг нь тодорхойгүй. Үнэхээр хүүгийн өсөлт ханшид нөлөөлсөн бол банкууд дахь төгрөгийн хадгаламж нэмэгдэж, долларын хадгаламж буурах ёстой. Энэ статистик одоогоор гараагүй байна. Ер нь өнгөрсөн жилүүдэд мөнгөний нийлүүлэлт ихээр нэмэгдсэн тул долларын ханш өсөх нь гарцаагүй бөгөөд түүнийг барих гэж хэт оролдох нь эргээд эдийн засагтаа сөрөг нөлөөтэй.

Зээлийн хүүг бууруулах гол арга нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх явдал байдаг. Манайд бол нэгдүгээрт одоо ийм арга хэмжээ авч болохгүй, хоёрдугаарт ийм арга хэмжээ аваад ч үр дүн муутай нь өнгөрсөн жилүүдэд харагдсан. Мөнгөний нийлүүлэлт хэд дахин өсчихөөд байхад хүү хэдхэн хувиар л буурсан. Хүү багатай байхын тулд эхлээд инфляци багатай байх шаардлагатай. Тиймээс мөнгөний нийлүүлэлтийг хатуу хянаж инфляцийг дарж авах хэрэгтэй.

Банкуудийн зээлийн хүү өндөр байгаа нэг үндсэн шалтгаан нь хадгаламжийн хүү өндөр байгаа явдал. Банкууд хоорондоо өрсөлдөж өндөр хүү амалж хадгаламж татаж аваад дараа нь түүндээ уяагдаж зээлийн хүүгээ бууруулж чаддагүй. Бизнесийн ийм стратеги нь банкуудад өөрсдөд нь ч хортой. Хамгийн өндөр хүү амлаж хадгаламж татдаг байсан банк бол Анод. Хадгаламжаа дагаад зээл нь өндөр хүүтэй учир бусад банкнуудын шаардлагыг хангаж бага хүүтэй зээл авч чадахгүй сулхан зээлдэгчид л Анодоос ихэвчлэн зээл авна. Тэгээд л найдваргүй зээл нь ихэсч хүнд байдалд орлоо. Иймээс банкуудийн хадгаламжинд амладаг хүүнд дээд хаязгаар тогтоодог болох хэрэгтэй. Тэгээд энэ хазгаараа инфляцтай уялдууж жил бүр доошлуулдаг болох хэрэгтэй. Энэ арга хэмжээний үр дүн шууд мэдэгдэхгүй ч яваандаа хүүг бууруулна.

 Мөн зээл олгох нь эрсдэл өндөртэй учраас банкууд тэр эрсдэлээ нөхөх гэж хүүгээ нэмдэг. Тиймээс энэ эрсдлийг бууруулахад шаардлагатай зуйлсийг хийх хэрэгтэй. Энд зээлийн түүхийн нэгдсэн сан бий болгох, нэг барьцаа хөрөнгөөр олон банкнаас зээл авдагийг болиулах гэх мэт орно. Энэ талаар банкны салбарынхан олон жил ярьсан боловч дорвитой хийсэн ажил байдаггүй. Иймэрхүү зүйлсээ одоо л хийх хэрэгтэй.

Бичсэн Эдийн засагч Г.ЭНХ
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.